Хятадын интернетийн "хаан" гэгддэг Лю Вей авилгын хэргээр баривчлагдлаа

Twitter Print
2017 оны 11-р сар 24-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Хятадын цахим ертөнцийг бүхэлд нь атгаж, олон нийтийн сүлжээнд хязгаар тавих ажлыг гардан гүйцэтгэж байсан Лю Вэй авилгын хэргээр баривчлагдлаа.

БНХАУ-ын удирдагч Си Зиньпиний бүрэн эрхийн хугацаа дахин таван жилээр сунгагдсаны дараах анхны "бар" авилгын хэргээр ийнхүү "торны цаана" суулаа.

2013 оноос хойш цахим ертөнцөд тавих хяналтыг удирдах чухал албанд томилогдсон Лю Вей 2016 оны дундуур ажлаасаа огцорсон юм. Лю Вэй Хятадад төдийгүй дэлхий дахинд ч алдартай нэгэн. Тухайлбал алдарт Тайм сэтгүүл Лю Вэйг 2015 онд дэлхийн хамгийн хүчирхэг 100 эрхмийн нэгээр нэрлэж байсан юм. Түүнчлэн Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг, Apple-ийг үүсгэн байгуулагч Тим Күүк нар Лю Вэйг 2014 онд урьж, өөрийн ажлын өрөөгөө танилцуулан дотносож байсан билээ.

Өмнө нь "Хятадын мэдээ" сонины эрхлэгчээр ажиллаж, Бээжингийн суртал ухуулгын ажлыг гардан хийдэг байсан түүнийг Си Зиньпин удирдагчийн хамгийн ойрын хүн гэж үзэж байсан. 2015 онд тэрбээр Хятадаас мөнгө босгох зорилготой гадны нэг ч сайтыг оруулахгүй гэж мэдэгдэж байсан юм.  

Түүнчлэн Хятадын цахим ертөнцөд хараат бус чөлөөт нөхцөл байдал үйлчлэхгүй гэж мэдэгдэж байсан юм. Гэхдээ Лю Вэй ажлаасаа огцорсон ч цахим салбарт түүний авч хэрэгжүүлж, баримтлаж байсан бодлого өөрчлөгдсөнгүй.

Лю Вей, Марк Зукерберг нар удирдагч Си Зиньпиний хамт, Вашингтон, АНУ, 2015

Энэ оны 10-р сард болсон Хятадын коммунист намын 19-р их хурлаар Си удирдагч цаашид авилгын эсрэг компанит ажлаа хугацаагүйгээр үргэлжлүүлнэ гэж онцлон тэмдэглэсэн. Авилгын эсрэг Си Зиньпинийн бодлогын хүрээнд 200 гаруй төрийн өндөр албан тушаалтан торны цаана суугаад байна. Энэ бодлогыг авилгачидтай тэмцэхийн хажуугаар өрсөлдөгчдөөсөө салах давхар бодлого гэж зарим ажиглагчид үздэг юм.

Эх сурвалж: Financial Times

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.