Д.Эрдэнэбат: 72 тэрбум төгрөгийг ЖДҮ-д төсөвлөснийг ойлгохгүй байна

Twitter Print
2017 оны 10-р сар 24-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байнгын хорооны гишүүд саналаа хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Төсвийн тодотголыг буцаахдаа АН-ын зүгээс хоёр үндсэн зүйлийг баримталсан юм. Нэгдүгээрт, тодотгол заавал шинэ Засгийн газраар шүүгдэх ёстой, хоёрдугаарт төсвийн орлого буурсан, зарлага зайлшгүй нэмэгдсэн үед Төсвийн тухай хуулиар заавал тодотгол хийгдэх ёстой хуулийн заалтыг зөрчсөн байна гэж завсарлага авсан. Завсарлага өнөөдөр дуусч байна. Гурван зарчмын санал гаргаж тавьсан юм. Үүнд 1.Хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох ёстой, 2.Албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх ёстой, 3.Орлого нэмэгдсэн тохиолдолд үүнийгээ эдийн засгийн дараагийн хуримтлал болгох ёстой гэсэн гурван асуудлыг тавьсан байгаа.

Шинэ Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг бид ядаж цалингаа нэмэгдүүлж чадахгүй юм гэхэд он дуустал урамшууллын хэлбэрийг ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчихгүйгээр оруулж ирж байнаа гэж ойлгож байна. Шинэ Засгийн газар цалин зарцаасан асуудлаа ОУВС-тай хэлэлцэж цэгцлэх юм уу, үгүй юм уу. Энэ асуудал дээр төр өөрийн бодлоготой байх юм уу гэдгээ тайлбарлаач. Концессын төлбөрийн асуудлыг гэрээгээр зохицуулагддаг зүйлийг бид аудит хийх нь зөв. 2018 он гарангуут гэрээний зөрчилд ороод торгууль төлөх болчих юм биш биз дээ. Мөн 72 тэрбум төгрөгийг ЖДҮ-д буюу гишүүдэд тэрбум төгрөг гэж тооцсон байгааг ойлгосонгүй. Энэ хаанахын ямар тохиролцоо ороод ирэв. ЖДҮ-ийн сан гэж тусдаа сан бий шүү дээ. Олон ажлын байр бий болгодог санг төрийн эрх баригчид нийлээд тэрбум төгрөгөөр хуваагаад төсөвт тодотгол маягаар оруулж ирнэ гэдэг хэний санаа вэ, хэн хариуцлага хүлээх вэ. Энэ бол маш завхарсан асуудал шүү.

Мөн төсвийн төслөөс харахад олон хэмнэлт гарахаар харагдаж байна. Үр ашиггүй зардлуудыг хасах нь зөв. Энэ хэмнэлтийг хаана нь оруулж өгөх вэ гэдгээ тодорхой болгох ёстой" гэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар мөн багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг хөндлөө. Засгийн газраас багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг судалж байгаа гэдгийг ажлын хэсгийн зүгээс хэлэв.

Төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэх бус нэг удаад 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгох санал оруулжээ. Ингэхдээ төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаад 300 мянган төгрөг буюу нийт 54 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохоор төсвийн төсөлд тусгажээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.