Гэртээ 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг олгохоор боллоо, тэрчлэн...

Twitter Print
2017 оны 11-р сар 15-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Өчигдрийн /2017.11.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа. 2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэгжиж эхлэх юм. Ингэхдээ ирэх оны төсөвт олон гэр бүл, ээжүүдийн дунд хүлээлт үүсгэсэн, өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйлийг тусган төсвийг баталж, хуулийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Засгийн газрын зүгээс хоёр хүртэлх настай хүүхэдтэй болон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой “Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн нь ийнхүү батлагдав.

Тодруулбал, гэртээ бага насны хүүхдээ асарч, цалин орлогогүй суух 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийг 2018 оны нэг сарын 1-нээс олгохоор шийдвэрлэж, төсөвт тусгажээ.

Мөн гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөг олгох юм. Энэхүү халамжийн мөнгийг нэг сарын 1-нээс олгож эхлэхээр хуулийн төсөл баталж, үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарсан байна.

Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй гэсэн тоон судалгаа бий. Харин “Цалинтай ээж” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 135 мянган эх халамжийн мөнгө авах урьдчилсан тооцоо гарчээ. Мөн 16,5 мянган өрх толгойлсон эцэг, эх улиралд нэг удаа 240 мянган төгрөг авч байхаар болж байна.

Жилд дунджаар 70-80 мянган эх амарждаг, 0-1 насны хүүхэдтэй эхийн 70 орчим хувь нь гэртээ хүүхдээ хардаг бол 30% нь ажилдаа эрт ордог гэсэн судалгаа байгаа юм. Харин гэртээ хүүхдээ харах 70 хувь орчим нь амьжиргаа, орлого нь мууддаг учраас ийнхүү халамжийн бодлогоор нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

-ЖИРЭМСНИЙ 40 МЯНГЫГ САР БҮР АВАХ 50 МЯНГАН ТӨГРӨГТ ШИЛЖҮҮЛНЭ-

“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах боломжийг хангасан ээжүүд жирэмсний хугацааны таван сараас төрсний дараахь таван сарын хугацаанд сар бүр олгодог 40 мянган төгрөгийг төрсний дараа шууд сар бүр авах 50 мянган төгрөг рүү шилжүүлэн авах аж. Учир нь жирэмсний дээрх халамжийн мөнгийг зөвхөн жирэмсэн байх хугацаанд олгож байхаар шийдвэрлэсэн байна.

Ийнхүү жирэмсний таван сараас эхлэн төрөх хүртэл сар бүр 40 мянган төгрөг, төрсний дараа “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд сар бүр 50 мянган төгрөг авч байхаар болж байна.

Өнгөрсөн хавраас олон ээж, гэр бүлийн нийгмийн асуудлыг дэмжих халамжийн бодлого яригдаж эхэлснээс хойш хүлээлт үүсгээд байсан нь бүрэн шийдэгдлээ. Дээрх халамжийн мөнгийг бүрэн олгох эсэхэд олон хүн эргэлзэж буй учраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Цалинтай ээж” хөтөлбөрийг бүрэн олгох төсөв хүрэлцэнэ хэмээн мэдээлэв.

Өнгөрсөн хавраас энэхүү “Цалинтай ээж” хөтөлбөрийн тухай хуулийн төсөл яригдаж эхэлсэн ч 2017 оны төсөвт тусгагдаагүй гэх шалтгаанаар хойшлоод байсан билээ. Одоогийн байдлаар “Цалинтай ээж” хөтөлбөр болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийг дэмжих хуулийн төслийг хэрхэн, ямар зохицуулалтаар авах, болзол хангасан иргэн бүр ямар материал бүрдүүлж хаана хандах, сар бүрийн хэдний өдөр олгож байхаар тогтох тухай журмыг холбогдох яаманд 2018 оны нэг сараас өмнө эцэслэн шийдвэрлэхээр яригдаж эхэлсэн байна. Тухайн халамжийн мөнгө олгох тухайн журам батлагдсанаар иргэн бүрт мэдээлэл тодорхой болж, нэг сарын 1-нээс батлагдсан журмын дагуу олгогдох юм.

Эх сурвалж: medee.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.