Салбар бүрт манлайлж буй Нийслэлийн шилдэг 9 бүсгүйг тодрууллаа

Twitter Print
2017 оны 12-р сар 05-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Хоёр жил тутам зохион байгуулдаг, нийслэлийн манлайлагч есөн бүсгүйг өргөмжлөх “Гоо сарнай 2017” хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө.

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тэргүүтэй Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос тав дахь жилдээ зохион байгуулж буй уг үйл ажиллагаа салбарт бүрт манлайлж буй эмэгтэйчүүдийг тодруулж, Гоо элчээр зарладаг.

Бүсгүй хүн бол хүчирхэг, оюунлаг, эрхэмсэг, энхрий ялдам, үзэсгэлэнтэй хийгээд энэрэнгүй ертөнц. Өнө эртнээс Монголчууд эмэгтэй хүний ухааныг ихэд хүндэтгэн эрхэмлэж ирсэн. Түүхэнд нэрээ үлдээсэн, төр түшилцсэн алдарт хатад, нийгмийн зүтгэлтнүүд ч олон бий. Энэ уламжлал тасраагүйн нэг жишээ нь энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ юм.

УИХ-ын гишүүн, ННАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг

Тав дахь удаа уламжлал болгон зохион байгуулж буй хүндэтгэлийн ажиллагааны утга учир юунд оршиж буй талаар УИХ-ын гишүүн, Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Саранчимэг хэлэхдээ, 

“ННАМЭХ маш олон эмэгтэйчүүдийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага. Бид зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй хүний эрхийг хамгаалах, хангахад онцгой анхааран ажилладаг.

Гоо сарнай хүндэтгэлийн ажиллагаа нь нийслэлийн шилдэг, манлайлагч, үлгэр дуурайл болсон эмэгтэйчүүдийг тодруулан, тэднээрээ бахархдаг өдөр. Шалгарсан эмэгтэйчүүд маань нийгмийг эерэгээр байлдан дагуулах, бусдадаа туслах зэрэг эерэг үр дүнг үзүүлдэг. Улиран өнгөрч буй 2017 он бидний хувьд шинэ сорилт, амжилт хосолсон түүхэн он жил байлаа. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндөхгүй өнгөрч болохгүй муу мэдээ ч олон байлаа. Бид гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг гарахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.

Би УИХ-ын гишүүн, ННАМЭХ-ны тэргүүнийхээ хувьд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, эмэгтэйчүүдийн төлөө багагүй ажлуудыг хийгээд байна. Хамгийн сүүлд байнгын хороогоор гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн тухай хуулийн ажлын хэсгийг байгуулах санаачилга гарган, ажил хэрэг болоод явж байна. УИХ-д байгаа эмэгтэйчүүд хамтран хүүхэд хамгааллын асуудалд гурван тэрбум төгрөгийг тусгуулж чадсан. Энэ нь гэмт хэргийг бууруулахад хувь нэмэр оруулна гэж бодож байна. Бидний 2018 оны гол зорилго бол зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй хүний эрхийг хамгаалахад оршиж байна” гэлээ.

Эрхэмсэг дээдийн илэрхийлэл болсон шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулахын тулд ажлын хэсэг гардаг бөгөөд тэдний хийсэн үйл хэрэг хийгээд цаашид салбартаа хийх ажлыг нь урамшуулан энэ шагналыг олгодог аж.

Тав дахь удаагийн ГОО САРНАЙН эздийг танилцуулж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ

“Монгол Контент” ХХК-ны Гүйцэтгэх захирал, “МААМУУ” Үндэсний төслийн ерөнхий продюсер Ганбүргэдийн Гантуяа энэ өдрийн хамгийн эхний гоо элчээр тодорлоо. Төсөөллийг төсөл, төслөө бодит ажил хэрэг болгож чаддаг эмэгтэй хэмээн түүнийг тодорхойлсон бөгөөд кино, хөгжмийн гээд маш олон амжилттай төслөөс нь онцлон бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө хийж буй ажлыг нь үнэлж, энэхүү хүндтэй шагналыг олгосон юм.

/Зүүн гар талаас/ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, "Монгол Контент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа, ННАМЭХ-ны дэд тэргүүн Б.Баярцэцэг

“Монгол Контент ХХК контентийн салбарт 12 жил тасралтгүй ажиллаж буй хамт олон. Бид маш олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. Бид олон төрлийн контентоор дамжуулан зөв төлөвшилтэй монгол иргэн хүмүүжүүлэх, монгол залуусын оюун ухаанаар бүтсэн монгол контентийг дэлхийд гаргах зорилготой. Бид 2017 онд “Хоёр амь”, “Зүрхний хилэн” гэсэн хоёр киног зах зээлд гаргасан. Мөн Г.Ариунбаатарын “Монгол сонгодог III” тоглолтыг хийж, татвар төлсөн жишиг тоглолтыг зохион байгууллаа.

Өнөөдрийн шагналыг хүртэхэд нөлөөлсөн төсөл маань “Маамуу” үндэсний төсөл. Ээж хүнийхээ хувьд санаачлан хэрэгжүүлж байна. Өнөөдөр бидний ирээдүй болсон бяцхан багачуудын үзэж харж буй зүйлсийн 95 хувь нь гаднын контент байна. Монгол хүн, монгол хүүхэд зөв төлөвшилтэй хүмүүжихийн тулд монгол агуулгаа үзэх хэрэгтэй. Зөвхөн хүүхдэд гэлтгүй эцэг эхчүүдэд ирээдүйн зөв хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх талаар мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, мэдээллийг хүргэдэг www.maamuu.mn сайтыг нээн ажиллуулж байна. Ирээдүйн зөв төлөвшилтэй монгол хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал юм шүү” хэмээн шагнал гардах үеэр сэтгэгдлээ хуваалцсан юм.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ

Боловсролын салбарт 30 дахь жилдээ ажиллаж буй “Оюунлаг” бүрэн дунд сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан Чойжамцын Цэцэгээ салбарынхаа онцлох эмэгтэйгээр тодорсон юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Боловсролын тэргүүний ажилтан Ч.Цэцэгээ, НЗД-ын орлогч Ш.Анхмаа

Монголын боловсролын салбарын жинхэнэ манлайлагч хэмээн түүнийг тодорхойлсон бөгөөд дэлхийд үнэлэгдэх оюунлаг, манлайлагчдыг бэлтгэхэд өөрийн хүч хөдөлмөрийг зориулж буй тэрбээр “Түмний нялх үрстэй ажиллаж байдаг багш нарын хувьд цаг мөч бүр сэтгэл гаргаж ажиллах нь чухал. Боловсролын салбарт 30, "Оюунлаг" бүрэн дунд сургуультай амьдралаа холбоод 18 жил болж байна. Бид зөв төлөвшил хүмүүжилтэй, дэлхийн жишигт нийцсэн, Монгол Улсаа манлайлах чадвартай оюунлаг, бүтээлч иргэдийг бэлтгэхийн төлөө ажиллаж байна” гэсэн юм.

БҮТЭЭЛЧ, УРЛАХУЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ

Дээлийг нэг хоёр удаа баяр ёслолоор гоёод орхих биш, нямбай чамбай хүн бол нэг насаараа эдлээд үр хүүхдэдээ өвлүүлэх бүтээл болгон урлаж буй “Силк Капитал” Үндэсний хувцасны урланг үүсгэн байгуулагч Намсрайн Ариунбилэг салбарынхаа гоо элчээр тодорсон юм. Өнөөдрийг хүртэл гаргасан амжилт нь “Силк капитал” салоны хамт олны ажил, ур чадвар, сэтгэл мэдрэмж дээр тогтдог хэмээн тэрбээр тодорхойлсон юм.

"Силк Капитал"-ын үүсгэн байгуулагч Н.Ариунбилэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ННАМЭХ-ны тэргүүлэгч Б.Баярмаа

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ

19-хөн насандаа салбарынхаа манлайлагчаар өргөмжлөгдсөн гоо элч бол шатрын спортын Олон улсын мастер, 2016 оны Ази тивийн аварга Үүрцайхын Үүрийнтуяа байлаа.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Биеийн тамир, спортын салбарын манлайлагч Ү.Үүрцайх, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан


Таван настайгаасаа шатрын спортоор хичээллэж, төрийнхөө дууллыг олон улсын тавцанд эгшиглүүлсэн эрхэмсэг гоо сарнай Ү.Үүрийнтуяа “Хүндэлж, бахархаж явдаг олон эмэгтэйтэйгээ хамт энэ хүндтэй шагналыг авч байгаадаа маш их баяртай байна. Шатрын спортыг сонгосондоо үнэхээр их баяртай байдаг. Учир нь шатар намайг хүмүүжүүлсэн болов уу гэж боддог. Шатар оюуны төдийгүй сэтгэлзүйн хувьд маш гайхалтай спорт. Тамирчин хүний хувьд олон улсын тавцанд төрийнхөө дууллыг эгшиглүүлэх тэр мөч үнэхээр гайхалтай. Цаашдаа монгол хүний авьяас чадвар, билэг оюуныг гайхуулж, олон удаа төрийн дууллаа эгшиглүүлэхийн тулд хичээх болно” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ

1996 оноос хойш хүн амын эрүүл мэндийн төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Палома” ХХК-нийн Ерөнхий захирал Төмөрбаатарын Байгаль өнгөрсөн хорин жилийн хугацаанд хийсэн ажлаараа хүмүүнлэгийн үйлсийн манлайлагчаар тодорсон юм.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Палома” ХХК-ний Ерөнхий захирал Т.БайгальНИТХ-ын тэргүүлэгч С.Эрдэнэтуул

Хувийн хэвшил хэдий ч олж буй ашгаасаа нийгмийн сайн сайхны төлөө зориулж байх ёстой гэж үздэг түүний хувьд байгаль орчиндоо ээлтэй амьдрах, эмзэг бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд голчлон анхаардаг байна. “Нийгэмд асуудал байсаар байна. Бид асуудлын хажуугаар дуугаа хураагаад, нүдээ аниад өнгөрч болохгүй. Хүн бүр өөрийн чадах чинээгээр нийгэмдээ хувь нэмрээ оруулж байх хэрэгтэй. Бид жил бүр Ээж хадны орчин тойрныг цэвэрлэж, эмзэг бүлгийн, асрамжийн төвийн хүүхдүүдэд хэрэгцээт амин дэм өгөх зэрэг ажлуудыг хийсээр ирсэн. Бидний хийсэн багахан зүйлийг үнэлээд шагнаж байгаад маш их баяртай байна. Намайг шагнана гэж бодоогүй ч үнэхээр урам болж чадлаа” хэмээн тэрбээр баярынхаа сэтгэгдлийг хуваалцлаа. 

ЭКО САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ

Дэлхийн мисст оролцох монгол гоо бүсгүйчүүдэд өндөр босго тогтоож өгсөн эрхэм бүсгүй бол А.Баярцэцэг. Түүний хувьд энэ удаагийн эко салбарын гоо элчээр тодорсон юм. Оюутан ахуй цагаасаа эхлэн байгаль дэлхийгээ хайрлах үйлст хүчин зүтгэж буй тэрбээр НҮБ-н REDD+ ойжуулалтын хөтөлбөрийн 2017 оны элч төлөөлөгчөөр сонгогдсон юм.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Эко салбарын манлайлагч гоо элч А.Баярцэцэг, ННАМЭХ-ны тэргүүлэгч Б.Оргил

Дэлхийн мисс 2016 олон улсын наадмын шилдэг 11 оролцогчийн нэг, жүжигчин Алтангэрэлийн Баярцэцэг “Нийгэмд маш олон эерэг өөрчлөлтийг авчирсан бүсгүйчүүдтэй хамт энэ шагналыг хүртэж байгаа нь нэр төрийн хэрэг. Арван жилийн өмнө ШУТИС-д нэгдүгээр дамжааны оюутан байхад маань Түүхийн ухааны хичээлийн багш Д.Сэрдарам мод тарихын ач холбогдол, яагаад чухал гэдгийг таниулан, хүсэл мөрөөдлөө хуваалцсан нь миний байгаль орчинд хийж буй ажлын эхлэл байсан.

Бид долоо хоног бүрийн бямба гарагт мод тарихаар явдаг байсан. Жижигхэн эхлэл байсан ч бид өнөөдөр 350 мянган мод тариад байна. Тун удахгүй 1 сая мод болох байх гэж итгэж байна. Байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалахад хүн бүрийн тэр дундаа залуус бидний оролцоо чухал юм шүү” хэмээсэн юм.

СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ

Поп Дива, DECO төслийн санаачлагч, МУСТА, Сүрэнжавын Наран соёл урлагийн салбарын манлайлагч гоо элчээр тодорсон.

УИХ-ын гишүүн, ННАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг, СТА С.Наран, ННАМЭХ-ны тэргүүлэгч Б.Ариунтуяа

Таван хэлээр өөрийн цомгоо гаргасан, Монгол түмний хайртай дуучин тэрбээр “Дахивар нөөцөд тулгуурласан DECO төслийн сэжүүр нь бид хог, утаан дунд амьдармааргүй байна, бид эрүүл орчинд ёс зүйтэй амьдрах ёстой гэдгээс эхтэй. Манай төслийн ард олон эмэгтэй бий. Бид хоёр жилийн турш төслөө хийж байна. Олон хүн тусалсан. Бүх хүчирхэг эмэгтэйчүүддээ сайн сайхныг хүсье” гэлээ.

БИЗНЕСИЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ

Сүүлийн 12 жилийн турш шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч буй “Ханбогд Кашмер” ХХК-ны Ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэг бизнесийн салбарын гоо элчээр тодорсон юм. Арван хүнтэй эхэлж байсан түүний бизнес өнөөдөр 300 хүнийг ажилтай, орлоготой болгож чаджээ. Монголын тансаг ноолуурыг дэлхийн брэндтэй холбосон түүний бизнес өдрөөс өдөрт өргөжсөөр байна. Хэдийгээр өнгөрсөн хоёр жил эдийн засаг хүнд байсан хэдий ч ажилчдаасаа нэгийг нь ч цомхотгоогүй,  харин ч нэмсэн гэдгээ тэрбээр хэлж байв.
УИХ-ын гишүүн Б.Батзориг, “Ханбогд Кашмер” ХХК-ний Ерөнхий захирал Ч.Ганцэцэг, ННАМЭХ-ны тэргүүлэгч Б.Даваасүрэн

“Өнгөрсөн хоёр жил манай компани маш амжилттай ажилласан. Сүүлийн 12 жилд топ ААН, шилдэг татвар төлөгч байгууллагаар тодорсон. Улсын төсөвт төвлөрүүлж буй татварын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Манай салбар маш хүнд салбар. Эмэгтэй хүний хувьд манай нийгэмд, Монгол Улсад бизнес эрхэлнэ гэдэг хүнд. Хэцүү зүйл байдаг ч түүнийг давах хэрэгтэй. Бид бизнесээ арван хүнтэй эхэлж байсан бол одоо 300 хүрээд байна. Манай ажилчдын 90 хувь нь эмэгтэйчүүд. Бид бүтээгдэхүүнээ Итали, Англи, Герман, Энэтхэг, Япон, Солонгос, Хятад гээд орнууд руу экспортод гаргаж байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэх байх” гэсэн юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ГОО ЭЛЧ

Монголд Шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн. Түүний чадварыг дэлхий үнэлэн ТОП 5 мэс засалчийн нэгээр тодруулсан цаг саяхан. О.Сэргэлэн яах аргагүй эрүүл мэндийн салбарын манлайлагч мөн. Түүний хувьд БНСУ-д томилолтоор явж байгаа тул шагналаа өөрийн биеэр авч чадаагүй юм. Гэхдээ хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрийн сурсан мэдсэн бүхнээ зориулна гэдгээ бичлэгээр дамжуулан илгээсэн юм.
ННАМЭХ-ны тэргүүлэгч Ж.Чимэдцогзол, АУ-ны доктор Б.Батсайхан, НИТХ-ын дарга С.Амарсайхан /О.Сэргэлэн БНСУ-д албан томилолттой байгаа тул түүний шавь АУ-ны доктор Б.Батсайхан шагналыг нь гардсан юм/

Ийнхүү салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд тодорч, өөрийн хийсэн ажлынхаа өчүүхэн хэсгийг танилцуулж, баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хүндэтгэлийн ажиллагааны талаар БСШУС-ын сайд Л.Цогзолмаа “Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн асуудлыг тодорхойлохдоо нэг асуудлыг чухалчилсан нь жендерийн тэгш байдал. Энэ нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх асуудал. Манай улсын хүн амын бүтэц эрэгтэй, эмэгтэй тэнцүү. Ардчиллын үнэлэмжээр авч үзвэл улстөрийн төдийгүй бүхий л түвшинд тэнцүү байх ёстой.

Сайн сайхан амьдрал хувь хүний үнэт зүйл, итгэл үнэмшлээр нийгмийн харилцааны олон асуудлууд тодорхойлогддог. Тиймээс нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрээ бодитойгоор оруулж буй эмэгтэйчүүдийг тодруулж, тэднээр бахархах, манлайллыг бий болгох, тэргүүний эмэгтэйчүүдийн туршлагыг хүргэж чаддагаараа энэ арга хэмжээний ач холбогдол оршиж буй юм” хэмээсэн.

Харин НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан “Бүсгүйчүүдийн хүсэн хүлээдэг шагнал болсон.

Энэ бол үнэхээр бүтээж чадаж буй эгэл даруухан хэр нь эрхэмсэг бүсгүйчүүдийг шалгаруулдаг. Бүтээж, хийж, сэтгэж чадаж буй эмэгтэйчүүдийг өргөмжилж, олонд таниулан, бусдад үлгэр дуурайл болдгоороо энэ арга хэмжээний өгөөж нь их гэж би боддог.

Өнөөдрийн шагнал хүртэж буй эмэгтэйчүүд бүгд өөрийн гэсэн хийсэн бүтээсэн зүйлтэй, бусдад үлгэр болохуйц байна” хэмээн шагнал гардуулах ажиллагаа тодорхойлсон юм.  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • гэрэл

      (27.123.213.234) 2017-12-06 10:05
      • 1
      • 0

      гэрэлтсэн царайтай ямар гоё бүсгүйчүүд вэ амжилт хүсье баяр хүргье

      Хариулах

    • Зочин

      (59.153.113.170) 2017-12-06 08:25
      • 1
      • 0

      Баяр хүргэе ээ. Нүдээ олжээ шагналууд

      Хариулах