Г.Баасан: Олон нийтийн зөвлөлийнхөн АТГ-ын даргын өрөөнд орж чадахгүй байгаа

Twitter Print
2017 оны 10-р сар 11-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 -УБТЗ-Д АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ АЛБАН ТУШААЛЫН ТОМИЛГОО ЯВАГДСАН-

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Олон нийтийн зөвлөл есдүгээр сарын 25-наас үйл ажиллагаагаа эхэлсэн. Нийт 25 өргөдөл, гомдол хүлээн аваад байна.

УБТЗ-д ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалын томилгоо явагдсан гомдлыг хянан шалгалт дүн шинжилгээний хэлтэст хүргүүлснээр 10 дугаар сарын 02-нд хууль зөрчсөн томилгоог шийдвэрлэсэн байна. 

Тухайлбал: 

  • Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар авлигалын хэрэгт холбогдож байсан хүн,

  • Худалдан авах ажиллагааны албаны даргаар залилангийн гэмт хэрэгт ял завшсан хүн,

  • Хөдөлмөрийн харилцааны албаны даргаар хулгайн гэмт хэргээр зургаан жилийн ял эдэлж байсан хүнийг томилсон байна. 

Үүнийг 10 дугаар сарын 10-ны өдөр шалгаж үзэхэд дээрх хүмүүсээс хоёрыг нь орлогч дарга гэсэн албан тушаал дээр хадгалаад үлдсэн нь тогтоогдлоо.

Мөн ЗТХ-ийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Lexus-570 маркийн машины улсын дугаарыг өөрчлөн алба, амины хэрэгцээнд ашиглаж байгаагаа хэвлэлээр мэдэгдээд байхад АТГ өнөөг хүртэл шалгаж таслан зогсоохгүй байна.

Олон улсад байгаа оффшор дансыг шалгах төсөв хөрөнгө АТГ-ын гүйцэтгэх ажилтны албанд сүүлийн гурван жил тасарсан. Тийм учраас олон улсад хөл гараа хүргэж, оффшорын эсрэг тэмцэх чадвар алга.

Манай байгууллага бүх ажлаа төрийн хуулийн дагуу албан бичгээр өгч хариугаа албан бичгээр авч байгаа. Олон нийтийн зөвлөлийнхөн АТГ-ын даргын өрөөнд орж чадахгүй байгаа. Оруулах хүсэлт тавиад боломжгүй гэсэн хариу өгсөн.

Гэхдээ АТГ-ын дарга бид нарыг өрөөндөө оруулах байх. Хэн ч орж чадахгүй өрөө авлигатай тэмцэхгүй. Мөн олон нийтийн төвийн өрөөнд орж чадахгүй байгаа. Бид асуудал тавьсан" гэлээ. 

-АВТОБУСНЫ СЭЛБЭГ АВАХДАА ШУУДАЙНЫ ҮЙЛДВЭР РҮҮ БИЧИГ ЯВУУЛСАН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН-

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Батсуурь "Зорчигч тээврийн нэгтгэл, автобус 1-р баазын үйлдвэрчний эвлэлийн холбооноос есдүгээр сарын 27-нд олон нийтийн зөвлөлд долоон гэрээтэй цуг албан бичиг өгсөн.

Урьд нь АТГ-т энэ бичгээ бас өгч байсан юм билээ. Өгсөн материалууд доторх ганцхан жишээг хэлье. "Тэнүүн цацрал" компанийн захирал аж ахуйн нэгжийнхээ гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар М.Эрдэнэбаярыг томилов гэсэн байгаа юм. Гэрээн дээрээ М.Эрдэнэбаяр гээд гарын үсэг зурчихсан байгаа.

Тэгсэн мөртлөө албан бичиг дээрээ М.Мэндбаяр гэж бичээд, Эрдэнэбат гэж гарын үсэг зурсан байна. Энэ мэтийн тендерийн гэрээ, үнийн саналын зөрчил их байна. Мөн зорчигч тээврийн нэгтгэлийн Баасанжав гэдэг хүн хүсэлт явуулж, үнийн санал авдаг юм байна.

Энэхүү хүсэлт дээр нь хардлага төрүүлсэн зүйл гарсан. Тухайлбал автобусны сэлбэг авахдаа шуудайны үйлдвэр рүү бичиг явуулсан зөрчил илэрсэн. 

Улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх үйл ажиллагаа явуулах чиглэл нь ганцхан тааран шуудайны үйлдвэрлэл гэж тусгагдсан шуудайны үйлдвэрт сэлбэг байгааг Баасанжав дарга яаж мэдсэнийг мэдэхгүй. Энэ бол их эргэлзээтэй асуудал. Энэ талаар 10 дугаар сарын 04-нд АТГ-т бичиг явуулсан. Эрүү үүсгээд шалгагдаж байгаа гэсэн бичиг өгсөн" гэлээ. 

Д.Түвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.