Хоёр кофе захиалъя, нэгийг нь хананд...

Twitter Print
2017 оны 10-р сар 09-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Европчууд оросуудыг бодвол сэтгэлгээний далайц их өндөртэй болсныг нэгэн орос жуулчин тэмдэглэн үлдээжээ. Тэр өгүүлэхдээ "Орлого муутай, тааруухан хувцастай, эмзэг давхаргад хамаарах хүмүүст хэрхэн хандаж, үйлчилж байгааг нүдээр харсны хувьд бишрэхгүй байх арга алга" хэмээжээ.

Тэрбээр найзынхаа хамтаар нэлээд олон жилийн өмнө алдарт Венеци хотоос холгүйхэн орших замын нэгэн тухлаг кафед оржээ. Италийн амтат кофе тамшаалангаа ярилцан сууж байхад нь нэгэн эр уг газар орж ирсэн байна. Үйлчлэгчид хандан "Хоёр кофе захиалъя, нэгийг нь хананд" гэж хэлсэн нь түүнд их л хачирхууштай сонсогдож л дээ. 

Үйлчлэгч түүнд нэг аяга кофе авчирч өгөнгөө хоёрын тооцоо хийгээд сайхан тухлахыг хүсэн явж одов. Энэ нь орос эрийн сонирхолыг ихэд татсан тул тэдний энэ үйлдлийг анхааралтай ажиглаж байв.

Залуу хоёр аяганы мөнгө төлсөн мөртлөө нэгийг уусан даруйдаа гарч одов. Харин үйлчлэгч жижиг цаасан дээр "аяга кофе" гэж бичээд түүнийгээ хананд тогтоочихов.

Тэд ойр зуурын зүйлс хуучлангаа нэлээд удаан суусан байна. Энэ хооронд хоёр залуу ороод гарахдаа 3 аяга кофе захиалж төлбөр хийсэн мөртлөө хоёрыг нь уучихаад л гараад явсан аж. Тэднийг явсан хойгуур үйлчлэгч мөн л түрүүчийнхтэй ижил цаасан дээр бидэнд танил болсон нөгөө үгээ бичээд ханандаа өлгөчихөж билээ. Учир нь ойлгогдохгүй зүйл анх удаа харж байгаа болохоор ихэд гайхшраад л өнгөрсөн, бид ч тооцоогоо хийгээд л тэндээс гарсан юм.

Харин саяхан хэд хоногийн өмнө яг тэр газраар дайрч өнгөрөхдөө амтат кофегоо санан дахин саатсан юм. Энэ үед өмссөн хувцас тааруухан, зүдрүү царайтай нэгэн настай хүн орж ирээд баарны тавцангийн арын хана руу харцаа шидэнгээ үйлчлэгчид хандан "Өлгөсөнгөөс нэгийг авъя" гээд сандал татан суусан юм. Үйлчлэгч тэр даруй нэгэн аяга сайхан амтат кофе хийн түүнд өгөнгөө ялдам зангаар өглөөний мэндийг асууж тухлан суухыг хүсээд явлаа. Настай эр урдахаа уучихаад нэг ч мөнгө төлөлгүй гарч одсон юм.

Харин бармэн залуу ханан дээрх бичигнээсээ нэгийг нь ховхлон, базаад л хогийн сав руу хийсэн дээ.

Миний нүдээр туйлын дорой харагдсан тэр хүнд үйлчлэхдээ яг л бусад хүмүүстэй адилхан харьцаж үйлчилсэн тэр залууг хараад сэтгэл рүү нэг зүйл хүчтэй лугших шиг болон нүдний минь аньсага нойтон оргиод л ирсэнээ нуухгүй ээ.

Мөнгөтэй нэг нь сэтгэлээсээ "хананд өлгөөд", мөнгөгүй нэг нь доромж хандлага ирэх вий гэсэн айдасгүй орж ирэн үйлчлүүлээд үнэ нь аль хэдийн төлөгдсөн халуун ундаа уугаад гарч явах нь жирийн үзэгдэл юм байна хэмээн дурсжээ.

Энэ тал дээрээ европчууд орос биднийг холоо хаяжээ гэсэн санааг цухалзуулан тэмдэглэлдээ цэг тавьжээ.

Сайхан сэтгэлтэй хүмүүс бидний замд үргэлж таарч байх болтугай, Танд өглөөний мэнд!

Зоригт Лутаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.