Уушигны урхаг намар сэдэрдэг...

Twitter Print
2019 оны 09-р сар 18-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

Энэ үгийг ээж маань багад их хэлдэгсэн. Ер нь уушиг гэлтгүй аливаа өвчний урхаг намрын улиралд сэдэрч хөдлөх магадлал өндөр байдаг хэмээн дорно дахины анагаах ухаанд үздэг ажээ. Дунд, ахмад насныхны хувьд намрын улиралд хууч өвчин тань сэдэрч байгаа бол сайтар эмчилгээ гам хийлгээд авбаас тэрхүү урхагийг ул мөргүй дарж авах сайхан боломж чухал өдийд байдаг гэнэ шүү. Учир нь жилийн бусад үед далд хэлбэр рүүгээ орчихоод тэр болгон мэдэгдэхгүй байх тохиолдол олонтоо байдаг аж.

Ер нь хөдөлгөөн эрүүл байхын үндэс гэдэг нь өрнө дорнын анагаах ухааны нийтлэг үзэл боловч намрын улиралд ширүүн хөдөлгөөн хийж хөлсөө их урсгах нь төдийлөн оновчтой бус гэж дорнын анагаах ухаанд үздэг. Учир нь намрын улиралд биеийн амин илч дотогшилж байдаг болохоор ширүүн хөдөлгөөн, хөлс урсгах зэрэг нь түүнтэй харшлах магадлал өндөр байдаг ажгуу

"Шатар бол амьдралын хураангуй тусгал болой." хэмээн Унгарын алдарт шатарчин Сюзан Полгарын үгийг саяхан олж үзэв. Ер нь шатар гэлтгүй хэрхин ажиллаж, хөдөлгөөнтэй байхын сацуу, хэвтэж суухыгаа хүртэл зохицуулахад ч хувь хүний амьдралын ухаан харагдаж мэдэхээр санагдана.

Өдөрт дөрвөөс дээш цаг тогтмол хөдөлгөөнгүй суудаг хүний хувьд таргалалтаас авахуулаад, чихэр шижин, зүрх судасны өвчин, хорт хавдраар өвчлөх магадлал эрс нэмэгддэгийг Австралийн эрдэмтэд саяхан олж тогтоосон байна лээ. Зарим талаар хэт суудалдаа шигдэх нь тамхи татахаас ч илүү хор хөнөөлтэй гэдгийг уншаад хүйтэн хөлс чийхармаар болж байдаг шүү.

Цагаан мах гарах шамбарам өвчний урхаг зөөлөн суудлаас үүдэлтэй болохыг та бүхэн дуулсан байх аа. "Арван эрийн ес нь шамбарамтай байдаг." хэмээх нангиадын зүйр үг буй. Тэр дагуу ч гэх юм уу, би хар залуугаараа шамбарамтай болчихоод чамгүй шаналдаг байж билээ. Өглөө болгон босоод "Өвчтэй хэсгийг" амьсгал авахдаа 10 удаа чангалж амьсгаагаа түгжиж байгаад хэдэн секундын дараа буцааж суллан тавиад бай. Тэгвэл зүгээр болдог гэсэн нангиадын хуучны арга байдаг гэж хамт ажилладаг нэг эгч маань зөвлөснийг хэсэг хугацаанд хийж үзсэн. Дээр нь зөөлөн суудлаас татгалзаж хатуу модон сандалтай нөхөрлөсөн маань ч чамгүй үр дүнгээ өгч билээ. Та нар ч гэсэн тийм эмгэгээр шаналдаг бол энэхүү эмгүй эмчилгээг туршаад үзэхэд гэмгүй.

Дунд ахмад насныханд шээс задгайрах зэрэг түрүү булчирхайн үрэвслийн хам шинжүүд түлхүү илэрдэг нь бас л нөгөө удаан суултын гэм хор байдаг ажээ. Нангиадын тэжээхүй ухааны ёсонд түүнийг эмчлэн засах гол аргаар алхах, зогсох явдлыг нэрлэсэн байх юм.

Миний нэг танил хятад өвгөн номын хүн л дээ. 60 хол гарсан атлаа сууж юм уншиж бичихийг нэг нүдээрээ үзэхгүй. "Номын хүн чинь тэгээд яадаг хэрэг вэ?" хэмээн та гайхаж байж мэдэшгүй. Зогсоогоороо бичиж дадсан юм.

Ер нь аль ч насныхан гэлтгүй хэмжээтэй сууж хэвшицгээхийн сацуу зөв алхаж, гишгэх зэргээр зохистой хөдөлгөөний хэмнэлтэй болцгооё. Ер нь эрүүл саруул байхын өөр нэгэн том урьдач нөхцөл нь "Сэтгэлийн амгалан тайван байдал" байх шүү гэдэг өөрийн санаагаа ч энэ завсар хавчуулсу.

Доржсүрэнгийн Болдбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.