НИТХ-ын дарга С.Амарсайхан: Цаашид улс төржиж, хувийн болон хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллахгүй

2017 оны 10-р сар 09-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Хаалттай горимд шилжээд байсан Нийслэлийн ИХТ-ын санал хураалт дөнгөж сая дүнгээ гаргалаа. Нийслэлийн ИТХ-ын даргаар С.Амарсайхан сонголоо. НИХТ-д нийт 41 тэргүүлэгч оролцсон. 

Нийслэлийн ИТХ-ын даргад С.Амарсайхан, Д.Баярсайхан нар өрсөлдөж түрүүчийн хурлын санал хураалтаар тэнцүү санал аваад байсан.

Харин өнөөдрийн хурлаар хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураахад С.Амарсайхан 21 хүний санал буюу 51.2 хувийн саналаар ялалт байгуулжээ. Харин өрсөлдөгч Д.Баярсайхан 19 санал буюу 46.2 хувийн санал авсан байна. Нийслэлийн ИТХ-д нийт 45 төлөөлөгчийн 41 нь оролцож саналаа өгчээ.  

НИТХ-ын даргаар сонгогдсон С.Амарсайхан бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа хийх ажил, баримтлах зарчим, төлөвлөгөөнийхөө талаар НИТХ-ын ээлжит хуралдаанд үг хэлснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Өмнөх дарга Ц.Сандуй даргыг огцруулах үндэслэлд 60 тэрбумын гэх албан тушаал наймаалцсан хэрэг гол байр суурийг эзэлсэн. Авлига, хээл хахуулийн асуудлыг хэрхэн таслан зогсоох вэ?

-Албан тушаалтан, төр захиргааны байгууллагын бүх шатанд үйл ажиллагаа явуулж байгаа боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх ёстой. Үүний зэрэгцээ бүх ажлыг хууль журмын дагуу явуулахад хяналт тавьж, үр дүнг нь тооцож ажиллах ёстой.

-Таныг НИТХ-ын даргад нэр дэвшиж байх хугацаанд "Оюуны ундраа" компани Зайсангийн аманд их хэмжээний газар авсан гэх мэдээлэл явсан. Үүнд тайлбар өгөөч?

-"Оюуны ундраа" компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ компанийг газар эзэмшиж болохгүй, бизнес хийж болохгүй гэж хуулиар хэн ч хориглоогүй. Бид ардчилсан оронд амьдарч байгаа. Бид хуулийн хүрээнд, хууль ёсны шаардлагыг биелүүлэн бүтээн байгуулалт, ажил хийж байна. Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулах эрх бидэнд байхгүй.

-НИТХ дахь АН-ын бүлэг хурлын өмнө нэр дэвшигчдийг хүлээн авч уулзсан. Ямар асуудал хөндсөн бэ?

-АН-ын бүлэгтэй ямар нэгэн тохироо хийгээгүй. Бид өнөөдөр шударгаар өрсөлдөж танхимд байгаа нийт төлөөлөгчийн олонхи саналаа өгснөөр би НИТХ-ын даргаар сонгогдлоо. Цаашдаа ч олонхи, цөөнх гэж аливаа асуудлыг ялгаж салгахгүйгээр, нийслэлчүүдийн, улс орны эрх ашгийн төлөө зөвтэй нь нийлж, буруутай нь тэмцэлдэж, нийтийн эрх ашгийг өмнөө тавьж ажиллана.

-Төсвийн сахилга батыг хэрхэн барьж ажиллах вэ?

-Төсвийн сахилга батыг бид байнга ярьдаг. Тухайн ажилтны ажлын үр дүнг тооцож, илүү өндөр зохион байгуулалттай, чиг үүргийн давхцалыг арилгаж, ажил үүргийн хуваарийг ойлгомжтой болгож эргээд хяналт, үр дүнг тооцдог байх механизм бүрдүүлнэ.

-Хотын дарга С.Батболдыг огцруулна гэсэн мэдээлэл гараад байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй. Цаашдаа улс төржиж, асуудлыг дэврээж дэгдээж, ямар нэгэн байдлаар хувийн, эсвэл хэсэг бүлгийн ашиг сонирхлоор ажил явах ёсгүй гэж үзэж байгаа.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.9.90.130) 2017-10-11 09:53
      • 0
      • 0

      Үнэн л байгаасай даа ард түмнээ боддог хүн энэ улс төрд чинь гарах нь уу

      Хариулах

    • Soongo

      (66.181.184.206) 2017-10-11 06:30
      • 0
      • 0

      За нэг их ярихгүй хий, та нарын хэн нь ч бай ёстой яруу тодоор ярьдаг, хэзээ ч ярьсан даа ажилладаггүй, бараг чадахгүй, тэрэнд орвол дуугай л хий, чамд ажлаа яаж ч хийсэн ямар ч хариуцлага тооцохгүй гэдэгийг чи бас сайн мэдэж байгаа

      Хариулах