Монгол үндэстний оршихуйн талаар өнөөдөр бодох хэрэгтэй болжээ

Twitter Print
2017 оны 11-р сар 12-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Төрийн соёрхолт,

Түүхийн шинжлэх ухааны доктор

Оохнойн Батсайхан

Монгол үндэстний оршихуйн талаар өнөөдөр бодох хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл монгол үндэстний оршихуйн тухайд санаа тавих, эс чингэвээс хожимдож мэдэхээр байна.

Монгол хүн бүр өөрийн тухай, монгол хүн болж төрснийхөө талаар нэг ч болов удаа эргэцүүлэн бодож сайтар тунгаах цаг иржээ.

Монгол хүн бүр үр хүүхэд, хойч үедээ чухам та өөрийгээ юугаараа монгол гэдгээ өөрөө мэдэх, мэдэж авсанаа, өвөг дээдэс настан буурлаас сонсож мэдсэн сургаал үгсээ үр хүүхэддээ хэлж өгөх, хэвшүүлэх, үлгэр дууриал үзүүлэх явдал бол таны хувьд хамгийн багаар бодоход монгол үндэстний оршихуйд оруулж буй хувь нэмэр болно.

Өнөөдөр бүгд хоолой мэдэн хашгиралдаж байна, бүгд ухаантай харагдахыг хүсэж байна. Харин үнэндээ бүгд тийм ухаантай байсан бол монгол маань ийм байдалтай байх ёсгүй шүү дээ.

Томчууд, орчин үеийн дэлхийн хэлээр ярьвал сэхээтэнүүд монголд байхгүй болжээ. Монголын элит болсон сэхээтнүүдийг устган үгүй хийжээ. Өнөөдөр өөрсдийгээ томчууд хэмээн бодож ихэрхэж буй хүмүүс бол ердөө л том харагдахыг хүссэн хүүхдүүд байна. Тиймээс эвэртэй туурайтай, элдэв албан тушаалтай, цол хэргэмтэй хэнбугай ч байсан өөрийгээ хэрхэн авч яваагаа нэг боловч төсөөлж үзээсэй билээ. Үнэндээ хэн хэрхэн чанга хашгирнам түүгээрээ монгол үндэстнээ нураалцаж байна гэдгээ ухаарахгүй байна. Үүнийг ухаарахгүй байгаа хүмүүс төр түшилцэж, түмний ирээдүйн жолоог атгаж байна гэж бодож байвал эндүүрэл.

Монгол үндэстний ариун сэтгэл рүү ус цацахгүй байхыг хүсэж байна.

Монгол үндэстэн сүүлийн дөрвөн зуун жил өөрийн үнэт зүйлсээс алхам алхамаар холдсоор одоо түүнийгээ хамгаалан тэсч авч гарах сэтгэлийн тэнхэлгүй болсон шиг харагдаж байна. Яг энэ үед нь ийм агуу түүхтэй үндэстний сэтгэл рүү битгий ус цацаач, эл үндэстний доторх өвч сэтгэл тэсвэрлэхгүй болсон байж магад шүү.

Хэрэв таны хүүхэд монгол болбол та өөрийн үүргээ гүйцэтгэж байна гэж бодоорой. Түүх, соёл, шашин тэргүүтнийг авч яваа хүмүүс илүү хариуцлага үүрэх учиртай байдаг. Яагаад гэвэл эл үндэстний үнэт зүйлсийг тэдгээр хүмүүс үүрч яваа, бусдаас илүү давуу байх тэр чинээгээр илүү хариуцлагатай байж, хийж буй алхам бүр нь ухамсартай байх учиртай.

Харин олны өмнө нэр хүнд олох, албан тушаалын дөрөө болгох явдал үүнд харш юм. Үнэндээ монгол судлал, түүх, хэл, соёл, үндэсний шашин тэргүүтнийг судалж өвлүүлэх нь чухамдаа үндэстний хувьд нэр төрийн хэрэг байх учиртай. Харин нэр төр бол үнэт зүйл билээ. Бидэнд үнэт зүйлгүй шиг харагдаж байгаа болохоор бүхнээ мөнгө, алдар нэр, албан тушаалаар худалдаж болохгүй юм.

Энэ их баяр наадам, амралт зугаалга хэрээс хэтэрч байна, харин ам уралдан бүгд л шүүмжлэх авч өөрөө тэргүүлэн амралт зугаалгын тэргүүн эгнээнд явах нь ч харагдана.

Эл бүгд хэтэрч байна гээд хэлэхийн оронд ядаж та нэг  хүн ч гэсэн эл бүгдээс татгалзаад үр хүүхэддээ үлгэр болж үзвэл бусад нь дууриах болно. Бас нийгэм гурван сая таниас бүрдэж байгаа гэдгийг санаарай.

Чухамдаа настай, намбатай төрхтэй хэн нэгэн л бусдыг болохгүй бүтэхгүй бүхэнд уриалж байх шиг харагдана. Үнэндээ ахмад үе маань, аав ээж нар маань үр хүүхэддээ сургах бүү хэл суралцах нь холгүй болоо юу гэлтэй байна.

Дорнын соёлтой монгол дор бүрнээ эс бодвоос дотор хүний урхинд орох ойрхон байна шүү.

Монгол гэж олон удаа хэлээд монгол болчихгүй нь харагдаж байна, үнэндээ монгол маань монгол болоосой гэж чин сэтгэлээс хүсэж байвал та бид өөрсдөө цаг тутам газар бүртээ монгол байхыг хичээгээрэй. Энэ бол элдэв шоу уриа лоозонгоос илүү чухал байна, манай Монголын нийгэмд. Хүн бүр байгаа орчиндоо, өрх гэр бүлдээ монгол байхыг монголоороо ярьж, сэтгэж, монголын гэсэн бүхнээ өнгөлж дээдэлж эрхэмлэж байх аваас бидний үнэт зүйлс сэргэж ирэх болно.

Одоо бол бидэнд үнэт зүйлс үгүй байна. Үнэт зүйлс бол нэр төр, цаг хугацаа, биеэ авч явах байдал, аливаад хандах хандлага, хувь хүний эрх чөлөө, өмч гээд олон зүйл дээр оршин тогтдог. Тэдгээр үнэт зүйлсийг юугаар ч худалдаж  авч болдоггүй эрхэм зүйлс байдаг.

Монгол үндэстэн хэдэн мянган жилийн турш үнэт зүйлс болсон үндэсний дархлаа, ой санамжаа тээж ирсэн, харин одоо тэрхүү эрхэм үнэт зүйлсээ алдахад тун ойрхон байна шүү. Энэ бол үндэстэнд учирч болох хамгийн том аюул. Үүнийг ухаарч сэрэх хэрэгтэй. Эс тэгвээс оройтоно.

Тиймээс эцэг эх, өвөө эмээ хүн бүр үр хойчдоо Монголын тасархай юм бол монгол гэсэн өчүүхэн ч гэсэн зүйлс танд байвал түүнээгээ л өвлүүлэхийг хичээ. Энэ бол монгол хүн бүрийн зорилго ухамсарт үйл ажиллагаа байвал зохино.

Монгол бидэнд л хэрэгтэй болохоос өөр хэнд ч хэрэггүй.

Хүүхэд бүрт эзэн сэтгэлгээ суулгах, өөрийн толгойтой болж, өөрийнхөөрөө асуудлыг шийдэж чаддаг тийм орчин бүрдүүлж, боломж бололцоог бий болговоос зохилтой.

Амьдралын сургууль онц чухал байна. Бүхнийг заагаад байх хэрэггүй, хүүхдүүд өөрсдөө сурна мэднэ чадна. Асуудлын гол нь нөхцөлийг бүрдүүлэхэд оршино

Ялангуяа тусламж, үнэгүй юм бол хортой үр дагавар бэрх, хүнийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургана. Ирээдүйд мөхөөх хор хөнөөлтэй.

Хаана байгаагаа мэдэрч, юу ярихаа мэддэг байх хэрэгтэй байна, хүүхдийн чих алт болно гээд хүүхдүүдий дэргэд хэлж болдог болдоггүй үгс байдаг байлаа, хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлнэ хэмээн насанд хүрсэн хүн үздэг байв.

Өнөөгийн байдлыг үзвэл үлгэр дууриалалгүй үе хэврэг байдаг байна. Тиймээс хэврэг үеэс эвдэрсэн үе төрөх магадлал өндөр байна. Тийм учраас хүүхдүүдээ бага байхад нь анхаарал тавьж, цаг гарган ажиллана уу, чингэвэл монгол айл өрх ам бүлийн халуун уур амьсгал, аз жаргал танд ирэх бөгөөд чингэснээр монгол үндэстний дархлаа үр хүүхдүүдэд маань сууж, Монголын ирээдүйд оч болон гэрэлтэх болно.

Сайханыг олж харах мэлмийгээ нээцгээе. Бидэнд өнөөгийн асан дүрэлзэж буй даяаршлын цаг мөч аливаа сайн саарыг ялган таньж харах боломж тун хомс өгч байна. Ухаанаа хурцлан, бодлоо чилээж, тэвчээр заан, сайн сайхан бүхнийг олж харах, мэдрэх, мэдээлэх нь үндэстэнд дутагдаж байна шүү.

Эс тэгвээс бид нийлээд агуу түүхтэй монгол үндэстэнийг нурааж байхаа ч магад харагдана.

Үндэсний түүх, шастир, соёл, уламжлал, шашин тэргүүтэн чухамдаа бол үе дамжуулан монголын төрийн уламжлал, гал голомтыг залгуулсан гавьяатай билээ.

Тэрхүү Монголын төрийн уламжлал, төр ёс хаана тасрав, хэзээ тасрав, хэн таслав.

Та бидэнд өөрсдийн амьдралыг умартан байж, зуун дамжуулан залгуулсан тэр үнэт зүйлсийг бид үрэн таран хийж, устгаж байна, та өөрөөсөө би монгол юм гэж үү гээд асуугаад нэг үзээрэй.

Өвөг дээдэс маань хэзээ нэгэн цагт хэн нэгэн үр хойчис минь өвлөн аваад явандаа гээд харийн хүнээс харамлан байж, үлдээсэн, үе дамжуулж ирсэн өв соёл, уламжлал, тэр бүх үнэт зүйлсийг аваад явах тэнхэлгүй болсон юм шиг өнөөдөр монгол үндэстэн харагдаж байна.

Тийм учраас хадаг яндарт нандиган боосон түүхийн шарласан үнэт тэр алтан хуудсуудаа л уншицгаа, шүтэцгээ, тэндээс өөрийгөө олж ав, тань, үр хүүхэддээ нэг ч болов үг тэндээс олж сонсго, сурга, энэ бол Монголын ирээдүйг авч явах хамгийн сайн зүйл тэр болно.

Та бид монгол төрхтэй л болохоос монгол биш юм шиг Монголын бүх юманд хандаж байна. Хамгийн үнэт зүйл шүү гээд амь өгөөд үлдээсэн тэр алтаар ч үнэлэхээргүй эрхэм нандин үндэсний амин шалгуураа гээцгээж байна.

Хэрэв ухаан байгаа бол нүд чинь харж, чих тань сонсож байгаа бол өөрийн туулж ирсэн амьдралын түүхийн шарласан хуудсуудаа л үзэцгээ, харцгаа, сурцгаа тэндээс.

Энэ цөөн хүн амтайн, баялаг түүхтэй монгол үндэстний ирээдүй таны яаж амьдрахаас хамаарахаар болоод байна.

ХХ зууны эхээр коммунизмтай нүүр тулсан монгол үндэстэн жилээс жилд өөрийн үндэсний үнэт зүйлсээ гээсээр өөрийгээ танихгүй болтол өөрчлөгдсөн байна. Ерээд оны ардчилсан хувьсгалаар нийгэм үе солигдсон хэдий ч монгол үндэстэн тэр л инэрцээрээ үнэт зүйлс, нэр хүндээ алхам алхамаар алдсаар л байна. Үүнийгээ ухаарч байгаа хүн байдаг л байгаа даа.

ХХ зууны эхээр тусгаар тогтнол, төр улсаа сэргээж чадсан монгол дээлтэй монгол гуталтай монгол бусдын хүндлэлийг хүлээдэг байсан бол эдүгээ жип унасан, торгонд өнхөрсөн монгол бусдын доог болж байгаагаа мэдэхгүй болжээ.

Биднийг гадна дотныхон хүндлэх бус дээрэлхэж байгаа нь үнэндээ бид өөрсдийгээ хүндлэхгүй, өөрийнхөөрөө байж чадахгүйд л байгаа юм. Өөрийн гэсэн бүхнээ гээсэн шиг байна. Яаж хэрхэн сэргээх талаар бодох ч чөлөө завгүй ам уралдан хоос цахруулан хуралдацгаах монголчуудын эмгэнэл биш гэжүү.

Ам уралдан хуралдах бус ажил хийж уралдах цаг хэрэгтэй байна. Ажил хийх гэхээр их том юм бодно, аяга угаахаас өгсүүлээд амбаар барих, ач үрсээ хүн болгоход л анхаарч эхэлбэл эхлэл нь тэр болно. Ном сурах гээд их ярих юм. Номыг бусдаас бус өөрөөсөө, монголынхоо түүх, шастир, үлгэр домог, үлгэр дууриалал болсон амьдралаас суралцах учиртай бус уу.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.219.221) 2017-11-13 09:32
      • 0
      • 0

      Unen, aav eejuud huuhduuddee bieeree ulgerlwh geech yumaa buur geesen huuhduudiinhee hajuud uuj ideed sogtuurahaad nargij tsengehee l urital bolgood baival huuhduud ni tom bolohooroo bas l uuj idehees oor yum medehgui hun bolno gesen ug shuu dee. Ene nair naadmiig er ni yaraltai tsegtselj hun bur orhiin amidralaa deeshluuleh tal deer anhaarch toroos demjmeer bna. Emegteichuud ni emegteichuud shig erchuud ni erchuud shig baij chaddag baimaar bna. Mongolchuud hunee aldsanii hamgiin ehnii jisheeg gadaa gudamjnii hodolgoonoos shuud harj bolno. Yavgan zorchigchoo garts deer dairch unagadag, ulaan gerel aschihaad baihad mal shig uragshaa orj ireed hodolgoon haagaad zogschihdog geed l ehlene.

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.7) 2017-11-11 12:44
      • 0
      • 0

      Маш зөв сэдэв хөнджээ. Бодох л асуудал дээр дооргүй.

      Хариулах