Хануйн бүлэг рашаан

2017 оны 10-р сар 08-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Булган аймгийн Баян-Агт сумын нутагт Хануйн голын хойд эрэгт байдаг хоёр бүлэг рашааны нэг нь юм. Эрт дээр үед тус рашааныг харзан дэнжийн рашаан гэдэг байжээ. Сүүлийн үед Хануйн рашаан гэж ерөнхий нэрлэх болжээ. Бүр дээр үед Нарангийн рашаан гэж нэрлэдэг байсан гэдэг.

Энэ рашааны эх, ундаргын талаар эрдэмтэн судлаачид хоёр янзаар тайлбарладаг. Нэг хэсэг нь Цагаан-Агт уулын Зүүн урд бэл, Наран уулын араас ундрах Наран булаг, Зүүн шанаанаас ундардаг өвдгийн булаг гэж үздэг. Эдгээр булгууд нь хэсэгхэн урсаад хөрсөнд шургадаг бөгөөд газар доогуур урсаж хануйн хүрэмний ёроолоос гарч ирдэг байж болох юм. Нөгөө хэсэг нь дээрхи булгуудаас онцын хамааралгүй, галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн ан цаваар оргилж газрын нилээд гүнээс гарч ирдэг гэж үздэг.

Цагаан-Агт Уулын өмнө үзүүрт онцгойрон тогтсон Наран, Хүйс мандал хэмээх хоёр галт уулын үлдэц бий. Их бага сахалт нэртэй уулсыг ч сөнөсөн галт уул гэдэг. Мөн эдгээр уулсаас нэг их холгүй Цагаан-Агтын нуруунд одоо ч галт уулын гаралтай халуун уур савсан байдаг хоёр ч газар бий гэж нутгийнхан ярьдаг. Цагаан-Агт уулын оройн хэсэгт байдаг жижиг цөөрөм ч галт уулаас улбаатай гэж судлаачид үздэг.

Дээрх хоёр таамаглалын аль нэг нь байсан ялгаагүй л галт уулын дэлбэрэлтийн явцад үүссэн халуун хайлмагийн гаралтай хөрс, чулуулгын бүтэц дундуур нэвтэрч тэнд бий болсон эрдэс болон химийн бодисуудыг шингээж угааж гарч ирдэг нь тодорхой. Үүнийг уг рашаанд илэрдэг цацраг идэвхит чанар давхар нотолж байна.

Монгол оронд 17-р зууны дунд үеэс эхлэн алдартай рашаануудыг түшиглүүлэн сүм хийд байгуулан тусгай сургалтаар эмч домч нарыг бэлтгэн өвчтөнг эмнэх, рашаан хүртэх, орох, гам хийх заавар журам тогтоон удирдах болжээ. Үүний нэг жишээ нь 1806 онд хануйн рашааныг түшиглэн Цагаан-Агт уулын өвөр, Наран уулын ар хоорондоос ундрах Нарангийн булагийн ойролцоо “Дашравданганданлин” хийдийг байгуулсан байна. Нарангийн хүрээ нь 64 ламтай, оточ маарамбын дагнасан сургуультай байжээ. Нарангийн хүрээ байгуулагдахаас өмнө Баян-Агтын нурууны зүүн хойно орших Баянхайрхан уулын өвөр Балигын голын хөвөөнд 1798 онд байгуулагдсан Балигын гэгдэх “Дашравданчойенлин” хийдийн лам нар Хануйн рашааны асуудлыг хамаарч байсан гэдэг. Балигын хүрээ 240 гаруй ламтай гүн ухаан, эм, зурхайн чиглэлийн тусгайлсан сургалттай лам нар нь ном эрдмээрээ тэр үеийн ойр орчмын бусад хийдийн лам нараас илүү өндөр түвшинд хүрсэн Халхад нэртэй хүрээний нэг байжээ.

Хануйн бүлэг рашааныг Хануй, Халтарын голын бэлчирээс доош хануйн цагаан голын бэлчир хүртлэх зайд, хануйн голын хойд урд талаас цутгасан 108 булагаас бүрддэг гэж үздэг байжээ. 108 гэдэг нь билэгдлийн чанартай тоо байж болох ч маргах аргагүй олон булаг байдгийг нутгийнхан мэднэ.

Дээрхи олон булгуудаас олон түмний зонхилон ууж хэвшсэн хаяг, зүүлт нь тодорхой байгаа 10 гаруй рашаанд судалгаа шинжилгээ хийгдэж байжээ. Судлаачид Хануйн бүлэг рашааныг дотор нь гурван хэсэг болгон авч үзсэн байна.

Нэг дэх хэсэгт: Хануйн гүүрнээс дээш Цагаан-Агт уулын зүүн өврөөс эхтэй өвдгийн булгийн харалдаа ангархай жалга орчмын хэсэг. Энд хэвлийн хөндий ходоод, сав бөөр, экзем, арьс өнгө гэх мэт нэрийн рашаануудыг.

Хоёр дахь хэсэгт: Наран хэмээх сөнөсөн галт уулын зүүн хойноос эхтэй Наран булгийн харалдаа ангархай жалга орчмын дотор, мэдрэл, зүрх, толгойн болон ордог рашаан, шавар бүхий хэсгийг.

Гурав дахь хэсэгт: Хануйн цагаан голын бэлчирээс дээш Хануйн бор нурууны Дэмч хэмээх уулаас ундарсан бүлгийн харалдаа Хануйн өндөр хүрэмний ёроолоос гарч байгаа эмгэн булагийн рашааны орчмын дотор, элэг, цөс, зүрх, нүд, чих, туулгын гэх мэт рашаануудыг тус тус хамруулсан байдаг. Ийнхүү ангилсан нь уг рашаануудыг эх үүсвэрээс нь хамааруулан бүлэглэсэн боловуу гэмээр ойлгогддог.

Мөн Хануйн харзан дэнжийн рашааныг мэдрэлийн эмгэн булагийн рашааныг элэг цөсний гэж тодотгон нэрлэж байсан үе бий. Энэ нь тухайн рашаанууд дээрх хэлбэрийн өвчнүүдийг эдгэрүүлсэн тохиолдол олон байдагтай холбоотой нэршил юм. Харзан дэнжийн рашаан нь сэтгэц мэдрэлийн олдмол болон төрөлхийн гажилгтай, гмэтэл бэртлийн улмаас мэдрэлийн шинжтэй саатал, хомсдол, өвчлөл үүссэн, бүр галзуурсан олон хүнийг эдгэрүүлсэн тодорхой баримт, түүхээр баялаг билээ.

Эмгэн булагийн рашааныг доторын рашаан гэсэн ерөнхий ойлголтоор хэрэглэж байсан бөгөөд үүнд таван цул, зургаан сав эрхтэнийг багтаан ойлгодог байсан. Харин 1960-аад онд Булган аймгийн хэмжээнд халдварт шар өвчний дэгдэлт газар авч, маш олон хүн өвчилж, эмнэлгүүд ачааллаа даахаа больсоны улмаас эмгэн булагийн рашаан уухыг зөвлөхөд хүрсэн байна. Рашаанд очигчдын өвчин маш түргэн эдгэрч, үр дүн сайтай байсны дээр хүндрэл гарсан тохиолдол үүсээгүй байна. Нэгэнт үр дүн ийм сайн болсон учир нэг хэсэг халдварт шар өвчнөөр өвчилсөн хүмүүс маш олноор очиж рашаан хүртэх болсноор элэг цөсний рашаан гэж нэрлэгдэхэд хүрсэн юм. Мөн рашааныг аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдэд зориулан ачааны машинаар модон саванд хийн зөөн ашиглаж байсан билээ.

П.Дамба "Хануйн олон рашаан" ном 2013

Холбоотой мэдээлэл

Хүндлэн хүртэх Хануйн рашаан - http://mongolcom.mn/read/39976

Рашаан хүртэхэд цээрлэх ёсон - http://mongolcom.mn/read/49468

Рашаанд орох дэг журам - http://mongolcom.mn/read/49469

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.