Нацистуудын бүслэлтийг 900 хоног тэсч гарсан Ленинградыг эргэн дурсахуй

Twitter Print
2018 оны 08-р сар 20-нд 15:32 цагт
Мэдээний зураг,

ЗХУ Дэлхийн 2-р дайнд 21 сая хүнээ алдсан билээ. 

Өдгөөгийн Санкт-Петербург хот нацистуудын бүслэлтийг 900 хоног тэсч давж гарсан юм. 

1941-1942 оны өвөл Ленинградчууд өдөрт 250 грам талхаар гол зогоож байжээ. 

1941 оны 7-р сарын 22-ны өдөр буюу Дэлхийн хоёрдугаар дайн ид өрнөж байхад Гитлерийн ЗХУ-ыг эзлэх төлөвлөгөөний дагуу Ленинград хотыг бүсэлж, 1941 оны 9-р сарын 8-ны өдрөөс эхлэн тус хотыг эзлэн авч, тусгаарласан юм.

Ленинградын бүслэлт хэмээн нэрийдэн түүхэнд мөнхөрсөн 900 хоног нацистуудын мэдэлд байсан энэ хар өдрүүдийг 70 гаруй жилийн дараа Оросын иргэд хэрхэн давж туулсан тухай дурсамжаа Францын 24-р суваг телевизийн нэвтрүүлэгт хуваалцжээ.

ОХУ-ын соёлын нүүр царай болсон хот бол Санкт-Петербург хот юм. Пётр Алексеевич Романовын байгуулсан энэ хотыг 1917 оны хувьсгалаас өмнө Петроград гэж нэрлэдэг байсан. Дараа нь Оросын хувьсгалын их удирдагч В.И.Ленинг таалал төгсөхөд Ленинград гэж нэрлэгдэх болсон энэ хотод жил бүр хотод хэдэн сая жуулчид ирдэг юм.

ЗХУ нуран унаснаас хойш Санкт-Петербург гэж нэрлэгдэх болсон энэ хот Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын гарт орж, эх орныхоо бусад хэсгээс тусгаарлагдан хатуу чанга харуул хамгаалалтын дор байсан энэ хотын гэр бүл бүрт өнөөдөр энэ дайнаас амьд үлдэгсэд болон түүний үр хүүхэд, ач гуч нар амьдарч байна.

Гурав, дөрвөн жил тутамд Нина Степановна хол замыг туулан ээжийгээ оршуулсан газар ирж, хөшөөнд нь цэцэг өргөдөг юм. 1942 оны хавар түүний эх нь өлсгөлөнгийн улмаас амиа алдсан юм.

Санкт-Петербург хотын иргэн Нина Степановна "Маш олон хүн амиа алдсан. Амиа алдагсадаа оршуулах боломж хэнд ч байгаагүй. 1941-42 оны өвөл үхэгсэдийн шарилуудыг бид орон сууцны коридорт байлгаж, түлээ шиг л түлж байлаа" хэмээн дурслаа. "1941 оны 11-р сард иргэдэд өгдөг талхны хэмжээг багасгаж, ажиллах хүчид хамрагдахгүй хүүхдүүдэд 125 гр болж буурсан юм. Харин насанд хүрэгсдэд өдөрт 250 гр талх өгдөг байсан. Хүйтэн, өлсгөлөн, байнгын агаарын бөмбөгдөлт хотын иргэдийг туйлдуулж байсан юм. Хүмүүс ихэвчлэн өлсгөлөнгөөр амиа алдаж байсан. Жишээ нь, би талхандаа явж байхдаа хамт явж байгаа хүнээ хөгшин хүн үү, хүүхэд үү гэдгийг ялгадаггүй байсан. Яагаад гэвэл өлсгөлөн хүнийг хөгшин харагдуулж байлаа. Хүмүүс зүгээр явж байгаад л унаад нас бардаг байсан. 1942 оны хавар бид хотыг бүхэлд нь цогцосноос цэвэрлэх ажиллагаа явуулсан" гэлээ.

Хэдийгээр тэрээр 10-хан настай байсан ч аймшигт тэр өвөл түүний сэтгэлд мөнхөд хадагдсан юм. Нина Степановнагийн ээжийн оршуулсан энэ цэцэрлэгт 186 нийтийн оршуулгын бунхан бий.  Түүний ойрын хамаатнууд ч энд оршуулагдсан. Гэхдээ чухам аль хэсэгт гэдгийг нь тэр сайн мэдэхгүй. Ирэх бүртээ хөшөөнд цэцэг өргөөд буцдаг аж.

Жил бүр энд хотын удирдлагууд болон бусад албаны хүмүүс ирж амиа алдагсадад хүндэстгэл үзүүлж, цэцэг өргөдөг юм.

Германы арми хотыг завсар чөлөөгүй бөмбөгдөж, ялангуяа хүнсний нөөцийн агуулахуудыг устгасан гэдэг ч дараа нь түүхчид нэг сар хэрэглэж болох хүнсний нөөц байсан гэж бичсэн байдаг. Санкт-Петербург хотын иргэд өлсгөлөнд нэрвэгдэж, өдөрт 125-250 грамм талх нэг бүр хэрэглэдэг байсан гэдэг. 1941-1942 оны өвөл хамгийн хүнд өвөл буюу өлсгөлөн, хүйтэн, халдварт өвчин ихээр гарсан гэж бичсэн байдаг. Амьд үлдэгсэд нь үхэгсэдээ оршуулах тэнхэлгүй шувуу нохойн хоол болгож байсан гэдэг.

Санкт-Петербург хотын иргэн Валентина Ивановна "Энэ манай аав, ээж, дүүгийн дайны өмнөхөн авахуулсан зураг. Манай дүүг алаад идэх гэж байсан хүмүүсээс би түүнийг хоёр удаа аварсан. Манай гэр бүлийн нийт 9 хүн амиа алдсан" гэлээ.

Ленинградын бүслэлт хэмээн алдаршсан энэ үеэс амьд үлдсэн хүмүүс болон түүний ар гэрийнхэнд сард 400 евротой тэнцэх хэмжээний тэтгэмж өгдөг байна. Энэ нь энгийн тэтгэвэрээс хоёр дахин илүү гэсэн үг юм.

Ерөнхийлөгч Владимир Путины эцэг мөн Ленинградын баруун фронтод тулалдаж байсан гэдэг.

Энэ ойд Ленинградыг чөлөөлөхөөр оролдож байсан улаан армийн дайчид байрлаж байжээ.

Сайн дурын цэрэг Игорь Волкунов "Энэ ойд оршуулж амжаагүй олон цэргийн булш байдаг. Бид өмнө нь 6 цэргийн цогцос эндээс олсон. Тэдний эдлэл хэрэглэл ч бас олддог. Эсгий гутлын үлдэгдэл, хугархай сам, дашмаг, үүргэвч, цүнх, калибер бууны үлдэгдэл гээд. Үүнээс харахад цэргүүд 1942-43 оны өвөл энэ ойд байсан гэсэн үг" гэж яярьж байна.

Сайн дурын хайгуулчдын ачаар энэ жил 3000 гаруй цэргийн шарилыг олж, дахин нутаглуулжээ. Цэргүүдийн хэн бэ гэдгийг энгэртээ зүүсэн пайзуудаар нь таньж оршуулсан байна. Сүүлчийн цэргийн цогцсыг олтол дайн дуусаагүй гэж үзэж байгаа сайн дурынхны зорилго бол эх орны төлөө амиа өгөхөөс ч буцахгүй сэтгэлийг хойш үедээ өвлүүлэх гэнэ.

1968 онд байгуулагдсан нацистуудын үеийн Ленинградыг харуулсан музейд одоо ч гэсэн сургуулийн хүүхдүүдийн хичээлийн программд суугдсан, Ленинградын түүх гэдэг хичээл орж байна.

Энэ хичээлийн үеэр тухайн үеийн иргэдийн хөтөлсөн тэмдэглэл, бие биедээ бичсэн захидлыг уншиж сонирхуулдаг байна.

Тухайн үеийн Ленинградын нөхцөл байдлыг эргэн санавал:

Ладог нуураар дамжин Петерградын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж, энэ замыг "амьдралын зам" гэж нэрлэж байсан юм. Гэхдээ нацистуудыг Ладог нуурын орчмыг тасралтгүй бөмбөгдөж, өлсгөлөнг давж зугтсан иргэд зам зууртаа амиа алдсан юм.

Нөхцөл байдал хүнд байсан ч хотын амьдрал алхам алхмаар үргэлжилж л байсан юм. Хотын иргэд амьд гарахын тулд нэгдэж, театрууд нээлттэй, соёлын арга хэмжээнүүд явагдаж байсан гэдэг. Нацистуудын гар дор хот эзлэгдсэн үед хөгжмийн зохиолч Дмитрий Шостакович 7-р симфониа бичсэн гэдэг. 1942 оны 8-р сарын 9ны өдөр Ленинградын радио түүний энэ бүтээлийг чанга дуугаар явуулсан байдаг. Ленинград хот, хотын ард иргэд нацистуудын эсрэг тэмцсээр байгааг бэлэгдэн, тэдний бэлэг тэмдэг болсон түүний концертыг радиогоор чанга яригчаар хот даяар хүргэж байхад Ленинградын дээрээс нэг ч бөмбөг унаагүй гэж бичсэн байдаг.

Түүхчид Ленинградын алдарт бүслэлтийн энэ 900 өдрийн туршид нэг сая хүн амиа алдсан, магадгүй бүр илүү олон хүн ч амиа алдсан байж мэднэ гэж үздэг. Эх орны дайны эхлэлийн цэг болж, эхний фронтод тэмцсэн Лениградын иргэд одоо ч Орос орны бахархал хэвээр байна.

Бэлтгэсэн С.Чулуунцэцэг

Эх сурвалж: MNC телевиз 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Altaa

      (77.218.255.248) 2017-10-29 01:40
      • 0
      • 0

      Hunii mah iddeg baisan humuusiin ur udam ni urjij olshirson yum bnda

      Хариулах