Удирдагчаа бэлдэх ухаан

Twitter Print
2017 оны 10-р сар 20-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр ХКН-ын ээлжит 19 дүгээр их хурлын нээлтийн ажиллагааг зурагтаар анхааралтай үзлээ. Манай эрх баригч намын төлөөлөгчид уг хуралд урилгаар оролцож, хэвлэл мэдээллийн байгууллагынхан хурлын үйл ажиллагааг сурвалжилж удахгүй уншигчдадаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх буй за. Харин би энд хурлын нээлт, тайлан илтгэлтэй холбогдсон цөөн хэдэн сэтгэгдлийг сийрүүлье.

01. Юуны өмнө ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зинь Пингийн тайлан илтгэл гурван цаг гаруй үргэлжилсэн нь тавьж байгаа хүндээ байтугай үзэж суугаа над мэтэд ч амаргүй санагдаж байлаа. Хятадын удирдагч удахгүй жаран тав хүрэх гэж байгааг та бүхэн мэдэх үү? Энэ үүднээс харахад том улс гүрэн удирдагчаа сонгохдоо эрүүл бие, саруул ухааныг нь айхтар сонжиж шинждэг байж таарна даа гэсэн бодол үес үесхэн бодогдож суулаа. Бие махбодийн чалх чадлаас гадна илтгэгчийн харц, дууны өнгө, намба төрх, хэлэх гэсэн үгээ чихэнд наалдацтай хэлж байгаа зэрэг нь энэ тал дээр цаагуураа бас л их бэлтгэдэг байж мэдэхийг илтгэнэ. Учир нь дэлхийн хоёрдох том гүрний удирдагчийн үг хэл, үйл хөдлөл болгоныг дэлхий даяараа анхааралтай ажиглан ширтэх учиртайг хятадууд айхтар улс болохоор юу эс андах билээ.

02. Гурван цаг үргэлжилсэн илтгэлийн утгын сүлжээ, үгийн жин банг аргагүй сайхан бодож тааруулжээ. «Ард түмний сайн сайхан амьдралд тэмүүлэх хүсэл мөрөөдөл бидний гол зорилго байх учиртай.» гэх буюу «2050 онд өөрсдийн тавьсан дээрх стратегийн зорилтыг хэрэгжүүлснээр Хятад улс дэлхийн хөгжингүй улс үндэстний эгнээнд толгой гэдгэр харц дээгүүр алхан орох болно оо.» гэсэн утгатай цогтой үгсийг сонссон олон хятад хүний сэтгэл омогшиж байсан байж таарна.

03. Илтгэлд дурьдагдсан буюу түүнтэй холбоо бүхий тоо баримтууд миний анхаарлыг хамгаас их татаж байлаа. 2023 он гэхэд Хятад улсын хүн ам тутамд оногдох дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээ 12 000 долларт хүрэх төлөвтэй байгаа нь дунд зэргийн хөгжилтэй улс орны хэмжээнд очиж байгаа хэрэг юм. Тэгвэл 2027 онд дотоодын нийт бүтээгдхүүний үйлдвэрлэлийн хэмжээгээр АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж судлаачид тогтоожээ. Цэрэг батлан хамгаалах, шинжлэх ухааны шинэ нээлт, соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын дотоодын нийт бүтээгдхүүнд эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, өндөр чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах зэрэг асуудал Си Зинь Пин даргын илтгэлд чухал байр суурь эзлэжээ.

04. Үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөх асуудал Си Зинь Пингийн төр барьж байх хугацааны гол зорилтын нэг байсан юм. Хятадын соёлын үйлдвэрлэл улс орны үйлдвэрлэлийн гуравдагч чухал салбар болон хувирлаа гэж 2010 оны үед зарлаж байсан. Одоо бүр ч хол яваад өгсөн нь тодорхой. Тэгвэл интернэт сүлжээг ашигласан ажил үйлчилгээ хятадын эдийн засгийн тэргүүлэх салбар болж зөвхөн энэ салбарын үйлдвэрлэж байгаа өртөг нь Оросын дотоодын нийт бүтээгдхүүний үйлдвэрлэлийн хэмжээтэй тэнцэх болсныг хятадын хэвлэлүүд бичиж байна. Ер нь үйлчилгээний салбарын дотоодын нийт бүтээгдхүүнд эзлэх хувийн жин өндөр байх нь эдийн засгийн тогтвортой хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй байдаг тул хятадууд сүүлийн жилүүдэд энэ тал дээр дорвитой алхам хийж эхлээд байгаа хэрэг.

05. Улс үндэстэн болгон удирдагчаа бэлтгэх, тэднийгээ гаргаж ирэх тал дээр ихээхэн анхаардаг болсныг сүүлийн үед хөгжингүй улс орнуудад явагдаж байгаа сонгуулийн үр дүнгээс харж болно. 41 настай Канадын ерөнхий сайд Трудау, 39 настай Францын ерөнхийлөгч Макроныг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл төв европын хөгжингүй улс болох Австрийн ерөнхий сайдаар 31-хэн настай Курц гэдэг сайхан залуу саяхан сонгогдоно билээ. Насны залуу, царай төрхийн сайхнаас гадна ухааны цараа уудам, оюуны мэлмий гэгээн болохоороо л тэд тэр том улс гүрний төрийн сэнтийд төвөггүй залраа буй за. Ямар ч байсан үг хэлний уран чадвар, илтгэх урлагийг эзэмшсэн байдал нь энэ тал дээр ижил төвшинд бэлтгэгдсэн хүмүүс болохыг илтгээд байгаа.

06. Манай Монгол улс ч гэсэн дээр өгүүлсэн шалгуураар үндэсний удирдагчаа бэлддэг болохсон. Толгой нь жаахан ажилладаг удирдагчтай болчихоод тоосгон чинээ жижигхэн чипийг Монголын цэвэр сайхан байгальд тохирсон газар олоод үйлдвэрлэчихвэл 100 мянган доллараар үнэлэгдэх боломжтойг та бүхэн дуулсан уу? Тэгвэл нүүрс, зэсийн баяжмал зараад 100 мянган долларын ашиг олох гэж бас л мянган юм болж таарна даа. Жинхэнэ шалгарсан сайн үндэсний удирдагчийг аль нэгэн нам улс төрийн хүчин бус, цаг үе нь өөрөө төрүүлдэг бололтой. Тийм болохоор өөрийгөө сайн бэлдэж боловсруул! Залуус минь! Тэр гарамгай үндэсний удирдагч та өөрөө ч байх юм бил үү? Хэн мэдэх билээ?

Доржсүрэнгийн Болдбаатар, "Гэгээ" сургалтын төвийн захирал

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.9.90.233) 2017-10-20 12:31
      • 0
      • 0

      Удирдагчаа бэлдэх ухаан гэхээсээ илүү төрийн бодлогын залгамж чанар гэвэл илүү зохино.

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.34) 2017-10-20 11:44
      • 0
      • 0

      Udirdagchaa beldeh uhaan ni aav eejees ehlene!

      Хариулах