Саудын Араб, Ираны харилцаа хүйтэн дайны ирмэг дээр байна

Twitter Print
2017 оны 11-р сар 13-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

Саудын Араб, Ираны харилцаа хүйтэн дайны ирмэг дээр байна гэж олон улсын ажиглагчид харж байна. Ливаны Ерөнхий сайд Саад Хариригийн ажлаасаа огцорсон үйл явдал дээрх хоёр орны харилцааны ан цавыг бататгасан үйл явдал боллоо гэж мэдээлж байна.

Булангийн орнуудын хоёр хүчирхэг төлөөллийн үл ойлголцол Ливан, Йемен, Ирак, Сирийн хувь заяад нөлөөлж байна.

Саудын Араб, Ираны мөргөлдөөнийг суурийг тайлбарлавал, хоёр улс 2016 онд дипломат харилцаагаа тасалсан. Үүний ард шашин үзэл суртал, гиополитик, эдийн засгийн асар том сонирхол явж байгаа юм.

Саудын Араб "Wahhabisme" буюу Исламын шашны суннит урсгалыг улс төрийн бодлоготой уялдуулсан нэг ёсны шинэ урсгалын шашныг үүсгэгч орон. Тус улс Ирантай хийж буй "бүс нутагт давамгайлах эрх мэдэл"-ийн төлөөх тэмцэлдээ хөрш орнууддаа болж буй иргэний дайн, мөргөлдөөнийг ашиглаж байна гэж хэлж болно. Тодруулж хэлбэл, Ливан, Ирак, Сири, Йеменд болж буй мөргөлдөөний нэг талд нь Саудын Араб нөгөө талд  нь Ираны дэмжлэгтэй явагдаж байна.

Хоёр улсын хоорондох мөргөлдөөн энэ сарын 4-өөс хойш буюу Ливаны Ерөнхиий сайд Саад Харириг огцорсноос хойш улам бүр даамжирч байна. Риадын зүгээс Ираны дэмжлэгтэй Хезболлах бүлэглэл энэ хэргийн ард байна гэж мэдэгдэж байгаа юм.

Түүнчлэн Саудын Араб Йемен дэх Хүүтис бүлэглэлийн харвасан пуужингийн ард Иран бий гэсэн мэдээллийг гаргасан юм. Иран энэ мэдэгдлийг үгүйсгэж байгаа ч Саудын Араб Ираныг тус улсыг өдөөн хатгаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Иран, Саудын Арабын мөргөлдөөн эртнээс эхлэлтэй гэж хэлж болно. Тухайлбал 1980-1988 онуудад үргэлжилсэн Иран, Иракийн дайнд Саддам Хуссейны гол санхүүжүүлэгчдийн нэг нь Саудын Араб улс байсан юм. 1991 оноос хойш буюу Булангийн орнуудын дайн дуусахад Иракийн хүч суларч, Иран, Саудын Араб гэсэн орнууд бүс нутгийн хүчирхэг орнууд болж үлдсэн юм. Энэ хоёр орны гол тэмцэл геостратегийн гэж хэлж болно. Иран цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхийн зэрэгцээ, Сири Иракийн дайны явцад бүс нутагт нөлөө нь улам нэмэгдэж байгаа нь Саудын Арабыг тавгүйтүүлж байна. Ираны хувьд эргэн тойрон АНУ-ын цэргийн баазуудаар хүрээлэгдсэн учраас батлан хамгаалахын салбарын хөгжил нь тус улсын аюулгүй байдалд маш чухал үүрэгтэй гэж үздэг.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоноос хойш Ираны эсрэг үзэл Арабын орнуудад нэмэгдсэн гэж хэлж болно. Түүнээс гадна Ирак Сири дэх Исламын улс бүлэглэлийн хүч суларсан нь хоёр талд хуваагдаад байгаа Ирак, Сири, Йемен тэргүүтэй орнуудыг талцахад хүргээд байгаа Иран, Саудын Арабын бие биенийхээ эсрэг хийх гүтгэлэг дайралт улам ширүүсч байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Иран цөмийн хэлэлцээрийг байуулж бүс нутгийн мөргөлдөөнийг саармагжуулж байсан юм.

Шашны үзэл дээрх хоёр орны мөргөлдөөнд тэмдэглэхүйц хувийг эзэлдэг юм. Тодруулж хэлбэл 2003 онд Иракийн дайн дууссаны дараа тус улсад Шийт урсгалыг дэмжигчид төрийг жолоодох болсон. Энэ байдал 2011 оноос хойш буюу Арабын хувьсгалын дараа улам батажсан. Үүнээс хойш Арабын орнууд Тегераныг Суннит урсгалыг дэмжигч бүс нутгийн иргэдийг хавчин гадуурхаж байна гэсэн ойлголтыг дэлхий нийтэд төрүүлэхээр оролдож байна.

Бүс нутгийн гол тоглогч орнуудын энэ мөргөлдөөн юунд хүргэх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Хүүтисүүдийн харвасан пуужинг Ираны оролцоотой гэж Саудын Араб мэдэгдсэнээр олон улсын эсрэг хоригийг Иран руу чиглүүлэх зорилготой гэж олон улсын ажиглагчид харж байна. Өөрөөр хэлбэл Ираны баллистик пуужингийн хөгжүүлэлтэд цэг тавих олон улсын хүчтэй хориг тавиулах тактикийг Саудын Араб барьж байна.

Харин энэхүү бүс нутаг дахь сөргөлдөөн даамжирвал дайнд хүргэх магадлал багатай. Учир нь Иран Ирактай хийсэн дайны хүндхэн сургамж бас том шарх үлдээсэн. Харин Саудын Араб 2015 оноос хойш Йемений дайнд оролцож байна. Дайн үүсэх вий гэсэн болгоомжлол өөрөө хоёр орны мөргөлдөөнийг намжаах нэг хүчин зүйл болж байна.  

http://www.lefigaro.fr/

С.Чулуунцэцэг

Эх сурвалж: MNC телевиз

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.