“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд Чингэлтэй дүүргийн залуучууд нэгдлээ

2017 оны 10-р сар 09-нд 18:18 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эрдэнэ тав баг” төрийн бус байгууллагатай хамтран “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяны нээлтийг өнөөдөр  Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Энэхүү аяныг Чингэлтэй дүүргээс эхлүүлж байгаа бөгөөд 150-200 гаруй залуучууд аяны уриаг дэмжин нэгдэж,  Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болов.

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад удаагүй байгаа боловч залуучуудад хандсан олон шинэлэг ажил хийж байгаа. Түүний нэг нь залуучуудыг эерэг хандлагатай болгох, хотын соёлыг түгээх зорилготой өнөөдрийн арга хэмжээ юм. “Орчин үеийн нийгэмд харилцаа, хандлагын хүчин зүйлийн нөлөө өсөн нэмэгдэж байгаа бөгөөд эерэг сэтгэлгээтэй байх нь амжилтад хүрэх  үндсэн нөхцөл болдог. Аз жаргалтай хотын иргэн байя гэвэл Та “Эерэг амьдарцгаая” урианд нэгдэж их хотын соёлт иргэн гэдгээ ухамсарлаж, бусаддаа үлгэр дуурайл болж яваарай. Хүн бүрт сайн тал байдаг. Бие биенийхээ сайн талыг олж харж урам хайрлаж, дэмжиж байгаарай” хэмээлээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Бид энэхүү аяны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтыг нийслэлийн бүх дүүргийн иргэд,  оюутан залуусыг өргөн хүрээтэй хамруулан зохион байгуулах юм.  Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас боловсруулсан зөв 10 дадлыг танилцуулахад:

 

  • Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэн,
  • Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн,
  • Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг иргэн,
  • Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн,
  • Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн,
  • Санаачилгатай, оролцоотой иргэн,
  • Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн,
  • Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн,
  • Ногоон орчин бүтээдэг иргэн,
  • Цаг баримталдаг иргэн зэрэг асуудлуудыг тусгасан байгаа. Тухайбал ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн байх гэдэг ойлголт өргөн утгатай. Цонхоороо дээж өргөөд зогсоол дээр тавьсан машиныг бохирдуулах нь бие биенээсээ үргэлж хамааралтай оршин байх их хотын амьдрал, суурин иргэншлийн онцлогт тохирохгүй болоод байна. Үүнийг өнгөц харахад жижиг асуудал мэт боловч хотын соёл ба уламжлал, ёс заншлаа хадгалж үлдэх гэх мэт томоохон асуудлууд цаана нь байгаа. Тэгэхээр бид асуудлыг илүү нухацтай авч үзэх хэрэгтэй болоод байгаа тухай залуучууддаа таниулан сурталчилж байгаа юм” гэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.