Оюуны их ундарга “Оюут” бага сургууль...

Twitter Print
2017 оны 11-р сар 08-нд 21:50 цагт
Мэдээний зураг,

Дөрөвхөн хоногийн өмнө Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа мэдэгдсэн билээ. Бүр тодруулбал тус Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг “Засгийн газраас төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан нь боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга биш юм. Тиймээс ч тэд эсэргүүцлээ илэрхийлж 2017 оны 11-р сарын 13-ний өдрөөс өрөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим хүүхдийн цэцэрлэг, шинжлэх ухааны 20 орчим байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 30 гаруй сургуулийн нийт 70000 орчим ҮЭ-ийн гишүүд орон даяар нэгэн зэрэг ажил хаялтаа эхлүүлнэ” хэмээн мэдэгдээд байгаа.

Тэгвэл багш нарын энэ ажил хаялтыг төдийлөн дэмжихгүй, “Бид Монгол орны ирээдүй болсон хүүхдүүдэд чанартай мэдлэг боловсрол олгох үндсэн ажлаа ямар ч үед орхигдуулах, цалгардуулах эрхгүй” хэмээн байр сууриа илэрхийлэгсэд ч байгаа юм. Тэдний бодитой төлөөлөл болсон математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюут” бага сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, захирал Б.Эрдэнэчимэг болон Монгол Улсын гавьяат багш Ц.Дашдолгор нартай  хөөрөлдсөнөө хүргэж байна. Дашрамд танилцуулахад Чингэлтэй дүүргийн V хороо, “Тэнгис” кино театрын баруун хойно байрлах “Оюут” бага сургууль нь математик, англи хэл, бага ангийн багш нарын хамтарсан шилдэг баг хамт олон бүрдүүлж, 2017-2018 оны хичээлийн шинэ жилээр үүд хаалгаа нээгээд элит, академик сургалттай ахлах сургуулиудын элсэлтийн шалгалтад тэнцэн орох чадвартай хүүхдүүдийг бэлтгэн гаргах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюут” бага сургуулийн захирал Ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Эрдэнэчимэг

-Та боловсролын байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна. Хэдэн онд ямар сургууль төгссөн бэ?

-Би Ховдын багшийн дээд сургуулийг математик, физикийн багш мэргэжлээр 1994 онд төгссөн. Түүнээс хойш Ардын боловсролын байгууллагуудад тасралтгүй 22 жил ажиллаж явна. Эхний 20 жил математикийн багшаар дагнаж ажилласан бол сүүлийн хоёр жил нь сургалтын менежер хийсэн ажлын туршлагатай.

-Энэ хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюут” бага сургууль одоогоор хэдэн бүлэгт хэчнээн багш, сурагчидтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Одоогоор манай сургууль 1-5 ангийн 5 бүлэгт 35 сурагч, боловсролын байгууллагуудад дээд тал нь 40 жил ажиллаж байгаа дадлага туршлага сайтай 6 багштайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Манайд Монгол Улсын гавьяат багш нэг, тэргүүлэх зэрэгтэй хоёр, заах арга зэрэгтэй хоёр багш ажиллаж байгаа нь манай сургуулийн сургалтын чанар сайн байх үндсэн нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

-Бүх салбар өрсөлдөөний зарчмаар ажиллаж байгаа одоо цагт хувийн сургуулиуд олноор байгуулагдан эхнээсээ тараа таниулж, зарим нэг нь олон нийтийн зүгээс сайн, сайнаас дээш  үнэлгээ авч байна. Мэдээж  “Оюут” бага сургууль математик, англи хэлний чиглэлээр цахиур хагалах хэтийн төлөвлөгөө боловсруулж, ирээдүйгээ сайтар төлөвлөж, тооцоолсны үндсэн дээр байгуулагдсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Манай сургуулийг үүсгэн байгуулагчид олны дунд сайтар танигдаж, сайн үнэлгээтэй явдаг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ХI, I болон “Шинэ Монгол”, “Шинэ эхлэл”, “Шинэ эрин” зэрэг бүрэн дунд сургуулиуд 6 дугаар ангидаа элсэлтийн шалгалтаар хүүхдүүдээ элсүүлэн авч маш сайн ерөнхий боловсрол олгодгийг судалж мэдээд тэдний элсэлтийн шалгалтад тэнцэхүйц хүүхдүүдийг бага ангиас нь бэлтгэх зорилгоор математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюут” бага сургуулиа байгуулсан. Манай сургууль анхнаасаа 200 сурагч хүлээн авч, бага ангийнх нь боловсролыг маш сайн системтэйгээр, хүүхэд нэг бүртэй тулж ажиллах зарчмаар олгоно гэж чиг зорилгоо тодорхойлоод ажиллаж байгаа. Ер нь аливаа хүүхдийн хүмүүжил төлөвшил, сурлага нь бага ангиасаа  л их зөв цогц байдлаар суурь нь тавигдвал цаашдаа бүрэн дунд боловсролыг түүртэлгүй эзэмшиж, гадаад дотоодын их дээд сургуулийн шалгалтад ч өндөр амжилт үзүүлж ирээдүйд салбар салбарын шилдэг мэргэжилтнүүд болох үүд хаалга нь нээгддэг. Хүүхдийг бага ангиас нь хичээлдээ дур сонирхолтой, ой тогтоолт, оюуны хөгжил сайтай болгон төлөвшүүлэхэд бага ангийн багш нарын мэдлэг, дадлага, туршлага юу юунаас илүү хэрэгтэй, шаардлагатай байдаг. Тийм ч учраас манай сургууль маш сайн мэдлэг чадвартай багш нарын хамтлаг байгуулж чадсан. Манай хамт олон яваандаа бага ангийн элит сургуулийнхаа суурин дээр дунд болон ахлах сургууль байгуулах хэтийн зорилготой. Бидний хувьд бага ангийн сурагчдыг зөвхөн математик болон англи хэлний сайн суурь мэдлэгтэй болгоход үйл ажиллагаагаа хязгаарлахгүйгээр бүх талын оюуны хурц түргэн тэсрэлттэй, олон талын ерөнхий мэдлэгтэй хүүхдүүдийг бага ангиас нь системтэйгээр сургаж, хүмүүжүүлнэ.

Ер нь л математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай манай “Оюут” сургуулийн гол чиглэл, зорилго маань Монгол Улсад Кембрижийн сургалтыг амжилттай нэвтрүүлж, ирээдүйн оюуны өндөр потенциалтай мэргэжилтнүүд бэлтгэх зорилготой “Шинэ Монгол”, “Шинэ эхлэл”, “Шинэ эрин” болон ХI, I сургуулиудын дунд ангид элсэн орох хүүхдүүдийг л бэлтгэх зорилготой юм. Энэ жилийн тухайд манай  V анги 15 хүүхэдтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ 15 хүүхдээ Кембрижийн сургалттай тэдгээр сургуулиудын элсэлтийн шалгалтад 100 хувийн амжилт үзүүлж элсүүлнэ гэдэгтээ ч бид бат итгэлтэй байгаа. 

-Таны сая нэрсийг нь дуудсан Кембрижийн сургалттай академик сургуулиудтай “Оюут” бага сургууль хамтын ажиллагаа амжилттай эхлүүлчихсэн байгаа гэж ойлгож болох уу?

-Ер нь математикийн чиглэлээр би өөрөө хичээл зааж сургасан нэлээн олон хүүхэд эдгээр сургуулиудын элсэлтийн шалгалтад тэнцэж элсэн ороод одоо дунд ангиудад суралцаж байгаа. Тэгэхээр урьд өмнөх тэр туршлага дээрээ түшиглэн цаашид хамт олонтойгоо сургалтынхаа үйл ажиллагааг улам эрчимжүүлж илүү олон хүүхдийг дээрх сургуулиудад бэлтгэж өгөх болно. Одоогоор “Шинэ Монгол”, “Шинэ эхлэл”, "Шинэ эрин" болон ХI сургуулиуд манайхтай яг гэрээ хэлцэл хийж гарын үсэг зуралцаагүй ч бие биенээ мэддэг, манай багш нарын V анги төгсөгчдийг ч элсэлтийн шалгалтандаа оруулах сонирхол ихтэй байдаг юм билээ. Удахгүй ирэх  хавар манай сургуулийн анхны V анги төгсөгчид тэдгээр сургуулиудын элсэлтийн шалгалтад үнэмлэхүй амжилт үзүүлснээр бидний хамтын ажиллагаа улам батжиж, төгөлдөршинө гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Та математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюут” сургуулийн захирлаар томилогдохоосоо өмнө аль сургуульд ажиллаж байсан бэ?

-Би сүүлийн 12 жил 32 дугаар сургуульд математикийн багшаар багшилж байгаад хамгийн сүүлийн хоёр жилд нь 25 дугаар сургуулийн сургалтын менежерээр ажилласан. Түүнийхээ хажуугаар сургалтын төвүүдэд ахлах ангийн хүүхдүүдийг Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхийн зэрэгцээ V анги төгссөн хүүхдүүдийг дээрх сургуулиудын элсэлтийн шалгалтад бэлтгэн оролцуулж байсан. 

-Та бүхний зүгээс “Математик, англи хэлний маш сайн сургалттай “Оюут” бага сургууль нээгдэж танай хүүхдүүдэд бага ангийн сайн боловсрол олгож, Кембрижийн сургалттай дунд сургуулиудад 100 хувь элсүүлэх сургалт явуулж байна” гэдгээ ямар нэгэн байдлаар зарлан сурталчилсан уу?

-Бидний зүгээс тиймэрхүү сурталчилгааг өргөн хүрээтэй хийсэн зүйл байхгүй. Одоо ер нь эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө тун сайн анхаарал тавьдаг болсон. Ямар нэгэн байдлаар “Тэнд нэг сайн сургалттай, багш нар нь чадварлаг сургууль байдаг” гэдгийг мэдэж аваад л зориод ирдэг болчихсон. Хүүхдүүд нь сайн боловсрол эзэмшвэл ирээдүйд сайхан амьдарна гэдгийг мэддэг болохоор сургалт сайтай сургуулиудад энэ асуудал тийм ч чухал зүйл байхаа больсон л доо. Түүнээс гадна эцэг эхчүүд  I, XI, “Шинэ Монгол”, "Шинэ эрин" зэрэг сургуулиуд дээр очоод “Чи хаана, ямар сургуульд хэн гэдэг багш дээр бэлтгэгдсэн бэ” гэж асууж мэдээд тэгээд манай сургуулийг зориод ирдэг болсон. Тэгэхээр багш нар бид л ажлаа чанартай хийж хүүхэд болгонтойгоо сайн тулж ажиллаад байвал зар сурталчилгааны онцын шаардлагагүйгээр манай сургууль өдрөөс өдөрт өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй явдаг. Бидний ажил эхлээд хоёрхон сар гаруй болж байгаа ч өдрөөс өдөрт ажил үйлс маань өргөжин тэлсээр байгаа. Манай сургууль анх 15 хүүхэдтэйгээр хичээлээ эхэлсэн бол хоёр сар хүрэхгүйн дотор 20 хүүхэд нэмэгдлээ. Мөн “Нэгдүгээр улирлын амралтаар танай сургуулийг сонирхон судална” гэсэн олон эцэг эх, хүүхдүүд байнга утасдаж байгаа. Бид ер нь ирээдүйдээ итгэлтэй байгаа.

Монгол Улсын гавьяат багш Ц.Дашдолгор

-Та хэдэн онд хаана ямар сургууль төгссөн бэ, боловсролын байгууллагуудад хэдэн жил ажиллаж байна?

-Би 1970 онд Улаанбаатарын Багшийн сургууль төгссөн. Түүнээс хойш бараг 50-иад жил бага ангийн багшаар ажиллаж байна. Ажиллах дундуураа МУБИС-ийг дүүргэж Биологийн багшийн мэргэжил давхар эзэмшсэн.

-Өнгөрсөн хугацаанд хаана ямар сургуулиудад багшилж байв даа?  

-Би улсын тэргүүний лабартори I сургуульд Цэрэннадмид, Гомбосүрэн багшийн үед бага ангийн багшаар ажиллаж байгаад тэндээсээ Боловсролын их сургуульд шалгалт өгч тэнцээд орж байсан. Дараа нь бас л улсын тэргүүний XXXXV сургуульд хамгийн олон жил багшилсан. Мөн Дундговийн 10 жилд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Түүнчлэн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ХI сургуулийн хичээлийн эрхлэгч хийж байлаа. Түүнийхээ дараа ХХХХV сургуульд багшилж байгаад энэ “Оюут” сургуулиа нээгдэхэд нь урилгаар ирээд багшилж байна.

-Одоо “Хүүхэд нэг бүртэй тулж ажиллана, сургалтын цоо шинэ арга барилаар системтэй боловсрол олгоно” гэж их ярьдаг болсон. Таны хувьд 40 гаруй жил багшилсны хувьд энэ талаар ажилдаа ямар шинэчлэлт, өөрчлөлт хэрэгжүүлж байгаа бол?

-Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюут” сургуулийг мэдлэг, туршлага сайтай математик, физикийн багш нар байгуулсан юм. Манайх бага сургууль учир  “Шинэ Монгол”, "Шинэ эхлэл", “Шинэ эрин”, ХI, I зэрэг лабортори сургуулиудын элсэлтийн шалгалтад тэнцэн орж, цаашид дунд, ахлах аниуддаа амжилттай суралцах хүүхдүүдийг бэлтгэх үндсэн зорилготой. Бидний хамгийн гол анхаарч байгаа зүйл бол өөрийн тань хэлснээр хүүхэд нэг бүртэй тулж ажиллан, ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг нь сайтар хөгжүүлэх, бүх талаар чадваржуулахад л голлон ажиллаж байна. Миний хувьд бага болон дунд ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн багт ажиллаж байсны хувьд зохих ёсны турлага, мэдлэг хангалттай бий гэж боддог. Ер нь аливаа хүүхэд хичээлээ сайн ойлгож математик сэтгэхүй нь давамгай хөгжөөд ирэхээрээ уралдаад л гараа өргөж “Багшаа би хийе, би бодъё” гээд л өрсөлдөж хичээлдээ тун их дур сонирхолтой болдог юм.

-Танай сургуульд 6 настнууд байгаа л байх даа?

-Бий бий. Бид энэ насны хүүхдийн онцлогт тохируулан тоглонгоо ой ухааныг нь хөгжүүлэх, хичээл тоглоомыг зэрэгцүүлэн явуулах аргыг хэрэглэж байна. 6 настай хүүхдүүдийг “Та нар хоёр гараа давхарлаж номхон суугаад наашаа сайн анхаар” гээд байх юм бол юм сурах биш, уцаарлаж нойр нь хүрээд эхэлнэ. Түүний оронд анхнаасаа л тоглоомын аргаар, аль болох насных нь онцлогт тааруулсан хэлбэрээр хичээлээ заавал тэдгээр жаахан хүүхдүүд ч идэвх нь сэргэж уйдах завгүй хичээлээ хийдэг, хажуугаар нь өөрсдийгөө баясгаад тоглож наадаад явчихдаг. Үүний тулд хичээл сургалтанд хэрэглэж байгаа хэрэглэгдэхүүн нь ч хүүдүүдийн анхаарлыг татсан, багшийн заах арга, хэлж байгаа үгс нь ч 6 настнуудын онцлогт тохируулсан байх зайлшгүй шаардлагатай юм. Бид эдгээрийг л ажилдаа удирдлага болгон ажиллаж байгаагийн үр дүн эхнээсээ их сайн гарч байна.

-Та боловсрол судлалын  “РнD” докторын зэрэг хамгаалсан гэсэн. Эрдмийн ажлынхаа сэдвийг ажилдаа түлхүү хэрэглэдэг байх даа?

-Тийм ээ. Ер нь “Багшийн ажил бол судлаач буюу хүүхэд бүрийн онцлог, сэтгэхүйг судлах судлаачийн ажил юм” гэж хамтран зүтгэгчиддээ хэлэх дуртай. Яагаад гэвэл  багшийгаа нүд салгалгүй өөдөөс нь хараад сууж байгаа хүүхэд нэг бүрийг маш сайн судлах ёстой юм. Тухайлбал “За энэ хүүхэд ийм юманд дуртай, зан ааш нь тийм, хэл ярианы баялаг нь тийм, энэ хүүхэд ямар орчинд  өсч байна, энэ хүүхдэд эелдэг зөөлөн арга зохих уу, аль эсвэл арай жаахан шаардлага өндөр тавих уу” гээд их сайн судалгаа хийсний үндсэн дээр сургалтын ажлаа явуулбал илүү амжилтанд хүрдэг. Ингээд хүүхэд бүрт тохирсон сургалтын аргаа сонгосны дараа заах зүйлээ хүүхэд бүрийн түвшинд тохируулах шаардлагатай байдаг.

-Та хэдэн онд Монгол Улсын гавьяат багш болсон бэ, мөн боловсрол судлалын РнD докторын зэргээ хэзээ хамгаалсан бэ?     

-Би 2003 оны нэгдүгээр сард Н.Багабанди Ерөнхийлөгчийн гараас гавьяат багш болж байсан. Боловсрол судлалын докторын зэргийг уг нь эрт хамгаалах байсан ч ажлаа хийж явсаар 2007 онд л хамгаалж байлаа.

За баярлалаа.

Үүний дараа “Оюут” бага сургуулийн захирал Б.Эрдэнэчимэгийн бэлтгэсэн 10 орчим сурагч элсэлтийн шалгалтанд нь тэнцэн дунд ангид нь суралцаж байгаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ХI сургууль орж математикийн багш, Боловсролын тэргүүний ажилтан Б.Мөнх-Эрдэнэтэй уулзсан юм.

-Таныг “Оюут” бага сургуулийн захирал Б.Эрдэнэчимэгтэй ажил төрлийн холбоотой, тэр багшийн сургасан хүүхдүүд танай сургуулийн элсэлтийн шалгалтыг их амжилттай өгч тэнцдэг гэж сонсоод ирлээ. Та хэдэн жил багшилж байна?

-Миний хувьд боловсролын байгууллагад 24 дэх жилээ математикийн багшаар ажиллаж явна. 1994 онд Ховдын багшийн дээд сургуулийн математикийн ангийг “Онц” дүнтэй төгссөнөөсөө хойш тасралтгүй багшилж байна. Энд гэж хэлэхэд тухайн үед Ховдын Багшийн дээд сургууль эрдэмтэн мэргэд олонтой, маш сайн сургалттай сургууль байсан юм шүү. Тухайн үед тэр сургуулийн ялангуяа матемтикийн ангийг онц төгсөнө гэдэг их ховор тохиолдол байсныг өөрийгөө дөвийлгөн магтаж байна гэж битгий буруугаараа ойлгоорой. Үнэн байдал тийм л байсан. 

-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ХI сургуульд хэдэн жил ажиллаж байна вэ? 

-Энэ сургуульд 16 дахь жилдээ багшилж байна. Математикийн шинжлэх ухааны магистр, зөвлөх багшийн зэрэгтэй. Манай сургууль энэ хичээлийн жилд 600 гаруй сурагч, 30 гаруй багштайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаа. Монгол Улсын хэмжээнд ганц байдаг, бүх сурагчид нь математикийн гүнзгийрүүлсэн академик сургалттай сургууль байгаа юм. Яагаад ингэж математикийн хичээлийг голлон анхаардаг вэ гэвэл “Бүх шинжлэх ухааны хаан нь математик” гэж үздэгээс үүдэлтэй юм.

-Өнгөрсөн хичээлийн жилд танай сургуулийг хэдэн хүүхэд төгссөнөөс хэчнээн нь гадаадын их дээд сургуульд элсэн суралцаж байгаа бол? 

-Өнгөрсөн жилийн хувьд би өөрөө хоёр 12 дугаар ангийн нэгийг нь дааж төгсгөсөн. Нийтдээ 76 хүүхэд төгссөнөөс математикийн элсэлтийн ерөнхий шалгалтынхаа үзүүлэлтээр Монгол Улсын хэмжээний хувийн ба улсын хэвшлийн сургуулиудыг манай төгсөгчид тэргүүлсэн амжилт үзүүлсэн байгаа. Манай 76 төгсөгчийн математикийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо нь 690.75 болж улсдаа тэргүүлсэн. Тэр баяртай мэдээг би өчигдөрхөн олж сонссон. Дээрх 76 төгсөгчийн 38 нь яг миний дааж төгсгөсөн ангийн хүүхдүүд байсан. Нөгөө 38-ийг нь П.Нарантуяа багш дааж төгсгөсөн юм. Манай ангийн 38 хүүхдээс 10 нь гадаадын их дээд сургуульд 100 хувийн Монгол Улсын Засгийн газрын болон тухайн сургуулиудынхаа тэтгэлэгээр суралцаж байна. Үлдсэн нь Монголынхоо их дээд сургуулиудад суралцаж байгаа.

-Та энэ сургуульд багшлах хугацаандаа хэдэн удаа 10-12 дугаар анги дааж төгсгөсөн бэ?     

-Би нийтдээ таван удаа ахлах анги төгсгөсөн. Одоо энэ жил шинэ 6 дугаар анги дааж аваад ажиллаж байгаа.

-Танай сургуулийн гол онцлог бол хүүхдүүдийг 6 дугаар ангиас нь уралдант   шалгалтаар элсүүлэн авдаг нь болов уу?

-Тийм ээ. Манайх 5 дугаар анги төгссөн хүүхдүүдэд элсэлтийн шалгалт зарлаад тэгээд шалгалтанд тэнцсэн хүүхдүүдийг 6 дугаар ангиас нь элсүүлж авдаг.

-Ингэхээр танай сургуулийн шаардлагад нийцсэн бага боловсрол олгох сургуулиуд зайлшгүй хэрэгтэй болох нь дамжиггүй. Энэ талаар энэ хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Оюут” бага сургуультай ямар нэгэн хамтын ажиллагаа эхлүүлсэн үү, тэдний багш нарын талаар мэдэх үү. Тэдний багш нарын бэлтгэсэн сурагчдаас танай сургуульд хэчнээн хүүхэд сурч байгаа бол?

-Ер нь газар газрын математик сэтгэхүй нь сайн хөгжсөн хүүхдүүд манайд шалгалт өгдөг. Өнгөрсөн жил л гэхэд 1400 хүүхэд шалгалтанд орсноос хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдийг шигшиж авсан байгаа. Би өөрийнхөө ангид шинээр элсэн орсон 40 сурагчиддаа тодорхой хэмжээний судалгаа хийгээд үзэхээр 10-аад хүүхэд нь “Оюут” сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг багшийн шавь нар байсан. Ингээд бодохоор хамгийн гол нь бага ангид нь хүүхдүүдийн суурийг маш зөв тавьж чадвал манай сургуульд  элсэн орох боломж нь илүү нэмэгддэг нь харагдаж байгаа юм. Манайхаас гадна академик тэр ч байтугай Кембрижийн сургалтай сургуулиуд олширч байна шүү дээ. Тэгэхээр “Оюут” сургууль шиг бага ангийн боловсролыг маш сайн олгодог сургуулиудын хэрэгцээ, шаардлага цаашдаа улам ихсэх нь тодорхой болж байна. Энд онцолж хэлэхэд ердийн улсын сургуулиудын бага ангийн боловсролоор манайх болон бусад академик сургалттай сургуулиудын дунд ангийн элсэлтийн шалгалтыг ямар ч хүүхэд давж гарах бараг л боломжгүйг шулуухан хэлчихье. Яагаад гэвэл их дээд сургууль төгссөн, улсын олимпиадуудад байнга оролцож нэлээн сайн бодлого боддог тийм багшийн бэлдсэн шавь нартай жирийн нэг багшийн бэлдсэн шавь нар өрсөлдөөд амжилт гаргаж чаддаггүй. Эндээс дүгнэхэд “Оюут” сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг багшийн бага ангид нь бэлдсэн хүүхдүүд маш сайн суурь мэдлэгтэй, ер нь л цаашдаа биеэ  даагаад суралцаад явах бүрэн чадвартай болчихсон байдаг. Би үүнийг л хэлж чадна.

-Танай сургууль өнгөрсөн жил Монголын болон Олон улсын математикийн олимпиадуудад ямар амжилт үзүүлэв?

-Өнгөрсөн жил Энэтхэгт болсон дунд ангийн математикийн олимпиадад би хүүхдүүдээ дагуулж яваад алтан медалийг нь авч ирсэн. Монголдоо бол ер нь л нэг хоёрдугаар байрнаас буудаггүй.

-Одоо та дааж байгаа 6 дугаар ангитайгаа хоёр сар шахам ажиллачихлаа. Эхний үр дүнгүүд гарч байна уу?

-Уралдаант шалгалтаар орж ирдэг болохоор нэлээн зүгширчихсэн хүүхдүүд байдаг л даа. Гэхдээ л нэг сар уйгагүй ажиллах шаардлагатай байдаг. Эхний үр дүн гэвэл  жил бүр болдог Дундговийн олимпиадад зургаан хүүхэд байр эзлүүлэхэд 2 нь миний даасан ангийн хүүхэд байсан. Тухайлбал Хастэнгис маань мөнгө, Азжаргал гэдэг хүү хүрэл медаль хүртсэн. Тэрний дараа “Шинэ өнөөдөр” сургуулийн нэрэмжит олимпиадаас манай ангийн Хэт гэдэг хүү хүрэл медаль авсан. Дараагийн долоо хоногт нь Туркийн хөрөнгө оруулалттай  “Импати” сургуулийн нэрэмжит олимпиадаас мөн л Хастэнгис хүрэл медаль, Ганболд шагналт байр эзэлсэн амжилт үзүүлээд байна.

Тэгээд сүүлийн үед хүчтэй гарч ирж байгаа математикийн дээд лигийн 20 хүүхдийн 7 нь манай ангийн сурагчид байгаа нь намайг их баярлуулж байгаа. Ямар ч гэсэн “Хонгилын үзүүрт гэрэл гялалзана” гэгчээр энэ хүүхдүүдтэйгээ 6 жил ажилласны дараа өнгөрсөн оны төгсөгчдөөс маань ч илүү амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа.

-За танд, танай сурагчдад улам их амжилт хүсье?

-Их баярлалаа, улам хичээх болно оо. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (49.0.149.7) 2017-11-08 10:49
      • 0
      • 0

      Эрдэнэчимэг захирал, Оюут сургуулийн хамт олонд амжилт хүсье

      Хариулах