Монголоо алдаршуулсан Морин хуурын чуулгын 25 нас...

Twitter Print
2017 оны 10-р сар 18-нд 12:02 цагт
Мэдээний зураг,

Монгол урлаг, хөгжмийн  гайхамшигаар  даян дэлхийн сонорыг 25 жил мялаасан Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулга 25 жилийнхээ ойтой золгож, хүнээр бол эрийн цээнд хүрч байна. Хоёрхон утастай морин хуураар хорвоог уярааж, хотлыг шуугиулсан Морин хуурын чуулга бол Монгол Улсын нэгэн гайхамшиг гэдэгтэй Монголчууд төдийгүй Япон, БНСУ, ХБНГУ, Франц, АНУ гээд дэлхийн  30 гаруй   орны үзэгч сонсогчид өнгөрсөн 25 жилийн хугацаанд санал нэгдсэн нь тодорхой. Дэлхийд өөр байхгүй морин толгойтой хуур хөгжмөөр Монгол Улсаа 25 жил даян дэлхийд сурталчилж ирсэн уг чуулгын үүх түүхийг сонирхвол Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж нийтээрээ бужигналдаж байсан 1992 оны долоодугаар сард Засгийн газрын тогтоолоор Морин хуурын чуулга байгуулах шийдвэр гарч 1993 оны нэгдүгээр сараас тухайн үеийн Хөгжим бүжгийн дунд сургууль дээр байрлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Ингээд бэлтгэл сургуулилтаа тогтмолжуулсаар 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо үзэгч түмэндээ сонирхуулжээ. Удсан ч үгүй 1994 оны зургаадугаар сарын 1-нээс мөн л Засгийн газрын тогтоолоор Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн бүрэлдэхүүнд орж төрийн ёслол хүндэтгэлийн концертууд, тусгай арга хэмжээнүүд болон “Алтан намар”, “Морин хуур” зэрэг дуу хөгжмийн наадмуудад тогтмол оролцох болжээ.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Ардын жүжигчин, төрийн шагналт С.Гончигсумлаа, Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Б.Шарав, төрийн шагналт З.Хангал, Ц.Чинзориг, Ц.Нацагдорж, Б.Мөнхболд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг, Д.Баттөмөр, залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Д.Түвшинсайхан болон Ж.Бизе, Дж. Пуччини, П.И.Чайковский, А.Дворжак, А.Хачатурян, Хэ Жин Хау, Чен Кай зэрэг Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлийн баялаг урын сантай болж дэлхийн 20 гаруй орны үзэгчдийн сонорыг мялаасан гавьяатай. Морин хуурын чуулга эрийн цээнд хүрсэн 25 жилийн хугацаанд Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын 1200 орчим бүтээлийг урын сандаа оруулан тоглож үзэгчдийн хүртээл болгожээ.

Ардын жүжигчин Ц.Батчулуун агсны үүсгэн байгуулсан Морин хуурын чуулга эрийн цээнд хүрсэн 25 жилийнхээ хугацаанд Японд хамгийн олон удаа буюу 30 гаруй удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж ур чадвараа гайхуулснаас гадна  Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын танхим,  Германы Берлиний филармони, Нью-Йорк хотын НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхим зэрэг дэлхийд алдартай  тайзан дээр хоёрхон  утастай  Морин хуур хөгжмийнхөө гайхамшигт аялгууг эгшиглүүлж, 2003 онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн нь Монгол Улсын бас нэгэн нэрийн хуудас болж даян дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ажгуу.  

25 нас хүрч эрийн цээнд хүрсэн Морин хуурын чуулгынхан энэ сарын 21-ны хагас сайн өдрийн 15:00 цагт Соёлын төв өргөөнд баярын тоглолт хийх бөгөөд энэ тоглолтондоо өнгөрсөн 25 жилийн хугацаанд урын сандаа багтаасан Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг эгшиглүүлэх аж. Энэ талаар Морин хуурын чуулгын Уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр, концертместер, нэр морин хуурч Н.Жигжиддорж, менежер, морин хуурч Ж.Уугантуяа болон Улсын филармонийн маркетингийн албаны дарга Г.Алтан-Од нар мэдээлсэн юм.

Н.Жигжиддорж: Хөгжмийн зохиолчдын залуу халаа сэтгэл түгшээх, эмзэглүүлэх хэмжээнд очоод байгаа.

-Энэ жил Улсын филармони, Морин хуурын чуулгын тухайд түүхэн үйл явдлууд давхацсан жил болж байна. Морин хуурын чуулгын 25 жилийн ойн хүрээнд ямар ямар үйл ажиллагаа болох вэ?

Улсын филармонийн симфони  найрал хөгжим байгуулагдсаны 60 жил, Улсын филармонийн 45 жил, манай Морин хуурын чуулгын 25 жилийн ой гэсэн олон сайхан тэмдэглэлт ой давхцаж цуврал арга хэмжээнүүд давхацсан өдрүүд тохиож  байна. Манай Морин хуурын чуулгынхан  25 жилийн ойгоо угтсан уран бүтээлийн ажлаа өнгөрсөн нэгдүгээр сараас явуулж эхэлсэн. Гэхдээ 25 жилийн гол арга хэмжээнүүд энэ 10 дугаар сард явагдаж байгаа гэж ойлгож болно. Ирэх баасан гараг буюу 20-нд Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, удирдаач, нэрт сурган хүмүүжүүлэгч  Ардын жүжигчин Ц.Батчулуун багшийнхаа  дурсгалыг хүндэтгэн Аида бурханы цэцэрлэгт хүрээлэнд  цэцэг өргөснөөр гол үйл ажиллагаа маань эхлэх болно. Түүний дараа багшийнхаа дурсгалд зориулсан хөрөг нэвтрүүлгийг Улсын филармонийн концертын танхимд иргэдэд үзүүлнэ. Дараа нь Морин хуурын чуулгын үүсэл хөгжил, өнөөдрийн урын сангийнхаа тухай, чуулгынхаа ирээдүйн талаар  эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. Харин 21-нд 25 жилийнхээ ойн гол Гала концертыг тоглоно.

-Ер нь энэ жил Морин хуурын чуулга хэдэн тоглолт хийсэн бэ. Гадагшаа явсан уу?

-Манай Морин хуурын чуулга  5, 10, 15, 20 жилийнхээ ойг нэлээн ач холбогдол өгч тэмдэглэсээр ирсэн. Тухайн жилүүдэд концертын программуудаа байнга шинэчилж, Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр урын сангаа баяжуулсаар ирсэн. Өнгөрсөн жилийн 12 дугаар сараас хойш “Торгоны хээ” болон  киноны хөгжмийн тоглолт, өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгодог хөгжмийн долдугаар сард “Монголын сайхан орноор” зэрэг тоглолтоо хийсэн байгаа. Эдгээр тоглолтуудад программын хувьд ихээхэн шинэчлэл хийсэн. Удахгүй ирэх бямба гарагт болох 25 жилийнхээ Гала тоглолтод тэдгээр шинэ уран бүтээлээсээ голчлон оруулж үзэгчдийн хүртээл болгоно. Анх 1992 оны дөрөвдүгээр сарын 16-нд Морин хуурын чуулгын анхны тоглолт болсон өдрийг жил болгон тэмдэглэж тоглолт хийдэг. Энэ жилийн тухайд Япон болон Францын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг тоглосон нь ихээхэн өвөрмөц болсон гэж үзэж байгаа. Киноны хөгжмийн тоглолтын тухайд урын сангийнхаа 80 хувийг шинэчилж тоглосон. Энэ жилийн 25 жилийн Гала тоглолтын тухайд бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд хийгдсэн том хэмжээний уран бүтээлүүдийг түлхүү оруулж байгаагаараа онцлогтой. Ялангуяа хөгжимчдийн ур чадварыг ихээхэн шавхсан бүтээлүүд тоглогдох гэж байгаа нь үзэгчдэд багагүй таалагдах болов уу. Манай Гала тоглолтод “Никитон” хамтлагийн дуучин Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа болон нэртэй уртын дуучид, Ардын жүжигчид оролцож ая дуугаа өргөнө.

-Өөрөө АНУ-д сургуульд явсан. Сургуулиа төгсчихсөн үү?  

-Яг мэргэжлийн сургуульд яваагүй ч жил гаруйн хугацаанд АНУ-д  хэлний мэдлэгээ сайжруулахын хажуугаар Нью-Йоркийн  дэлхийд алдартай тайзан дээр Монголоос анх удаа бүтэн концерт тоглох зэргээр тун завгүй байж байгаад ирсэн. Нэлээн хэдэн гэрээт тоглолт хийсэн. Нью-Йоркд байдаг Азийн үнэт эдлэлүүд хадгалагддаг музейд соло концерт тоглосон. Мөн “Марко Поло” цуврал киноны хоёрдугаар улирлынх нь бүх хөгжмийг тоглож бичүүлсэн гээд уран бүтээлийн багагүй олз омогтой яваад ирсэн.

-Морин хуурын чуулгын 25 жилийн ойн Гала концертод том хэмжээний бүтээлүүд тоглогдоно гэлээ. Тухайлбал ямар бүтээлүүд байгаа бол?

-Энд залуу хөгжмийн зохиолч Өлзийбаярын “Морин хуур симфони найрал хөгжмийн II концерт”, Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Жанцанноровын ятгын II концерт зэргийг дурдаж болно. Хөгжимчдийн ур чадварыг жинхэнэ утгаар нь сорьсон өөр ч олон бүтээлүүд бий.

-Морин хуурын чуулгын урын сангийн цөмийг Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров болон Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Б.Шарав нарын бүтээлүүд эзэлдэг. Тэднийг залгамжлах залуу хөгжмийн зохиолчид  хэр олон байна?

-Энэ асуудал бол ганц Морин хуурын чуулга гэлтгүй нийт Монголын хөгжмийн урлагт нүүрлээд байгаа харангын дохио гэж хэлж болно. Тэдгээр нэрт хөгжмийн зохиолчдын залуу халаа сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд очоод байгааг хаа хаанаа бодолцож урлагийн сургуулиуд, эрдэмтэн багш нар, ер нь Монголын нийгэм анхаарлаа хандуулах цаг нь нэгэнт болчихоод байна. Ер нь Монголын хөгжмийн урлаг, сонгодог урлаг энэ асуудлыг тал талаас нь тунгааж авъяаслаг залуу хөгжмийн зохиолчдыг бүх талаар дэмжин тусалж гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа. Ер нь хөгжмийн зохиолчдын залуу халаа сэтгэл түгшээх, эмзэглүүлэх хэмжээнд очоод байгаа.

-За Монголын урлагийн нэгэн томоохон төлөөлөл болсон Морин хуурын чуулгын 25 жилийн ойд амжилт хүсч уран бүтээлчдэд нь  сайн сайхныг хүсэн ерөөе?

-Их баярлалаа. Танай сайтын уншигчдад сайн сайхныг хүсч манай ойн тоглолтыг ирж сонирхоорой гэж урьж байна, баярлалаа. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Нанзад

      (49.0.157.69) 2017-10-18 14:05
      • 0
      • 0

      Морин хуурын чуулга ч үнэхээр Монголын нэгэн бахархалт нэрийн хуудас шүү. Тоглолтынх нь билет хэд бол үзэх юмсан. 2014 онд Японд явж байхдаа Нагояд тоглоход нь үзэж байсан. Үнэхээр бахархмаар гайхамшигтай тоглолт байсан. Япончууд мэл гайхаж цэл хөхөрнө гэгч нь л болж байсныг дэргэдээс нь харж бахархаж омогшиж суусансан.

      Хариулах