Элчин сайд С.Хүрэлбаатарыг Японы Төрийн дээд одонгоор шагналаа

Twitter Print
2017 оны 11-р сар 07-нд 19:19 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатарыг Монгол Улс, Япон Улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Японы Цог Жавхлант Эзэн Хаан Акихитогоос Япон Улсын төрийн дээд шагнал “Мандах наран” одонгоор шагнасныг Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ энэ сарын 7-ны өдөр гардуулав.

С.Хүрэлбаатар нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд 40 гаруй жил уйгагүй зүтгэж байгаа юм. Тэрээр  1997-2001 он, 2012-2017 онуудад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан туршлагатай дипломатч юм. С.Хүрэлбаатарын сэтгэл, зүтгэлийн үрээр  эдүгээ 45 жилийн ойгоо тэмдэглэж буй Монгол, Японы харилцаа Стратегийн дотно түншлэлийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байна.

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Япон улсын Засгийн газраас 2017 оны намрын одон гардан авах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарласан юм. Монгол улсаас уг одонг, Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан С.Хүрэлбаатар болон Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах нар хүртэхээр болсон.

С.Хүрэлбаатарын Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, Япон, Монголын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсныг өндрөөр үнэлсэн юм.

Ж.Галбадрах нь “Шинэ Монгол ахлах сургууль”-ийг үүсгэн байгуулах зэрэг Монгол улсад Япон хэв маягийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, Япон, Монголын хүүхэд залуусын солилцоо, соёлын харилцаанд хувь нэмрээ оруулсныг өндрөөр үнэлсэн билээ.

Уг одон гардуулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл гарсныг энэ дашрамд хүргэе.

    1.С. Хүрэлбаатар   

●Одонгийн төрөл:“Мандах нар”одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одон

●Оруулсан хувь нэмрийн талаарх товч мэдээлэл:Япон улс, Монгол улсын найрамдалт, найрсаг харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан

●Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд асан, Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Ерөнхийлөгч
 
    2.Ж. Галбадрах

●Одонгийн төрөл:“Мандах нар”одонгийн “Сарнайн хэлбэрт чимэг бүхий алтан цацраг” зэрэглэлийн одон

●Оруулсан хувь нэмрийн талаарх товч мэдээлэл:Монгол улсад Япон хэв маягийн боловсролыг түгээх дэлгэрүүлэх болон хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан

●Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч
 

Эх сурвалж: Япон улс дахь Монгол улсын ЭСЯ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.