Олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол сурагчид бүгд шагнал хүртжээ

Twitter Print
2017 оны 11-р сар 13-нд 13:04 цагт
Мэдээний зураг,

Филиппин Улсын Давао хотноо 2017 оны 11 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд Монгол Улсаас 8 сурагч оролцож, бүгд шагнал хүртлээ.

Дэлхийн нийт 20 гаруй улс оролцсон олон улсын математикийн олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн,  Дорноговь аймгийн Замын-Yүд сумын “Үлэмжтэнгэр” сургуулийн 6 “а” ангийн сурагч Отгонсэлэнгийн Энхзул, Эрдэнэ-Очирын Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртжээ.

Мөн “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Гарамын Нармандах, Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн 6.1 ангийн сурагч Пүрэвбатын Даваа-Эрдэнэ, Баянхонгор аймгийн “Номуун далай” цогцолбор сургуулийн 5 “г” ангийн сурагч Өнөржаргалын Оджаргал, Баянхонгор аймгийн “Соого Сeйкeо” дунд сургуулийн 6 “б” ангийн сурагч Гантулгын Бат-Итгэл нар тусгай шагнал авлаа.

Багийн ангилалд манай сурагчид 2 баг болж оролцон, хоёул "Хүрэл цом", хүрэл мeдаль хүртсэн байна.

Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон манай улсын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Баасанжавын Батцэнгэл ахалсан бөгөөд Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн багш Хавдийн Төмөрхан, Баяхонгор аймгийн “Алгоритм” сургалтын төвийн багш Сүхбаатарын Цагаан нар багшаар ажиллажээ.

Энэ удаагийн олон улсын математикийн олимпиадад анх удаа хөдөө орон нутгаас зургаан хүүхэд оролцсон нь манай улсын хувьд онцлог үйл явдал болж байгаа юм. 

Шагнал авсан сурагчид 2017 оны 11 дүгээр сарын 13-нд эх орондоо ирэх ажээ.

Дашрамд дурдахад манай хүүхдүүдийн ганзага дүүрэн ирсэн ITMO-International Teenagers Mathematics Olympiad нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг нэр хүндтэй олимпиад юм.  

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.