Японд дадлагажигч илгээх 12 компанийн зөвшөөрлийг хүчингүй болголоо

Twitter Print
2017 оны 11-р сар 24-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

Японд дадлагажигч ажилтан илгээхэд зориулан 2017 оны улсын төсөвт 560 сая төгрөг суулгаж байсан. Уг хөрөнгөөр Япон улсад төлөөлөгчийн газар байгуулан тэнд ажиллах мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулахаар төлөвлөсөн юм.

Ирэх жилүүдэд Монгол улс нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон улс руу илгээхээр харилцан тохиролцсон. Япон улс руу гэрээгээр дадлагажигч бэлтгэх нь БНСУ руу ажилтан илгээх нөхцөлөөс өөр байх ба дадлагажигчид Япон улсад тодорхой хугацаанд суралцаж бас ажиллах зэрэг давуу талуудтай юм.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нийт 66 байгууллагыг хамруулан шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тушаал гаргаж зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Уг тушаалаар Япон улсад дадлагажигч гаргахаар ХНХЯ-наас тусгай зөвшөөрөл авсан “Аск Эба”, “Баян Алтан бухт”, “Би Жи Сервис”, “Кайкакү”, “Монжа Интернешнл Эдүкейшн”, “Монфүжи”, “Монгол стандарт”, “Сарухай”, “Ти Ай Партнерс”, “Хар-Од”, “Эрмэг жигүүр”, “Эрхэс Очир Эрдэнэ” гэсэн 12 компанийн гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл энэ сарын 20-ноос эхлэн хүчингүй гэсэн үг юм. 

Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтаар баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүй, зуучлалын төлбөр, сонгон шалгаруулалтын журам, хураамж авах тухай тогтоол, шийдвэр байхгүй, зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй, зуучлалын үйл ажиллагааны хураамж, япон хэлний сургалтын төлбөрөөс олсон орлогыг санхүүгийн тайланд тусгадаггүй, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан байхгүй, тусгай зөвшөөрөл авснаас хойш дадлагажигч илгээгээгүй, тусгай зөвшөөрлийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, боловсон хүчин, хүний нөөцийн хувьд хангалтгүй гэх зэрэг зөрчил илэрсэн байна.

Тэрчлэн эдгээр компаниуд нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй, түр сургалт явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр япон хэлний сургалт явуулсан, сургалтын анги танхим хүрэлцээгүй, багшлах боловсон хүчин хангалтгүй, иргэдээс их хэмжээний төлбөр, хураамж авсан хэрнээ дадлагажигчаар илгээгээгүй талаар өргөдөл, гомдол ирүүлсэн, хүлээн авагч талын хариуцах зардал болох дадлагажигчийн онгоцны тээврийн зардлыг иргэдээс авдаг, хүлээн авагч талын хариуцдаг зардал болох дадлагажигчийн Японд очсон эхний сарын амьжиргааны зардлыг иргэдээс авсан зэрэг зөрчил дутагдалтай байжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зев юм

      (112.72.11.123) 2017-11-24 10:52
      • 0
      • 0

      арай л хулхины компаниуд бсан бна би хуртэл нэг удаа хулхидуулсан менгее ч олж авч чадаагуй чаддаг юм бол шуух цагдаагаар яваад олж аваарай гээд рекетуулсэндээ ийм хумуус олон олоон

      Хариулах