Иракийн Мосул хотыг дахин сэргээн босгох ажил эхэлжээ

2017 оны 10-р сар 12-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Иракийн Мосул хотыг Исламын улс бүлэглэлийн гараас салгаад гурван сар өнгөрч байна. Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг дэлхийн хоёрдугаар дайнаас хойших төв суурин газарт болсон анхны томоохон мөргөлдөөн гэж олон улсын ажиглагчид дүгнэдэг. Хотын баруун хэсгийн иргэд эргэн хотдоо ирсэн ч барилга байшингийн нуранг, энд тэндгүй булсан тэсрэх бөмбөг иргэдийн амьдралд саад болсон хэвээр байна.

Олон улсын эвсэл Иракийн хамтарсан агаарын цохилт Мосул хотыг үндсэндээ газартай тэгшилсэн гэж хэлж болно. Одоо Мосул хот олон зуун хүний цогцос, хаа сайгүй газар булсан тэсэрч дэлбэрэх бодисоор дүүрсэн хот болон үлджээ. Мосул хотын хамгийн алдартай Ал-Нури сүмийг ч Исламын улс бүлэглэл нураасан юм.

Мосул хотын баруун хэсэг дайнд хамгийн их өртөж, ундны ус, гэрэл цахилгаангүй болсон байна. Иракийн хоёр дахь том хот болсон энэ хотын иргэд амь зогсоохын тулд өдөр хоногийг арай хийн өнгөрүүлж байна.

Ганц нэг дэлгүүрийг эс тооцвол ажлын байр, үйлдвэрүүд бүгд хаалгаа барьсан. Иргэд гудамж цэвэрлэх, хог тээвэрлэх зэрэг ажил хийж хэдэн динар олж амьдралаа залгуулж байна.

МОСУЛ ХОТЫН ИРГЭН хэлэхдээ "Би өнөөдөр хүүхдүүддээ найдаж амьдарч байна. Хэрэв тэд мөнгө олбол бид хоолтой, үгүй бол хоолгүй амьдарч байна. Манай хүүхдүүд цемент зөөх, хог тоох гэх мэт нийтийн ажил хийж бага зэрэг мөнгө олдог" гэв.

Иймэрхүү нөхцөл байдалд бяцхан худалдаа эрхлэгчид ч мөн зохицон амьдарч байна.

Бас нэгэн иргэн "Манай дүүргийн иргэдийн 80 гаруй хувь нь буцаж ирсэн. Заримдаа хүмүүс мөнгөө төлөөд худалдан авалт хийнэ. заримдаа зээл тавина. Бид хоорондоо зохицоол амьдарч байна" гэлээ.

Моссулын баруун хэсэгт цэвэр ус үгүй болсон. олон улсын хүмүүнлэгийн байгууллага өдөрт хоёр удаа ус тээвэрлэн авч ирдэг байна.

Сүүлийн гурван жил "исламын улс" бүлэглэлийн гарт байсан иргэдийн хувьд мартаж чадахааргүй өдрүүд ардаа өнгөрүүлсэн бол хүүхэд залуучуудын хувьд сургуулиас завсардсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд сургуулиудын үүд хаалга нээлттэй байсан ч исламын улс бүлэглэлд элссэн иргэдээс бусад нь хүүхдээ сургуульд явуулдаггүй байсан юм. Сургууль бүхэлдээ хүүхдүүдийг шашны хэт үзэлд уруу татах зорилготой тархи угаах хэрэгсэл болж байсан юм.

Захын дүүргийн нэгэн сургуулийн захирал "Манай сургуульд шаардлагатай материал болох юм юу ч үлдээгүй. Юуны түрүүнд эд материалын тусламж харин дараа нь сурагчдад сэтгэлзүйн тусламж шаардлагатай байна" гээд "Исламын улс бүлэглэл хотыг эзлэхэд сургуулийг үндсэнд нь хоёр хувааж, сурагчдыг охид хөвгүүдээр нь ялгасан. Сургууль энэ хугацаанд нээлттэй байсан ч 600 сурагчаас ердөө 12 нь хичээлдээ ирдэг байсан. Эцэг эхчүүд сургалтын хөтөлбөр үндсээрээ өөрчлөгдсөн учраас хүүхдүүдээ ирүүлэхээ больсон. Өөрөөр хэлбэл сургуульд хэрхэн хүний аминд хүрэх вэ гэдэг хичээл орж эхэлсэн гэж хэлж болно. Надад ямар ч цалин өгдөггүй, хааяа тамхи цалин болгож өгдөг байсан. Заримдаа бүр үхмээр санагдах үе ч байсан" гэлээ.

Сургуулийн хүүхдүүдийн хувьд бага насныхан гранат, буу зэвсэг тоолж байсан бол ахлах ангийн хүүхдүүдэд буу зэвсгийн хүрэх чадварыг тооцоолох хичээл орж, нэг ёсны дайнд бэлтгэж байжээ.

Лалын хэт үзэлтнүүдээс чөлөөлөгдөөд гурван сарын нүүрийг үзэж байгаа Моссул хотод одоо ч гэсэн иракийн арми нэгжлэг явуулж, оршин суугчдыг исламын улс бүлэглэлтэй холбоотой эсэхийг шалгаж байна.

Моссул хотын иргэдийн дийлэнх нь суннит учраас Исламын улс бүлэглэл 2014 онд энэ хотод хүчээ авахад илүү хялбар байсан гэж хэлж байна. Тодруулж хэлбэл Иракийн засгийн газар, нийслэл хот бүхэлдээ шийт урсгалын шашинтай учраас моссулын иргэдтэй итгэлцэл муу байсныг ийнхүү ашиглан хотыг бүхэлд нь эзэлсэн юм.

Одоо ч гэсэн шашны энэ зөрчил үргэлжилж байна. Суннит иргэд дийлэнх болсон моссулын зарим дүүргүүдийг шийт цэргүүд хянаж байгааг битүүхэн эсэргүүцсэн иргэд цөөнгүй байна.

Моссулын удирдагчийг хэнээр томилохоос хамаараад энэ хотод дахин эмх замбараагүй байдал үүсэх эсэх шалтгаалахаар байна.

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 
 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.