Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг "Чингис хаан одон"-гоор шагнахаар боллоо

Twitter Print
2017 оны 11-р сар 15-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр Өвлийн эхэн сарын шинийн нэгэнд буюу энэ жил 11-р сарын 19-ны ням гарагт тохиож буй.

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж, Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар жүдоч Н.Түвшинбаярыг "Чингис хаан одон"-гоор шагнах болсныг албан ёсоор зарласан юм. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг Монгол Улсын анхны олимпын аварга, олимпын анхны хос медальтан, жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээхээр шийдвэрлэснийг Та бүхэнд уламжилж байгаадаа баяртай байна.

Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон мэндэлсэн.

Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор 2 дугаар сургуулийг 2002 онд, "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

Монгол хөвгүүдийн жишгээр үндэсний бөхөөр барилдаж өссөн Н.Түвшинбаяр нутагтаа н.Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага дор барилдаж байсан бол нийслэлд ирээд Х.Болдбаатар, Ч.Насантогтох нарын шавь болж, 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлсэн.

2008 онд Зуны олимпын  29 дүгээр  наадмын алт,  2012 онд Зуны олимпын 30 дугаар наадмын мөнгө, 2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2015 онд Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 онд Азийн наадмын алт, 2014 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн.

Найдангийн Түвшинбаяр 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд олимпын анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны 7 дугаар сарын 01-ний “хар” өдрийн иргэдийн үймээн, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Мөн Н.Түвшинбаяр 2013 онд Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 6 давж, Монгол Улсын харцага цол, 2017 онд долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн юм.

Монгол ахуйгаас урган бойжсон, дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэж, монгол түмний сэтгэлийн хоймрыг эзэлж, магнайг тэнийлгэж явах ховор хувь заяанд төрсөн Монгол бахархал Найдангийн Түвшинбаяр Танд гүн хүндэтгэл, талархал илэрхийлье” гэлээ.

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан. 

  1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
  2. 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарыг шагнаж 2007, 2008 онд тасарчээ.
  3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
  4. 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,
  5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
  6. 2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
  8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,
  9. 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,
  10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯРЫН ТОВЧ НАМТАР

Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.

1992-2000 онд Булган аймгийн Сайхан сумын 8 жилийн дунд сургууль, 2000-2002 онд Булган аймгийн төвийн 2-р 10 жилийн дунд сургуульд суралцан төгссөн.

 2002-2008 онд Аварга биеийн тамирын дээд сургуулийг Багш, дасгалжуулагч мэргэжлээр, 2012-2014 онд Боловсролын их сургуулийг Боловсрол судлаач мэргэжлээр төгссөн.

2006 оноос Монгол Улсын Жудогийн үндэсний шигшээ багийн тамирчнаар ажиллаж байна.

Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрйн баатар, гавьяат тамирчин, Сүхбаатарын одонт, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ний хүрэл медальт, Үндэсний бөхийн Монгол Улсын заан. 

Н.Түвшинбаярын гаргасан амжилтууд:

2006 - Дэлхийн Оюутны аваргын хүрэл
2007 - Парисын дэлхийн цомын хүрэл
2007 - Гамбургийн дэлхийн цомын хүрэл
2007 - Ази тивийн аваргын мөнгө
2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл
2008 - Парисын дэлхийн цомын мөнгө
2008 - Ази тивийн аваргын хүрэл
2008 - Бээжин-2008 олимпийн алт
2010 - Чингис хаан дэлхийн цомын алт
2011 - Будапештийн дэлхийн цомын алт
2011 - Жежүгийн дэлхийн цомын алт
2011 - Парисын Их дуулгын мөнгө
2011 - Абу Дабигийн гран пригийн хүрэл
2011 - Ази тивийн аваргын хүрэл
2012 - Парисын Их дуулгын алт
2012 - Лондон-2012 олимпийн мөнгө
2013 - Токиогийн Их дуулгын хүрэл
2013 - Жежүгийн Гран пригийн алт
2014 - Дюсселдорфын Гран пригийн хүрэл
2014 - Жежүгийн Гран пригийн мөнгө
2014 - Инчеоны Азийн наадмын алт
2015 - Чиндаогийн Гран пригийн алт
2016 - Ази тивийн аваргын алт
2017 - Дэлхийн аваргын хүрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.