Тоглоом ба сэтгэцийн эрүүл мэнд

Twitter Print
2017 оны 11-р сар 11-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

-Хүүхдүүдийн тоглох боломж багассан нь

тэднийг сэтгэл гутрал, зовинолын эмгэгтэй

болоход нь юу юунаас илүү нөлөөлж байна-

АНУ-ын хүүхэд, залуу үеийнхний дунд сэтгэл гутрал ба зовинолын эмгэг сүүлийн 50-70 жилийн хугацаанд тогтвортой өссөөр иржээ. Өнөөгийн байдлаар ахлах сургуулийн сурагчид ба коллежийн оюутнуудын дунд ерөнхийдөө сэтгэл гутрал, зовинолын эмгэгтэй хэмээн оношлогдож буй хувь хэмжээ нь өмнөх зуун жилийнхтэй харьцуулахад таваас найм дахин өссөн үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ өссөн үзүүлэлт нь оношлуур, үзлэг үйлчилгээ сайжирч нэмэгдсэнтэй холбоотой биш бөгөөд харьцуулах хэмжээс, шалгуур нь 100 жилийн өмнөхтэй адил байхаар авч үзсэн ч өсөлтийн хувь хэвээр байгаа юм.

Сан Диегогийн их сургуулийн профессор Жин Твинжийн удирдсан судалгааны саяхан хэвлүүлсэн үр дүнгээс хүүхэд, залуусын сэтгэл гутрал, зовинол болон бусад сэтгэцийн эмгэгт өртөх нь огцом өсч байгааг олж харж болно. Твинж болон түүний багийнхан Minnesota Multiphasic Personality Inventory (MMPI) оношлуурыг ашиглан 1938 онд АНУ-ын коллежийн оюутнуудын сэтгэцийн эмгэгийн төрөл бүрийн хэлбэрийг оношлох өргөн хэмжээний судалгаа, MMPI-A буюу тус оношлуурын өсвөр насныханд зориулсан хувилбараар 1951 онд ахлах сургуулийн сурагчдын дунд хийсэн судалгааны дүн зэрэгт харьцуулалт хийж үзсэн байна. Тэд дээрхтэй ижил оношлуур ашиглан судалж үзэхэд мөн л бусад олон төрлийн судалгаагаагаар гарч байгаа үр дүн нь яг л адилаар сүүлийн хагас зуун жилийн хугацаанд өсвөр насныхан, залуучуудын дундах сэтгэл гутрал, зовинолын эмгэгийн тархалт маш ихээр өссөнийг харуулсан юм.

Туулж өнгөрүүлсэн түүхээ бид хөгжлийн түүх гэж үзэх дуртай байдаг. Гэвч хэрэв бид хөгжлөө хүүхэд залуусынхаа сэтгэцийн эрүүл мэнд, аз жаргалаар хэмжиж үзвэл 1950-аад оны үеэс эхлээд л хөгжсөн биш харин бууран доройтсон болж таарлаа.

Тэгэхээр бидний өмнө тулгарч байгаа асуулт бол Яагаад?

Залуусын дунд сэтгэл гутрал, зовинол ихэссэн нь дэлхий дахины бодит тодорхойгүй нөхцөл байдал, аюул заналтай шууд хамааралгүй юм. Энэ өөрчлөлт нь эдийн засгийн цикл, дайн байлдаан зэрэг дэлхийн түүхэнд болж байсан бусад олон үйл явдлууд хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлсөн гэж ярьдаг тайлбартай ч уялдахгүй байгаа юм. Тухайлбал Америкийн эдийн засгийн Их хямралын үе, Дэлхийн 2-р дайны үе, Хүйтэн дайны үе, нэлээд тогтворгүй байсан 60-70-аад оны үед ч хүүхэд, залуусын дундах сэтгэл гутрал, зовинолын эмгэгүүд ийм өргөн тархацтай байгаагүй билээ. Тэгэхээр хүүхэд, залуусын дэлхий ертөнцийг үзэх үзэл нь дэлхий ертөнцийн бодит байдлаас илүүтэйгээр тэдэнд нөлөөлдөг байж мэдэх юм.

Хүүхэд залуусын хувь заяаныхаа эзэн байх мэдрэмж буурч байгаа нь

Сэтгэл гутрал болон Сэтгэл зовинох эмгэгүүдийн тухайд бидний сайн мэдэх нэг зүйл бол эдгээр эмгэгүүд нь хүмүүсийн хяналтын мэдрэмжтэй түүн дотроо өөрийн амьдралаа хянах зохицуулах мэдрэмжтэй нь нягт уялдаатай байдаг явдал билээ. Та магадгүй хүн өөрийн амьдралаа хянаж зохицуулах боломж, мэдрэмж сүүлийн үед харин ч улам нэмэгдэж байгаа гэж боддог байж мэдэх юм. Гэвч бидний хүрч чадсан гол амжилт бол өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх боломж нэмэгдсэн; арьс өнгө, үндэс угсаа, хүйс, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан хүмүүсийн боломжийг хязгаарлах байдал арилсан; дундаж орлого нэмэгдсэн зэрэг л юм. Харин судалгаанаас харахад залуусын хувь заяаныхаа эзэн нь байх мэдрэмж сүүлийн хэдэн арван жилийн турш буурсан үзүүлэлттэй байсаар л байна.

Хяналт, зохицуулалтын мэдрэмжийн стандарт асуулга бол 1950д оны сүүлээр Жульен Роттерийн боловсруулсан Гадаад-Дотоод хяналтын хэмжээст хамаарлын асуулга юм. Энэхүү асуулга нь 23 хос өгүүлэмжээс бүрддэг ба хос бүрийн нэг нь Дотоод хяналт (хувь хүнээс хамаарсан) нөгөө нь Гадаад хяналт (хувь хүнээс шалтгаалахгүй гадаад орчноос хамаарсан)-д итгэх байдлыг харуулсан өгүүлэмжтэй байдаг юм. Асуулгад оролцож байгаа хүн хос хариултын алийг нь илүү зөв гэж үзэж байгаагаа сонгох ёстой байдаг. Асуулгаас нэгийг нь жишээ болгож авбал:

(а) Болох юм болдогоороо л болдог гэдгийг би ойлгосон.

(в) Хувь заяандаа итгэхээс илүү, шийдвэрийг өөрөө гаргаж зүг чигээ тодорхойлох нь надад тохирно.

Дээрх жишээний хувьд (а) сонголт Гадаад хамааралт хяналт, харин (в) сонголт нь Дотоод хамааралт хяналтыг илэрхийлж байна.

Олон жилийн туршид хийсэн судалгааны дүнгүүдээс харахад Роттерийн хэмжээст асуулгаар Дотоод хяналт өндөртэй гарсан хүмүүс Гадаад хяналтын хамаарал өндөртэй гарснаасаа хавьгүй илүү сайхан амьдардаг нь ажиглагдсан юм. Тэд өөрсдийн дуртай ажлаа хийж, эрүүл мэнддээ анхаарал тавьж, олон нийтийн дунд идэвхитэй байр суурьтай байдаг учраас сэтгэл гутрал болон сэтгэл зовинолд өртөх нь бага байдаг байна.

Хэдэн жилийн өмнөх судалгаагаараа Твинж болон түүний багийнхан 1960-2002 оны хооронд Роттерийн хэмжээст асуулгыг хэрэглэсэн өмнөх судалгаануудын дүнг шинжилж үзээд сонирхолтой чиг хандлагыг олж илрүүлсэн байна. Дээрх судалгаануудын дүнгийн ерөнхий чиг хандлагаар 9-14 настай хүүхдүүд мөн коллежийн оюутнуудын хувьд асуулгын дундаж онооны тархалт нь Дотоод хяналтын хэмжээсийн мужаас Гадаад хяналтын хэмжээсийн муж руу чиглэн ихэд өөрчлөгдсөн байгааг тэд олж илрүүлсэн юм. Энэ нь үнэн хэрэгтээ маш том өөрчлөлт байсан бөгөөд 2002 оны хүүхэд, залуус 1960-аад оныхонтой харьцуулахад бараг 80 хувь орчимоор илүүтэйгээр Дотоод хяналтаасаа илүү Гадаад хяналтын хамааралтай болсон байв. Сүүлийн 42 жилийн туршид Роттерийн хэмжээст асуулгаар л аваад үзэхэд хүүхэд залуусын Гадаад хяналтаар удирдагдах байдал нэмэгдсэн болон тэдний дунд сэтгэл гутрал, сэтгэл зовинох эмгэг нэмэгдсэн хоёр нь хоорондоо бараг шууд шугаман хамааралтай гэж харагдаж байна. 

Гадаад хяналтын өсөлт (дотоод хяналтын бууралт) нь сэтгэл зовинол ба гутралын эмгэгтэй шалтгаант хамааралтай гэж үзэх нь дараах үндэстэй юм. Хүмүүс өөрийн хувь заяагаа хянах, өөрчлөх боломж бага гэж бодоод ирэхээрээ тэд сэтгэл зовинож эхэлдэг ба “Надад ямар нэг аймшигтай зүйл хэзээ ч тохиолдож болзошгүй юм байна. Би үүнийг өөрчилж чадахгүй.” гэж боддог. Байнгын айдас түгшүүртэй тэгээд бас яахаа мэдэхгүй болоод тэр нь ихэд хураагдаж хуримтлагдаад ирэхээрээ хүмүүс сэтгэл гутралд ордог. “Би яагаад ч нэмэргүй, өнгөрсөн хүн юм байна” гэж бодох болдог.

Дотор сэтгэлийн зорилгоосоо ухарч Гадаад үзэмжийн зорилгод шилжсэн нь

Твинжийн өөрийнх нь онолоор сэтгэл зовинол, сэтгэл гутрал шинэ үеийнхэний дунд ингэж өсөж байгаа нь тэд “дотоод” зорилгоосоо илүү “гадаад” зорилго руу анхаардаг болсонтой холбоотой юм байна. Дотоод сэтгэлийн зорилгууд гэдэг бол тухайн хүний өөрийн төлөвшилттэй уялдан гарч ирдэг зорьсондоо хүрэх чадвартай болох гэдэг ч юм уу эсвэл утга учиртай амьдралын үзэл баримтлалтай болох гэх мэт зорилгыг хэлдэг байна. Харин Гадаад зорилго гэдэг бол бусдад үнэлэгдэх эсвэл ямар нэг материаллаг эд зүйлстэй болох гэх мэтийг хэлдэг ажээ. Ийм зорилгод мөнгө их олох, нэр хүндтэй болох, сайхан харагдах гэх мэт орно.

Орчин цагийн дундаж залуус ерөнхийдөө өмнөх үеийнхнийгээ бодоход дотоод бус харин гадаад зорилго руу илүү чиглэгдсэн байгааг Твинж цохон тэмдэглэж байгаа юм. Тухайлбал, коллежийн 1-р курсын оюутнуудын дунд жил бүр авдаг судалгаараар одооны оюутнууд “санхүүгийн хувьд чинээлэг байх” гэдэг зорилгыг “утга учиртай амьдралын өөрийн гэсэн үзэл баримтлалтай байх”-аас илүүд үздэг болсон харагдаж байна. Энэ нь гэтэл 1960, 70-аад оны үед эсрэгээрээ байсан байх жишээтэй.

Ийнхүү гадаад зорилго руу илүү анхаарах шилжилт нь мэдээж Гадаад хяналтын хамааралтай болоход хөтөлж байгаа юм. Мэдээж бид гадаад зорилгыг биелүүлэхэд дотоод зорилгоо биелүүлэхээсээ илүү хяналт тавьж, удирдаж чадахгүй шүү дээ. Энгийнхээр тайлбарлавал, жишээ нь би өөрийн хүчин чармайлтаар ур чадвар, мэдлэгээ ахиулж чадах ч энэ нь намайг баян болгох баталгаа болж чадахгүй билээ. Мөн би сэтгэл итгэлээ удирдаж, гүн ухааны эрэл хайгуул хийж, амьдралын утга учраа олж мэдэж болох ч тэглээ гээд хүмүүс намайг илүү үнэлж, магтан сайшааж, ойлгоно гэсэн үг биш юм. Тиймийн учир би хэрвээ дотоод зорилгодоо хэрхэн хүрч буйгаараа сэтгэл ханамж авдаг болбол би өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хянаж удирдаж чадна. Харин миний сэтгэл ханамж бусдын үнэлгээ, сайшаалаас хамааралтай байх юм бол би сэтгэл зүйн байдлаа хянаж удирдах боломж багатай байх юм.

Твинжийн үзэж буйгаар залуус дотоод зорилгын эрхэмнэлээс гадаад зорилгын эрхэмнэлд ийнхүү шилжсэн нь телевиз болон олон нийтийн бусад мэдээллийн хэрэгслийн нөлөөгөөр нийгэм бүхэлдээ материалист соёл шилжсэн ерөнхий өөрчлөлттэй холбоотой ажээ. Хүүхдүүд төрсөн цагаасаа хойш аз жаргалын хэмжүүр бол сайхан төрх, нэр хүнд, эд хөрөнгө мөн юм гэсэн сурталчилгаа, мэдээлэл дунд өсч бойжиж байна. Миний бодлоор Твинжийн энэ дүгнэлт маш зөв төдийгүй, үүнээс үндэслээд би дараах нэлээд чухал бас энгийн шалтгааныг санал болгохыг хүсч байна. Залуу үеийнхэн Гадаад хяналтын хамааралтай, гадаад зорилгод шүтсэн, сэтгэл зовинол, сэтгэл гутралд баригдсан байгаа нь сургуульд зарцуулах цаг, суралцах хувь хэмжээ нэмэгдэж, чөлөөтэй тоглох боломж багассантай нь бас холбоотой гэж би үзэж байна.

Чөлөөтэй тоглох боломж багассан нь хяналтын мэдрэмжийг бууруулж, Дотоод зорилгоос ухарч, Сэтгэл зовинол ба Сэтгэл гутрал нэмэгдэхэд хэрхэн нөлөөлж байна вэ?

Миний Гайхамшигт хүүхэд нас ба хүүхэддээ итгэх нь болон Хүүхэддээ итгэдэг эцэг эхчүүд цөөрч, хүүхдийн эрх чөлөө хумигдсан сүүлийн үеийнхэн бүтээлүүдэд дурдсанаар хүүхэд чөлөөтэй тоглож эргэн тойрноо танин мэдэх, насанд хүрэгчдийн шууд хяналт, удирдлагаас чөлөөтэй байх боломж нь сүүлийн хэдэн арван жилд асар ихээр багасчээ. Орчноо танин мэдэх, чөлөөтэй тоглох гэдэг бол түүхийн туршид хүүхэд өөрөө өөртөө тулгарсан асуудлаа бие даан шийдэж сурах, амьдралдаа эзэн болох, өөрийн сонирхлоо хөгжүүлэх, хүсэл мөрөөдөлдөө хүрэх, итгэл үнэмшилтэй болох үндсэн арга зам нь байсаар ирсэн юм. Энэ тухай ч би өөрийн өмнөх нийтлүүддээ олон удаа хөндөж бичиж байсан билээ. (Жишээ нь “Тоглохын үнэ цэнэ” цуврал нийтлэлүүдийг маань үзэж болно) Үнэндээ тоглоно гэдэг бол тоглож байгаа хүмүүсийн өөрсдийн хянаж, удирддаг үйл бөгөөд сонгодог утгаараа тоглоом нь ихэвчлэн гадаад зорилгод бус дотоод зорилгод чиглэсэн байдаг.

Харин хүүхдийг насанд хүрэгчдийн шууд хараа хяналтаас гадуур, өөрийн дураар тоглох боломжоос нь салгаснаар тэднийг өөрсдийн амьдралаа өөрөө хянаж удирдах чадварт сурах боломжоос салгаж байгаа хэрэг юм. Магадгүй бид тэднийг хамгаалж байна гэж боддог ч үнэндээ тэдний баяр баясгалан, өөрөө өөртөө эзэн байх мэдрэмжийг нь замрхуулж, зүрх сэтгэлээ зориулах зүйлээ олоход нь тусалдаг эрэн хайх, танин мэдэх боломжийг нь хязгаарлаж, ингэснээрээ сэтгэл зовинох, сэтгэл гутрах болон бусад сэтгэцийн эмгэгт нэрвэгдэх нөхцлийг нэмэгдүүлж байгаа юм.

Албадан сургалт нь хүүхэд залуусыг Дотоод хяналтаа гээж, Гадаад хяналтад чиглүүлж, ингэснээрээ Сэтгэл гутрал ба сэтгэл зовнинол нэмэгдэхэд хүргэж байгаа нь

Бидний дурдан буй сүүлийн хагас зуун жилийн туршид чөлөөтэй тоглох боломж улам бүр багассаар сургуульд сурах, суралцахтай төстэй үйл ажиллагаанууд (хичээлээс гадуурх давтлага сургалт болон томчуудын удирдлаганд спортоор хичээллэх гэх мэт) тасралтгүй улам бүр нэмэгдсээр иржээ. Одооны хүүхдүүд өмнөхөө бодоход өдөрт илүү олон цагаар, жилд илүү олон хоногоор, амьдралын туршид илүү олон жилээр сурдаг болоод байна. Мөн шалгалт, дүн зэрэгт бас илүү их ач холбогдол өгдөг болсон байна. Сургуулиас гадуур ч хүүхдүүд томчуулд удирдагдсан, хамгаалагдсан, хангагдсан, зэрэглэгдсэн, үнэлэгдсэн, шийдэгдсэн орчинд ихэнх цагаа өнгөрөөж байна. Энэ бүх орчинд хүүхдүүд бус харин томчуул хяналтыг гартаа авсан байдаг.

Сургууль дээр хүүхдүүд тэдний хийхийг хүссэн үйл ажиллагааны сонголт, өөрсдийнхөө ур чадварын тухай тэдний бодол үнэлэмж нэг их хүртээлгүй бөгөөд багшийн сонголт болон үнэлгээ давамгай байдаг гэдгийг их хурдан ойлгож авдаг. Гэхдээ багш нар бас тааварлахын аргагүй хүмүүс: Та хичээж сурсан ч тааруу дүн авч мэднэ. Учир нь багш танаас чухам юуг сурахыг хүсээд байгааг нь яг таг мэдэх, асуух асуултыг нь урьдчилан тааварлах аргагүй шүү дээ. Анги дээр хичээл дээр тавигдаж байгаа зорилго нь ихэнх сурагчдын хувьд чадамжийн тухайтад бус харин сайн дүн авахад оршдог. Хэрвээ үнэхээр хичээлийнхээ учрыг олж сайн сурмаар байна уу эсвэл А дүн авмаар байна уу гэдэг сонголт байдаг бол ихэнх сурагчид ер бодож эргэлзэхгүйгээр сүүлийнхийг нь сонгох гээд байдаг. Ийм байдлыг сургуулийн түвшин бүрээс, бараг бүр эрдмийн зэрэг хамгаалахаас өмнөх хүртэлх бүх түвшнээс түгээмэл олж харах боломжтой. Мэдээж энэ нь суралцагчдын буруу биш харин бидний буруу. Бид л ийм тогтолцоог бий болгосон. Жил өнгөрөх тусам улам шахуу болж буй сургууль дахь байнгын шалгалт, үнэлгээний тогтолцоо нь дотоод зорилгоос илүү гадаад зорилгод чиглэхийг дэмждэг болох нь улам бүр тодорхой болж байна. Бараг л сэтгэл гутрал, зовинолыг үүсгэхийн тулд зохиосон юм шиг тогтолцоо шүү.

Сургууль бол хүүхдүүдийн хувьд тэдний сонголттой бага хамааралтай, тэдэнд өөрийгөө нэгэн хэсэг нь гэж итгэж үнэмшихэд бэрх газар байсаар л ирсэн билээ. Олноор нь нэгтгээд, нэг газар хашаад, өдрийг өнгөрөөх зорилготой газар маллуулахаар ирсэн шиг л санагддаг байх. Харин чөлөөтэй тоглож байх үед хүүхдүүд дээрэлхүүлж, доромжлуулбал тоглоомноос гараад өөрт нь эвтэй тухтай байхаар өөр хүүхэдтэй нийлэх эсвэл өөр хүүхдүүдтэй өөр тоглоомоор тоглох боломжтой байдаг бол сургууль дээр ингэж болдоггүй. Дээрэлхэгчид нь хүүхэд байна уу, багш байна уу (багш байх нь элбэг тохиолддог шүү) хүүхэд тэр хүнтэй өдөр бүр нүүр тулахаас өөр аргагүй байдаг.

Харин үр дүн нь заримдаа гамшиг болох нь бий.

Хэдэн жилийн өмнө Михайл Чиксэнтмихайли, Жереми Хантер нар улсын дунд сургуулийн 6-12-р ангийн сурагчдын аз жаргалтай ба аз жаргалгүй байдлын талаар нэгэн судалгаа хийсэн юм. Уг судалгаанд оролцсон улсын 12 өөр нутгийн 33 сургуулийн 828 сурагчид оролцжээ. Тэд долоо хоногийн туршид өглөө 07:30-аас орой 10:30 цагуудын хооронд тусгай дохио дуугаргадаг бугуйн цаг зүүсэн байна. Цагны дохио дуугармагц тэд тухайн цаг үед хаана байгаа, юу хийж байгаа, аз жаргалтай байгаа эсэхээ бичих асуулгад хариулж байлаа. Тэдний хариултаас үзэхэд аз жаргал хамгийн бага байсан үе нь (гайхмаар хэдий ч) сургууль дээр байх үе бөгөөд харин хамгийн их аз жаргалтай байсан үе нь найз нөхөдтэйгээ тоглох, ярилцах үе нь байлаа. Харин эцэг эхтэйгээ байсан нь дундаж аз жаргалын үзүүлэлтийн дунд хавиар таарч байв. Амралтын өдрүүдээр аз жаргалын дундаж үзүүлэлт өсч харин Бүтэн сайн өдрийн үдээс хойшоос оройг хүртэл ирэх долоо хоногийн хичээлийн тухай хүлээлтээс болж буурдаг болох нь тогтоогдсон юм.

Гэтэл бид нийгмээрээ хүүхдүүд хамгийн дургүй газраа хамгийн удаан байх ёстой гэсэн шийдэлд хүрчихээд байдаг. Аз жаргалын судалгаанаас харахад бидний ийм шийдлийн үнэ цэнэ нь хүүхдүүдийн маань сэтгэцийн эрүүл мэнд байгаа нь дэндүү хайран биш гэж үү?

Тиймээс боловсролыг өөрөөр авч үзэх цаг нь болжээ.

Өөр арга зам

Эрх чөлөө, тоглоом, өөрийн удирдлагатай танин мэдэхгүй давамгайлсан Sudbury-ийн ардчилсан загвар сургуулиуд болон гэрийн сургалтад хамрагдсан хүүхдүүдийн туршлагын тухай мэдээллийг чин үнэнчээр хандан сонирхож үзсэн хэн боловч боловсрол олгох өөр арга зам байдгийг төвөггүй олж мэдэх болно. Хүүхдүүдээ боловсролтой хүн болгох гэж галзууртал нь зовоох ч шаардлага байхгүй. Албадлагагүй орчинд өөрсдөд нь эрх чөлөөг нь өгч боломжийг нь олговол хүүхэд залуус өөрсдөө боловсрол эзэмшиж чадна. Тэд үүнийг баяр баясгалантайгаар, өөрийн үнэт зүйлсээ хөгжүүлэнгээ, өөрийгөө удирдаж сурангаа, сэтгэл санааны таатай байдлаа хамгаалангаа хамтад нь хийж чадна. Миний өмнө блог дээрээ бичиж байсан цуврал бичвэрүүдээ би ийнхүү өндөрлөж байна. Одоо харин нийгмээрээ асуудлыг чин үнэнээр нь олж харах л үлдлээ.

Сүүлд нийтлүүлсэн бичвэртээ би уншигч нараасаа өөрийн удирдлагатай боловсрол олж авсан түүхээсээ хуваалцахыг хүссэн бөгөөд олон хариу ирсэн байна. Миний урилга одоо ч нээлттэй байгаа тул та хариу бичихээр бол яараарай. Дараагийн хэдэн долоо хоногт би хүүхдүүд өөрийн удирдлагатай тоглох, танин мэдэх үйлээрээ хэрхэн уншиж сурдаг болон тэд хэрхэн ба яагаад тоо бодож сурдаг, мөн ирээдүйн ажил мэргэжилд нь хөтлөх тусгай сонирхол чадваруудаа өөрсдөө хэрхэн хөгжүүлдэг тухай бичих болно.

Анхаарлаа хандуулсаар байхыг хүсье.

Орчуулсан: Норовсамбуугийн Нарантуяа

Англи эхийг дараах холбоосоос үзнэ үү: https://www.psychologytoday.com/blog/freedom-learn/201001/the-decline-play-and-rise-in-childrens-mental-disorders

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.