М.Энхдалай: Любэг тоглуулчихаад маргааш нь бүтэн өдөржин унтана даа...

Twitter Print
2017 оны 11-р сар 08-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн зунаас л ОХУ-ын алдарт фолк рок хамтлаг “Любэ” Монголд тоглолтоо хийх тухай зар түгж эхэлсэн билээ. Алдарт Любэ хамтлагийг урьж, тоглолтыг зохион байгуулж байгаа “Орос дуу хөгжим” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхдалайтай уулзаж ярилцсанаа уншигчиддаа толилуулж байна.

-За сайхан намаржиж байна уу. Өөрийгөө болон содон нэртэй ТББ-ынхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг М.Энхдалай гэдэг, “Орос дуу хөгжим” ТББ-ын Гүйцэтгэх захирлын алба хашдаг. Миний үндсэн мэргэжил бол кино зохиолч, найруулагч юм.

-Кино зохиолч, найруулагч хүн мэргэжил сонирхол ойр болохоор Орос дуу хөгжимд татагдсаар “Орос дуу хөгжим” хэмээх сонирхолтой ТББ байгууллага байгуулсан болов уу?

-Нэг бодлын тэгж хэлж болох юм шиг. Гэхдээ би бүр хүүхэд байхаасаа л алдарт “Любэ” хамтлагийн бүх л дууг сонссоор ёстой л “Любэ”-гээр өвчилсөн гэж хэлж болно. Үнэндээ миний ертөнцийг үзэх үзэл, амьдралыг ойлгох, хүмүүстэй харилцах гээд бүх л зан төлөвт минь “Любэ” хамтлагийн дуу хөгжим үнэхээр их нөлөө үзүүлсэн гэж боддог. Энэ хамтлагийн дуунууд, түүний утга агуулгаар хүмүүжиж “Любэ”-гээр амьдарч ирсэн гэж хэлж ч болох юм. Хүүхэд наснаас минь тогтсон том мөрөөдөл бол “Любэ”-гийнхэнтэй уулзах, дэргэдээс нь гайхамшигтай тоглолтыг нь ганц удаа ч болов үзэхсэн гэсэн дэврүүн хүсэл байсан. Ингэж явсаар өнгөрсөн дөрөвдүгээр сард яг бүр зорьж очоод “Любэ”-гийнхээ тоглолтыг үзэж, хамтлагийн ахлагч ОХУ-ын Ардын жүжигчин, “Нэгдмэл Орос” намаас Төрийн Думын гишүүнээр сонгогдсон Николай Расторгуевтай уулзан зураг хөргөө татуулж, гарын үсгийг нь авч анхныхаа яриаг хийчихээд ирсэн. Анх хэдэн жилийн өмнө “Монголд Любэг тийм олон хүн сонсдоггүй, сонирхдоггүй байх” гэж  тун гэнэхэнээр төсөөлж явсан юм. Тэгээд Любэг сонсдог хүн аль хэр байдаг юм бол гээд Любэ хамтлагийн фенүүдийг сонирхон гурван жилийн өмнөөс фейж хуудас ажиллуулаад үзсэн чинь гайхмаар тоо гарч ирсэн. Өнөөдрийн байдлаар Любэгийн үнэхээрийн үнэнч фенүүдийн тоо 12 мянгыг хол давчихаад явж байна. Тэгээд л Монголд Любэгийн үнэнч фен ийм олон мянган хүн байдгийг бодоод “Ерөөсөө л Любэг Монголд урьж тоглуулъя” гээд зүтгэчихсэн. Ингээд албан ёсоор урилга заллагаа явуулсан, тэд ч маш сайхнаар хүлээн авч зөвшөөрснөө илэрхийлсэн. Уг нь анх наадмын дараа буюу найм юмуу есдүгээр сард зохион байгуулахаар ярьж байсан ч ОХУ-д үнэхээрийн алдартай энэ хамтлагийн тоглолтын хуваарь маш шахуу, аль эрт гарчихдаг болохоор хойшлуулахаас өөр аргагүй болсон юм. Тэгээд явсаар ирэх 12 дугаар сарын 8, 9-нд Буянт-Ухаагийн Спорт цогцолборт тоглохоор болоод байна.

-Уг нь бол яриа хэлэлцээр аль эрт дөрөвдүгээр сард эхэлсэн юм байна шүү дээ. Болдогсон бол арай жаахан эрт, есдүгээр сарын дундуур ч юмуу Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглуулсан бол илүү сайхан болох байсан байх даа?

-Тэр ч тийм л дээ. Даанч Любэ маань байнга аялан тоглолттой, хуваарь нь маш шахуу байдаг юм билээ. Бид анхнаасаа л урин дулаан цагт задгай талбайд тоглуулахаар бэлтгэлээ базааж байсан боловч тэд нарынхаа нөхцөл байдлыг аргагүй харах, хүлээх шаардлагатай болоод хойшилсон юм.

-Любэ хамтлаг бол өргөн уудам ОХУ байтугай Европ, Ази тэр дундаа Хятадад маш олон сонсогч, фенүүдтэй гэдэг. Монголд фен клубт нь 12 мянган үнэнч дэмжигч байна гэхээр аргагүй л үнэнийг дуулдаг туйлын алдартай хамтлаг юм даа?

-Яах аргагүй амьдралын үнэн, эх орон ард түмнээ хайрлах халуун хайр, цэрэг эх орны сэдэвтэй гайхалтай үг аялгуутай дуу дуулдаг болохоор Оросын ард түмний хамгийн хайртай хамтлагийн нэг байсаар ирсэн. Би анх 2001 онд Любэгийн  цомгийг санаандгүй байдлаар нэг хүнээс авч сонсоод л жинхэнэ улаан фен нь болчихсон. Любэгийн дуунуудын аялгуу нь гоё байлаа гэхэд үгнийх нь утга учир үнэхээр гайхамшигтай. Үг нь тийм үнэн, амьдралд ойр, эх орноо хайрлах халуун хайраар бичигддэггүй байсан бол би тэгтлээ шунан дурлаж, Любэгээр амьдрахгүй л байсан болов уу. Любэ бол зөвхөн амьдралын үнэнийг л дуулдаг. Дайны хүнд хэцүү цагт нэг нэгнээ гэсэн халуун сэтгэлээр ижилдэн дассан эрчүүдийн нөхөрлөл, эх орноо хайрлах чин сэтгэлийг дуулдаг болохоор, бас аав ээжийн минь надад бүр багаас хэвшил болгосон хүмүүжилтэй их ойр, дандаа давхцдаг учраас л Любэ хамтлаг миний амьдралын салшгүй нэгээхэн хэсэг болсон юм. Ямар ч хүн эхлээд ээж аавдаа, дараа нь эх орондоо халуун хайртай байх ёстой тийм биз. Хамгийн гол нь Любэ үүнийг л чин сэтгэлээсээ дуулдаг болохоор Орос шиг тийм өргөн уудам, агуу орныг дуу хөгжмөөрөө байлдан дагуулж чадсан шигээ Европ болон Азийн орнуудад ч түгэн дэлгэрсэн болов уу.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин залуучуудтай хийсэн нэгэн уулзалтынхаа үеэр “Любэ хамтлаг Оросын залуу үеийг эх оронч, нөхөрлөлдөө үнэнч, баатарлаг үзлээр хүмүүжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг. Та бүхэн үүнийг ч бас бодолцож Любэг Монголд тоглуулах ажлыг зохион байгуулж байгаа болов уу?    

-Тийм. Ер нь өнгөцхөн харахад л Любэгийн фенүүд бүгд л мэддэг л дээ. Хамтлагийн ахлагч ОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн Думын гишүүн Николай Расторгуев болон тус хамтлагийг үүсгэн байгуулагч, продюссер Игорь Матвиенко нар бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй нам нэгтэй төдийгүй хамгийн сайн найз нөхдийн холбоотой хүмүүс л дээ. Бид хамгийн гол нь Любэг Монголд тоглуулснаараа ОХУ Монгол Улсын найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаанд ч өөрийнхөө хэмжээнд тус нэмэр болох юм болов уу гэж бодолцсон юм. Халхын голын дайны үед Орос ах нар Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө ямар ч эргэлзээгүйгээр Японы суман мөндрийн эсрэг дайран орж амь насаа алдаж байсныг одоогийн хүүхэд залуучуудын ихэнх нь сайн мэдэхгүй л явж байгаа. Монголчууд ч Гетлерийн фашистууд Орос оронд халдан довтолсон дэлхийн II дайны хүнд бэрх цагт агт морьд, алт мөнгөө ч харамлалгүй ах нартаа илгээж байсныг түүх гэрчилдэг. Ах дүүгийн найрамдалд энэ сайхан харилцаа 1990-ээд оноос ихээхэн цалгардаж, зарим үед тасрах шахаж байсныг Монголын залуучууд сайн мэдэхгүй л давхицгааж байгаа. Гэхдээ үүнийг ярихаар улстөржлөө гэж битгий буруугаар ойлгоосой. Би өөрөө улстөрөөс их хол байдаг хүн. Хамгийн гол нь миний үзэл санаанд хүүхэд наснаас гүн бат тогтсон ойлголт, үзэл санаа бол “Хүнд хэцүү цагт бидэнд тусалж байсан хүмүүст бид эргээд ач санаж туслах ёстой” л гэсэн бодол байдаг. Гэхдээ Любэд бид тусална гэж ч юу байх вэ. Харин Любэг Монголд авч ирж тоглуулснаараа Монголын залуу үед жаахан ч гэсэн юм бодуулж “Орос дуу гэдэг ийм учиртай байдаг юм байна. Любэ гэж ийм сайхан хамтлаг байдаг юм байна” гэж бодуулж, танилцуулж чадвал л бидний гол зорилго биеллээ гэсэн үг юм. Би өөрөө Орос ах нарт аль болохоор элэгсэг дотно байхыг хичээдэг нь ч Любэг урьж тоглуулах санаа төрөхөд нөлөөлсөн нь тодорхой ч гэсэн хамгийн гол нь ямар ч орчуулагч, хөгжим тайлбарлагч шаардагдахгүй нь хөгжмийн гайхамшиг, Любэгийн ая эгшгийн гайхалтай яруу зохицолтой шууд холбоотой болохыг тоглолтыг ирж үзэх хүмүүс шууд л мэдрэх болов уу. Тэгээд ч энэ тоглолтын эхэнд ОХУ болон Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлнэ гэж бодож байгаа. За тэгээд Любэ өөрсдийнхөө хит болсон 30 дуугаа дуулна. Тэдгээр нь мэдээж “Атас”, “Не валяй дурака Америка”, “Батько Махно”, “Комбат”, “Конь”, “Позови меня тихо по имени”, “Давай за”, “Солдат”, “Ты неси меня река”, “Там за туманами”, “Березы” гээд гайхамшигтай дуунууд нь байх нь тодорхой. Түүнээс гадна тоглолтын дундуур Монголын рок попын нэртэй хамтлаг дуучид болон фен клубын зүгээс Любэгийнхэндээ зориулан ая эгшигээ өргөхөөр төлөвлөж байгаа.

-Өөрөө кино зохиолч, найруулагч мэргэжилтэй гэсэн. Мэдээж Орос хэлийг сайн мэддэг болов уу. Хаана ямар сургууль төгссөн бэ?

-Би Ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Д.Жигжидийн нэрэмжит кино урлагийн дээд сургуулийг 2007 онд найруулагч мэргэжлээр төгссөн. Миний анхны багш бол Энхжаргал гэж үнэхээрийн авъяастай сайхан багш байсан. Харамсалтай нь ид хийж бүтээж байсан насандаа бурханы харьяат болсон доо, хөөрхий. Тэр багшдаа өнөөдөр ч гэсэн баярлаж, хайрлан дурсаж явдаг. Түүний дараа биднийг даан авч төгсгөсөн багш бол Драмын театрын Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар гэж найруулагч байсан. Харин яг практик дадлагыг Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн багш дээрээ хийж төгссөн. Ийм сайхан багш нарын гараар орж найруулагч мэргэжил эзэмшсэндээ их талархаж, өөрийгөө их азтай хүн гэж бодож явдаг. Ингээд сургуулиа төгссөний дараа 2009 оноос анхныхаа уран бүтээлийг хийж эхэлсэн. Одоогоор найман киноны зохиолч, найруулагчаар ажиллаад байна.

-Ямар ямар кино байна. Нэрийг нь хэлж болох уу?

-Бололгүй яах вэ. За анх сургууль төгсөхдөө “650” гэдэг инээдмийн киноны найруулагчаар ажиллаж байлаа. Тэгээд “03 30” гэдэг сэтгэхүйн аймшгийн киног “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Ойдов ахын “Нисванисын хорлол” туужаас сэдэвлэн хийж байсан. За тэгээд “Ерөнхийлөгчийн туслах” гээд хүүхдийн кинон дээр мөн л зохиолч найруулагчаар ажилласан. Түүний дараагаар 2015 онд би зохиолыг нь бичсэн “Аав” кино дэлгэцэнд гарсан. Энэ киногоороо 2015 оны “Академи авардс” кино наадмын “Шилдэг кино зохиолч” шагналын эзнээр тодорч байсан. Өө нээрээ мартах гэж байна. Үүнээс өмнө 2013 онд “Ерөнхийлөгчийн туслах” киногоороо “Шилдэг залуу найруулагч”-ийн шагнал авч байсан юм байна. Тэдгээрээс хойш “Бид 3-ын болзоо”, “Хоёр гүүрний цаана” кинонуудын зохиолч найруулагчаар ажилласан. Мөн “Мөрөөдлийн театр”-ын “Одод болохын хүслэн” киноны зохиолчоор ажиллаж байлаа. Өнгөрсөн хугацаанд иймэрхүү л уран бүтээлүүд хийж дээ.

-Өнөөдрийн ТББ-ууд “Лантуун дохио”, “Либерал  Эмэгтэйчүүдийн оюуны сан”, “Монголын боловсрол төв”, “Эмнести Интернэшнл” , “Орхон XXI зуун”, “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”  гэх мэт тодорхой гүйцэтгэх үүрэгтэй, нийгэм рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг, түүнийгээ ч тодорхойлсон нэршилтэй байдаг. Харин танайх бол “Орос дуу хөгжим” ТББ. Яагаад тусгайлсан ийм ТББ байгуулъя гэсэн бодол санаа төрсөн нь сонин санагдаж байна?

-Манайх бол энэ 2017 онд байгуулагдсан шинэхэн ТББ байгаа юм. Хамгийн анхны томхон үйл ажиллагаа маань Любэ хамтлагийг Монголд тоглуулахаар гэрээ хэлцэл хийж урьсан явдал юм. Бид анхандаа сайн мэдэхгүй шуурч очоод Любэгийн тоглолтыг үзэж яриа хөөрөөгөө эхэлсэн юм. Гэтэл иймэрхүү далайцтай ажлыг албан ёсны ажил хэргийн түвшинд зохион байгуулахад тамга тэмдэг хэрэгтэй болсон учраас бид энэ ТББ-аа байгуулсан юм. Тэгээд анхныхаа томхон ажлаа ОХУ-д алдартай фолк рок Любэ хамтлагийг Монголд тоглуулахаар эхэлж байгаагаа бодолцон “Орос дуу хөгжим” хэмээн ТББ-аа нэрлэсэн учиртай юм. Энэ төсөл маань их амжилттай хэрэгжих нь тодорхой. Тэгээд залгуулаад Оросын алдартай хамтлаг дуучдыг Монголд урьж тоглуулах талаар ч бодолцсон зүйл байгаа.

-Би сая Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга М.Мөнхсайхантай уулзахад “Уг нь манайх хамтран ажиллахаар төлөвлөж байсан юм. Гэхдээ одоо “Орос дуу хөгжим” ТББ тэр ажлыг хариуцан хийж байгаа. Тэгэхээр   Гүйцэтгэх захирал Энхдалайтай нь уулзаж ярилцах хэрэгтэй” гэсэн л дээ? 

-Тийм ээ. Уг нь энэ тоглолтыг өнгөрсөн есдүгээр сард тоглуулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байсан гэж би түрүүн дурдсан. Тухайн үед Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга М.Мөнхсайхан тэргүүтэй хүмүүс хамтраад явж байсан юм. Тэгээд гэрээний нөхцөл өөрчлөгдсөн тул одоо бид дангаараа энэ ажлыг хариуцаад явж байна. Гэхдээ бид сайн найз нөхөд, андууд учраас энэ том ажилд чадлынхаа хэрээр тусална гэдгээ М.Мөнхсайхан маань илэрхийлсэн байгаа. Одоогийн байдлаар Любэг Монголд авч ирж тоглуулах үүд хаалгаа албан ёсоор нээчихээд ханцуй шамлан ажилдаа ороод л байж байна. Тоглолтыг Буянт-Ухаагийн спорт цогцолборт 12 дугаар сарын 8,9-нд зохион байгуулахаар ажиллаж байна.

-ОХУ-д ихэд алдаршсан Любэ хамтлаг Монголд тоглох гэж байгаа нь үнэхээр сайхан байна. Монголчууд Любэг халуун дотноор хүлээн авах нь ч тодорхой. Ингэхэд Буянт-Ухаагийн Спорт цогцолбор маань 5000 орчим хүний суудалтай байх аа?   

-Уг нь тийм юм билээ. Гэхдээ том тайз засах болохоор 1000 суудал хасагдахаар болоод байгаа. Ингэхээр 4000 суудалтай болно гэсэн үг. Гэхдээ бид тайзны урдхан тусгай суудлууд засч энгийн болон тусгай, мөн зогсоо гэсэн гурван байрлалтайгаар тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

-Энэ том хамтлаг мэдээж багагүй үнээр айлчлан ирэх нь тодорхой. Түүнийг дагаад  тасалбарын үнэ ч нэмэгдэж таарна. Ингэхэд тасалбарын дундаж үнэ хэд байх бол?

-Энгийн суудал 40 мянга байна. Харин зогсоо байрлалын үнээ тохироогүй байгаа. Харин цөөхөн тусгай суудлын үнээ 300 мянгаар тогтсон байгаа. Мэдээж Любэ асар өндөр үнээр ирж байгаа. Бид үнэхээр том эрсдлийг үүрч энэ ажлыг хийж байна. Хамгийн гол нь ОХУ-д асар их нэр хүндтэй, энэ том хамтлагийг Монголд анх удаа тоглуулахаар нэгэнт зориглож ажлаа эхлүүлчихсэн болохоор одоо буцах шантрах зүйл байхгүй.

-Монгол Улс спортын том зүтгэлтэн, урлагт ч элэгтэй Ерөнхийлөгчтэй болсных Х.Баттулга гуайд энэ ажлынхаа талаар дуулгаж амжсан уу. Туслалцаа дэмжлэг хүсвэл дэмжиж магадгүй л юм даа? 

-Харин тийм. Би энэ талаар бодсон л доо. Гэхдээ эхлээд үүд хаалгаа нээчихье, тэгээд дараа нь ярьж үзнэ дээ гэж. Өнгөрсөн тав дахь өдөр тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө шилжүүлж, тасалбар борлуулах эрхээ авчихаад байгаа. Бидний хувьд ямар ч байсан төрийн тэргүүнээ тоглолтондоо урина гэж бодож байгаа. Яагаад гэвэл хувь хүн талаасаа надад үнэхээр их таалагддаг л даа. Бид зөв хамтлагаа урьж эхний ажлууд хийгдчихсэн болохоор Ерөнхийлөгч маань биднийг дэмжих байх гэж бодож байгаа шүү. Мэдээж бид одоогоор асар их мөнгөн дүн сонссон болохоор хүндрэл бэрхшээл бол их байна. Гэхдээ энэ бүхний ард гарч л таарна. Одоогоор бид тоглолтын ерөнхий спонсороо олоогүй л байгаа. Гэхдээ “Mr.Pizza”, Улаанбаатар төмөр зам ТӨХК-ууд дэмжигч байгууллагаар оролцож тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр тусалж байгаа. Маркетинг талд “Монгол Аиди” гэдэг компани 100 хувь оролцон ажиллаж байна. Энэ гурван компанид их баярлаж байгаагаа танай сайтаар дамжуулан илэрхийлэх нь зөв байх.

-Өнгөрсөн тав дахь өдөр урьдчилгаа мөнгөө шилжүүлж тасалбар борлуулах эрхээ авсан нь бас л том ажлын ард гарсан хэрэг шүү. Үндсэндээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш л Любэг Монголд тоглуулахаар зүтгэчихсэн болохоор жаахан ядарч, заримдаа итгэл алдрах үе ч тохиолдож байсан байх даа?  

-Тийм шүү. Байнга мөнгө бодож, хамтран ажиллах байгууллага эрж сурсаар яваад жаахан ядарч л байна. Гэхдээ 12 дугаар сарын 8,9-нд Любэгээ тоглуулчихаад маргааш нь бүтэн өдөржингөө унтаж ядаргаагаа тайлна даа. Тасалбар борлуулалтын тухайд бол ирэх 11 дүгээр сарын эхнээс борлуулж эхлэхээр төлөвлөж байгаа.

-Өнөөдрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад нь нэг удаа хөдөө хамт явахад жолооч нь ихэвчлэн Любэгийн дууг тавиад явах шиг байсан. Мөн саяхан Морин хуурын чуулгын 25 жилийн ойн хүндэтгэлийн Гала тоглолтын нээлтэн дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Морин хуурын чуулгынхныг 2018 онд хувцас хэрэглэлээ сольж сайжруулахад нь зориулаад 50 сая төгрөг хандивлаж байна лээ. Эдгээрийг бодолцож шинэ Засгийн газарт хандвал тус дэм болж магадгүй дээ?

-Энэ их сайхан мэдээлэл байна. Би ч бас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эрс зоримог хүн тул Любэг сонсдог байх гэж боддог байсан юм. Өөрийн зүгээс тэр хүмүүстэй холбогдохыг хичээе. Би өөрөө л гүйж харайж тэдгээр хүмүүстэй уулзаж учир байдлаа тайлбарлахгүй бол төрийн завгүй их ажилтай хүмүүс чинь мэдэхгүй, сонсохгүй шүү дээ. Ер нь энэ бүхний ард нэг л зүйл байгаа юм. Юу гэвэл Любэ гэдэг чинь “Эх орон” л гэсэн үг. Тэгэхээр Любэгийн тоглолтыг үзэж эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг, найз нөхөрлөлдөө үнэнчээр ханддаг, зориг баатарлаг сэтгэхүйтэй хүмүүс улам олшроосой гэж л бодож энэ том ажлыг зориглон барьж авч тодорхой үр дүнд хүрээд явж байна. Цаашдаа зорьж байгаа том мөрөөдөл бол Любэ шиг зөвхөн амьдралын үнэн, эх орон, эмээгээ дуулдаг, талхны тухай, төрөлх хотынхоо тухай, өдөр болгон суудаг трамбай автобусныхаа тухай, авга ахынхаа тухай, найз нөхдийнхөө тухай, дайны хүнд бэрхийн тухай дуулдаг ийм нэг сайхан хамтлагийг Монголд төрүүлэн гаргаж ирэх юмсан гэж бодож явдаг юм.

-Уран бүтээлч хүний хувьд яг одоогоор Любэгийн тоглолтыг зохион байгуулахаас гадна ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна?

-За яг одоогоор төлөвлөсөн зүйл бол 12 дугаар сарын 10 бүтэн өдөржин унтах ажлаа л төлөвлөж сууна. Тэр хүртлэх өдрийн тухайд л өдөржин шөнөжин бодоостой, байнгын их ачаалалтай өдрүүд л үргэлжлээд явж байна. 12 дугаар сарын 10-ыг дуустал надад өөр юм бодох тэнхэл, сэхээ ч алга. Харин түүний дараа нэг сайхан сэргэж аваад шинэ киноныхоо ажилд ханцуй шамлаад л орж явчихна даа.

-Тэр ямар кино байх вэ?

-Одоогоор надад маш олон кино зохиол ирчихээд байгаа. Тэр бүхнийгээ уншиж байгаад л сонголтоо хийнэ дээ. Үндсэндээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Любэгээр амьсгалж яваа болохоор уран бүтээлийн ажил таг зогсчихоод байгаа. Мэргэжлийн уран бүтээлчийн хувьд киноныхоо ажлыг үнэхээр их санаж байна. Ямар ч гэсэн Любэг тоглуулчихаад нэг сайн амарч аваад үндсэн ажилдаа орно оо. Ер нь жилд дор хаяж нэг уран бүтээл дээр ажиллахгүй бол зэврэх аюултай байдаг юм. Ямар ч гэсэн шинэ жилээс өмнө шинэ киноныхоо моторыг дуугаргана даа.

-Любэгийн дараа ОХУ-ын ямар шилдэг хамтлаг дуучдыг урьж тоглуулах зорилго,мөрөөдөлтэй байгаа бол?

-“Любэ Монголд” төслөө амжилттай хэрэгжүүлчихвэл дараа нь ярилцаж байгаад сонголтоо хийж ОХУ-ын шилдэг хамтлаг дуучдыг авч ирж тоглуулах бодол бий. Гэхдээ манай ТББ-ын нэр “Орос дуу хөгжим” гэснээс шалтгаалан ганц ОХУ-ын хамтлаг дуучдаар хязгаарлагдана гэж ойлгож болохгүй. Бид яваандаа Их Британаас хамтлаг дуучид урьж тоглуулах сонирхол, хүсэл эрмэлзлэлтэй байгаа.

-Манай Улаанбаатар хот маань 1.3 сая хүнтэй томоохон полит хот болчихлоо. Тэгэхээр ОХУ-ын алдарт Любэ хамтлагийн хоёр өдрийн тоглолт болох Буянт-Ухаагийн Спорт цогцолбор тэдгээр өдрүүдэд хөл гишгэх зайгүй дүүрэн үзэгчтэй байх болтугай гэсэн бэлгэ дэмбэрэлтэй үгээр ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна?  

-Бид бүхний зам дардан, их амжилт хүлээж байгаа байх гэж бодож байна. Бид яг ний нуугүй үнэнийг хэлэхэд ашиг харж энэ том төслийг эхлүүлээгүй юм шүү. Бид хамгийн гол нь энэ ажлын ард эрсдэлгүй гарах шаардлагатай. Дээр нь Любэгийн үнэнч фенүүд болон дууг нь сонсдог, талархалтай ханддаг маш олон хүнийг баярлуулах ёстой юм. Бидний энэ тоглолтоос хүлээж байгаа туйлын хоёр зорилго маань нэгдүгээрт “Эх орончид улам олон болох болтугай”, хоёрдугаарт “Монголд Любэ шиг амьдралын үнэнийг аялгуулаг сайхнаар дуулдаг хамтлаг дуучид олноороо төрөн гарах болтугай” гэсэн чин хүсэл л байгаа юм.  

-За та бүхний ажилд амжилт хүсч, энэ том ажлынхаа ард урам зоригтой гарахыг ерөөе?

-Ерөөлөөр болог, их баярлалаа. Бид чаднаа.

Любэ хамлагийн түүх...

ОХУ-ын алдарт Любэ хамтлагийг 1989 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хөгжмийн зохиолч Игорь Матвиенко үүсгэн байгуулжээ. Тэр цагаас хойш ахлагч, гоцлол дуучнаар нь Николай Расторгуев ажиллаж байгаа бөгөөд тэрээр 2007 онд ОХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн, "Нэгдмэл Орос" намаас ОХУ-ын Төрийн Думын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Любэ хамтлагийнхан фолк рок, Орос ардын дуу, цэргийн дуунуудыг түлхүү дуулдаг. Тэднийг алдарт гаргасан дуу нь АТАС. Дараа дараагаар нь "Не валяй дурака, Америка", "Не губите мужики", "Батько Махно,”Комбат”, “ Позови меня тихо по имени”, “Давай за”, “Ты неси меня река”, “Березы”,“Там за туманами”, “Солдат” зэрэг олон дуу гаргаж маш их амжилтанд хүрчээ. Тус хамтлаг одоогоор 16 цомог гаргаж, 15 клип хийсэн байна. Ихэнхдээ байлдаантай кинонуудын дууг дуулдаг

Хамтлагийн ахлагч Расторгуев, Николай Вячеславович  одоо 60 хүрч яваа. Тэрээр  их нийтэч, бас сайхан сэтгэлтэй нэгэн. Анх Любэ хамтлаг байгуулагдсан цагаас эхлэн хамтлагийн уур амьсгалд гол нөлөө үзүүлдэг хүн нь байсан төдийгүй, өдгөө ч Любэ хамтлаг оршин тогтносоор байгаа нь энэ эрхэмийн нөлөөлөл юм. Түүний өвөрмөц хоолой, мөн дуундаа сэтгэл зүрхнээсээ хандаж, дуугаараа үзэл бодлоо илэрхийлж байгаа нь дан ганц Орос ах нараас гадна олон улс гүрний ард иргэдийн сэтгэл зүрхийг татдаг.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (43.242.243.7) 2017-11-08 11:45
      • 0
      • 1

      Сайхан тоглолт зориг гарган зохион байгуулж байгаа залууд баярлалаа. Тасалбар зарж байгаа мэдээлэл, утас тавьбал их зүгээр байна шүү.

      Хариулах

    • Уншигч

      (49.0.157.69) 2017-10-24 10:47
      • 0
      • 8

      Энэ сайт үнэхээр гэгээлэг сайхан мэдээлэл материал тавьдаг үнэхээрийн уншууртай сайн хамт олон юм. Ялангуяа энэ сэтгүүлчийн материалыг унших их дуртай. Энэ ямар сайхан мэдээлэл вэ, баярлалаа. Би ч Любэгийн улаан фен, тоглолтыг нь заавал үзнэ. Харин билет нь хаагуур зарагдахыг сурвалжлан дамжуулж өгөх байх гэж найдаж байна, баярлалаа ажлын их амжилт хүсье.

      Хариулах