С.Зоригийн хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргалаа

Twitter Print
2017 оны 12-р сар 01-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн зарим зүйл заалтыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг хэлэлцжээ. Энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. 

ХЗДХ-ийн сайдын мэдээлснээр Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 14926 хуудас бүхий хавтаст хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргахыг дэмжсэн байна. Ингэснээр дээрх хавтаст хэрэг бүхий  материалыг ТЕГ-аас  прокурорт шилжүүлэх юм. Харин уг хэрэгт холбогдох 74 хуудас бүхий хавтаст хэргийн материалыг нууцын зэрэглэлд хэвээр үлдээж байгаа аж. Дээрх нууцын зэрэглэлтэй материал захиалагчтай холбоотой гэлээ. 

Тэрбээр "УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж нэр бүхий гурван хүнд ял шийтгүүлсэн. Уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр гаргалаа. Үүнтэй холбогдуулж Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хадгалалтын статусыг өөрчилж УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлэх болсон.

Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материал нууцад үлдэж байна. Захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, шалгалтыг үргэлжлүүлж байгаа юм. Энэ хэргийг нууцаас гаргаснаар танилцах, өмгөөлөгч нар нь үйл ажиллагааг чөлөөтэй явуулах боломжтой" гэлээ.

Дараа нь ХЗХД-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргаснаар ял шийтгүүлсэн гурван хүний хэрэг дахин сөхөгдөх үү?

-Шуухийн журмаар явна. Ер нь бол тийм бололцоо бий. УДШ-ийн хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо гэсэн ойлголттой байна. Уг нь Ерөнхий шүүгч хяналтын шатны хуралдаанд оролцоогүй бол алдаа гарсан нөхцөлд залруулах боломжтой байдаг. Хоёрдугаарт,  хэрэв алдаа гарсан бол шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарсан алдааг шалгаж, залруулах жим байдаг. Үүнийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэхийг би одоохондоо мэдэхгүй байна.

Ред: Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 14926 хуудас бүхий хавтаст хэргийн материалыг нууцын зэрэглэлээс  гаргахыг асуудал нь Төрийн албаны нууцын тухай хуулиар зохицуулагдах бөгөөд УИХ-аар орж хэлэлцэгдэхгүй юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас гаргасан шийдвэр Улсын дээд шүүх дээр хянагдсанаар 14926 хуудас бүхий хавтаст хэрэг ил гарах боломжтой болох юм. 

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.