ОХУ-ын баг тамирчдыг 2018 оны Өвлийн олимпод оролцуулахгүй байх шийдвэрийг ОУОХ-ноос гаргалаа

Twitter Print
2017 оны 12-р сар 06-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Швейцарийн Лозанна хотод төвтэй Олон Улсын Олимпын хорооны Гүйцэтгэх хорооны хурал дэлхийн спорт сонирхогчидийн анхаарлын төвд байлаа. Учир нь энэхүү хурлын үр дүнд өвлийн олимпид гаргасан амжилтаараа дэлхийд тэргүүлдэг ОХУ-ын тамирчид 2018 оны 2 дугаар сарын 9-нд БНСУ-д нээлтээ хийх “Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох эсэхийг шийдэх байсан.

Харамсалтай нь Олон улсын Олимпын хорооны Гүйцэтгэх хороо өчигдөр буюу 2017 оны 12-р сарын 5-ны мягмар гарагт “Орос улсын шигшээ багийг 2018 оны Пёнчаны Өвлийн олимпын тоглолтод оролцуулахгүй” гэсэн шийдвэр гаргалаа.

Үүний сацуу, сэргээшийн асуудалд холбогдоогүй Оросын тамирчид Олимпын тугийн дор Пёнчаны тоглолтод оролцохыг ОУОХ зөвшөөрсөн байна. Гүйцэтгэх хорооноос “тодорхой нэр бүхий Оросын тамирчдыг Пёнчаны олимпт маш хатуу болзлын дор урьж оролцуулах боломжтой” гэж үзжээ. Хатуу болзол гэдэг нь тэд Оросын олимпын тусгай хувцас өмсөж, туг далбаагаа барьж явах, Оросын төрийн дуулал эгшиглэх хориотой юм.

Тэрчлэн Оросын тамирчид хэдэн медаль авсан ч ялгаагүй Олимпийн албан ёсны дансанд медаль аваагүй хэмээн бүртгэгдэх юм байна. Эдгээр тамирчдыг “Оросын Олимпын тамирчид” гэсэн нэрээр оролцуулах аж. Тэд зөвхөн ийм нэрээр, Олимпын далбаан дор оролцох бөгөөд ёслолын ажиллагааны үеэр зөвхөн Олимпын сүлд дуулал эгшиглэх болно гэж ОУОХ-ны хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Энэхүү шийтгэлийн шийдвэрийг өчигдөр орой уншиж танилцуулжээ. 

Пёнчаны тоглолтод урилгаар оролцох Оросын тамирчдын нэрсийг Валери Фурнероноор ахлуулсан ажлын хэсэг гаргаж, түүнийг ОУОХ батлах аж. Энэ нь Оросын Олимпын хорооны эрхийг хассан гэсэн үг юм. Энэ бол сэргээшийн асуудлаар тухай улс орныг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн түүхэн дэх анхны тохиолдол боллоо.

ОУОХ-ны шийдвэр ёсоор ОХУ-ын Засгийн газрын шадар сайд бөгөөд Спортын сайд асан Виталий Мутко, Спортын дэд сайд асан Юрий Нагорных нарыг цаашид болох Олимпын тоглолтуудад оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ. Түүнчлэн 2014 оны Сочигийн Олимпыг Зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенког “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын зохицуулах комиссын бүрэлдэхүүнээс хассан байна.

Тэрчлэн ОУОХ ОХУ-ын Олимпийн хороог 15 сая ам.доллароор торголоо. Энэхүү мөнгийг Олон улсын тэмцээн урадаануудад оролцох тамирчдын сэтгээшийн шинжилгээнд зарцуулна хэмээн зарлалаа. 

 

Пёнчаны өвлийн олимп эхлэхэд 66 хоног үлдсэн энэ цаг мөчид ийм шийдвэр гаргасан нь ОХУ-ын баг тамирчид болон дэлхийн спорт сонирхогчдын түүхэнд хар өдөр боллоо хэмээн дэлхийн хэвлэл мэдээлэл тэмдэглэж байна. Өмнө нь “Рио-2016” зуны олимпын наадмын өмнө ОУОХ-ны зөвлөл хуралдаж ОХУ-ын тамирчдыг тус наадамд оролцох эрхийг хасах талаар мөн хэлэлцэж байжээ.

Олон улсын Олимпын хорооны Гүйцэтгэх хорооны энэхүү шийдвэрийг ОХУ эрс эсэргүүцэж байгаа юм. Одоогоор ОХУ-ын зүгээс энэхүү гаргасан шийдвэрийн талаар байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байна. Харин “Орос улсын шигшээ багийг Өмнөд Солонгосын 2018 онд Пёнчан хотод болох өвлийн Олимпын тоглолтод оролцуулахгүй” гэсэн шийдвэр гаргасан нь Оросыг “сөхрөөж” чадахгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. “Өрсөлдөгчид”-ийн зүгээс хийж буй явуулгыг түүхэндээ бид олон удаа даван тэвчсээр ирсэн. Биднийг яагаад ч нураан мохоож чадахгүй. Дэлхийн дайнаар ч, ЗХУ-ыг хагалан бутаргаад ч, хориг арга хэмжээ аваад ч биднийг мохоож чадахгүй.  Бид даваад л гарах болно” гэж М.Захарова мэдэгдэлдээ дурджээ.
 

Эх сурвалж:  New York Times

М.Билгүүн, mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.