МХЕГ-аас архины 28 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлэв

2017 оны 10-р сар 12-нд 20:13 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын тогтоол дагуу согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн захиргаааны хэм хэмжээ, стандартын хэрэгжилтэд МХЕГ, ХХААХҮЯ хамтран хяналт шалгалт хийжээ. Энэхүү шалгалтад улсын хэмжээнд нийт 71 аж ахуй нэгжийн 83 согтууруулах ундааны үйлдвэрүүд хамрагдсанаас 44 буюу 53 хувь нь нийслэлд, 39 буюу 47 хувь нь орон нутагт бүртгэлтэй байгаагаас 48  буюу 57 хувь нь үйл ажиллагаа нь зогссон байдалтай байгаа аж.

Тус шалгалтад хамрагдсан нийт 83 согтууруулах ундааны үйлдвэрээс үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, эрсдэлийн үнэлгээ хийгдсэн 35 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээхээр, согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх гэрчилгээний хугацааг зохих журмын дагуу сунгуулаагүй, тусгай зөвшөөрлөө сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон, хуулийн этгээд татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргасан, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй 28 үйлдвэрийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 11 ААН-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг МХЕГ-аас ХХААХҮЯ-нд хүргүүлжээ.

Мөн “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль,  Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэл хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулах тухай саналуудыг холбогдох газруудад хүргүүлэн ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар архины үйлдвэрийн тоо 48 байгаа бөгөөд энэ нь 2012 онд 75 байсантай харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлт. Засгийн газрын тогтоолоор 2012 оноос хойш архины 43, спиртийн 6, дарсны 5, пивоны 7 нийт 61 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Үүний зэрэгцээ ҮСХ-ноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр байсан бол 2015 онд 7.2, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1 литр байсан бол 2015 онд 25.3 литр болж буурчээ. Манай улс энэ үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан 182 орноос 76-д жагссан байна.

Цаашид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол боловсруулж батлуулах, тусгай зөвшөөрлийг сунгахдаа тогтмол үйлдвэрлэл явуулж байгаа эсэхийг харгалзан үзэх, нэг хүнд ногдох архи, пивоны хэрэглээг багасгах шаардлагатай юм. Түүнчлэн үйлдвэрүүд дотоод хяналтаа сайжруулах, хяналтын лабораториа итгэмжлэлд хамруулж, багаж хэрэгслийг шинэчлэх, бүтээгдэхүүнийхээ хаяг шошгоны мэдээлэлд хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, зохистой хэрэглээний талаар заавал тусгах зэргийг МХЕГ-аас сануулж зөвлөлөө.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.