Агаарын бохирдлыг бууруулахаар БОАЖ-ын сайдын багцад 17 тэрбум, ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг улсын төсөвт тусгажээ

Twitter Print
2017 оны 12-р сар 01-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажиллалаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэг, Баянхошуу дахь агаарын чанарын №6 харуулын цэг болон Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийн гэрт очсон юм.

Гэр хорооллын 220 мянган өрх, 3000 гаруй уурын зуух нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд өвлийн улиралд нэг сая тонн нүүрс түлдэг гэсэн судалгаа байдаг.

Ерөнхий сайдын эхэлж очсон Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль 10 гаруй жил хөөцөлдсөний эцэст төвлөрсөн дулаанд холбогдсоноор нүүрс хэрэглэхээ больсон байна. Үүний дүнд дулаанд 24-27 сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо 3-4 сая төгрөг болж бууран зардал хэмнэж байгаа тухай танилцууллаа.

Засгийн газар, холбогдох яам, хотын захиргаа, бусад байгууллага хамтран өмнө нь 45 уурын зуух, одоо 68-ыг төвийн эрчим хүчинд холбож байна. Ингэснээр 113 зуух 60 орчим мянган тонн нүүрс түлж 135 мянган тонн хорт бодис ялгаруулахаа болино. Мөн 20 гаруй мянган айл цахилгаан халаагуур хэрэглэж байгаа нь шөнөдөө 30-50 мянган тонн түүхий нүүрс түлэхгүй байна гэсэн үг юм. 

“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 200 орчим айл “Дулаалгын аян”-д хамрагдсан байна. Тэдний нэг нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийнх юм. Эднийх өмнө нь өвөлдөө гурван Портер нүүрс түлдэг байсан бол байшингаа дулаалснаар нэг Портер нүүрс л хэрэглэдэг болсон гэлээ. Өөрөөр хэлбэл өдөртөө 2-3 удаа гал түлдэг байсан бол одоо өдөрт нэг удаа галлаж, шөнөдөө цахилгааны тарифын хөнгөлөлт давхар эдэлж байна.

Орон байраа дулаалж нүүрс авах мөнгөө хэмнэхээс гадна агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхий сайд талархаад гэр хорооллын иргэд энэ сайн жишээг дор бүрнээ ахуй амьдралдаа нэвтрүүлэх шаардлагатай байна гэлээ.  

Ерөнхий сайдын очсон Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэгийн хувьд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулснаар дотоод орчны бохирдол 3.2 дахин буурсан байна. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд 91 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулсан бөгөөд цаашид 550 цэцэрлэгийг ийм төхөөрөмжөөр хангах юм. Мөн гэр хорооллын дөрвөн цэцэрлэгийн дулаалж алдагдлыг нь бууруулсан байна.

Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх агаарын чанарын харуулын 11 цэгийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, Баянхошуу орчмын агаарын чанарыг хэмждэг харуулын цэгт очлоо. 19.00 цагийн үед агаарын чанарын индекс Баянхошуу орчимд стандартаас 5-6 дахин их бохирдолттой байна. Зарим үед 10 дахин их байх тохиолдол бий гэж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дэд дарга танилцуулав.

Агаарын бохирдлын голомт бүхий бүсэд ажилласны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг бүх нийтээрээ тэмцэхийг уриаллаа. Төр, засгаас агаар, орчны бохирдлын эсрэг боломжтой бүх арга хэмжээг авч байгаагийн адил төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр дуу хоолой нэгтэй зүтгэе гэлээ.

Иргэд гэр, байшингаа дулаалбал дулаан алдагдал 50 хувь буурч, нүүрс, түлээнд зарцуулах мөнгөө хэмнэн, агаарын бохирдол ч тэр хэрээр багасна. 220 мянган өрх дулаалгаа сайн хийчихвэл утаа одоогийнхоос 50 хувь буурах боломжтой. Утааны эсрэг тэмцэлд ямар нэгэн улс төржилт байх ёсгүй гэдгийг тэмдэглэв.

Ирэх жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БОАЖ-ын сайдын багцад 17 тэрбум, ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлж, гэр хорооллыг барилгажуулан, найдвартай эрчим хүч, дулаан, цэвэр, бохир усаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахыг зорьж байгааг Ерөнхий сайд хэлэв. Үүний зэрэгцээ иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс бохирдлыг 70-90 хувь шүүдэг амны хаалт /маск/ зүүж хэвшихийг уриаллаа. Мөн бүх сургууль, цэцэрлэгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангахаар тооцоо, судалгаа хийж байна гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.176.186) 2017-12-01 12:51
      • 0
      • 0

      Нуурсэндээ тулгуурлаад коксжих уйлдвэр бариад, дараа нь туухий нуурс тулэхийг хориглох хэрэгтэй. Туухий нуурс тулсэн тохиолдолд эхлээд торгоод давтвал хотод тэнцэж амьдарч чадахгуй гээд хотоос хоон зайлуулах арга хэмжээ авдаг болмоор байна. Утааг арилгасан албан тушаалтан зуун жилдээ баатар гэж дурсагдах болно.

      Хариулах

    • Анхааа

      (112.72.11.115) 2017-12-01 11:53
      • 0
      • 0

      Утааны асуудал үнэхээр хүнд байна шүү. Шинэ ЗГ дорвитой арга хэмжээ авах байлгүйдээ

      Хариулах