Богд хаанд хөшөө босгох цаг нь болсон гэлээ

Twitter Print
2017 оны 12-р сар 06-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА

Богд хаандаа хөшөө босгох саналыг дахин уламжилж байна

1911 онд Монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглан зарлаж, монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсний 100 жилийн ойг бид 2011 онд тэмдэглэсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаа гаргаж, Засгийн газар комисс байгуулан, Улсын Их Хурал хүндэтгэлийн чуулган хийж, 1922 оноос хойш монголчууд бид эл үндэсний хувьсгалын ойг ийм өндөр хэмжээнд анх удаа тэмдэглэсэн билээ.

Монгол Улсын Их Хурлын 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 дугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгож, улмаар 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан билээ. Энэ өдөр монголчууд бид улс нийтээр амардаг.

Одоо монголчууд маань монголчуудын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх 1911 оноос эхэлсэнийг ойлгож эхэлсэн болов уу гэж найдаж байна.

Энэ бол Монгол төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор сэргээн тунхагласан өдөр юм. Монголчуудын амьдралын сүүлийн 300 жилд тохиосон түүхэн онцгой үйл явдал лав энэ мөн билээ. Энэ өдөр бол эртний Монголын эзэн Чингисийн байгуулсан төрийн гал голомт сэргэсэн өдөр гэж үзвэл зүйд нийцнэ гэж бодож байна. Энэхүү 1911 оны үндэсний хувьсгал өөрөө амжилтад хүрсэн нэг гол учир шалтгаан нь бүх монгол овогтон үндэсний үзлээрээ нэгдэж, нэгдмэл нэг зорилгын төлөө бурханы шашныхаа тэргүүнийг хүрээлж, түүхэн амжилтад хүрсэн билээ. Энэхүү үйл явдлаас хойш Монголд ХХ зууны турш өрнөсөн түүхийн үйл явдлууд нь 1911 онд сэргээн тунхагласан Монголын төр улсаас улбаатайг Ерөнхийлөгч та толилж буй хэмээн санана.

Үндэсний тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө, бие даасан байдал монгол хүн бүхэнд хамаатай билээ. Учир нь монголчууд бид эх түүхээсээ нилээд холдож, өөрөө өөрийгөө танихгүй шахуу болтлоо хөндийрсэн гэхэд болохоор шахуу байна. Ийм эгзэгтэй үед ардчилал бидэнд асар том боломж өгч байгаа. Тэр бол үндэсний түүхээ олж авах явдал юм. Харин тэр сайхан боломжийг хэр зэрэг зөв ашиглах нь цөөн бус зүйлээс хамаарч байна. Энэ олон мэдээллийн хэрэгслээр гарч буй зөв, бурууг ялгахад бэрхтэй мэдээллээс бид өөрөө өөртөө үнэн зөв мэдлэг олж авах чадвар хэр зэрэг суусан бол, үндэс, угсаа, уламжлал, түүх, соёл, зан заншлаа өөрийн болгон авч хадгалж хамгаалах мэдлэг олж авч чадаж байгаа болов уу, энэ талаар Монголын төр юунаас ч илүү бодох учиртайсан.

Монгол үндэстэн хэр зэрэг удаан орших нь эндээс хамаарах тул бидний хувьд хамгийн том асуудал бол монгол үндэстэнийг одоо хүртэл авч ирсэн тэрхүү үнэт зүйлс болох identity амин шалгуур онцлогоо зөв тогтоож, эрхэмлэн дээдэлж өвлөн хөгжүүлэх явдал хэмээн молхи хүн бодно.

Үүнд Монголын төрийн бодлого хэр зэрэг чиглэж, хичнээн мөнгө төгрөгөө зарцуулж байгаа бол. Ирээдүйн хойч үрс маань монгол хүн болж төлөвшиж, тэрхүү үнэт зүйлсээ биедээ шингээн авч чадаж байгаа болов уу, одоогийн бид хэр зэрэг эл амин асуудлын чухлыг ухаарч буй бол гэх зэргээр бодно.

Тусгаар тогтнол, төр улсаа 1911 онд сэргээсэн түүхэн үйл явдлын гол удирдагч бол яах аргагүй БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ билээ.

Монголчуудын бурханы шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт бол 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 1924 оны 5 дугаар сарын 20 хүртэл Монгол Улсын төрийн тэргүүнээр суусан, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч, эцэг нь билээ. Биднийг өнөөгийн Түвдийн  хувь заяа хүлээж болох байсан, харин VIII Богд Жавзандамба хутагтын удирдлагаар Манжаас салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан юм. Монголчууд бидэнд эрх чөлөө, тусгаар тогтнол олгосон хүн бол Богд хаан мөнөөс мөн.

VIII Богд Жавзандамба хутагт бол монголчуудын хувьд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн мөн билээ. Учир иймийн тул энэхүү үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн үйл явдлыг дурсан санаж, хүүхэд залуу үеэ монголын түүх, соёл, уламжлалын мэдлэгтэй болгох чин санаагаар Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулсан хөшөөг Гандан хийдийн ойролцоо орших ТАСГАНЫ ОВООн дээр босгох саналыг молхи судлаач өргөн удаа дараа барьж, зарим улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн, лам, сүсэгтэн олон дэмжсэний хүчинд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарч, мөнхүү жилийнхээ 12 дугаар сарын 29-ний өдөр Тэнгис кино театрын дэргэд буй Эрх чөлөөний талбайд Монгол Улсын УИХ-ын гишүүн Б.Батэрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга нар Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн VIII Богд Жавзандамба хутагтын хөшөөний шавыг тавьсан удаатай билээ.

Гэвч дургуйд хүчгүй гэдэг шиг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зарим ажилтнуудын идэвхгүй үйл ажиллагаанаас уг ажил унтарсан төдийгүй жилийн дараа Богдын хөшөөний шавийг авч, уг талбайг тэгшилсэн байсан юм.

Иймээс ХХ зууны эхээр сэргэсэн Монгол Улсын төрийн тэргүүн Богд Жавзандамба хутагтад хөшөө босгох асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч та өөрийн биеэр дэмжлэг үзүүлж, Богдын хөшөөний талаар 2013 онд гарсан төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар  Нийслэл хотын удирдлагуудад зохих чиглэл өгвөл сайн бус уу хэмээн бодож эл саналыг өргөн барьж байна.

Мэргэн оюундаа болгооно уу.

 

Монгол Улсын Төрийн шагналт,

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан

2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.