Ч.Өвгөнхүү: Дэлхийн аварга төрүүлчихээд байхад дээд боловсролгүй гэж байсан үе бий

Twitter Print
2017 оны 11-р сар 04-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, Монголын бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн гишүүн Ч.Өвгөнхүүтэй ярилцлаа.

“Хоёулаа дарга нарын суудалд сууж байгаад ярих уу, яадаг юм” гэсээр Бөхийн өргөөний үзэгчдийн танхимын голын суудал өөд дагуулж явлаа. Яг ч дарга нарын ширээ голлосонгүй, захдуу тухлаад “За, ах нь чадахаараа хариулъя. Гурван настай зээ охиндоо толгойгоо мэдүүлэхдээ тулсан тэтгэврийн өвгөн шүү дээ. Хэл яриа эвлэх л байгаа даа” гэсээр асуулт хүлээв.

-Танд Ардын багш болсонд баяр хүргэе. Шавь нар, ах дүү нар нь баяр хүргээд хэдэн өдөр бужигнав уу?

-Тэглээ. Утсаар маш олон хүн ярьсан. Өдөрт хоёроос гурван хүн гэрээр ирж байлаа. Өнөөдөр ч ирнэ гэсэн. Ардын багш гэдэг хүндтэй шагнал юм байна. Багш хүн, шавь олонтой болоод тэр юм болов уу, цаанаасаа баяр төрөөд сайхан байх юм. Харин миний төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас өнөө хүртэл ярьсангүй. Өвгөнхүү гэдэг хүнийг нь гэхээ байг гэхэд сумаас спортын чиглэлээр Ардын багш цолтон төрж байгаа нь сум, нутгийн олны бахархал мэт санагдах юм. Шагнуулсны маргаашаас л нутгаас ярих байх гээд хүлээсэн. Аймгийн дарга бол эхний өдөр ярьж баяр хүргэлээ. Сумын засаг захиргааны ажил ямархуу явж байгаагийн илрэл л дээ. Над руу ярьж баяр хүргэх аав, ээж байхгүй болохоор нутаг орноос утас чагнаад байх шиг байна. Ах нь өнөөдөр ганцхан юманд харамсаж сууна. Ардын багш болсныг минь аав, ээж минь мэдэхгүй шүү дээ. Намайг нялхад айлд өргүүлсэн юм. Хүн гэдэг чинь төрүүлснээс илүү өсгөсөн эцэг, эхээ гэдэг юм байна. Аав намайг гуравтайд, ээж 13-тайд нас барсан. Төрсөн аав, ээж бол том болтол байсан.

-Та эцэг эхээсээ хэдүүлээ вэ?

-Бид зургуул. Хоёр маань нас барсан. Одоо эгч, ах, нэг дүү бий. 

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх хоёр хүү, таван охинтой. Гэрийн бараа хара­хдаа тааруу надад сайхан хүүхдүүд төрүүлж, өсгөж, бүгдийг нь мэргэжил боловсролтой болгож өгсөн буянтан даа, миний хөгшин. Хань минь гурван жилийн өмнө өөд болсон. Н.Цагаандарь гэж нягтлан бодох мэргэжилтэй, сүүлийн жилүү­дэд Богдын музейд кассчинаар ажилласан сайхан эмэгтэй байлаа. 

-Та ч гэсэн сайхнаараа байна.

-Тийм шүү. Ахыг нь харсан хүүхнүүд инээм­сэглэдэг л байлаа (инээв). 

-Та хэзээ Гавьяат дасгалжуулагч боллоо?

-1992 онд Гавьяат дасгалжуулагч болсон. Самбо, жүдо, үндэсний бөхийн төрлөөр “Алдар” нийгэмлэгээс төрж гарсан бөхчүүдийн олонх нь миний шавь нар. Энэ нийгэмлэгээс олон сайн бөх төрсөн нь зөвхөн миний гавьяа биш ээ. Арми гэдэг бол бөхийн уурхай. Барилддаг болгоныг бөх болгохын төлөө бүх талаар хичээж ажилладаг энэ байгууллагад харьяалагдаж ажиллаж байсан нь миний хувьд бурхнаас олгосон хувь заяа юм уу гэж боддог. 

-Өвгөнхүү начин гэж олон жил сонсож байснаас тэр байх, таныг улсын харцага гэхийн оронд начин гэчих гээд байх юм. Бусад хүн алинаар нь хэлдэг вэ?

-Голдуу “Багш” л гэдэг. Би бол өөрөө начин цолондоо илүү дуртай. Улсын харцага цол олгосонд баярлаж, хүндэтгэлтэй ханддаг. Энэ нь нэг талаар хүний хөдөлмөрийг шударгаар үнэлж байгаа хэрэг юм шүү дээ. Улсын наадамд хоёр удаа зургаа давна гэдэг бас л хөдөлмөр. 

-Таны бөх болсон түүх сонирхолтой байх, ярьж өгөөч. 

-Би Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 1942 онд төрсөн. Цэргийн албанд явахын тулд хотын барилга трестэд нимгэн төмөрчнөөр ажилд орсон юм. 1961 онд 19 настай байхдаа цэрэгт татагдан буудлагын VII батальоны алба хаагч болсон. Хавар нь Өнжүүлийн талд хээрийн сургууль хийж ирээд барилгын II батальонд ажиллах болсон. 1964 онд цэргээс халагдаж барилгын газарт шилж­сэн. Эндээс миний улсад хөдөлмөрлөх ажил эхэлсэн юм. Цэргийн албанд байхдаа 1964 онд Төв аймгийн Нагнаадорж начингаар хоёр давж, улсын арслан Сосорбарамд унаж байлаа. Нагнаадоржийг тохиолдлоор давсан болов уу гэж боддог, их сайн бөх, 80 гарсан сайхан өвгөн бий. Би одоо хүртэл хайрлаж хүндэлж явдаг. Цэрэгт би жагсаалын дарга байлаа. Салаан даргад ажлаас зугтаж алга болсон цэргүүдийг хайж явах зав байхгүй тул жагсаалын дарга тэдний хойноос явна.

Нэг өдөр би хоёр нөхөр олж аваад буцаж явах замдаа “Хөдөлмөр” нийгэмлэгийн зааланд бөхийн барилдаан үзэхээр болов. Гурван төгрөгийн тасал­бартай гэнэ, мөнгө байдаггүй. Тэгсэн нэг цэрэг маань “Бид барилддаг улс, орох ёстой” гээд бараг дайраад орчихлоо. Тэгсэн биднийг яаж ч чадалгүй оруулсан өвгөн бөх тайлбарладаг Лхагвасүрэн гэж эмчид “Энэ хэд сүрхий барилддаг хүмүүс юм гэнэ. Аваргын аманд өгөөдхөөрэй” гэж байна шүү. Өнөөх ч үгэнд нь орж нэг цэрэг Цэрэн, нөгөө нь Дамдин, харин би Мөнхбат аваргын аманд очлоо. Мөнхбат аварга улсын наадамд хоёр түрүүлчих­сэн, арслан цолтой, “Унана гэж яадаг юм, унаж үзэх юмсан” гэдэг үедээ байсан. Тэгсэн Мөнхбат холоос дайраад ирэхээр нь айж сандрахдаа аччихсан чинь тас гэдрэгээ тусахгүй юү. Үзэгчид алга ташаад сүйд боллоо. Миний чичирч байгаа гэж жигтэйхэн. Барилдаан үргэлжилж байна, бидний га­рах ч өнгөрсөн. Сайн цэрэг байна гэж бодсон юм байлгүй, сүүл хавьд намайг Жадамбаа начингийн аманд өглөө. Начинтай 30-аад минут ноцолдлоо. Хүмүүс дээр очлоо, тэндээ шахаж өмсөөд шалан дээр шидчихэд нь толгой эргээд өөр тийш явж байлаа, би. Эндээс миний бөх болох гараа эхэлсэн юм. Дараагийн долоо хоногт нь “Хоршоолол”-ын зааланд Жамц арслангаар хоёр давлаа. 

-Цэргийн албыг хойш тавьж, бөхийн барилдаан хаана болж байна, тэнд явж байдаг болжээ.

-Тийм ээ. Боломж гараад л тэр. Тэр барилдааны үеэр Мөнхбат “Би ямар хүнд унасан байна, Жамц энд шалан доогуур орчихлоо, ухаж ав” гэж хашгирч байсан юм. Том бөх хаяж үзсэндээ урамшаад 1964 онд болсон, давсан 24-д нь цол олгох Армийн аваргын тэмцээнд орж, 16 давж цэргийн арслан цолтой болсон. Түүний дараа 1966 онд улсын баяр наадамд барилдаж, Завханы Лхагваагаар дөрөв, Бээжин гуайгаар тав давж улсын начин цолтой болсон. Бээжин гуай 30 гаруй настай их гоё хүн байлаа. Их цэвэрхэн, чамин хүн шүү дээ, ер нь. Барилдаан ч гоётой. Уран гараат, уран мэхт Бээжин гэнэ. Нэг мэхийг угсруулж олон хийдэг. Тэр жил үер болоод, Цэнгэлдэх хүрээлэнд наадам хийх аргагүй болохоор долдугаар сарын 17-нд Спортын төв ордонд эхэлж байлаа. Тав давсан хүн Цэрэн аваргатай барилдах боллоо. Ба­рил­даж эхлээ ч үгүй байтал элдэв өнгийн юм толгойд эргэлдээд, ядуу зүдүү байсан амьдрал нүдэнд харагдаад уйлчихлаа. Нулимсаа арчаад зогсож байснаа зүгээр тахимдаад суулгачихсан. Тэгж Цэрэн гуайд унаж байлаа. 

-Улсын цолонд хүрсэн залуу бөх их додьгор болж ирсэн үү?

-Улсын цол хүнийг хүмүүжүүлдэг юм билээ. Хүнтэй эвгүй харилцаж болохгүй, худлаа хэлж, хулгай хийж болохгүй, бөхчүүд бие биеэ хүндэлдэг ёс зарчмыг дагаж мөрдөх ёстой гэдгийг өөрөө өөртөө шаардаж байлаа. 1968 онд “Алдар” нийгэмлэгт тамирчнаар улирсан. Тэндээ дөрвөн жил тамирчнаар ажиллаад 1973 онд Мюнхений олимпод оролцсон. 1973 оны нэгдүгээр сард “Алдар”-аас “Хүч”-ийг салгаж байгуулахад намайг “Алдар”-ын, Сэрээтэрийг “Хүч” нийгэмлэгийн дасгалжуулагчаар томилсон юм.

Намайг “Алдар” нийгэмлэгт ажиллах хугацаанд дэлхийн аварга давхардсан тоогоор 16 төрж, төрийн наадамд найм, есөн хүн түрүүлж, дөрөв, таван хүн үзүүрлэж байлаа. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн хүний тоо 20 гарсан. Миний хариуцсан тамирчдаас Цэрэнтогтох улсын заан болсон. Дараа нь гавьяат цолтон, Хөдөлмөрийн баатар болсон. Мөн бөхийн өөр төрлөөр долоо, найман гавьяат байна. Миний хийсэн энэ ажлыг төр, засаг үнэлж Ардын багш гэдэг цол олголоо. Их баярлаж байна. 

-Таныг Бөхийн өргөө байгуулах ажилд их зүтгэсэн гэдэг. 

-Тийм ээ, Даваасамбуу дарга, Данзан, Нямдорж бид дөрөв гар нийлэн ажиллаж чадсан. 1992 онд би Гавьяат дасгалжуулагч болохдоо өөртөө “Бөхийн төлөө үр бүтээлтэй ажиллаж, тодорхой юм хийнэ” гэж ам гарсан юм. Тэр зорилгодоо хүрнэ гээд зүтгэчихсэн. Монголын бөхийн холбооны “Итгэмжит элч” болж, орон нутгаар найман жил явж хан­див цуглуулсан. Бөхийн өргөө байгуулахыг ард түмэн маш их дэмжиж байлаа. Албан байгууллагууд ч гэсэн боломжоороо дэмжиж хандив өгсөн. 1993 онд анхны сая төгрөгийг Баян-Өлгий айм­гийн Музимхаан гэдэг хүн өгч байлаа. Мартаж болохгүй. Тухайн үеийн сая төгрөг одоогийнхоор хэд байх вэ гээд бодохоор овоо мөнгө шүү. Тэр үед зориглож хөдөлснийх одоо бөхчүүд өөрийн гэсэн өргөө, ордонтой байна шүү дээ. Одоо бид дахиж ордон байгуулж чадах биш. 

-Таныг сэргэлэн, санасандаа хүрэхээс нааш бууж өгдөггүй гэж хэлэх юм билээ. 

-За, тийм бол тэр чанар Бөхийн өргөө барихад хөрөнгө цуглуулах ажил дээр гарсан байх даа. Аймгийн дарга нарын зарим нь уриалгахан гэгч нь хандивын сая төгрөг шийдэж шилжүүлж байхад зарим нь за гэхгүй, тэгсэн мөртлөө үгүй гэхгүй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тохиолдол олон байлаа. Тийм үед “За, энэ цаасан дээр мөнгө өгч чадахгүй гэж бичээд гарын үсгээ зураад, тамга дарчих. Түүнээс нааш өрөөнөөс чинь гарахгүй” гээд суучихдаг байлаа. 

-Яах ч аргагүй байдалд оруулдаг байсан байна шүү.

-Өөр арга байхгүй. Олон зуун км явж явж хоосон ирэлтэй биш.

-Та түрүүн дасгалжуулагчийн ажлаа хийгээд гэрийн бараа хардаггүй байсан гэж ярьсан. Бие сэтгэл, цаг хугацааг бөхийн хөгжилд, амжилтын төлөө зарцуулжээ. Өөртөө, гэртээ, хүүхдүүддээ гэж хурааж хуримтлуулсан юм бий юү?

-Байхгүй. Надад эдийн шунал байдаггүй юм. УИХ-ын дарга асан Л.Энэбиш хоёр өрөө байр шийдэж өгсөн. Ав гэсэн байранд нь орж амжаагүй байтал дарга нас барсан. Гэсэн ч үүрэг хүлээсэн хүмүүс нь шат шатанд нь цохсоор байгаад байртай болгосон юм. Сайн хүний хийсэн ажил өнгөрсөн хойно нь ч бүтдэг юм байна лээ. Би 25 жил ажил­лаад тэтгэвэрт гарсан юм л даа. Л.Энэбиш дарга Самбо, жүдо бөхийн холбооны тэргүүн байсан болохоор бид ажил хэргийн холбоотой тул ахуй амьдралыг минь сайн мэддэг. “Цэргийн хүн эрт тэтгэвэрт гарчихлаа даа” гэдэг байсан. Тэгээд нэг өдөр дуудаад “Байр шийдүүлж өгье. Хэдэн өрөө байр хэдэн давхарт авах вэ” гэж асуухад нь “Хоёр давхарт хоёр өрөө байртай болъё” гэсэн юм. Одоо тэр байрандаа амьдарч байна. 

-Та амьдралдаа сэтгэл хангалуун байгаа юм байна.

-Сэтгэл хангалуун байна. Үр хүүхдүүд эрүүл, бүгд ажилтай. Дутуу дундуур юм алга. Хүнд үүнээс өөр юу хэрэгтэй байх вэ. Нас ахиад ирэхэд янз бүрийн юм бодогдох юм. Хоёр хүнтэй уулзахсан гэж нэг бус удаа бодсон. Жүдогоор хичээллэж байсан Энхбаатар гэдэг хүүхэд бий. Сайхан зантай сайн хүүхэд. Одоо бизнес хийдэг шиг байгаа юм. Тэр хүүхэд хаана явдаг юм бол, уулзахсан гэж бодож байлаа. Бас цэрэгт явахаас өмнө барилгад цуг ажиллаж байсан Петруш гэж найз минь бий. Хөвсгөлийн залуу. Жаргаж зовж байх үед үерхэж нөхөрлөж, тоглож наадаж өссөн улс байна, уулзахсан, харахсан гэж бодогдох юм. Хотод байдаг бололтой байсан. Намайг олох амархан шүү дээ. Бөхийн холбоо руу ярихад хэн нь ч миний утасны дугаарыг өгнө. 

-Энэ ярилцлагыг уншвал тантай уулзаж магадгүй л юм байна. 

-Харин л дээ. Сүхбаатар аймгаасаа ирээдүйтэй, улсын алдар цолтой бөх ганц хоёрыг төрүүлэхсэн гэж бас боддог. Сэцэн хан, Халх дөрөв, Шавь таван аймаг гэж байхад Даншигийн наадамд найман бөх үлдэхэд зургаа нь Сүхбаатар аймгийнх байсан удаатай. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бөх­чүүдийн нутаг. Морь үүрдэг Буянтогтох, Өсөхбаяр, “мөр” Рэнцэн, Чүлтэм аварга гээд байлаа.

-Бөхчүүдийн тухай элдэв сонин түүх байдаг. Зарим нь домог болох нь дээ. Хадбаатар аварга таны харцаар хөдөлдөг, барилдаж байгаа бөхөө хааш нь ч хөдөлгөхгүй базчихаад таны дохио зангааг хүлээж зогсдог байсан гэж үнэн үү?

-Үнэн. Манай хүн жин ихтэй, бяртай. Харин мэх мэддэггүй байсан юм. Барилдахаар гарахад нь хэнтэй таарч байгаагаас нь хамаараад арга зааж өгдөг байлаа. Ихэнхдээ өрсөлдөгч бөхөө бярдаж цуцаах тактик хэрэглэдэг байсан л даа.
Яг л миний хэлснээр өрсөлдөгчөө тэрүүхэнд нь хөдөлгөсөөр ядрааж аваад над руу хардаг байв. “Одоо яах вэ” гэж асууж байгаа нь тэр. Тэгэхэд нь би ямар мэх хийхийг дохиогоор хэлнэ. Харин хэлсэн даруйд ойлгосон л бол маш сайн гүйцэтгэдэг байв. 

-Ингээд яриад байвал бүхэл бүтэн ном болохоор мэдээлэл танд байгаа нь мэдээж. Та тухайн үеийн Намын дээд сургууль төгс­сөн юм билээ. Спортын салбарын удирдах ажилтан болох бодолтой байсан уу?

-Үгүй ээ. Надад дасгалжуулагч л хангалттай. Тэгшээ, Батсүх, Цэнд-Аюуш гээд дэлхийн аварга төрүүлчихээд байхад хүртэл дээд боловсролгүй гэсэн яриа мэр сэр чих дэлсээд байсан юм. Тэгэхээр нь Намын дээд сургуульд сурч төгссөн. Номын дуу сонсох аятайхан байлгүй яах вэ. Хэрэг болсон. 

-Манай улсад жүдо нэлээд хөгжиж, харин самбо бөхөд ахиц гарахгүй байгаа юм шиг харагддаг. Ямар учиртай юм бол?

-Жүдо бол самбо бөхөөс хамааралтайгаар хөгж­сөн. Мэх, арга техник ойролцоо. Тэгэхээр самбо бөх суурь нь гэж хэлж болно. Самбо ч, жүдо ч хөгжи­хөд хувь хүний зүгээс маш их нөлөөлсөн хүн бол холбооны тэргүүн УИХ-ын дарга асан Л.Энэбиш агсан болон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга юм. А.Баттулга гэхэд холбооны шугамаар Спортын ордны хойд хэсгийг бүгдийг түрээсээр авч ганцхан жүдочдод бэлтгэлийн орчин бүрдүүлж өгсөн. Түүний хүчээр Монголоос олимпын аварга төрсөн. Энэ мэтчилэн их спортын хөгжилд сэтгэлээ, хүчээ, нөөц бололцоогоо зориулдаг хувь хүмүүсийн оролцоо маш их нөлөөлдөг.

Р.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: "Өнөөдөр” сонин, 2017.11.02

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Баянхонгороос

      (150.129.142.189) 2017-11-04 11:32
      • 0
      • 0

      Сайхан хүн шүү урт насалж үр хүүхэд ач зээ монголын ард түмэнтэйгээ удаан жаргаарай шавь нарт тань амжилт хүсье

      Хариулах

    • Д.Лхагваа

      (202.179.3.246) 2017-11-03 12:18
      • 0
      • 0

      Зууны манлай багш бөхийн спортын түүхэнд оруулсан хувь нэмэр нь агуу хүн Хөдөлмөрийн баатар цол авах ёстой хүний нэг мөн удахгүй өгөх байхаа. Үнэхээр сайхан нэвтрүүлэг байна

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.36) 2017-11-02 12:33
      • 0
      • 1

      Маш гоё ярилцлага болжээ. Сэтгүүлчдээ баяр хүргэе.

      Хариулах

    • Болд

      (112.72.12.65) 2017-11-02 11:45
      • 0
      • 1

      Уулбаян сумынхаан ямар унхиагүй засаг даргатай юм бээ

      Хариулах