"Атигар хятадын аугаа ухаан" буюу "шинэ зууны мегамайнд"

Twitter Print
2017 оны 11-р сар 14-нд 15:46 цагт
Мэдээний зураг,

Дагваа аварга зодог тайлсан гол шалтгаанаа "Бааранд таарсан нэг хөсрий царайтай хужаагийн шээс "Чамайг Дундадын ард түмэн харж байгаа!" гэж хэлсэн, тэрнийг сонсоод биеэ барьж чадалгүй тэсэрсэн!" гэж зодог тайлахад хүргэсэн зодооны учрыг тайлж "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт орохдоо хэлсэн нь үндэсний үзэл гүехэн, үндэсэрхэг үзэл гүнзгий, хийрхүү монголчуудын сэтгэлийн утсыг доргиож, бүгдээрээ дэлгэцийн дотор, гаднагүй л нулимсаа арчин, уяран хайлцгааж, өнөөх хужаагий шээсийг зүхэцгээж байсан нь саяхан.

Гэтэл өнөөх шинэ цагийн монгол үндэстний бахархал, 21 дүгээр зууны баатар, Наран улсыг Хубилай хаанаас хойш "түрэмгийлэн эзэлж", "байлдан дагуулсан Чингисийн хөх цэрэг" маань өчигдөрхөн өөрийнх нь эгдүү, зэвүү хоёрыг зэрэг зэргээр хүргэж, ид оргилж буцалж, оргил өөд давшиж явсан амжилтын буухиаг нь тасалж, мөрөөдлийг нь тас цохиж, хугацаанаас нь өмнө зодог тайлуулж орхисон нөхөртэй эх орон нэгтэй, Дундадын бас нэгэн амьд домог, 21 дүгээр зууны хятад үндэстний баатар, бизнесмэн, Алибабагийн босс, атигар жаахан Жак Ма-тай сүжирсээр багагүй хугацааг үдсэн.

Хаяа нийлсэн айл аймаг улсын иргэд эвтэй найртай байлгүй л яах вэ, дэлхийн хэмжээний одод дөрөө, ганзага нийлэхэд яах вэ гэлцэн бид ч уужуу тайван хандсаар ирсэн. Жак найзаа Монголдоо урьж, хатдын хувцастай, хацар гоо охидоор угтуулахад нь жаахан эгдүүцсэн ч тэгсгээд орхисон. Сая тэгтэл өнөөх шавилхан биетэй, шаггүй толгойтой баян хужаа найзынхаа өөрөө зохиолыг нь бичиж, өөрөө найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон кинонд сумочны дүр бүтээж, өрөнд баригдсан ч өөдрөг сэтгэлээ алдчихалгүй яаж ийгээд тэсэж яваа биднийхээ өр лүү өшиглөж, өөдгүй муухайгаар, эртний өст хятадын өмнө бууж өгөхийг харлаа!

Жак Ма-гийн энэ нүүдлээс дотор хүний холч ухаан, дотор бодлыг олж харж байгаа нь хэн байна?! Түүний бүтээсэн кинонд дорнын гаралтай, тулааны урлагийн бараг бүх алдартай мастерууд, кино одод тоглосон ба Жак Ма-д дараа дараагаар ялагдаж байгаагаар гардаг. Энэ киноны гол санаа юу вэ?! Ямар ч хүч чадалтай, арга техниктэй супер баатар байсан ч хятад хүний оюун ухаан ямагт ялан дийлнэ, энэ хийгээд ирэх зуу зуун жил аугаа их Дундадын эрин зуун байх болно гэсэн айхавтар санааг гаргасан байна биш үү?! 

Оюун ухаан > Хүч чадлын эсрэг! 

Угтаа энэ чинь бидний өвөг дээдсийн:

"Биеийн бөхөөр нэгийг ялна
Сэтгэлийн бөхөөр мянгыг ялна!

Бие баатар бөгөөс нэгэн үеийн баатар
Билиг баатар бөгөөс түмэн үеийн баатар"

Ухаангүй хүч хэрэггүйн адил, хүчгүй ухаан бас тусгүй" гэсэн эрхэм дээд үзэл санаа биш бил үү?!

Засссс, юун сүртэй юм бэ?! Нэг кинонд тоглоо л биз дээ, кино урлагт хөл тавиад, аварга маань харин ч гоё байна! Гүйх нохойд гүйхгүй нохой саад, яах гэж нэгэндээ атаархаж байдаг юм бэ, наад тамын тогооны үлгэрээ больцгоо" гэхчлэн та бүхний баалахыг мэдэж байна! 

Нэр алдарт гарч, түмэн ардын итгэл, сэтгэлийг эзэмдсэн хүмүүс амьдралаараа жинхэнэ баатрын дүрийг бүтээж, үндэстнийхээ оюун санааны дархлаа, ард түмнийхээ хүсэл зориг, цог золбоог илэрхийлэгч, түүчээ болж явдгаа мартаж болохгүй! Дагвааг зүгээр нэг бөх байсан хүн, одоо жирийн нэг иргэн Дагвадорж гэж харж байвал том эндүүрэл.

Тэр биднийг хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн од. Одоо түүний бүх үг, үйлдэл манай нийт үндэстэнд хамаатай болсон. Монголчуудыг, монгол бөхийг дэлхийн кино урлагт ихэнхдээ том биетэй, бүдүүн баараг, мангардуу, биеийн хар хүчээр муйхарлахаас өөр шидгүй нэгнээр дүрслэн харуулдаг, Жак Ма найз нь ч манай хүнийг жаахан түнтгэнэж байгаад ялагдчихдаг, бас л нэг мангардуу нөхрийн дүрд тоглуулчихаж!

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн цусыг шинжлээд л, "Монгол ялна!" гээд чичрээд байсан улс ч одоо хар цагаан дуугүй!

Энэ удаад Дагваа биш, Дагваатай цуг Монгол ялагдчихлаа! Жак Ма-тай цуг Хятад ялчихлаа!

Тэгээд, "Chinese Megamind, Welcome to Mongolia!" гээд л угтах уу даа?! Ямар хөл алдаж, долигонож сураагүй юм биш!

Л.Мөнхтөр, Чикаго, АНУ

Та Жек Ма, Асашорюү нарын тулааны хэсгийг үзэх бол 05:40 минутаас эхлүүлээрэй...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.