Э.Батшугар, Б.Жавхлан нар шалгагдаагүй

Twitter Print
2017 оны 12-р сар 01-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

Монголбанкны экс ерөнхийлөгч Н.Золжаргалыг арваннэгдүгээр сарын 29-ны лхагва гаригт АТГ-аас таслан сэргийлэх арга хэмжээ авч, баривчлан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Н.Золжаргалыг нэг жил гаруйн өмнө АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд яллагдагчаар татсан тухай мэдээлэл өнгөрсөн есдүгээр сард хэвлэлээр гарч байсан билээ. АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн “Монголбанктай холбоотой хэрэгтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн мэдүүлэг авч байгаа” хэмээн есдүгээр сарын 25-нд хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байсан юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулсан нь одоог хүртэл асуудал дагуулсан хэвээр байгаа.

Учир нь, Төвбанк 2012-2016 оны хооронд гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан нь шалгалтаар тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл, 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд нэг их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Их хэмжээний төгрөгийн алдагдал хүлээх болсны гол буруутан нь Ерөнхийлөгч байсан Н.Золжаргал гэж ажлын хэсгийнхэн үзэж буй. Иймд буруутай этгүүдийг шалгахыг хуулийнхнаас ажлын хэсэг хүссэн байдаг. Энэ дагуу Н.Золжаргалыг эрүүгийн хэрэгт татсан бололтой.

0.85 ХУВИЙН ХYYТЭЙ ЗЭЭЛ ОЛГОСОН НЬ ШАЛГАЛТААР ИЛРЭВ

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 0.85 хувийн хүүтэй зээлийг хэд хэдэн аж ахуйн нэгжид олгосон болохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг Монголбанкинд санхүүгийн шалгалт хийх үеэр ил болж байсан. Тухайлбал, арилжааны банкууд Төвбанкнаас 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж, шатахуун импортлогч компаниудад олгосон. Түүнчлэн “Чингис бонд”, “Үнэ тогтвор­жуулах хөтөлбөр”-ийн мөнгө зүй  зохистой зарцуулагдаагүй гэдэг асуудал ч гарч ирж байгаа. Төвбанкны өмнөх удирдлагуудын гаргасан шийдвэртэй холбогдсон алдагдлын асуудал олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тухайн үед Т.Аюурсайхан нарын гишүүд шалгалтын дүгнэлтийг байнгын хороон дээр олон нийтэд дэлгэсэн билээ.

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭВ

Төвбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд “Үнэ тогтворжуулах” болон “Сайн” хөтөлбөр, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо хууль зөрчин бодлогын хүүгийн төвшнөөс хэт бага хэмжээнд зээлийн хүүг тогтоож, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтсноор банкны алдагдал өссөн гэж УИХ-ын ажлын хэсэг дүгнэсэн юм. Харин үүнтэй өнөөгийн парламентын сөрөг хүчин санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж байсан.  Гэхдээ хөтөлбөрийн хүрээнд Төвбанк өөрөө шууд зээл олгоогүй. Арилжааны банкууд Засгийн газар­тай хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу арил­жааны банкууд эрсдлийг нь дааж зээл олгосон хэмээн тайлбарладаг.

ХУВИЙН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭР ОЙЛГОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

Н.Золжаргалыг Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой албаны асуудлаас гадна асуудал ч бас байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй зүйлүүд байгаа гэх мэдээлэл ч байна.  Н.Зол­жаргалд хилийн хориг тавьж гадаад улсад зорчих эрхийг нь хаагаад хуулийнхний хэллэгээр бол гадуур байцаан шалгаж байсан аж. Гэтэл гэнэт шүүхээс Н.Золжаргалд тавьсан хилийн хоригийг цуцлах тухай шийдвэр гарсан бололтой. Тиймээс тас­лан сэргийлэх арга хэм­жээ авч саатуулсан байж ма­гадгүй мэдээлэл байна.

Б.ЖАВХЛАН, Э.БАТШУГАР НАР ШАЛГАГДААГҮЙ

Монголбанкны тэр­гүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан одоо­гийн УИХ-ын гишүүн Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч Э.Батшугар нар Н.Золжаргалтай холбоотой асуудалтай хамааралгүй гэдгийг албаны эх сурвалж хэл­лээ. УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Намайг шалгасан зүйл байх­гүй. Хэрэв шалгана гэвэл надад татгалзах зүйлгүй” гэв. Түүнчлэн Э.Батшугараас тодруу­ла­хад “Хуулийн байгуул­лагаас шалгасан асуудал байхгүй. Гэтэл намайг шалгуулахгүй зугтсан тухай мэдээлэл гарч байна. Ташаа мэдээллээ залруулна гэдэгт найдаж байна. Мөн шалгаж, тодруулах зүйл гарвал тайлбар өгнө” гэлээ.

Д.Уудам

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.