Их дээд сургуулиуд залуусыг хэрхэн "алдаг" вэ?

Twitter Print
2017 оны 12-р сар 03-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛСОН НЭГЭН ЗАЛУУГИЙН ӨЧИЛ

Олонхи оюутан залуучууд их дээд сургуулийг 10 жилийн үргэлжлэл мэтээр төсөөлдөг. Арга ч үгүй биз дээ. Аравдугаар ангиа төгсөөд л гурван сар амраад л намар нь сурагчаас шууд оюутнуудын ширээнд суучихаж байгаа юм чинь. Юу болсныг ч ухаарч амжаагүй байтал оюутан болчихсон.

Нөгөө талаас манай их дээд сургуулийн сургалтын арга барил яг л арван жилийн сургууль шиг хоцрогдсон. Хичээл сонголт болон оюутны бие даан суралцах орчин нөхцөл гэхээр юм юу ч байхгүй. Зарим их дээд сургууль айлын ажилгүй хүүхдүүдийг цуглуулсан яг өдөр өнжүүлэх цэцэрлэг шиг харагддаг. Хичээл суух нэрээр зүгээр сууж, дэмий сэлгүүцэж л өдөр өнгөрөөнө. Дөрвөн жилийн дараа мөнгөө төлсөн юм чинь мэдээж диплом авна. Ингээд л амьдрал дээр дипломтой ажилгүй хүн гарч байгаа юм даа.

Энэ бол Монголын дээд боловсролын үнэн төрх. Үүнийг бичиж эхлэж байгаагийн гол зорилго нь яагаад монгол залуус ажлын байран дээр тэнцэхгүй, мэдлэггүй, чадваргүй, тэнэг мангараараа дуудуулахад хүргээд байгаагийн цаад шалтгаанийг гаргаж ирэхийг зорьсон юм. Үнэн бодит байдлыг тов тодорхой гаргаж ирэх нь гол зорилго учраас нууж хааж, нэрэлхэлгүйгээр бүгдийг үнэнээр бичлээ. Ингээд Монголын дээд боловсрол хүүхэд залуусын ухааныг хэрхэн эвдэж, хэн ч биш болгож байгаа харъя.

Нэг: Коммунист угшилтай доктор профессорууд

Нэгэн цаг хөрөнгөтний хэмээн нүд үзүүрлэн шүүмжилж байсан мэдлэг боловсролыг өнөөдөр оюутнуудад зааж байгаа хүмүүсийн эзэмшсэн боловсролыг харах юм бол өөрсдөө улаан коммунист. Гэхдээ энэ тэдний буруу биш. Түүх ингэж л болсон. Улаан Марксист хүн нэг л өдөр чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөө, ардчилал яриад эхэлсэн. Өмнө нь энэ бүхнийг шүүмжилж, үзэн яддаг байсан нөхөр шүү дээ. Эндээс л Монголын боловсролын дампуурлыг эхлэл тавигдсан юм.

1990 он гарснаар Марксист агуулга, чиг баримжаатай байсан улс төр, түүх, сэтгэл судлал, философи, хууль, эрх зүй гэх мэт нийгмийн шинжлэх ухааны салбарууд маш гүн уналтанд орон дампуурч түүнээсээ өнөөдрийг хүртэл гарч чадаагүй байна. Харин байгалийн шинжлэх ухааны хөгжил зогсож хүн төрөлхтнөөс холоо хоцорсон. Ингээд Монгол орноос мэдлэг боловсрол дайжиж оронд нь мухар сүсэг газар авсан даа.

Социализмын үед доктор, профессор болсон хүмүүс өнөөдөр ч лекцээ уншиж, хүүхэд залуусын тархинд хороо шахсаар байна. Энэ л хамгийн том аюул болоод байна. Тэд Монголын боловсролын хамгийн том дайсан.

Зүүн Европын улс орнууд социализмаас ардчилал руу шилжихдээ өмнөх нийгэмд зэрэг цол хамгаалсан хүмүүсийг дахин сургалтанд хамруулж боловсруулсан гэдэг. Бүүр заримыг нь багшлах эрхийг нь хасаж, ажлаас нь чөлөөлсэн тухай ч яригддаг. Харин манайд энэ бүхэн явагдаагүй. Тэд социалист үзэл суртлаасаа бүрэн ангижраагүй нь өнөөдрийг хүртэл ажиглагддаг. Монголын залуусын тархийг тэд л гэмтээж байна. Ер нь үнэнийг хэлэхэд тэдгээр ахмад доктор, профессорууд нь өөрсдөө тархиндаа гэмтэлтэй.

Тэдний оюун ухаан нь яг л нэг төвшиндөө гацчихсан, аливаа юманд их догматик хандлагатай. Өөрийнхөөс нь өөр юм яривал уурлахыг нь яана. Үнэн, зөв юманд дургүй. Шинэ зүйлийг хүлээж авах чадваргүй. Өөрийнхийгөө л зөв гээд л эсвэл минийхийг л дага гээд зүтгэчихнэ. Мэдээж үгүй ээ гэвэл шууд л уурлаад, доромжлоод бөөнөөрөө нийлж байгаад шахаад эхэлнэ. Тэгээд хэдэн санаа нийлсэн хуйвалддаг нөхдүүд өнөөдөр их сургуулиуд, ШУА-д орогнож байгаа юм даа.

Энэхүү үзэгдэл бол улсын сургуулиудад түгээмэл харагддаг. Тэнд л тэдгээр дархлагдсан профессорууд сууцгааж байна. Тэдний мэдлэг боловсрол аль хорь гучин жилийнхээсээ дээрдэж хөгжөөгүй гэдгийг шалгаад тогтоочихож болно. Тэдний шавь нар нэртэй бүтээгдэхүүнүүд хаа сайгүй тарж монголын боловсролын салбарыг дампууруулж байна. Гэвч энэ тэдний буруу биш.

Оюутнуудаасаа бага мэдлэгтэй багш нар зөвхөн монголд л байдгийг санахад илүүдэхгүй биз. Сурах хүсэлтэй, чадварлаг залуусыг доктор, профессор гэсэн цол хэргэм, багш гэсэн албан тушаалаараа нухчин дардаг нь гэм биш зан болсон. Хамгийн сайныг нь хөөж явуулаад хамгийн сул, үгнээс гардаггүй нэгнийг шавиа болгож, залгамжлуулдаг. Ингээд л чөтгөрийн тойрогт боловсролын салбар нэг мөсөн орчихсон юм даа. Энэ тойргоос хэн, хэзээ, хэрхэн гаргах вэ?

Хоёр: Ном уншдаггүй доктор, профессорууд...

Үнэн шүү, Монголын их дээд сургуулиудын багш нарын ихэнхи нь ном уншиж, мэдлэг боловсролоо шинэчлэх тал дээр гараа ч хөдөлгөдөггүй. Сургуулиас нь ч багш нарынхаа хөгжлийн талаар юу ч хийдэггүй. Олон сайхан залуу тэнд очиж зэврээд л дуусдаг юм даа.

Улсын сургуулиудад багшилж байгаа багш нар бол хоорондоо багш шавийн барилдлагатай учраас тэнд хэн хэнийхээ мэдлэг боловсролыг шалгаж, шүүн шинжлэх ажил явагдахгүй. Нэг нь багшаа гэж хүндэлнэ, нөгөө шавь минь гээд гарынхаа үзүүрт зарна. Ийм цус ойртсон сургуулиуд Монголын дээд боловсролыг дампууруулж байна. Үе залгамжилсан багш нар нь хэзээ ч шавь нар багшийгаа давж чадахгүй. Ингэхээр яаж ч хөгжил явагдах вэ дээ. Багшийнхаа заасан зүйлийг оюутан залууст үргэлжлүүлэн давтсаар л цагийн барна. Өөрсдөө ном уншдаггүй учраас багш нар нь оюутнуудаа ном уншуулах гэж шахаж шаарддаггүй. Бараг л зөнгөөр нь орхидог. Ингээд оюутнууд багшийн лекц, өөрийнх нь бичсэн номоор мэдлэг нь хязгаарлагдана. Мэдээж багш нарынхаа өөдөөс үг хэлж, шүүмжилж болохгүй. Яагаад гэвэл багш гэдэг чинь тэнгэрийн амьтан шүү дээ.

Цол хэргэм ч гэж өндөр. Оюутан залуучууд эхлээд их дээд сургуульд орохдоо маш их баяр хөөртэй л байна. Их сургуулийн багш нар үнэхээрийн мундаг хүмүүс байгаа л гэж төсөөлцгөөнө. Нөгөө хэд нь яах вэ дээ туршлагатай хүмүүс учраас гэнэн хонгор хүүхдүүдийг хуурчихаж чадна шүү дээ. Шинэ орсон оюутан яах вэ дээ нэгдүгээр курсдээ юугаа ч мэдэхгүй багшаа шүтээд л төгсөнө. За хоёрдугаар курсээсээ эхлээд л багш нарынхаа сайн мууг сонсож эхэлнэ шүү дээ. Ингээд гуравдугаар курстээ багш нараа аргалж, аргалалцаад л төгсөнө. Дөрөвдүгээр курстээ зарим нь зөрчилдөнө эсвэл зарим нь асуудал үүсгэлгүй төгсөхийг л хичээцгээнэ.

Ийм л юм болдог юм даа. Худлаа гэвэл очоод оюутнуудаас асуучих хэрэгтэй. Гадаадад төгссөн гэх багш нар байх боловч тэд нөгөө ахмад багш нарынхаа л нөлөөн доор байна. Эхлээд хууччуултайгаа зөрчилдөнө сүүлдээ уусаад хуйвалдаад л дуусна даа. Оюутнууддаа ихэнхдээ өөрсдийн бичсэн болон орчуулсан номыг хамгийн түрүүнд шахаж зарна. Авахгүй бол дүнгий нь дарна. Авбал дүнгий нь өргөж тавина.

Шалгалтан дээрээ тэр номыг нь а, б-гүй цээжилчихсэн байхад торох юмгүй онц авна. Мэдээж цээжилсэн учраас хаалгаар гараад л мартагдана. Ер нь шалгалт гэж хөгийн юм болдог юм даа.

Доктор, профессор гэсэн цол авчихсан л бол цаашид дахин ном уншиж, судлах шаардлагагүй гэж үү. Хүн төрөлхтний хувьд мэдлэг боловсрол хөгжиж, нэмэгдсээр л харин монголчуудын хувьд аль хорин хэдэн жилийн өмнөх суурин дээрээ эргэж байна. Хэзээ урагш хөдлөх вэ?

Хамгийн харамсалтай нь их дээд сургуулийн багш нарийн ихэнхи нь гадаад хэлгүй. Мэдээж нөгөө коммунист боловсролтонгууд ч хальт мөлт орос хэлээр буруу зөрүү ярьдаг. Гадаад хэлгүй багш нар хэзээ ч гадаадын профессоруудтай уулзаж, хурал цуглаанд илтгэл тавьж, гадаадын шинэ бүтээлүүдийг уншдаггүй нь бас ойлгомжтой. Энэ бол Монголын боловсролын бодит үнэн шүү.

Шинжлэх ухааны байгууллагууд мэдлэг боловсролыг шинэчилж улмаар их дээд сургуулиуд түүнийг оюутнуудад заадаг. Оюутнууд үнэн мэдлэгийг сурч хөдөө талаар ёстой соёлын үрийг тарих ёстой шүү дээ. Харин монголд энэ бүхэн алга байна.

Гурав: Хэлбэр хөөсөн таг харанхуй залуус

Оюутнууд минь уучлаарай. Хатуу ч гэсэн үнэнийг бичихээр шийдлээ. Үг хэдий хатуу ч явдалд тустай гэдэг. Үнэнхйиг одоо л ярихгүй бол хэзээ ярих билээ. Харанхуй сургуулиас таг харанхуй оюутан төгсөн гарч байгааг нуугаад ч чадахааргүй болжээ. Нэгэнт сургууль нь ч тэр, багш нар нь ч тэр чадваргүй учраас тэндээс чадваргүй залуус л төгсөж гардаг. Гэр бүлийн зөв хүмүүжил авсан зарим нь биеэ дайчилж, өөрийгөө хөгжүүлнэ. Энэ нь тун цөөхөн дөө.

Арван жилийн сургуульд хүүхдийг аливаа зүйлд эргэлзэж, шинэ зүйлийг мэдэхийн төлөө хүсэл тэмүүллийг нь багш нар нь гишгэж дэвсэлж орхидог юм шиг байгаа юм. Юм асуухаар тайлбарлаад хариулахын оронд загнаж зандраад л дуусаа. Тэр хүүхэд дахин юу ч асуухгүй. Үнэнийг хэлэхэд багш нь өөрөө мэдлэг боловсролоор маруухан юм чинь. Хичээл сургуульдаа хамгийн базаахгүй нь багш болдог нь өнөөдөр үнэн болсон шүү дээ. Хүүхдүүдийг арван жилд нь номхон командтай суулгасаар байгаа төгсгөчихсөн. Нөгөө хэд нь их сургуульд бас л номхон командтай суусаар л байдаг. Дараа дахин боломж гарвал цэцэрлэг болон дунд сургуульд хүүхдийг хэрхэн “алж” байгааг бичих юмсан даа.

Юм асуухаар хариулахгүй, харилцан ярилцахаар юу ч ярихгүй. Ойлгож байгаа нь ч мэдэхгүй, ойлгохгүй байгаа нь мэдэгдэхгүй зүгээр л сонссоор байдаг. Энэ бол монгол оюутан залуусын нийтлэг төрх.

Их дээд сургууль ямар буддийн шашны сургууль биш дээ. Тэнд л багш нь сургаж, шавь нь алдалгүй сонсож хичээл явагддаг байх. Харин их дээд сургуульд оюутнууд танин мэдэхийн төлөө өрсөлдөн бужигнаж байх ёстой биш үү. Гэтэл хэл нь татчихсан юм шиг оюутнууд бий боллоо. Өөртөө итгэлгүй, хулчгар байдлаас энэ бүхэн шалтгаалж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ихэнхи оюутнуудын хувьд мэдлэг боловсрол чухал гэж нүүрэн дээр ярьдаг боловч амьдрал дээр дипломын төлөө л явдаг.

Аль болох бүхнийг аргалахыг л хичээцгээдэг. Энэ бол нуух аргагүй үнэн. Сургуулиа төгсөөд амьдралыг аргалахыг хичээгээд хад мөргөцгөөж байгааг их харлаа. Монголын оюутан залуучуудын онцлог гэвэл хэзээ ч ном уншдаггүй. Шалгалтанд орохын тулд л нөгөө багшийн нэрлэсэн номыг уншина. Ер нь мэргэжлийн дагуу эх хэл дээрээ уншчихаар ном маш цөөхөн. Ном орчуулагдаад л байгаа боловч ихэнхи нь уран зохиол, мухар сүсэг, яаж хурдан баяжих вэ, амжилтанд хүрэх вэ гэсэн л номууд байгаа.

Мэргэжлийн номуудынх нь заримыг уншаад ч ойлгохооргүй байдгийг нуух юун. Гадаад хэл дээр ном уншъя гэхээр оюутнууд нь бүгд гадаад хэлгүй юм чинь. Одоо яая гэх вэ дээ. Бодит байдал ийм л байна.

Ном уншдаггүй, уншаад ойлгодоггүй, ойлгосноо ярьж чаддаггүй, бие даан асуудал шийдэж чаддаггүй дээрээс нь хэлний, компьютерийн мэдлэггүй залуучуудыг хэн ажилд авах вэ дээ. Яаж ч ажлын байран дээр тэнцэх вэ дээ.

Төгсгөл

Энэ бүхэн бүгд үнэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ асуудлыг бүгд мэддэг боловч үүнийг хэзээ ч гаргаж тавихгүй байна. Үүнийг бичиж байгаагийн цаад зорилго бол хэн нэгний мууг үзэх гэсэн дээ биш харин монголын дээд боловсролын салбар ингэж дампуурчихаад байна гэдгийг хэлэхийг зорьсон юм.

Мэдлэгт суурилсан нийгэм, мэдлэг суурилсан эдийн засаг гэж ярих боловч үнэндээ суурилаад байх мэдлэг боловсрол монголд байхгүй. Их дээд сургуульд мэдлэг нэрээр баахан худлаа юм зааж байгаа. Үүнийг нь шалгадаг байгууллага байвал ямар их тустай вэ? Монголын боловсролын байгууллага хүүхэд залуучуудын тархийг нь гэмтээж, амьдаар нь алж байгаа газар гэхэд хатуудахгүй болов уу.

Өнөөдөр манай нийгэм ингэж дампуурч байгаагийн шалтгаан бол олигтой мэдлэг боловсролтой хүмүүс байхгүйтэй шууд холбоотой. Үүнийг өөрчлөх цаг ирсэн л баймаар.

Эх сурвалж: Соён Гэгээрлийн Цаг төр сэтгүүл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • уншигч

      (103.26.195.170) 2017-11-30 17:49
      • 0
      • 0

      Ёстой үнэнийг олоод бичжээ Өчигдөр Каптализмыг муулж байсан профессор багш нар өнөөдөр ардчилал,хүний эрх, зах зээлийн эдийн засаг,бизнес заахаар Боловсролын дампуурал эхэлдэг юм

      Хариулах