Х.Тэмүжин: Зөвхөн Тагнуулын байгууллага биш, АТГ, прокурор ч бүгд улс төрийн гар хөл шиг ажилладаг болоод удаж байна

Twitter Print
2017 оны 11-р сар 07-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.  

-Зөвхөн Тагнуулын байгууллага биш, АТГ, прокурор ч бүгд улс төрийн

гар хөл шиг ажилладаг болоод удаж байна-

-Хууль зүйн сайд Ц.Нямдорж болоод ТЕГ-ын дарга Б.Хурц нарын хооронд улс төржсөн нэлээд том маргаан дэгдлээ. Та хэдий парламентын гадна байгаа ч Хууль зүйн сайд байсан хүний хувьд одоо болоод үйл явдлыг хэрхэн дүгнэж байна?

-Намайг Хууль зүйн сайд байхад ч бас л ийм нөхцөл байдал байсан. Энэ байдал өөрчлөгдөхгүй, засрахгүй, зөв талруугаа алхахгүй бол сайд нь Ц.Нямдорж байна уу, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин байна уу ялгаагүй. Ажил хийх гэж байгаа хүн болгоны өмнө тээг болж, араас нь чангааж, урагшаа тэмүүлж байгаа зорилгоос нь ганхуулах гэж оролддог хэрүүл, талцал үргэлжлээд л байна. Энэ юунаас болж байна вэ гэдгийг хувь хүмүүсээс нь салгаад том дүр зургаар харах хэрэгтэй. Нэгдүгээрт: Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах зарчим байхгүй болсны илрэл. Засгийн газар Ерөнхий сайд, сайдуудаас бүрддэг ч Ерөнхий сайдын кабинет гэдгээр бүгд нэг зорилгын дор, нэг баг болж ажиллах ёстой. Харамсалтай нь манайд Засгийн газраа кабинетийн зарчмаар байгуулдаггүй. Нам нь фракци, бүлэглэлд хуваагдаж, тэр хүмүүс нь хоорондоо тохиролцох байдлаар төлөөллийн хүмүүсээ Засгийн газарт оруулдаг. Ийм зарчмаар байгуулсан Засгийн газар нэг зорилго, нэг бодлогоор явах боломжгүй. Хоёрдугаарт: гүйцэтгэх эрх мэдлийн иерархи буюу дээрээсээ доошоо шатлан захирагдаж, нэг бие шиг цогцоороо ажилладаг тэр зарчим алдагдаж байна. Нэгэнт Засгийн газрыг хуваагаад авчихсан бүлэглэлүүд яам, агентлагийн түвшинд ч өөр өөрийнхөө хүнийг байршуулчихаар Шадар сайд, Ерөнхий сайд хоёр хоорондоо толхилцох, хоёр сайд хоорондоо зөрчилдөх битгий хэл салбарын сайд, харьяа агентлагийн дарга хоёр дайсагнах явдал гарах боллоо. Энэ зөрчил, толхилцооныг Ерөнхий сайд хувь хүнийхээ хувьд гэхээсээ Засгийн газрын кабинетийн зарчим, гүйцэтгэх эрх мэдлийн иерархи шинжээрээ тас цохих ёстой. Гэтэл “миний ард тийм хүн, тийм бүлэглэл байдаг” гээд нэг нэгэндээ тулгалт хийгээд байхад ажил яаж урагшлах вэ.

Гуравдугаарт: улс төрд “цэвэр” гэж хэлэгдэх, хар хор наагаагүй хүн ховордоод ирэхээр хүлээн зөвшөөрөгдөх байдал эргэлзээтэй болж байна. Нэг хүн гарч ирээд “Тийм юм хийнэ” гэхээр хийх гэж байгаа ажил, барьж байгаа бодлогынх нь тухай биш, тэр хүний муу муухайг л ярьж эхэлдэг. Олон нийт ч гэсэн ямар шинэчлэл хийж, ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгаа, тэр нь жирийн иргэдэд ямар ашигтай болох тухай бодохоосоо илүү “Өө, энэ ийм гэсэн, тэр нь тийм гэсэн” гэсэн хов жив, хар бараан сүүдэртэй хөөцөлдөөд, сүүлдээ бодлого ч мартагдаад жижигхэн хүмүүсийн хэрүүл болж хувирдаг. Том хүн бодлого ярьдаг, жижиг хүн хүн ярьдаг гэдэг дээ. Түүн шиг улсын бодлого бүхлээрээ жижиг хүмүүсийн хэрүүл болоод хувирчихаж байна.

-ТЕГ бол тусгай чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл ТЕГ-ын дарга нь улс төржсөн хэрүүл яриад явааг та юу гэж бодож байна?

-Ганц Тагнуулын байгууллага биш, АТГ, прокурор ч хүртэл бүгд улс төрийн гар хөл шиг ажилладаг болоод удаж байна. Хэрэг мөрдөн шалгаж байгаа бол тэр нь шүүх дээр нотлогдож очоод шийдэгдэж байх ёстой байтал хэвлэлээр хов жив, хэрүүл талцал болоод л өнгөрдөг. Энэ буруу жишиг рүү манай хуулийн байгууллагууд 2006 оноос хойш явсан. Юунаас болсон бэ гэхээр бид АТГ-ыг анх байгуулахдаа соён гэгээрүүлэх, мөрдөн шалгах чиг үүргийг холиод хамтад нь өгчихсөн. Соён гэгээрүүлэх гэдэг бол хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харьцдаг, хүмүүсийг мэдээллээр хангаж, авлигагүй орчинг бүрдүүлэхийн төлөө нийгмийг гэгээрүүлдэг  чиг үүрэг. Мөрдөн шалгах чиг үүрэг бол гэмт хэрэг илрүүлдэг, нотлох баримт цуглуулдаг, тэр нь нотлогдвол прокуророор яллуулж, шүүх рүү шилжүүлдэг. Энэ хоёр чиг үүргийг нэг эрх мэдэлд өгөнгүүт нөгөө соён гэгээрүүлэг чиг үүргээ ашиглаад улс төрийн хар Пи-Ар шиг юм хийгээд эхэлсэн. Нэг хүнийг барьж хорьчихоод хэргийг нь илрүүлж шүүх рүү явуулахаасаа өмнө энэ хүн ямар муухай хүн болох тухай хэвлэлээр цацдаг, нийгэмд муухай харагдуулах, хуулийн хүчийг үзүүлэх гэж оролддог. Тэгсэн мөртлөө хэрэг нь шүүх рүү явдаггүй. Сенсаац болсон, барьсан, хорьсон, тэгээд замхардаг. Хэвлэл мэдээлэлтэй харьцах пиар, шүүхэд нотлогдох ёстой мөрдөн шалгах чиг үүрэг хоёроо холиод ирэхээр үүний туслалцаатайгаар улс төрийн өнгөтэй хуулийн байгууллагын албан тушаалтнууд бий болж эхэлдэг. Дургүй улстөрчөө намнах гэж оролддог, эсвэл “Би таны асуудлыг зохицуулж өгнө, таны хүн шүү” гэж очиж мөргөөд, талд нь ороод бүлэг фракцийн үйл хэрэгт үйлчилдэг болоод хувирчихдаг. Энэ арга барил бол АТГ-т парламентын хяналт, гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргүүдийг анх байгуулахад  хольж бантагнуулснаас болсон хэрэг. Ингэж ажиллаж болдог юм байна гэдгийг дараа дараачийн байгууллагууд нь хараад суралцаад эхэлчихсэн. Цагдаагийн байгууллага нь үүнийг “гүйцэтгэх ажил” нэрийн дор тэр зардлаараа хийгээд, хэвлэл мэдээллийг санхүүжүүлээд, өөрсдийгөө магтан дуулуулж, өөрийнхөө дургүй хүмүүсийг муулуулж, матарладаг, цуглуулсан хов живээ нотлогдсон, нотлогдоогүй хамаагүй хэвлэлээр цацдаг, бусдад аваачиж өгдөг болчихсон.

Одоо хараарай, цагдаагийн байгууллагад шинэ томилгоо хийгдлээ, араас нь томилогдсон албан тушаалтнуудыг харлуулдаг хэвлэлийн аян эхэлж байна. Цагдаагийн хуучин удирдлагууд хэвлэл мэдээлэлтэй байгуулсан гэрээ, хэлцэлээ ашиглаад захиалга өгч байна. Энэ муу арга барил манай хуулийн байгууллагууд дотор халдварлаад арав гаруй жилийн дотор зуршил болоод зогсохгүй зан заншлын хэмжээнд оччихлоо. Сүүлдээ бүр хууль ёсны юм шиг боллоо. Хууль зөрчсөн хүний хэргийг нотлох баримттайгаар шүүхэд шилжүүлэхийн оронд сейфэндээ дарж үлдээд хэрэг болохоороо гаргаж ирдэг, айлган сүрдүүлдэг, тохиролцож, наймаалцдаг явдал хавтгай үзэгдэл болчихоод байна. Хэн байх, Ц.Нямдорж уу, Б.Хурц уу гэдгээс үл шалтгаалаад ийм нэг зуршил болсон систем яваад байна.

-Та жишээ нь Хууль зүйн сайд байхдаа үүнийг таслан зогсоож яагаад болоогүй юм?

-Таслан зогсоох гэж оролдсон. Хуулиудыг бүгдийг нь шинэчилсэн, зохион байгуулалтыг нь өөрчилсөн. Ийм арга барилаар ажилладаг, ийм арга барил байгаа газруудад өдөр тутмынх нь үйл ажиллагааг стандартчилан хуулийн бугалганд оруулах гэж оролдсон. Тэр бол Хууль сахиулах ажиллагааны тухай ыолон хууль сахиулах албадын тухай хуулиуд байсан. Харамсалтай нь дийлээгүй. Нөгөө хүмүүс нь сайдаас дээгүүр раангтай хүмүүсийн хармаа руу үсэрч ороод “Энэ ингээд байна шүү, таныг ингэх гээд байгаа шүү” гээд явахаар Засгийн газар бүхэлдээ онхолдож байсан. Хүмүүс санаж л байгаа байх. Сайд, Ерөнхий сайдаас давсан эрх мэдэлтэй хүмүүс цагдаа, тагнуулын даргад өөрийн хүнээ тавих гэж оролдохоор яг ийм зүйл болдог. Тэр үед ч би хэлж байсан. ЦЕГ-ын даргыг Ерөнхийлөгч тавих гэж оролдоод, тавьсан хүн нь “Ерөнхий сайд хэн юм, сайд хэн юм. Би та нартай харьцдаггүй юм” гээд эхлэхээрээ Засгийн газартайгаа зөрчилдсөн. Тагнуул, АТГ-ын дарга ч ялгаагүй, “Би УИХ-ын даргын хүн, би Ерөнхийлөгчийн хүн. Та нар хэн юм” гээд эхлэхээр кабинетаар ажиллах Засгийн газрын зарчим, гүйцэтгэх эрх мэдлийн шатлан захирагдах ёс алга болно. Энэ нь сүүлдээ Монгол Улсыг төргүй болтол завхаруулна. Тийм учраас хууль, хүн хоёроо сайжруулах замаар шийдэх гээд оролдох л ёстой. Одоо бараг 4 жил боллоо доо. Тэр үед бид шийдэх гэж оролдсон. Угаасаа Үндсэн хуульд заагаагүй Ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг ердийн хууль тогтоомжоор танаж, Засгийн газрын кабинет, гүйцэтгэх эрх мэдлийн иерархи шинж чанарыг буцаан өвчирах гэсэн. Тэгэнгүүт “Ерөнхийлөгчийн эсрэг ажиллаж байна, танийг хэн ч биш болгох гэж байна” гэдэг хов жив яваад, өнөөхт нь ”Үгэнд ордоггүй чихгүй толгойг зайлуулаад өөрийнхөө амин найзыг тавих ёстой” гэдэг бодол төрж биелэлээ олсон доо.

Одоо ч гэсэн харах ёстой. Хууль зүйн сайдын харьяа агентлагт хэн нэгэн өндөр түвшний раангтай албан тушаалтан өөрийн хүнийг тавих гэж оролдох л юм бол энэ Хууль зүйн сайд юу ч хийж чадахгүй. Зөрчилдөөд, зодолдоод, өмнөх ажлаа хийхгүй, хэрүүл дунд туучсаар байгаад унана. Иймэрхүү байдлаар яам, агентлаг болгон дээр хэсэг бүлгээрээ хоорондоо зодолдоод эхэлбэл ард нь үүсэх улс төрийн тогтворгүй байдал хэнд ашигтай болж хувирах вэ?

-Зодооны дундаас ашиг олох гэж байгаа хүмүүст л ашигтай байх даа?

-Яг тийм. Улс төрийн тогтвортой байдалд бодлого хэрэгжүүлэх гэж байгаа хүн нь асуудлаа шийдээд урагшаа алхдаг. Засгийн газар тогтворгүй байвал “Улстөрчид ирээд л, унаад л, явж л байдаг шүү дээ. Бид хэн хүчтэйгийнх нь өмнө сөгдөж мөргөөд, хууль нулимаад даалгаварыг нь гүйцэтгээд явж байхад сайд байтугай нам солигдсон ч албан тушаалтайгаа байж л байна” гэдэг хандлага, үзэгдэл хуулийнхны дунд газар авч байна. Тэгэхээр хууль, улс төр нь тогтворгүй, хуувилдагч, хулгайчид нь тогтовортой ажилладаг гажиг тогтолцоо энэ улсад ноёлох нь. Уул нь улс төрийн тогтвортой байдлыг улс төрийн намын сахилга, хариуцлагатай байдал л бий болгодог. Тэр нь 65 суудалтай байна уу, 30 суудалтай байна уу, хамаагүй. Гучин суудал авсан нам цул байхад л тогтвортой байдал хангагддаг юм л даа.

-Бүлэглэлүүд  хууль, банк санхүү нийлсэн

эрх мэдлийн гурвалжин үүсгэж байна-

-Сүүлийн үед “30 гэр бүлийг зайлуулах” гэдэг үг их ”моод” боллоо. Ийм бүлэглэл байгаад үнэхээр Монголын төрийг атгачихсан уу? Та ямар бодолтой байна?

-“Бүлэглэл” гэдэг агуулгаа ямар шалгуураар гаргаж ирж байна гэдгээ эхлээд тодорхой болгох ёстой. Энэ үг зөвхөн өнөөдөр гарч ирсан юм биш, зургаан жилийн өмнө ч ярьж л байсан зүйл. Манайд хагас зэрлэг капитализм тогтсон. Хүний эрхийг хангах нь туйлын зөв боловч хүний эрх, эрх чөлөө гэдэг нэрийн дор хавчуулаад ямар нэг дүрэмгүй, хил хязгааргүйгээр хэн хүчтэй, арга залтай нь ноёлж болдог, олонхи дэмжиж байвал яасан ч дур мэт аашилж, түүнийгээ ардчилал гэж ойлгуулах гэж оролдсон. Энэ ардчилал биш ээ. Ардчилал гэдэг чинь дэг журамтай тогтолцоон дор эрх чөлөөтэй амьдардаг хүмүүсийн нийгмийг хэлдэг болохоос хуульгүй, дүрэмгүй, өөрөө өөрөөрөө байдаг тогтолцоог хэлдэггүй. Энэ нэг хагас зэрлэг капитализмыг хорин хэдэн жил дөвийлгөлөө. Энэ хугацаанд бизнес хийгээд мөнгөний амтыг мэдэрчихсэн хэсэгт “мөнгө л байвал дүрэм хэрэггүй юм байна, хэн хүчтэй нь мөнгийг цуглуулж авдаг юм байна” гэдэг үзэл тогтчихлоо. Татвар, гааль гээд төрийн хяналтынхныг авилгадаад, худалдаж аваад явдаг байсан бол тэднийг томилдог улстөрчидтэй холбоотой тохироо хийж, хувийн нам байгуулж, эсвэл нам дотор фракц бүлэг байгуулж, эсвэл хүчтэй явж байгаа улстөрчид ахиухан шиг мөнгө өгч байгаад “Чи миний эрх ашигт үйлчил” гэдэг болсон. Яагаад гэвэл сонгууль маань өөрөө ардчиллын өртөг зардлыг өсгөөд хаячихлаа шүү дээ. Улс төрийн намыг худалдаж аваад, бизнесээ өргөжүүлээд, дургүй хүргэсэн нөхдийг айлгаж сүрдүүлээд явж байснаа сүүлдээ улстөрчдийг айлгадаг хууль, шүүхэд өөрийн хүнтэй, өөрийн гэсэн цагдаа, прокурортой байхгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгосон.

Нөгөө талд нь бас улстөрчид байгаа шүү дээ. Хууль шүүхийг атгадаг эрх мэдэлтэй байх юм бол зөрж дуугараад байгаа ганц нэг улстөрчийг битгий хэл бүтэн намыг ч гэсэн дуугүй болгож болдог юм байна гэнгүүтээ Ерөнхийлөгч болох, эсвэл өөрийн гэсэн хууль шүүхийн систем бүхий бүлэгтэй болох нь улстөрчдийн хувьд зорилго болоод хувирчихлаа. Хэрэгсэл нь нэг талаас төрийн хяналтын эрх мэдэл, нөгөө талаас улс төрийн эрх мэдэл, гурав дахь нь хууль, шүүхийн эрх мэдэл. Энэ эрх мэдлийг атгасан хүн бол бизнест эрсдэл, аюулгүй, дур зоргоороо амьдарч, Монголын хамгийн ашигтай бизнесийг дээрэмдсэн ч хэн ч юу ч хэлэхгүй. Өнөөдөр хамгийн ашигтай бизнес уул уурхай, уул уурхайд зээл олгосон мөнгө хүүлэгчид л байна. Энэ нь төр, хууль, банк санхүү нийлсэн эрх мэдлийн гурвалжин үүсгэж, энэ гурвалжин руу аль намаасаа үл хамаараад бүгд зүтгэж, энд орсон нь амжилттай явж, ашиг орлого олж, хууль хүчний байгууллагаар хамгаалагдаад аюулгүй байна. Тэгэхээр яах аргагүй бүлэглэл байгаа биз дээ.

-Шинэ Засгийн газар байгуулагдаад 14 хонолгүй Ерөнхийлөгч Сангийн сайдад хориг тавьчихлаа. Та үүнийг юу гэж харж байна?

-Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдэл бол хориг тавих. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш 25 жилийг харахад Ерөнхийлөгч томилгоонд хориг тавьсан удаа бараг байгаагүй. Түүгээрээ бол анхных. Анхных учраас хүмүүс янз бүрээр ярьж, “Ерөнхийлөгчид хориг тавих эрх байгаа, байхгүй” гэж нэг хэсэг нь маргаж байна. Нөгөө хэсэг нь “Энэ хоригийн агуулга нь зөв, буруу б” гэж маргаж байна. Хоёр төрлийн маргаан явж байгаа биз. Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль дотор “УИХ-ын баталсан хууль болон бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй” гэснийг нэг бус газар хуульчилж баталгаажуулсан байгаа. “Бусад шийдвэр” гэж УИХ-ын тогтоолыг ойлгоно гээд УИХ-ын тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хуулиар заачихсан. Тэгэхээр Ерөнхийлөгч  ямар нэгэн ялгамжгүйгээр УИХ-ын дурын тогтоолд өөрийн харж байгаа бодлогын өнцгөөс хориг тавих эрхийг  Үндсэн хуулиар олгоод өгчихсөн байна. Тиймээс “Ерөнхийлгчид ийм эрх байна, байхгүй” гэдэг маргаан байхгүй. Гэхдээ Үндсэн хуульд ийм үг, үсгээр бичигдсэн боловч логикийн алдаатай зүйлүүд бас байгааг үйгүйсгэж болохгүй.

-Ямар алдаа?

-Тухайлбал, ҮХЦ-ийн гишүүдийг УИХ томилоход Ерөнхийлөгч хориг тавьж болох уу, нэгдүгээрт. Томилгоо мэдээж тогтоолын хэлбэртэй гарч байгаа шүү дээ. Эсвэл Ерөнхийлөгчийн сонгууль болж сонгуулийн үр дүнгээр шинэ Ерөнхийлөгч тодорчээ гэж бодъё. УИХ албан ёсоор хууль баталж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрчснөөр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх эрхтэй болдог. Тэгвэл хууль батлагдаад тангараг өргөөгүй байхад бүрэн эрх нь дуусаагүй байгаа Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй байх уу? Яагаад гэвэл хуульд хориг тавих эрхтэй шүү дээ. Ийм логик алдаа байна. Тэгэхээр УИХ-ын ямар шийдвэр, ямар хуульд Ерөнхийлөгч хориг тавих, тавихгүй вэ гэдэг тодорхой болгож хуульчилахгүй бол Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг абсолют утгатай гээд задгай үргэлжлүүлбэл Үндсэн хуулийн хямралд хүргэж болохуйц гажиг байна. Үүнийг бид ердийн хууль тогтоомж болон Үнлдсэн хуулийнхаа тайлбараар хязгаарлах ёстой. Энэ сайжруулалт хийгдээгүй байхад “Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй, эрхгүй” гэж хоёр талд муйхарлаж болохгүй.

-Тэгвэл хоригийн агуулга буюу үндэслэлийг та юу гэж харж байна?

-Ерөнхийлөгч хориг тавихдаа “Үндсэн хууль зөрчиж байна” гэж мэдээж хэлэхгүй. Хэрэв тэгвэл Цэцийн асуудал болно. Ерөнхийлөгчийн хориг ямар чиг үүрэгтэй, хэний эрхийг хамгаалах, хангахад зориулагдсан механизм бэ гэдгийг бид харах ёстой. Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй гэж заасан боловч хориг өөрөө шууд хүчин төгөлдөр болдоггүй. УИХ-ын 1/3 тэр хоригийг дэмжвэл хүчин төгөлдөр болдог. Тэгэхээр хориг гэдэг маань УИХ-ын цөөнхийн эрхийн баталгаа байна. УИХ зөвшилцлөөрөө асуудлыг шийдэх ёстой боловч олонхи хүч түрээд бодлогын алдаатай шийдвэр гаргалаа гэж үзвэл цөөнхөд боломж олгож, УИХ-аар уг асуудлыг дахин нэг хэлэлцэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгчид энэ хориг тавих механизм олгогдсон. Өөрөөр хэлбэл цөөнхийн парламент дахь зөвшилцөх эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хуулийн механизм. Ерөнхийлөгчид олгогдсон эрх мэдэл мэт харагдаж байгаа боловч парламентын цөөнхийн эрхийн асуудал. Энэ агуулгаар нь бид харах ёстой. Харин Ерөнхийлөгч өөрийнх нь ямар бодлоготой зөрчилдөж байна гэж үзэж хориг тавьсан бэ гэдэг бол өөр.

Хориг тавьсан албан бичгийн агуулгыг харахад 1992 оноос хойш ардчиллын үйл явц дотор муу жишиг, хошин шоглолын нэг болмоор “арая ч дээ” гэж харуусахуйц албан бичиг байна лээ. Агуулга, үндэслэл, олон зүйлээр шалгуур хийгээд харвал үнэхээр өрөвдөлтэй. Уянгын халилтай, хийсвэрлэл ихтэй, хар таамаг дээр үндэслэсэн бичиг. Албан бичгийг ингэж бичиж болохгүй. Хууль, албан бичиг, төрийн ажлыг бичиг хэргийн ийм түвшинд явуулах юм бол бид нэгдүгээр курсын оюутнаас “Та нарын реферат, бичиг төлөвлөлт чинь логик авцалдаагүй, субьектив байна” гэж шүүмжлэх нь утга муутай болно. Хэлбэрийн хувьд ийм. Агуулга дээр хэлэхэд хариуцлагатай ардчилал гэдэг систем чинь өөрөө сэтгэл хөдлөл, уран гоё үг, яруу найраг, хийсвэрлэлээр биш, тодорхой факт, хууль зүйн үндэслэл, ухаалаг дүгнэлтэд суурилах ёстой. Энэ байхгүй бол хариуцлагатай ардчилал байхгүй болно. Ерөнхийлөгчийн бодлого юу байсан юм бэ гэдгийг би зүгээр тааж унших гэж оролдъё л доо, тэр гоё үгүүдийг илүү ухаалгаар тайлбарлахын тулд. Миний түрүүн хэлсэнчлэн “Эдийн засгийн үр ашигтай, улс төрийн хожоотой, аюулгүй байдлаа хуулиар  хамгаалдаг бүлэглэлүүд Монгол Улсад байна. Тэд өөрсдийн эрх ашгийг бүх сувгаараа хангах гэж оролдож байгаа учраас Монголын хөгжлийн нөөц бололцоо, нийтийн ашиг сонирхол, жирийн иргэдээс илүү тодорхой бүлгийг баяжихад туслаад байна. Монгол Улс гурван сая иргэнтэй. Энэ гурван сая хүн баялгийн хуваарилалтаас жигд хүртэхээс гадна хөгжиж дэвших, аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдрах боломжоо Үндсэн хуулиар хамгаалуулсны хувьд тэгш эрхтэй байх ёстой. Тэгш эрхийн ийм зөрчлүүд байгаа учраас энэ зөрчлийг шийдэхэд зарим томилгоонууд дээр сонирхлын зөрчил ажиглагдаж байгаа учраас би хориг тавьж байна” гэж хэлсэн юм шиг байна. Тийм юм шиг байна гэж таамаглахаас биш албан бичгээс болж тэгж унших аргагүй байгаа.

-Хэтэрхий улс төржсөн, популист өнгө аястай байна гэж үү?

-Улс төржсөн гэхээсээ илүү ЕТГ болон дор нь ажиллаж байгаа хүмүүс мэргэжил, арга зүйн хувьд Ерөнхийлөгчид туслалцаа үзүүлэх ёстой. Гэтэл тэр хүмүүс нь ингэж мэргэшиж чадаагүй байгаагаас болоод сонгуулийн пиарын түвшинд ажил яваад байна уу. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч яг ийм бодлого барьсан гэж байгаа бол энэ бодлогоо олон нийтэд зарлаж харуулах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэн нэгэн хуваалцах ёсгүй гэж заасан. Тийм учраас нийт ард түмнээс шууд сонгогддог. Сая бол бараг 1/3-ийн саналаар Монголын Улсын Ерөнхийлөгч тодорлоо шүү дээ. Тиймээс нөгөө талд нь байгаа 2/3 энэ хүнийг дэмжээгүй байж магадгүй. Гэхдээ л ямар нэг байдлаар, харьцангуй олонхийн саналаар Ерөнхийлөгч болсон учраас энэ хүн сонгогчдын өөрт нь итгэж өгсөн эрх мэдлийг өөрөө дангаараа хариуцах ёстой. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг сайн дураараа хэн нэгэнд хуваан тараах байдлаар хэрэгжүүлэх юм бол Үндсэн хуулийн бус болж хувирна. Тиймээс саяны бодлогоо маш тодорхой зарлаж гаргаж ирээд “Ийм учраас би ингэсэн юмаа” гэдгээ тайлбарлах ёстой. Нөгөө талаас УИХ ч шаардах ёстой. Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө хариуцдаг. Үнэхээр зарчмын зөрүүтэй байгаад УИХ болон Ерөнхийлөгч хоорондоо тулах хэмжээний зөрчил үүсвэл УИХ дээр Ерөнхийлөгч өөрөө орж ирж үндэслэлээ, бодлогоо тайлбарлах ёстой, УИХ өөрөөс нь биечилж асуух эрхтэй. Иймэрхүү, институц хоорондын албан харилцаа өрнөхгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэн нэгэн өмнөөс нь хэрэгжүүлээд ч байгаа юм шиг, сүүлдээ Ерөнхийлөгч өөрөө гарч ирээд “Энэ миний бодлого биш ээ, тэр хүн сайн дураараа ярьсан байна” гээд явчвал яах вэ.

-Хэрвээ тэгвэл яах вэ?

-Тэгвэл гарч ирээд байгаа асуудал Ерөнхийлөгч, УИХ-ын хоорондын асуудал биш, ЕТГ, УИХ-ын хоорондын асуудал болно. Хэрэв ЕТГ нь ярьж байгаа бол зөрүүлээд УИХ-ын Тамгын газрын дарга ярихаас өөр аргагүй болно. Тамгын газрын дарга бол зохион байгуулалтын дотоод бүтэц болохоос гадагшаа чиглэсэн эрх мэдэл биш. Гэх мэтчилэн үл ойлгогдох байдлуудаа цэгцэлж явахгүй бол саяны яриад байгаа 30 гэр бүл чинь сүүлдээ Ерөнхийлөгчийн үг юм уу, өөр хэн нэгний үг юм уу мэдэх боломжгүй болчихлоо.

-30 гэр бүлийн тухайд?

-Тодорхой шалгуургүй, бодит фактгүй, шууд заасан эзэн, субьектгүйгээр ийм нэр томьёо хэрэглэхээр энэ дотор дуртай хүнээ оруулж хэлмэгдүүлдэг, дургүй хүмүүсээ намнадаг, мануухай болгож бариад шавар, шавхай түрхдэг л болно. Бидэнд ийм түүх бий. Шар, хар хувалзууд гэж байгаад дотоодын дайсан болгоод улс төрийн эрх мэдлийг нь авч хаясан, дараа нь хөрөнгийг нь хурааасан., сүүлдээ 37, 38 мянган хүнийг буудаж хороосон шүү дээ. Гэтэл алуулсан хүмүүс дотор нөгөө шар, хар феодал гээд байсан нь хэдхэн хувь, хэлмэгдэж хохирсон ард олон хэдэн мянгаараа. Ийм үйл явц болох аюултай.

-Буугаад явсаных нь дараа араас “паа пүү” гэх нь

хүн чанарын хувьд муухай-

-Сүүлийн үед цахим ертөнцөөр “Х.Тэмүүжин АН-аас гарч байна, АН-ын зарим гишүүдтэй нийлж шинэ нам байгуулах гэнэ” гэдэг мэдээлэл нэлээд явж байна. Энэ үнэн үү?

-Ул үндэсгүй мэдээлэл. Би үүнийг хоёр учир шалтгаантай болов уу гэж харж байна. Нэгдүгээрт- 65 суудалтай МАН өөрөө дотроо үл ойлголцож хөлөө жийлцээд, бие биенийхээ бузар булайг ёстой нөгөө “хошногоноос нь хоолойг нь хүртэл” ухаад сууж байгаа энэ үед намынхаа муу муухай байдлыг далдлах, анхаарлыг өөр тийш татаж сатааруулахын тулд “АН бас дотроо хагарч байна” гэдэг мессэж хаяж байж магадгүй. Хоёрдугаарт, манай нам дотор зарим нэг бодит шүүмжлэл байгаа. АН-ын шинэчлэл өөрөө дотоод ардчилал, сахилга бат, гишүүдийн оролцооны хувьд зөв жин дарж явж байна уу, үгүй юу. Эсрэгээрээ ганц фракцийн нам болж хувирах гээд байна уу, нэг хэсэг хүний тойрон хүрээлэгчид АН гэдэг нэр шошгыг ашиглах байдлаар хамгийн ардчилсан бус бодлого, алхам руу явчих гээд байна уу гэдэг шүүмжлэл бол байна. Энэ нь нам хагарч, салахын хэмжээнд биш, намын шинэчлэл цаашдаа зөв зохистой бөгөөд үр дүнтэй байх ёстой гэсэн манай намын дотоодын яриа.

-Та бол мэдээж шүүмжлэгч талд байгаа биз дээ?

-Заавал шүүмжлэгч байх албагүй шүү дээ. Намын удирдлагууд жирийн гишүүд рүүгээ очиж байгаа, ойлголцдог, ярилцдаг болж байгаа нь нам дотор явж байгаа зөв шинэчлэл. С.Эрдэнэ гэдэг хүн энэ намыг шинэчлэхийн тулд, намаасаа тасарчихсан байсан лидерүүдийг жирийн гишүүдтэйгээ уяхын тулд олон л зүйл бодож, санаж сэдээд явж л байна. Үүнийг би буруутгахгүй. Харин бодлогын түвшинд яаж шинэчлэгдэх вэ, 2020 оны сонгуульд нам ямар бодлоготой байх юм, өмнө бидний барьж байсан намын үзэл баримтлал, үнэт зүйл, зарчмууд яаж тэр бодлоготой уялдаж байгаа юм гэх мэтчилэн асуудлууд дээр илүү хурдтай ажиллах шаардлага байгаа.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улс төрд эргэж орох гэж байна, шинээр байгуулагдсан намын санхүүжүүлэх гэж байна гэдэг яриа гарсан байна. Та мэдсэн үү?

-Мэдэхгүй. Би тэр хүнтэй уулзалгүй удаж байна. Тэр хүн чинь бас амьд хүн, улс төрийн нас нь бас яагаа ч үгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчөөс буунгуутаа улс төрөөс гарчихна гэж байхгүй л байх. Улс төрд ямар нэгэн байдлаар оролцоотой л байх биз. Тэр хүнд авууштай чанарууд өчнөөн байгаа. Тэр хүн үнэт зүйлтэй, хүний эрх, ил тод байдал гэх мэт итгэж үнэмшдэг зүйлийнхээ төлөө туштай явдаг. Жишээ нь АН-ын үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачилгаар төрийн санхүүг ил тод болгохтой холбоотой Шилэн дансны хууль батлагдаж, ямар хүчтэй хэрэгжиж байв. “Шилэн” Цогоо гэдэг хүн хүртэл гарч байлаа шүү дээ. Төрийн бүх үйл ажиллагаа ил тод, төрийн мөнгөний зарцуулалттай холбоотой тайлан мэдээг дурын иргэн ороод харж болдог байлаа. Энэ бол “Ардчилал тунгалаг байх ёстой” гэсэн тэр хүний итгэл үнэмшлийн бодит үйл хэрэг. Одоо тэр байхгүй л болсон байна, араас нь нэхэж байгаа хүн байгаа юм уу? Тэр хүнд эерэг бөгөөд давуу, эрхэм чанарууд зөндөө байсан. Түүнийг нь хэлэх л ёстой. Муу юм ч бас байж л байсан. Түүнийг нь эрх мэдэлтэй байх үед нь хэлэх зоригтой байх ёстой. Буугаад явсаных нь дараа араас “паа пүү” гэх нь хүн чанарын хувьд муухай. Тэгэхийн оронд үлдээсэн эерэг, зөв зүйлийг нь тордоод босгоод явах нь дараа дараачийн улстөрчдийн үүрэг, төрийн залгамж чанарт байх ёстой зүйл. Улс төрд хэрхэн эргэж ирэх нь бол хувь хүний сонголтын асуудал.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье

Эх сурвалж: SBN TV  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (222.109.201.14) 2017-11-07 17:38
      • 0
      • 1

      Medsen dariudaa arga hemjee avch yarij helj shudarga bhgui yasan yum.Elbegdorj 8 jil eronhiilogchoor ajillaj bhdaa iim bolgoo biz dee.N.Enhbayariin uyed arai ch iim bgaaguiee.

      Хариулах

    • Зочин

      (124.158.107.85) 2017-11-07 17:12
      • 1
      • 0

      Өвчин туссан ямааг годрон гэдэг. муу годрон.

      Хариулах