Энэ сарын 18-нд болох Н.Төгсцогтын тулааны өрсөлдөгчөөр Филиппиний боксчин тодорлоо

Twitter Print
2017 оны 11-р сар 06-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа ирэх арваннэгдүгээр сарын 18-нд хийнэ.

KING TUG хэмээх дэвжээний нэртэй тулалддаг, энэ жил 25 настай Төгсцогт маань мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа билээ.

Манай тамирчин Premier Boxing Champions production –д харьяалагддаг бөгөөд Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь домогт дэлхийн аварга, мэргэжлийн боксын хамгийн тод одын нэг, цуут Флойд “Money” Мэйвезерийн өөрийнх нь Mayweather Promotions-ий тамирчин АНУ-ын Хавьер Аугустин Мартинес байсан. Калифорниа мужийн Сакраменто хотноо төрсөн "Latino Mayweather” хэмээгдэх болсон Хавьер Мартинес энэ жил 19 настай бөгөөд мэргэжлийн рингэнд 10 удаа тулалдаж , бүгдэд нь ялсан ажээ. Үүнээс зургаан тулааныг КО-оор дуусгажээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй шалтгаанаар Хавьер Мартинес манай Төгсцогттой тулалдах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Нэгэнт тов нь тодорсон, тасалбар зарагдаад эхэлсэн, ТВ -ээр шууд дамжуулах гэрээ хийгдсэн болохоор зохион байгуулагчид буюу Mayweather Promotions-ийнхон шинэ өрсөлдөгчийн "эрэлд" яаралтай гарчээ.

Харин өчигдөр тэд Н.Төгсцогтын шинэ өрсөлдөгчийн тухай мэдээллээ King Tug-ийн багт ирүүлсэн байна. Н.Төгсцогтын шинэ өрсөлдөгчөөр энэ жил 23 настай "Алх" хочит Филиппин эр Филиппиний Хармонито Дела Торре тодорчээ. Тэрбээр АНУ-ын Флорида мужийн Майами хотноо суурин амьдарч бэлтгэл сургуулиа базаадаг бөгөөд мэргэжлийн рингэнд таван жил хүч үзэхдээ нийт 19 тулаан нийж, ганц ч ялагдал амсаагүй байна. Үүнээс 12-ыг нь хүнд цохилтоор дуусгасан аж. Хармонито Дела Торре бол 2014 онд World Boxing Federation холбооны дэлхийн аварга болж байсан ажээ.

Тэдний тулаан АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын "Cosmopolitan" цогцолборт болох ажээ.

Тулаан мэргэжлийн боксын дэлхийн "өлгий" болсон АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо The Cosmopolitan цогцолборт болох бөгөөд тасалбар нь www.ticketmaster.com дээр 29$ -149$ -ийн үнэтэй худалдагдаж байгаа. Мөн Bounce TV тулааныг АНУ-ын Баруун эргийн цагаар 2017 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 18 цагаас шууд дамжуулах юм.

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.