Путин Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ зарлалаа

Twitter Print
2017 оны 12-р сар 07-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх хавар болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн тухайгаа албан ёсоор зарлалаа.

Тэрбээр ГАЗ үйлдвэрийн ажилчидтай уулзах үедээ энэ мэдэгдлийг хийсэн байна. “Энэ тухай зарлахад үүнээс илүү тохиромжтой газар, тохиромжтой шалтаг хаана байх вэ. Та бүхний тусламж, дэмжлэгт үргэлж талархаж байдаг. Би 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ” гэлээ. Түүнийг ингэж хэлсний дараа танхим дүүрэн хүмүүс алга нижигнүүлэн ташсан бөгөөд В.Путин “Энэ тухай сонсоод ингэж дэмжиж байгаад тань та бүхэнд талархлаа илэрхийлье. Та бүхний улс оронд оруулж байгаа хувь нэмэр үлэмж шүү. Бүх зүйл сайн сайхан болно гэдэгт итгэж байна” хэмээн талархлаа илэрхийлжээ.  

“Сайн дурынхан” хэмээх байгууллагаас өмнө нь Владимир Путиныг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөөч гэсэн хүсэлт гаргаж байсан бөгөөд нэрт хөтлөгч Дмитрий Губерниев дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Гэвч тухайн үед Владимир Путин хариу өгөлгүй өнгөрч байсан аж. Харин энэ удаа “Энэ шийдвэр ойрын хугацаанд албан ёсоор баталгаажна” хэмээн итгэлтэй хэлсэн байна.

В.Путин анх 2000 оны хавар ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2004 онд дахин сонгогдсон юм. Улмаар 2008-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж, тэр жилдээ дахин Ерөнхийлөгч болохдоо зургаан жилийн хугацаагаар сонгогдсон билээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сард албан ёсоор эхэлнэ.  

Эх сурвалж: Комсомольская правда

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.