Ягаахан хүрэмтэй охины багш хэн бэ?

Twitter Print
2017 оны 11-р сар 13-нд 21:49 цагт
Мэдээний зураг,

Миний хүү уул уулыг давна гэж итгэдэг, гэхдээ багштайгаа. Ус усыг гатална гэж итгэдэг, гэхдээ багштайгаа. Цэцэрлэгийн босгоор алхаж, сургуулийн хаалга татсанаас нь хойш түүний амьдралд нэг эрхэм хүн нэмэгдсэн нь багш. Миний заагаагүйг хүүд минь зааж, сургаагүйг сургаж байгаа багш нарыг хүндлэх хүндлэл манай гэр бүлд аяндаа л бий болсон.

Хүү маань хичээлдээ хэвийн явж байгаа ч гэсэн би өнөөдөр Дэнжийн мянгын зах дээр ээжтэйгээ махны лангуу арчаад, сахиад зогсож буй ягаахан хүрэмтэй бяцхан охиныг хараад өөрийн эрхгүй элдвийг эргэцүүллээ. Тэр охины багш хэн юм бол? Шавиа ийнхүү өдөр өнгөрөөж байгааг мэдсэн болов уу? Өдрийн турш аавынхаа машинд уйлагнаж, ээжийнхээ ажил дээр зутарч, эзэнгүйдэхдээ эмээ өвөөгөө бараадсан хөвгүүд охидын багш нар юу хийж өнжсөн бол?

Ажил хаях тухай мэдэгдлээ сурагчдаа дайгаад явуулж байхдаа багш хүн юу бодож байсныг би мэдэхгүй. Таах гэж оролдох ч үгүй. Сурагч нь харин "Манай багшийн багш хэн юм бэ" гэж асуугаад ороод ирэх амаргүй л байх. Олон аав, ээж энэ байтугай асуулттай тулгарсан өдөр байлаа. Багш хүн улс төрийн увайгүй явуулгын золиос болохыг харав. Тэгэхдээ сурагчийнхаа бяцхан зүрх сэтгэлд толбо суулгахыг үзэв. Аав ээжийгээ мөнгөгүй зүдэрч байхад нь үнэтэй чамин гутал нэхдэг эрх охиноос өөрцгүй авир тэд гаргаж байна.

Тэвдэж яваа улс орон ард түмэндээ тэвнээр туслахын оронд тээг тавьж, тэрийгээд унахыг нь харах гээ юу? Хямралаа дааж ядан бүдчиж буй өрх гэрийнхээ сүүлчийн ганц зоосыг хурааж, сүйрлийн ирмэгт аваачихаар зүтгэж буй энэ улайрсан дарамт багш хүнээс лав гараагүй. Бусдын хүүхдийн төлөө булиглах зүрхээ зориулж, эрдэм мэдлэг, энэ яваа нас, эрчтэй залуу амьдралаа харамгүй золиослодог багш хүнээс гарах араншин яавч биш ээ. Тэр тусмаа монголчууд алдагдаж буй итгэлээ нэгэн сэтгэлээр зангидаж, алдсан бүхнийхээ төлөө нэгэн зорилгоор өөрчлөлт хийх гэж тэмүүлэн зүтгэж, дор бүрнээ нэгийг бодон, хоёрыг тунгааж буй энэ эгзэгтэй цаг үед ийм тэнэглэлийг багш нар лав хийхгүй.

Зуны гурван сардаа зулзаган шавь нараа санан үгүйлж, сарвайн тэмүүлж ирдэг багш нараар маань хийхгүйг хийлгэж байгаа улстөрчид тэднийг амны цаас шиг ашиглаж байгаа нь одоо нэгэнт тодорхой болсон. Гэхдээ тэд үр хүүхдийнхээ багшдаа итгэх итгэлээр тоглож, хүндлэх хүндлэл дээр нь гишгэчиж буйгаа ойлгоогүй гэвэл худлаа.

Хүүхдийн эрх, хүүхдийн сэтгэлзүй рүү дайрсан дайралтаараа эцэг эхэд нь нөлөөлж, улмаар улс төрийн хожоо гаргах гэж зүтгэж байгаа бол МАХН ба түүнийг дэмжигчид новш гэдгээ харуулж байна. Багшийн тангараг өргөсөн хэн бүхэн, багшийг үнэлж хайрлаагүй хэн бүхэн, багшдаа итгэж сүслэдэг хэн бүхэн зүрх сэтгэлээ эл өдрүүдэд сонсоод үзээрэй. Сэтгэл чинь юу хэмээнэ, түүнийг дагаарай.

Хэрэв ажил хаясан багш та сургуулийн танхим руугаа алхахыг үнэхээр хүсэхгүй байгаа бол энэ ажилд сэтгэл зүрхээрээ тэнцэхгүй нэгэн гэдгээ ухаарч, эртхэн өөр ажил мэргэжил хайх нь дээр. Энд мөнгөний тухай ярихгүй ээ. Учир нь мөнгөөр хэмжих аргагүй юм гэж байдаг юм. Тийм ч болоод 300 мянгыг голж, 500 мянгыг адлаж байх шиг байна. Улс хөгжихийн цагт 300 мянга байтугай гурван үеийнхний мэдлэг боловсрол таныг үнэлэх болно...

Харин одоо багш, эмч, ажилчин, ажилгүй хэн ч бай хамтдаа хөгжих боломж өгөөөч! Монгол хөгжинө гэдэгт бид итгэдэг, гэхдээ багштайгаа...

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.