Төрийн сангийн зээлээр гадаадад сураад буцаж ирж ажиллаагүй иргэдээр хохирлыг нөхөн төлүүлнэ

2017 оны 10-р сар 11-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ өнөөдөр “Олон нийтийн төв”-д хэлэлцүүллээ.

 

Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг тус яамны хүний нөөц, боловсон хүчний томилгоо, төрийн үйлчилгээ, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, төлбөр хураамж, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц зэрэгтэй танилцаж, дүгнэлт гаргажээ.

Салбарын хэмжээнд 22 албан тушаалтан тухайн албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Яамны  газар, хэлтсийн дарга нийт 15 удирдах албан тушаалтны 9 нь шинээр томилогдсон бөгөөд энэ нь боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг боловсролд суурилсан мерит зарчимд тулгуурлан томилох зарчим алдагдсан, сонгуулийн үр дүн, нам, улс төрийн нөлөөтэй гэж үзэхээр байна хэмээн Ажлын хэсэг дүгнэлээ. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 21 албан тушаалтанд 22.5 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

-СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААД УЛСАД СУРАЛЦСАН БОЛОВЧ СУРГУУЛИА ТӨГСӨӨД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ, АЛГА БОЛСОН НИЙТ 344 ОЮУТАН БАЙНА-

1997-2001 онд Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон нийт 344 оюутан бүртгэлтэй байх бөгөөд тэдэнд олгосон сургалтын төлбөр нь 8.3 сая ам.доллар болжээ. Дээрх 344 иргэний судалгаанаас Ажлын хэсэг Улсын бүртгэлийн сангаас түүврийн аргаар хайлт хийхэд 80 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд Сургалтын төрийн сантай байгуулсан барьцааны гэрээ бүртгэл байхгүй, 15 иргэний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнд сургалтын төрийн сангийн барьцаа бүртгэлтэй, 9 иргэн сургалтын гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн байв.

Иймд Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, Монгол Улсад ирж ажиллаагүй иргэдийн судалгааг Боловсролын зээлийн сангаас нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж Ажлын хэсэг үзлээ.

-ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУВИЙН СУРГУУЛЬ ХУВЬСАХ ЗАРДЛЫН САНХҮҮЖИЛТЭД АВСАН 72.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСӨВТ БУЦААН ТӨВЛӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ-

Хэлэлцүүлгийн үеэр өндөр төлбөртэй гэж яригддаг хувийн өмчийн ЕБС-ийн сургуулиудын 2016 онд төрөөс авсан хувьсах зардлын хэмжээг Ажлын хэсэг нэгбүрчлэн танилцуулав. Боловсролын салбарын мэргэжлийн холбоодтой Ажлын хэсгийн гишүүд уулзаж ярилцахад хувийн өмчийн өндөр төлбөр авдаг ЕБС, цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал олгож байгааг буруу шийдвэр, энэ их хэмжээний төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барьж байгуулах нь зүйтэй гэсэн саналыг Авлигатай тэмцэх газарт уламжилжээ. Тиймээс хувьсах зардлын хуваарилалт, тайланд дотоодын хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх, боловсролын салбарын санхүүжилтийн тогтолцоог илүү үр ашигтай, тэгш байдлыг хангасан, санхүүжилтийн үр дүнг тооцсон зохицуулалтыг салбарын төрийн захиргааны байгууллага боловсруулах нь зүйтэй гэж Ажлын хэсгээс яамны албан тушаалтнуудад зөвлөлөө. Мөн яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй нэр бүхий сургууль 2015-2017 онд хувьсах зардлын санхүүжилтэд авсан 72.5 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.

Эх сурвалж: АТГ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.140.34) 14 цаг 14 минутын өмнө
      • 0
      • 0

      BBRAVOOOOO!!!

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.34) 2017-10-17 13:27
      • 0
      • 1

      Sain bna

      Хариулах

    • ^

      (66.181.176.17) 2017-10-12 13:01
      • 1
      • 0

      Ovoo doo..Neg huuhed yavuulahad huviin tsetserel 10 saya avdag shuu dee. Tiimees, hubid ogson mungee avch, huvisgaliin tsetserlegiin hool, bagsh nariin tsalind ogoh heregtei

      Хариулах