Д.Мөнгөндалай: Аав минь авьяас онгодын ундарга хүн байсан

Twitter Print
2017 оны 10-р сар 30-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Төрийн шагналт, нэрт яруу найрагч, төр нийгмийн гарамгай зүтгэлтэн О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ой өнгөрсөн тав дахь өдөр эхэлж амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдав. О.Дашбалбар агсны 60 насны ойд зориулан уран бүтээлийн үзэсгэлэн, номын баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг О.Дашбалбар сан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатар их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулсан юм. 

Яруу найрагч О.Дашбалбарын зурсан зураг, бусад бүтээлийн үзэсгэлэн, ойд зориулж шинээр хэвлүүлсэн таван номын нээлт, баярын арга хэмжээ өнгөрсөн тав дахь өдөр Монголын Уран зургийн галерейд, эрдэм шинжилгээний бага хурал, "Миний мэдэх Очирбатын Дашбалбар" эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Хүүхдийн төв номын санд тус тус болов. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон хүмүүст бэлэг гардуулсан бөгөөд зөвхөн тэр өдөр зохиолчийн шинээр хэвлэгдсэн бүх номыг хямдралтай үнээр борлуулсан юм.

Нэрт найрагчийн 60 насны ойн үеэр түүний том охин “Өдрийн сонин”-ы Улстөр, гадаад мэдээллийн албаны дарга Д.Мөнгөндалайтай уулзаж аавынх нь ойн ёслолын үеэр болсон арга хэмжээнүүд болон уран бүтээл, амьдралынх нь талаар сонирхон ярилцсанаа хүргэж байна.

-Дарьгангын эрхэм хөвүүн нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, цогтой эх оронч Очирбатын Дашбалбар агсны 60 насны ой гурван өдөр үргэлжлээд өндөрлөж байна. Ойн арга хэмжээнүүд сайхан болов уу?

-Тэглээ. Ойн арга хэмжээий хүрээнд таван ном хэвлүүлсэн. Номын нээлт болон аавынхаа зурсан уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ. Маш олон хүн ирсэн сайхан арга хэмжээ боллоо. Мөн эрдэмтэн судлаачид оролцсон эрдэм шинжилгээний хурал болж, зарим хүмүүст шагнал гардууллаа.

-60 насных нь ойн энэ томоохон арга хэмжээг О.Дашбалбар сан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулсан гэсэн. Аавын тань 60 насны ойн арга хэмжээнд сэтгэлээ гаргаж хичээнгүйлэн оролцсон хувь хүмүүсийн талаар танилцуулна уу?

-Ер нь л олон хүний чин сэтгэл шингэж, тусалж дэмжсэн. Ээж, дүү нар минь ихээхэн ачаалалтай ажиллаж, одоо ч ажил нь дуусаагүй л байна. Найрагч аавын уран бүтээлийг залуу үеийнхэнд таниулах, сурталчлах зорилгоор “Миний мэдэх О.Дашбалбар” нэртэй эссе бичлэгийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд болон насанд хүрэгчдийн ангиллаар зарласан. Залуус маш идэвхтэй оролцлоо. Ялангуяа хөдөө орон нутгаас маш олон эссэ ирсэнд их талархаж байгаа.

.Дашбалбар агсан бол нэр яруу найрагч, соён гэгээрүүлэгчээс гадна сонин хэвлэлийн алдартай нийтлэлч байсныг хүмүүс тэр болгон мэддэггүй. Түүний бичсэн Мөнхий бүтээлүүд мөхлийн ирмэг дээр, Номон дээр гишгэсэн алдас, Газрын төлөөх тулалдаан, Ардаасаа нуусан ардын эмнэлэг гээд аргагүй чансаатай, алсыг харсан олон сайхан нийтлэл байдаг. Эдгээрийг нэгтгэн хэвлэж гаргах бодол бий юу?

-Тийм ээ. Аав маань үнэхээр чансаатай, маш сайхан уншууртай олон нийтлэл бичсэн байдаг. Тэдгээрийг нь нэгтгээд нийтлэлийнх нь номыг гаргахаар бэлтгэж байгаа. Ирэх оны эхээр хэвлэгдэнэ. Хойшдоо уран бүтээлийг нь өөрийнх нь бэлтгэж үлдээсэн эх хувиар нь хэвлүүлэх ажлыг үргэлжлүүлээд хийгээд явна гэсэн бодолтой байгаа.

-Өөрийн тань бага дүү Д.Дэжидмаа Японд ямар чиглэлээр сурч байгаа вэ. Төгсөх болж байгаа юу?

-Дүү минь сэтгэл судлал чиглэлээр суралцаж байгаа. Төгсөх арай л болоогүй.

-Та гурвын ээж Н.Борхүүхэн гуай нэрт найрагчийг 42-хон настай цэл залуухнаараа хорвоогоос буцсаны дараа "Гадаа гарч эр болж, гэрт орж эм болсоор" та гурвыг хүний зэрэгтэй өсгөсөн. Ээжийнхээ талаар хамгийн түрүүнд юу гэж бодож явдаг вэ?

-Ээж минь үнэхээр гайхалтай эмэгтэй. Аав минь залуугаараа бурхан болж ээж минь биднийг хүний зэрэгтэй явуулах гэж мөн ч их хичээсэн дээ. Одоо бид аавынхаа уран бүтээлийг мөнхжүүлж, олон нийтэд хүргэх, ээжийгээ эрүүл энх, тайван амгалан амьдруулж л ачийг нь хариулна даа. Хүний аав, ээж үр хүүхдээ л сайн сайхан явж байвал сэтгэл амгалан, жаргалтай байдаг шүү дээ.

-О.Дашбалбар агсан амьд сэрүүндээ яруу найргийн хэдэн ном хэвлүүлсэн бол. Сая та бүгдийн эмхэлж хэвлүүлсэн таван номтой нийлээд ер нь хэд орчим номтой болж байгаа бол?

-Аав арав орчим ном хэвлүүлсэн байсан. Дүү бид хэд аавынхаа арав гаруй номыг нэмж хэвлүүлсэн. Англи хэлээр ч мөн хэвлүүлж гадны уншигчдад хүртэл болголоо. Цаашид энэ ажил үргэлжлээд явна даа. Аав маань өөрөө нэлээд хэдэн номоо эхийг нь бэлдээд үлдээсэн байсныг нь яг тэр хэвээр нь хэвлүүлсэн. Мөн шүлгийн түүвэр, захидлын номыг нь хэвлүүллээ

-“Дарьгангын яруу гурвал” буюу О.Дашбалбар, Д.Нямсүрэн , Г.Мэнд-Ооёо нараас өнөөдөр ганцхан нь л үлдэж. Дорнын  гурван том найрагчийн амьд ахуйдаа үерхэж нөхөрлөж явсан гэгээн дурсамжийг хэрхэн ойлгож, хүндэтгэж явдаг вэ?

-Дарьгангын гурван найрагч бол яалт ч үгүй, нөхөрлөх, холбоотой байх учиртай хүмүүс. Нэг нутаг уснаас гадна авьяас билэгтэй, мөн өөр нарийн юм ч байна. Жишээ нь Г.Мэнд-Ооёо найрагчтай хүж барилдсан ах дүү байсан бол, Д.Нямсүрэн ах аавыг маань дунд сургуульд сурч байхад багш нь байсан гэдэг. Тэр гурав бол яах аргагүй Дорнын тансаг яруу найраг, сэтгэл зүрхний гүн бат холбоотой хүмүүс байсан. Бид одоо аавынхаа шинэ гаргасан номын дээжийг хамгийн түрүүнд Г.Мэнд-Ооёо ахад өргөн барьдаг. Хайрлаж хүндлэхээс аргагүй сайхан нөхөрлөл байж дээ.

-О.Дашбалбар судлал өнөөдөр ямархуу түвшинд яваа бол. Түүний ганцхан "Залуус дүү нартаа хүргэх шүлэг" гэхэд л маш том амьдралын философи, хүний амьдралын зам мөрийг зурагласан тэр чигээрээ ухаарал шингээсэн мөрүүд байдаг. Ганцхан тэр шүлгийг нь л гэхэд судлаад, шинжлээд барахгүй дээ?

-Яг үнэн. О.Дашбалбар судлалын эхлэл аль хэдийнээ тавигдсан. Аавын маань шавь Х.Сүглэгмаа  судалгааны том ном хэвлүүлээд хэдэн жил боллоо. Мөн дүү Д.Гангабаатар маань “Галав эриний зөнч” ном эмхтгэн хэвлүүлсэн. Энэ номд О.Дашбалбар судлаачдын илтгэлүүд багтсан. Сая болж өнгөрсөн эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг ч бид эмхтгэн гаргана.

-О.Дашбалбар агсан нэрт яруу найрагчаас гадна их сайн зураач байсныг олон хүн сая нээгдсэн зургийнх нь үзэсгэлэнг үзээд мэдэрсэн болов уу. Аав тань шүлгээ голдуу хэдэн цагт бичиж, зургаа аль үед нь туурвидаг байсан бол?

-Аав шөнө орой их сууж, бүтээлээ туурвидаг хүн байлаа. Авьяас онгодын ундарга хүн байсан юм шүү дээ. Хөгжим тоглоно, ая зохионо, маш сайхан дуулдаг, мөн зураг зурдаг, хайчилбар хийдэг байсан. Тиймээс ээж, дүү бид хэд зөвлөлдөж 60 насных нь ойгоор уран зургийнх нь үзэсгэлэнг гаргаж олны хүртээл болгоё гэж шийдсэн юм. Үзэсгэлэнг гурав хоног гаргаж байна. Хүний хөл татрахгүй, маш олон үзэгч ирж байна. Ээж, дүү, бид хэд үзэсгэлэнгээ өөрсдөө танилцуулж, зарим хүний хүссэнээр нь тайлбарлаж өгөөд л байж байна. Ийм олон үзэгчид хүрэлцэн ирж аавын минь зургийн үзэсгэлэн, номын баярт оролцож байгаад сэтгэл их өндөр байгаа.

-Бас их боломжийн сайхан дуулчихдаг хүн байсансан. Нэг удаа өөрийнх нь шүлгээр "Чингис хаан" хамтлагийн ахлагч Монгол Улсын гавьяат жүжигчин  Д.Жаргалсайханы зохиосон "Цамцаа дэрвүүлсэн жаахан хүү би Цагаан унагаа хөлөглөн одох юм" дуугаа ихэд уяралтай дуулж байхыг нь дэргэдээс нь харж л явлаа?

-Таны хэлснээр “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ах аав хоёр их дотно сайхан нөхөрлөж, олон дууг хамтдаа бүтээсэн уран бүтээлийн хамтрагчид байлаа. Сая ойн арга хэмжээнд Жагаа ах маань ирж хамтын уран бүтээлээсээ үзэгдэд толилуулсан л даа.

-Өөр тэр хоёрын хамтран зохиосон ямар уран бүтээл байдаг билээ?

-“Гэгээн наранд ойрхон өслөө би” дууг хоёулаа ярилцан аяаа хийж байхад нь би яг хажууд нь сонсоод сууж байлаа. Нэрлээд байвал олон дуу бий. Их сайхан ярилцаж, нэг нэгнийгээ сонсож, хүндэтгэлтэй харьцаж уран бүтээлээ хамтран хийдэг байж билээ.

-О.Дашбалбар агсныг нэг л өдөр цэл залуухнаараа буцаж ирдэггүй аяндаа мордоход ханилсан хань ижил, үр хүүхдээс нь гадна Монголын ард түмэн ихэд эмгэнэн гашуудсан юмдаг. Ер нь аавыгаа "Монголын улстөрийн бохир заваантай хэрэггүй л хутгалдсан юм" гэж бодогдох үе байдаг уу?

-Тийм ээ, аавд минь монголчууд хайртай байсан, одоо ч түүнийг хүндлэн биширдэг, хайрладаг, зохиол бүтээлийг нь шимтэн уншигчид маш олон байна. Улс төрд орсныг нь би хувьдаа буруутгадаггүй. Аавын минь дуу хоолой хэрэгтэй байсан болоод л тийшээ орсон шүү дээ. Дэлхийн том яруу найрагчид үргэлж том сэтгэдэг, олон талтай, содон сонин өвөрмөц ертөнцүүд байдаг. Тэд бүгд л улс орныхоо төлөө дуу хоолойгоо хүргэж, дайнд явах нь явж, улс төрд орох нь орж л байсан байдаг юм. Зүгээр л цэцэг навч, хайр дурлал бичээд агуу найрагч болохгүй шүү дээ

-Уучлаарай эвгүй ч гэсэн уншигчдын сонирхоод байдаг нэгэн асуултыг тавилгүй горьгүй. Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан О.Дашбалбар агсантай амьд сэрүүнд нь багагүй тэрсэлдсэн нэгэн. Мэргэжил нэгтэйн хувьд, бас эмэгтэй хүнийхээ хувьд Б.Мөнхбаясгалангийн тэрхүү үйлдийг юу гэж бодож явдаг вэ. Ер нь учир зүйгээ ололцсон уу?

-Аавынхаа 60 насны ойн үеэр, тэгээд ч энэ сайхан ярилцлаган дундуур тиймэрхүү асуудлыг яримааргүй байна. Та ойлгоорой.

-Аавын тань 60 насны ойн арга хэмжээг дэмжин тусалж, хамтран зохион байгуулалцсан ямар газрууд байгаа бол. Заримыг нь дурдахгүй юу?

-Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо, Улаанбаатар их сургууль болон тусалж дэмжсэн найз нөхөд, шавь нар, дэмжигч уншигчид, Дэлхийн яруу найргийн академи, Сити дээд сургууль, Шинэ ази групп, “Өдрийн сонин”-ы хамт олонд талархлаа илэрхийлж маш их баярлаж байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна, баярлалаа.

-За та бүхний хойшдын ажилд их амжилт хүсч, Дорнын их яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны уран бүтээлүүд үргэлжлэн уншигчдын сонорыг мялаасаар байх болтугай гэсэн ерөөлийн үгээр ярилцлагаа өндөрлөе?

-Аавын минь 60 насны ойн үеэр хэрэг болгон "Mongolcom.mn" сайтын уншигчидтай уулзуулж байгаа танд гэр бүлийнхнийхээ өмнөөс талархал дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт хүсэхийн ялдамд танай сайтын уншигчдад сайн сайхныг хүсч байна, баярлалаа.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Наран

      (150.129.142.36) 2017-10-30 10:37
      • 0
      • 2

      Сайхан ярилцлага хийжээ. Болсон болоогүй улс төр, хэрүүл уруул хог новш л их бичдэг болж дээ энэ сэтгүүлчэнцэрүүд. Бас муу зүйл дээр хэрээ шиг гуагалдана. Сайхан зүйл нийтэлдэг танай хамт олонд талархаж явдаг шүү.

      Хариулах

    • Уншигч

      (49.0.157.69) 2017-10-30 10:25
      • 0
      • 2

      Сайхан ярилцлага хийсэн эрхэм сэтгүүлч Д.Энхтүвшинд талархал дэвшүүлье. Ийм сйхан гэгээлэг материал олныг тавьдаг танай сайтын хамт олонд ажлын улам их амжилт хүсье.

      Хариулах