Ч.Ганжавхлан: Он гарсаар 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь долоон анги дүүрэн охин хүчиндүүлсэн гэсэн үг

Twitter Print
2017 оны 10-р сар 30-нд 14:06 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэдэг. Уг өдрийг угтан  “Өгөх өдөр хөдөлгөөн” “Лантуун дохио” ТББ хамтран хэвлэлийн хурал хийлээ. 

“Өгөх өдөр” хөдөлгөөн, “Лантуун дохио” төрийн бус байгууллага охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, “Үндэсний өгөх өдөр”-өөр охидын хүчирхийллийн эсрэг нүдээ нээхийг уриалж байна. Хөдөлгөөнөөр хүчирхийллийн талаар долоо хоног шуугиад өнгөрөх бус нийгмийн сэтгэлзүйг өөрчилж, хууль журам бодлогын бодит өөрчлөлт хийх, хүн хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн томоохон ажлуудыг хийхээр зорьж байгаа аж. 

Үүнд:

-Хүүхдийн төлөө амлалт өгсөн “Нүдээ нээ” тэмдэглэгээ бүхий газруудыг олноор бий болгож, хүчирхийлэлд өртөх эрсдэлд орсон охид бүсгүйчүүдийг хамгаалах, холбон зуучлах, анхны тусламж үзүүлэх цэгүүдтэй болгоход бүх нийтийг уриалга бий болгох.

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Ирээдүйн эцэг эх” болох өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох, гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг шатлалтай зохион байгуулах.

-Нийслэл, хөдөө орон нутгийн сэтгүүлчдэд хүүхдийн эрх, хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг нийгэмд түгээх сайн муу үр дагаврын талаар сургалт зохион байгуулах юм байна.

Түүнчлэн “Нүдээ нээ” стикер, футболк зэрэг бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа бөгөөд тухайн мөнгийг хүчирхийллийн эсрэг санд хуримтлагдах юм байна.

Тухайн стикер, футболкийг нааж, өмссөнөөр хувь хүн, албан байгууллага  дараах гурван зүйлийг хийх аж.

-Хүүхдийн хүчирхийлэл, эрх зөрчигдсөн тохиолдолтой таарвал 108 утсанд дуудлага өгч мэдэгдэх, 102, 107 утсанд мэдээлэл өгнө.

-Сайн аав, сайн хөрш, сайн ах, эгч байхыг хүмүүст уриалж, нэг ч гэсэн хүнд энэ талаар нөлөөлнө.

-Аянд нэгдсэн нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар суудлын бүсээ зүүхийг тогтмол сануулах, бас тээвэрлэж яваа хүүхдээ суудлын бүсийг нь зүүлгэнэ.

-Хүүхдийг хүндэлж гарцан дээр тэднийг түрүүлж гаргана

-Шаардлагагүй тохиолдолд дуут дохиог хэрэглэхгүй байхыг хичээж, авто хөдөлгөөнд соёлтой оролцно

-Харин нүдээ нээсэн зочид буудал нь Бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөг, гулгаа массаж, архи согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийн эсрэг тэмцэнэ

Мэдээллийн үеэр “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Аливаа зүйлд хэмжээ хязгаар байх ёстой. Хүүхдийн хүчирхийлэл, бага насны охидын бэлгийн хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “нэг нас зургаан сартай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Дөрвөн настай хүүхэд жил гаруй хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байсан” талаар мэдээлсэн. Юу болж байна аа?! 

Он гарсаар 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа нь долоон анги дүүрэн охид хүчиндүүлсэн гэсэн үг. Охидын бэлгийн хүчирхийлэл гаарлаа.

Хүн бүр өдөр бүр, өөрийнхөө байгаа газарт хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай байгааг харуулж байна. Таван настай охин хүчирхийлэлд өртсөн, гурван настай охин төрсөн аавдаа удаа дараа хүчиндүүлсэн хэрэг гарлаа. Шуугиад л өнгөрдөг хэвшил тогтлоо. Охидын бэлгийн хүчирхийлэл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байна. Нүдээ нээцгээе. Тууштай нээх хэрэгтэй байна. Бид хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” аяныг үе шаттайгаар хийж байна.

Эхний ээлжинд  “Алуурын амбаар” гэж нэрлэгдээд буй зочид буудлуудыг цэгцэлмээр байна. Зочид буудалд бага насны хүүхэд ороход шалгадаг, хянадаг баймаар байна. Хүүхдэд ээлгүй байгууллага зочид буудлууд боллоо. Тиймээс зочид буудлуудыг цэгцлэх шаардлагатай байна. Хууль, журмаараа өөрчлөөд өгөөч.

Хоёр жилийн өмнө 13 настай охиныг гурван зочид буудал дамжуулж, гурван өөр хүн хүчиндсэн хэрэг гарсан. Тэдгээр зочид буудлууд яагаад насанд хүрээгүй хүүхдийг оруулж байгаа юм бэ? Саяхан “Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охин амиа алдлаа. Бичиг баримтыг нь шалгасан бол охин амьд байх байлаа.

Садар самуун, биеэ үнэлэх зэрэг бүхий л жигшүүрт хэргүүд зочид буудлуудад үйлдэгдэж байна. Зочид буудлууд дүрээ хувиргаж, гэр хорооллын нийтийн байруудад байрлах боллоо. Ямар ч нэр хаяггүй зочид буудлууд байна. Цэгцлээд өгөөч. Эхний ээлжинд зочид буудал руу ороход бичиг баримт шалгадаг, хуулбарлаад үлддэг болгоё.

ЕБС-ийн хичээлийн программаас нөхөн үржихүйн хичээлийн хасаад хаячихсан. Нөхөн үржихүйн ямар ч мэдлэггүй хүн ээж, аав болж байна.

ШШҮХ-нд шинжилгээ хийлгэхээр очсон 16-аас доош насны хүүхдээс мөнгө авахгүй болсон талаар мэдээлэл гаргаж, асуудлыг намжаахаар оролдож байна. 17, 18-н настай хүүхдүүд үзлэг хийлгэхээр очиход өнөөх 10 мянган төгрөгөө нэхээд л сууна. Асуудлыг бүрмөсөн шийддэг байгаач” гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.