Д.Сумъяабазар сайд лиценз олголтыг түр зогсоолоо

Twitter Print
2017 оны 10-р сар 24-нд 13:51 цагт
Мэдээний зураг,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзан ажил байдалтай нь танилцсан. Тэр үеэрээ төрийн өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид шударга үнэнчээр ажиллах ёстой болохоос лиценз нэртэй алга дарам А4-ийн цаас зардаг наймаачдыг өөгшүүлсэн байдлаар ажиллаж болохгүйг хатуу анхаарууллаа. Мөн нийтээрээ нэр нь унаад байгаа салбараа өөд нь татаж, улсдаа эзэн шиг сэтгэлээр хандан ажиллах чиглэлийг өгсөн. Энэ үеэрээ журам, тогтоолын цоорхойгоор гажуудаад байгаа лиценз олголтын асуудлыг эргэн харж зөв гольдролд оруулахын тулд тушаал гаргаснаа тус газрын дарга Б.Баатарцогтод өглөө. 

Тогтоолд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авахтай холбоотойгоор олон нийт, аж ахуйн нэгжийн зүгээс санал, гомдол ихээр ирүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм, журам, заавруудыг цэгцлэх шаардлага тулгарсан. 

Иймд Засгийн газрын 2017 оны 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай” тогтоол болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулж, тухай бүр авсан арга хэмжээний талаар Сайдын зөвлөлд танилцуулж байхыг үүрэг болголоо” гэсэн байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.