"Зүрхний хилэн"-г үзээд төрсөн сэтгэгдэл - МАНЖ, МОНГОЛЫГ ХАРААД Л ЯЛГАДАГ ДИЖИТАЛ ЧОНО

Twitter Print
2017 оны 11-р сар 07-нд 22:46 цагт
Мэдээний зураг,

Нэгдэж, "1000 сонсохоор 1 үз!" гэдэгчлэн, бусдыг дагаж бараа сургаар шүүмжилсэнээс бодитоор үзэж харъя гэж бодсоных, хоёрдож гэвэл, хүний газар, ертөнцийн мухарт, эх орноосоо алс суудаг бид чинь өөрийнхөө урлаг соёлоор ямагт цангаж явдаг болохоор сайн муу, сайхан муухайг нь голж шилэх сонголт угаас үгүй тул ирсэн болгоныг нь цангасан адуу шиг шүлэнгэтэж үздэг, нөгөөтэйгүүр "үндэснийхээ кино аж үйлдвэрлэлийг дэмжих" үнэнхүү эх оронсог сэтгэлтэй хэнхгүүдийн нэг мөний учир Netflix-ээр үзэж байсан Narcos-oo түр хойш тавиад, соц нийгмийн үед түмэнд хүрсэн Ж.Пүрэв гуайн романы нэрийг зээлдэж, олны зэмлэлд өртсөн, дэлгэцэнд гарахаасаа өмнө л сүртэй лого, трэйллэрээрээ үзэгчдийг "байлдан дагуулсан" "ЗҮРХНИЙ ХИЛЭН" киног Hollywood Blvd дээр байрлах Ransdall Gallery Theatre-т үзлээ.

Зөвхөн бэлэн мөнгөөр үзүүлнэ гэснээс болсон уу, оройн 7 цагийнхыг нь үзэхээр очтол гадаа нь пиг хүн, эхлээд билетэндээ, дараа нь кинондоо гэхчилэн 2 дахин оочирлож байж оров. Дараа дараагийн кино үзвэрийг зохион байгуулах хүмүүс онлайнаар билетээ зарахад анхаарах биз ээ. 

Энэхүү сэтгэгдлээ би монгол киноны үнэнч "фэн", монгол киногоо дэлхийн "дэвжээнд" гараасай гэж бусдын л адил бодож явдаг жирийн нэг үзэгчийн хувиар сайныг санаж, дараа дараагийн хийх кинондоо зөв талаас нь тусгаж аваасай гэж бодож бичлээ. Би киноны үйл явдлыг дэс дараалан тоочихгүй, энд тэндээс нь түүж, сэтгэлд торсон бүхнийг хамж шимээд бичих тул та бүхэн бас түүгээд ойлгоно биз ээ. Андуу эндүү бодсон байх аваас авах, гээхийн ухаанаар хандаж, өршөөн хэлтрүүлнэ биз ээ. Сайжрахыг бэлгэдэн, саараас нь А гэж эхлээд, сайнаар нь Б гэж хаагаад явчихъя!

За, ингээд кино маань эхэллээ!

1. ҮЙЛ ЯВДАЛ

А. ӨӨР КИНОНЫХТОЙ ДАВХАЦСАН КАДРУУД:

Манжийн амбан, жанжин Фун Жоу залран ирж буй замд киноны гол баатруудын нэг Эрболд, эхнэр, ээж хоёрынхоо хамт нүүж яваад таарах бөгөөд -Зам тавь! гэж хэлсэн амбантны бараа бологчийн өмнөөс (мэдсээр байж) үг сөрж хэдэрлээд, ташуураар гөвшүүлж, баривчлагдан Батгүнд хоригдох нь залуухан Марк аав, авга хоёрынхоо хамт их хааныг зорьж яваад, хааны цэргүүдтэй халз тулгарч ихэнх хүмүүсээ алуулаад, Хубилайн ордонд баригдаж хүргэгддэг, Нэтфликсийн Марко Поло цувралын эхлэлтэй тун төстэй санагдав. Энд тэгэж зөрчилдүүлэх ноцтой шалтгаан үүдсэн үйл явдал огт болоогүй байхад киног эхнээс нь шууд түгшүүртэй өрнөл рүү хүчээр хөтлөх нь жаахан тийм. Жүжигчдийн тоглолт ч нэг л үнэмшилгүй. Дараа нь "Уулын өвгөн" гэх хочтой сайн эрийг нөхдийнх нь хамт хориод, эхнэрийг нь эрүүдэн шүүхэд эхнэр нь шоронгийн хуягийг үзэн ядаж, нүүр лүү нь нулимах нь "Мандухай Сэцэн Хатан" кинон дээр Мандухай Исмэлийн нүүр лүү нулимдаг хэсэгтэй, дунд хэсэгт амбантны ордны гадаах талбайд сайн эрчүүд баригдаж ирээд манжийн цэргүүдтэй балбалцдаг хэсэгт нэг сайн эр нь "дүүгүүр" Лодойг хүүтэй нь гаргаж зугтаалгаад, өөрөө хаалгаа хаагаад үлдэх нь Мандухайн төгсгөлийн анги дээр, хааны ордонд Исмэлийн урвалгаар халдаар ирсэн цэргүүдтэй үзэлцэж байгаа ордны хэвтүүл "-Хатантан минь, та цаашаа бай!" гээд хаалга хаадагтай тус тус давхцах нь хачин!

Төгсгөлд нь адуу хөөдөг хэсэг яг өнөөх Д.Маамын зохиол, И.Нямгаваагийн найруулсан "Газар Шороо" киноны төгсгөлтэй тун төстэй, тулаанаараа л илүү болохоос. Мэдээж, нэг цаг үе, нэг сэдвээр хийсэн болохоор ижил агуулгыг дүрслэх нь ойлгомжтой боловч манж амбаны байр байдлыг асарт суугаагаар биш, арай өөрөөр илэрхийлж болоогүй юм болов уу гэж бодогдов.

2. КОМПЬЮТЕР ГРАФИК, АНИМЭЙШН

А. "МАНЖ, МОНГОЛЫГ ХАРААД Л ЯЛГАДАГ ДИЖИТАЛ ЧОНО"

Хар тамхи ачсан хятад жинчдийн цувааг дайрах үедээ сайн эрчүүд чоно мэт улин бие биедээ дохио өгөх ба тэр дуунаар хаа нэгтэйгээс нэг "ориг чоно" гэнэт гарч ирээд тэдэнтэй "хүч хавсран" жинчдийн хамгаалагч манж, хятад цэргүүдтэй үзэж тарах ба алалцахын наахна байсан манж, монгол хоёрын өмнө дүрээ огцом хувилган "дижитал чоно" болон "төрөл дээшлээд" архиран байснаа шууд л манж цэрэг рүү дайран хоолойг нь тасар татах нь үнэхээрийн бахтай, жинхэнэ "эх оронч чоно" ажгуу! 

Манай алдарт аниматорууд арай л дэндүү "амилуулчихсан" шүү! Уг нь нохойгоор ноцуулж зураг аваад, дараа нь чонын дүрсэд хувиргасан бол арай дээр болох байж уу, ингэж элэг авсан юм хийж байснаас хийгээгүй нь дээр байж. Анимэйшн гэдэг чинь уг нь амилуулахын нэр биз дээ?! Манай амилуулагчид яагаа ч үгүй байгаа нь эндээс тодорхой харагдана. 

Киноны чимэглэл-хошин дүр болох, сайн эр болохын хүслэнд автсан нэг нөхөр манж цэргүүдэд хөөгдөж яваад хадан хавцлын дээгүүр морьтойгоо дүүлэн харайдаг хэсэг бол энэ киноны "уянгын халил", үзэгчдийг уулга алдуулсан хэсэг! Уг нь гоё сэтгэсэн, даанч гүйцэтгэл нь бас л тиймхэн. Өнөөх харайсан морины хойд хөлийн тагалцага нь уртаа гэгч сунаад, хэтрүүлэг байлаа байлаа гэхэд арай л хэтэрхий урт болсон харагдав. Желал Ад Динийг элдсээр Инд мөрөнд тулгахад мань эр морьтойгоо эгц хадан хясаан дээрээс эрчилсэн их мөрөн рүү харайн гараад, бас болоогүй сэлмээ гозолзуулан зүхэхэд түүнийг харвах гэсэн цэргүүдээ Чингис хаан хориглон болиулж, эр хүн, эр цэрэг гэдэг ийм л байх ёстой гэж хэлж байсан гэдэг. Яг түүн шиг, хавцал руу унахтай зэрэгцэн хавцлын нөгөө эгц хананы шовх хад руу бугуйл шидэн зүүгдэж амь гарч байгаа сайн эрийг буудах гэсэн цэргээ Жамьян захирагч "-Эр зоригийг нь үнэл!"-эн хориглон болиулж байна! Бас л гайхалтай давхцал! Үүнийг түүхээсээ санаа авсан бүтээлч эрэл хайгуул уу, бэлэн будаа идсэн "копи-паст"-уу гэдгийг ёстой мэргэжлийн урлаг судлаачид нь л хэлэх биз ээ. 

Б. АНИМЭЙШН ГЭДЭГ АМИЛУУЛАХЫН НЭР

Бодит байдалтай холбож, "обший план"-аас ойртуулан томруулах холбоосыг нь сайн хийгээгүй л болохоос, хаа очиж Улиастай хот, Манжийн амбаны орд өргөөг харуулсан график нь дүрслэл сайтай, үнэмшилтэй болсон. Дээр нь монгол бичиг, кирилл хослуулсан, утаа, металл эффекттэй үсгээр бичсэн киноны нэр энэ тэр үнэн тасархай байлаа гэж урам хайрлая!

3. ДҮР БҮТЭЭЛТ

А. ИХЭНХ ЖҮЖИГЧДИЙН ТОГЛОЛТ АМЬД БИШ

Солонгос сериалын нөлөө юу, сүүлийн үеийн кинонд нэг л их орилж хашхирсан, багтартлаа бархирсан, енгэнэтэл уйлсан, эсхүл ямар ч шалтгаангүй арзайтлаа инээсэн эрчүүд гардаг болчихсон нийтлэг хэв шинж энэ кинонд ч бас илэрхий үзэгдэв. За, мэдээж эрх чөлөөгүй, дарлагдсан, цөвүүн цаг үеийн уур бухимдал, үзэн ядалт, өшөө хорсол байлгүй л яах вэ! Жишээ татан хэлье! Сайн эрчүүл шоронгоос оргоод, голын эрэг дээр, хэсэг зуур яах ийхээ ярилцан суух үед өнөөх жинхэнэ сайн эр болохын хүслэнтэй залууг нэг үг хэлж дуусаагүй байтал (инээхээр юм ер яриагүй) бүгдээрээ галзуурсан мэт гэв гэнэт, нэгэн зэрэг, учир зүггүй харжиганатал инээх нь үнэхээрийн жигтэй! Би л лав яагаад инээснийг нь ойлгосонгүй өнгөрөв. Мөн энэ жигтэй явдал тэднийг агуйд бүгэж байхад ч хэд хэд давтагдав. Уг нь хээрийн хойморт, хээгүйхэн байгаа, хийморь босоо, өөдрөг гэгээн сэтгэлтэй, үйлс зорилго нэгтэй эрсийн нөхөрлөл, хэсэгхэн зуурын баяр баясал, инээд хөөрийг харуулах гэж зорьсон бололтой. Даанч байгаа оносонгүй. 

Жамьян туслагч төрсөн гэртээ очих үед, дөнгөж уулзмагцаа аав, хүү хоёр хэрэлдээд эхлэх нь логик авцалдаагаар тааруухан.

Хэд хэдэн тохиолдолд, зарим жүжигчид юу хийх ёстойгоо мэдэхгүй алмайрах, дүрдээ орж өгөхгүй мунгинах нь илт харагдаж байв. 

Б. ДҮРДЭЭ ОРСОН ГАНЦ ЖҮЖИГЧИН

Үнэхээр дүр дээрээ ажилласан, зарим талаар нэлээд үнэмшилтэй тоглосон жүжигчин гэвэл Золбоот байна. Ялангуяа хүүгээ алдчихаад, тэврээд яахаа мэдэхгүй аргаа баран, бахардан уйлж байгаа хэсэг бол үнэн аймаар! Өөрийн эрхгүй самсаа шархирав! Тэгэж дүрдээ орсон монгол жүжигчнийг 21дүгээр зуун гарсаар би лав үзсэнгүй! Жүжигчин хүн ингэж л дүрийг амилуулах ёстой! Золбоот танд баяр хүргэе!

3. ХАРИЛЦАН ЯРИАНЫ "ХАЛУУХАН ҮГС"

А. Орчин үеийн хэллэг.

Түүхэн сэдэвтэй кино бүтээхэд тэр цаг үеийн хүмүүсийн гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл, соёл ахуй, аж амьдрал, шашин шүтлэг тэдгээрийг дагаад сэтгэхүй, хэл яриа нь ямар байсан зэргийг нэвтэрхий судалж гэмээнэ тухайн цаг үед үзэгчдийг аваачиж чадах, итгүүлэн үнэмшүүлэх хүчтэй кино хийж чадна. Тэгтэл энэ киноны жүжигчид орчин үеийнхээ сэтгэхүй, яриатай тэр үеийн хувцас, ахуйтай дүрд "тоглочихож". 

Торж үлдсэн зарим үгс: Энэ асуудлыг та л, гэр бүлээ боддоггүй, давуу тал болж, (Тэр үед ер нь асуудал, гэр бүл, давуу тал... энэ тэр гэж албархдаг байсан уу даа?!)

Б. Гол ба туслах дүрүүд ихэвчлэн толгой холбон шүлэглэж ярина.

...Ард Монголынхоо төлөө 

Атгахан зүрхнийхээ хилэнгээр... (Эрболд)

...Хэзээ чамайг ирэх бол гэж

Хэлхээтэй өдрүүдийг тоолж суулаа... (Жамьянгийн ээж-Н.Сувд) гэх мэт.

4. ДҮР СОНГОЛТ

A. Сэтгэлд хүрээгүй дүрүүд:

"Нөгөө л хууччуул" буюу кино болгонд ёс юм шиг ордог АЖ, Гавьяатууд болох Жарантав, Цог, Сувд, Төмөрбаатар, Дамдин, Равдан, Мягмарнаран, Оюундарь нар тоглосноос дүрээ ганц авч гарсан нь хятад пүүсийн данжаадад тоглосон Жарантав гуай л байв. Бусад нь үнэхээр явахаа байж ээ! 1990 он гарч, Кино Үйлдвэр тарж бутарсанаас хойш 2000-аад оны эхэн хүртэлх 10-аад жилд үнэндээ монгол кино уналтын байдалд байсан, тэр үед хуучны ахмад жүжигчид маань амь зуухын эрхээр зарим нь хувиараа жаал жуул аж ахуй эрхэлж, ихэнх нь гэртээ сууж, өвөө эмээгийн ажил хийсэн. Зарим нь архи дарсанд орж, уруудаж гундаж явсаар мөнх бусыг үзэцгээсэн. Үлдсэн хэд нь 2000-аад оноос хойш сэргэх хандлагатай болсон кинондоо эргээд ортол тамирчнаар бол "формоо алдчихсан" байсан нь дараа дараагийн жилүүдэд хийсэн кинонуудыг харж байхад илт анзаарагддаг. Авьяас тэтгэвэрт гардаггүй ч арчилж тордохгүй, байнгын бэлтгэлтэй байхгүй бол ийн зэвэрдэг ажээ. Хүн чаддаг байсан юмаа чадахаа байх шиг гунигтай юм үгүй. 

Яг ийм харамсал ноднин Азийн Ертөнц кино фестивалийн үеэр, АЖ Мэндбаяр гуайн тоглосон "Ээж" киног үзэхэд төрж байсан. Хорвоогийн жам, насны юмыг яах ч арга алга. Хэрвээ тэд маань формоо алдаагүй байсан сан бол энэ кинонд ёстой л "яралзуулаад өгөх" байлаа. "Нөгөө л хууччуул" гэж залхсан байдлаар хэлсэн учир гэвэл тэдэнд дургүйдээ биш манай киночид шинэ, залуу авьяастнуудаас гадна өнөөгийн кинонд шинэ дүр төрх гаргаж чадах, олонд танил болоогүй ахмадуудыг ч эрж хайх цаг болжээ! Шилийн сайн эрчүүлийн дүрд хот газрын булбарай цагаан царайтай залуус, огт зохиогүй сахал нааж, хөө түрхээд гүйлгээд байхын оронд хөдөөнөөс сайхан хөрслөг бор, хүдэр бадар залуусыг олж ирээд, шилж сонгоод тоглуулж болдоггүй юм уу?! 

Гаврошийг чи сана л даа гэдэг шиг Далайцэрэнг та нар сана л даа! 

Б. Сэтгэлд хүрсэн дүрүүд гэвэл: 

Фүн Жоу жанжин-Барслхагва, Жамьян туслагч-Алтаншагай, жинчдийг хамгаалж явсан манж, хятад цэргүүд, "дүүгүүр" Лодой-Золбоот, Базар-Ганчулуун.

5. ХӨГЖИМ

Зөөлрөх газраа зөөлөрмөөр байтал тувт "Цүн-цүн, рүн-цүн, цүн-цүн, рүн-цүн!" гэж түгшүүлсээр байгаад л дуусгав. Уг нь киноны зохиомж ч гэсэн зарим газраа тайвшруулах, үзэгчдэд бодох хором, зогсох орон зай, тайвшрах чөлөө өгмөөр, гэвч тэгсэнгүй тувт "довтолгосоор" байгаад л өндөрлөв. Уг нь аливаа бүтээлийн эхлэл, өрнөл, туйл, тайлалыг нэгтгэн бодож, хэрэгтэй газар нь тийм нэг "Пауз" авч баймаар...гэх мэтээр бичээд байвал зөндөө л юм байна.

6. ЭЦЭСТ НЬ ДҮГНЭХЭД

Ер нь энэ киног их л яарч хийсэн санагдлаа. Төр нь хямарч, түмэн нь ядуурч, гадныханд байдгаа барьж, өрөнд барьцаалагдсан энэ цөвүүн цагт өвөг дээдэс маань юуны тулд, хэний төлөө халуун амь, бүлээн цусаа харамгүй урсган, тэр бэрх цагт тэмцэж, ялагдаж, ялж явсаар бидэнд энэ сайхан газар нутаг, эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирч өгсөний үнэ цэнийг сэргээн сануулахуйц түүхэн сэдвийг зоригтой барин авч, чадах хэмжээндээ, хэр чинээгээрээ харуулахыг хичээн зүтгэсэн явдалд нь энэхүү киног бүтээсэн нийт уран бүтээлчдэд баяр хүргэе! Нэгэнт түүхэн сэдэвтэй киног өчнөөн мөнгө хөрөнгө, олон хүний хүч хөдөлмөрөөр бүтээж байгаагийнх хангалттай цаг зарж, тун нухацтай хандах байж дээ гэсэн бодол төрснийг нуух юун. Орчин цагт аливаа бизнес, тэр тусмаа шоу бизес-кино урлаг үзэгч төвтэй, хэрэглэгчийн эрэлт хүсэлт, таашаалд нийцүүлж бүтээгдэхүүнээ сайжруулдаг болсон цаг. Жирийн үзэгч би төлсөн мөнгөндөө харамсахгүй гарч байвал сайн кино боллоо гэсэн үг. Дараа илүү сайхан кино хийгээрэй гэж ерөөе!

Жич: Манай хүүхнүүд кино үзэх гэж биш утсаа ширтэх гэж ирсэн юм уу бүү мэд хоёр талд "ухаалаг утас"-аа ухаан жолоогүй "илж таалах" нь, улаан нүүрэн дээр "паржуугтар" тусгачихсан юм шиг, нүд гялбуулаад, нүүр шазвалзуулаад, кино үзэхэд үнэн төвөгтэй байсныг дурдалгүй өнгөрч боломгүй! Жаахан ч гэсэн соёлтой байвал, тийм ээ?!

"Зүрхний хилэн"-тэй үзэгч: Л.Мөнхтөр

Лос Анжелес, 2017 оны 11 сарын 7

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • төгсөө

      (49.0.191.250) 2017-11-10 17:11
      • 1
      • 0

      пээээээ ямар лаг их мэдэгч вэ? бараг л чи найруулсан бол тэ.санаагаар чинь бол.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.87) 2017-11-08 15:09
      • 0
      • 1

      Shuumjiig huleej avahgui bol saijrahgui l gesen ug. Tegeed heterhii ih reklamdsan. Bur hetruulsen.

      Хариулах

    • зочин

      (202.9.41.130) 2017-11-08 14:28
      • 0
      • 1

      Тиймээ Зүрхний хилэн гэхээр нь Чингүнжав.Амарсанаа үзэхийн байхдаа гээд очсон Энэрэлгүй хорвоо Минжий хангай Газар шороо романы холимог хуурга болсон байналээ.Гэхдээ залуучуудад харийнхны гар хөл болохгүй эх орон элгэн саднаа гэх сэтгэлтэй байх мессежийг илгээж байгаа нь сайшаалтай.Мөн түүхийн хичээлийн агуулга хумигдаж 1990 оны хувьсгал Элбэгдорж Батүүл гэж үздэг болсон цагт түүхэн үйл явдлыг харуулж байгаа нь сайн байнаа.Залуучууд улам сайхныг бүтээнэ дээ.Хэтэрхий солонгос кинонынх шиг тулаан байсан шүү.

      Хариулах

    • Dghhd

      (27.123.214.122) 2017-11-08 14:17
      • 0
      • 0

      Dungun deerh uigarjin bichigiin everiig gezegeer bichij uliastaig umiastai gej bichsen bailaa.

      Хариулах

    • Зочин

      (139.5.219.221) 2017-11-08 10:19
      • 0
      • 0

      Bi sanal negtei bna. Buh salbaraas hamgiin amjiltgui odoo boltol tolgoigoo ondiilgoj chadaagui salbar ni Mongoliin kino urlag. Sain jujigchid maani horvoogiin jamaar naslaad sanaa bsan ch ter bur 100 huvi performance gargaj chadahaa bailgui yahav, zaluuchuud ni chadvar muutai ajlaa mergejlee meddeggui, tolgoigoo ajilluulj duree oilgoh tsaash ni erel haiguul hiin bayjuulah gedeg yum yum meddeggui. Mon tuhain tsag uyeiinh ni huvtsas hereglel setgehui hel yariag tusgaagui gedeg bas zov. Anu hatan kino bas yamar ch unemshilgui bolson ene shaltgaanaar, hel yaria ni ogt boloogui aylaga duudlaga ni hudlaa bas uneniig ilt guivuulsan bolood ehleheer yadaj eh orniihoo uzegchdiig bugdiig ni tataj chadahgui bolood neg heseg l hun uzsen ter hemjeegeeree neg heseg l bilet zaragdaj orlogo ni zarlagaa diilehgui shuud flop,gants 2 garsan bolood argaguin erhend shuugeend huraagdahaas oor argagui bolj naimaanii hellegeer shatnaa geech bolson doo.

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.7) 2017-11-08 10:06
      • 1
      • 0

      Mash ih huchirhiileltei, mash muu kino.

      Хариулах

    • Зочин

      (202.21.125.234) 2017-11-08 09:16
      • 1
      • 0

      Энэ кино хийсэн уран бүтээлчдэд баяр хүргэе. Шүүмжлээд байгаа хүн өөрийн хийснээ харуулаад шүүмжил дээ Эртний үгээр бол Өөрийн толгой дээрх бухлаа хараагүй байж...

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.120) 2017-11-08 07:46
      • 0
      • 0

      Тэр агуйд сайн эр болох хүсэлтэй эр гаднаас ирсэн өвгөнөөс намайг хүмүүс ярьж бнаиуу гэж асуухад таны алдар нэр хэн билээ гэж асуугаад Сандаг гэхээр нь естой дуулаагүй юм бна гэсэн бол саваах блаа гошин шогоос хүн урьсан бол хэлээд өгнө дөө яахав дээрдсэн бна лээ дажгүй

      Хариулах

    • Zochin

      (83.77.77.185) 2017-11-08 06:17
      • 0
      • 0

      Shuumj chin taalagdsangui. Tergeliin nohor y . Zaluu humuus zorigloj hiisen n sain.

      Хариулах

    • Зочин

      (64.228.93.230) 2017-11-08 05:24
      • 0
      • 1

      Хар масст зориулсан кино болсон. Жаахан юм уншдаг ойлгодог нь дутагдлыг нь хэлэхээр масс хүлээж авах чадваргүй. Уул нь хүлээж авбал өөрсдөд л хэрэгтэй биз дээ. Нэрнээсээ авахуулаад л бусдын юм их хулгайлсанаас нь ойлгомжтой.Залуучууд юм хийж байгаа нь сайшаалтай ч хулгайлах бол муухай биз дээ

      Хариулах

    • Зочин

      (213.89.200.203) 2017-11-08 05:09
      • 0
      • 0

      Estoi chamd uur yum olj shuuljil geed helchii. Single lady mady uz kkk

      Хариулах

    • Зочин

      (80.217.185.164) 2017-11-08 05:02
      • 1
      • 0

      Ер санаа нийлсэнгүй чи сүүлийн үеийн кинонуудыг үзээрэй хаа очиж хамаагүй дээртбосон шүү чадахгүй юм ыайж ясан өөнч юм

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.163) 2017-11-08 22:34
      • 0
      • 0

      ямар ч зохиол кино шүүмжлэл байх ёстой шүүмжлэл байж л урлаг чанаржина

      Хариулах

    • Battuya

      (213.89.135.210) 2017-11-08 04:20
      • 0
      • 0

      heterhii uuntugch shuumjlel bna. altan uyiin saihan jujigchid togloson bsan ni bur l setgeld oir bsan shuu. iimerhuu buteel howordoj bgaa shuudee. ymiig hiih hetsuu uuluhud amar ymdaa ugaasaa. Munhtur gesen humuus ih shalchiga bhiimaa haha. ter utas uzsen huuhnuud ch iluu shdee bur

      Хариулах