29-р тусгай сургуулийн захирал асан Б.Батсайханыг шүүхийн шийдвэрээр эргүүлэн томилжээ

Twitter Print
2017 оны 10-р сар 06-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн хэмжээнд тусгай боловсролын зургаан сургууль үйл ажиллагаа явуулдгаас 29 дүгээр сургуульд хүүхдүүдийн сурч боловсрох эрх нь зөрчигдсөн нэлээд  зөрчил өнгөрсөн хавар хүүхдүүдийн хичээл хаялт тэмцлийн үр дүнд олон нийтэд ил болсон билээ. 

Нийслэлийн төрийн өмчийн 29 дүгээр сургууль энэ хичээлийн жилд нийт 66 багштайгаар сургалт, хүмүүжлийн ажил явуулж байгаа аж. Үүнээс 56 нь үндсэн, 10 нь туслах багшаар ажилладаг байна. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтээр тус сургуулийн нийт багш нарын 47.6 хувь нь мэргэжлийн хичээлийг дохионы хэлээр заах ур чадвар хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан юм.

Ингээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан алба Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуулийн захирлыг өнгөрсөн 4-р сарын 26-ны өдөр  ажлаас нь чөлөөлж буй талаар мэдэгдсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл, зөрчилтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн өнөөдрөөс эхлэн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын ажлаас нь чөлөөллөө” гэж мэдэгдэж байсан.

Улмаар захирал асан Б.Батсайханыг сурагчидтай зүй бусаар харьцаж, охидод бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.

Гэсэн ч Б.Батсайхан уг захирамжийг хууль бус гэж үзэн, хоёр сарын дараа буюу зургадугаар сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. 

Харин өнөөдөр 6 сарын дараа байдал хэрхэн өөрчлөгдөв.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/шш 2017/01552 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2046 дугаар шийдвэрээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар өчигдөр /2017.10.05/ Батаа овогтой Батсайханыг 29-р тусгай сургуулийн захиралын албан тушаалд эргүүлэн томилохоор шийдвэрлэсэн байна.

Бага дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар тусгай сургууль нь Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны харьяанд ажиллахаар хуульчлагдсан. Иймд Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар Б.Батсайханыг 29-р тусгай сургуулийн захиралаар томилсон байна. Тус яам нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн болно. Энэ тухай БСШУСЯ-ны Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.