Бие, хэл, сэтгэлийг цэвэр ариун хадгална гэдэг туйлын чухал

Twitter Print
2017 оны 10-р сар 18-нд 15:43 цагт
Мэдээний зураг,

Бие, хэл, сэтгэлээр үйлдэгддэг гэх 10 хар нүгэл бий. Сэтгэл гэдэг нь харин 10 хар нүглийн суурь болдог. Иймд нүглийг тэвчье гэвэл сэтгэлээ ариусгах хэрэгтэй. 

Эдгээрийг тэвчиж чадсанаар өөрөөрөө дамжуулан нийгмийг цэвэр байлгахад бидний оруулж буй хувь нэмэр болох нь. Ингэснээр бидний ирээдүй бас цэвэр ариун ёс суртахуунтай болоход нөлөөлнө.

Иймд гэгээрлийн замд хүрэхийг хүсэгч хүн бүр бие, хэл, сэтгэлээ ямагт цэвэр авч явахын чухлыг үргэлж санаж явах ёстой. 

Биеийн үйлийн ариун байдал гэдэг нь:

1.Амьтан алахгүй, 

2.Хулгай хийхгүй, 

3.Буруу хурьцлаас зайлсхийхийг хэлнэ.

Хэлний үйлийн ариун байдлыг хадгална гэдэг нь:

4.Худлаа хэлэхгүй, 

5.Хов зөөхгүй, 

6.Ширүүн үг хэлэхгүй, 

7.Дэмий чалчихгүй байхыг хэлнэ.

Сэтгэлээ цэвэр байлгана гэдэг нь:

8.Шунах, 

9.Хорлох, 

10.Буруу үзэл зэргийг зайлуулна гэсэн үг.

Сэтгэл гэдэг нь 10 хар нүглийн суурь болдог. Сэтгэлээ номхотгохгүй, зөв бурууг шүүж дэнслэж тунгаахгүй бол өөрөө ч мэдэлгүй нүгэл буюу өөртөө ч өрөөл бусдад хор хөнөөлтэй үйл үйлдэж зовлонгоос зайлж чадахгүйд хүрнэ.

Иймээс бие хэл сэтгэлийг цэвэр ариун хадгална гэдэг бол туйлын чухал юм.

Буян нүгэл гэдэг нь лам хүмүүсийн л ярьж явдаг дөжирмөөр нуршаа үг биш, нийгмийн цэвэр аюулгүй байдалд таны оруулж чадах хувь нэмэр гэдгийг ухаарах нь чухал.

Ёс суртахуунтай хүн ямар шашин шүтдэг шүтдэггүйгээс үл хамааран нүгэл гээд байгаа дээрх арван зүйлийг үйлддэггүй.

Хажуу дахь, тойрон байгаа хүмүүс сайнаар хандана уу, муугаар хандана уу хамаагүй, сэтгэлээ номхотгосон түвшин зангаа байнгад баримталж буянт үйлээ үргэлжлүүлж яваа хүмүүсийг бид жинхэнэ сайн хүмүүс хэмээнэ. Бурханы сургаалыг үнэхээр хүртсэн, бие сэтгэлийн дасгалыг хөгжүүлсэн хүн л үргэлж тайван дөлгөөн сэтгэлтэй байж чадах жинхэнэ сайн хүн юм.

Хэрэв бидний сэтгэл хайр энэрэл, нигүүлсэнгүйн сэтгэлээр дүүрсэн байвал аливаа муу үгэнд сэтгэл хөдлөхөө болино. Уур хилэн, үзэн ядах мэдрэмжээс гарч ирэх аливаа бүдүүлэг муу үгсийг бид уруул давуулахгүй байх ёстой.

Nan Choi

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.