Рашаан хүртэхэд цээрлэх ёсон

Twitter Print
2018 оны 06-р сар 30-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын цээрлэх ёс нь Монгол үндэстний мянга мянган жилийн туршид ертөнцийг танин мэдэж, ухаарч ирсэн мэдлэг үзэл бодол, итгэл, бишрэл, аж төрөх хэв маяг, язгуур зан заншил, эцэг тэнгэр, эх дэлхий, сав шим ертөнцөө хайрлан хүндэлдэг хүмүүнлэг сэтгэл нэвт шингэсэн бичигдээгүй хууль юм. Цээрээр хориглодог нэлээд үйлийн агуулга нь шашин шүтлэгтэй холбоотой байдаг ч хийж болохгүй гаж буруу үйлийг жигшин үздэг жинхэнэ хүн ёсны ухаан сэтгэлийн охь гэлтэй.

Цээрлэх ёсны сургаал нь хүнийг өөрийг нь болон хүн хүнээ хайрлах, хамгаалах, хүндэтгэх, үе дамжин шалгарч, уламжлагдан ирсэн үндэсний өв соёлоо хойч үедээ цэвэр ариунаар нь хүргэх, байгаль экологийнхоо тэнцвэрт байдал, унаган төрхийг мөнхөд хадгалах, ард иргэдээ элгэн халуун сэтгэлтэй, ёс жудагтай хүмүүн чанарт төлөвшүүлэн хүмүүжүүлэх гэсэн гэгээн зорилготой ухаант дээдсийн маань оюуны их өв сан юм. 

Үүнд:

1.Нар, сар хиртсэн гэрэл тусаад бүхэл өдөр, шөнийг өнгөрөөгүй үед рашаан уухыг цээрлэнэ. Рашаан ус нь нар, сар хиртэхийг олон хоногийн өмнөөс мэдэрдэг бөгөөд яг хиртэх үед үүсэх гэрлийн долгионы нөлөөгөөр бүтэц нь доройтож, хор үүсдэг гэж үздэг байна.

2.Рашаан ууж, байгаа үед өдөр унтахыг цээрлэнэ. Өглөө эрт үүр цайхад босч, орой эрт унтаж байхыг сайн гэдэг. Рашаан хүртэж байгаа хүн өдөр унтвал тархи толгой өвдөх, мэдрэл муудах, ухаан санаа самуурах бөгөөд бүр галзуурдаг тохиолдол ч байсан гэж настайчууд ярьдаг, хүүхэд залуусаа өдөр огт унтуулдаггүй, өөрсдөө ч унтдаггүй байлаа. Ер нь рашаан уугаад өдөр унтаж байгаа хүнийг үздэггүй байсан гэхэд болно.

3.Рашаан эмчилгээний болон гам хийх хугацаанд хүч хөлс шавхсан хүнд хүчир ажил хийхийг цээрлэнэ. Бие болон сэтгэлийн чилгүүргүй, тайван, ядрал зүдрэлгүй байхыг эрхэмлэх ёстой. Рашаан нь хүний суурь болон дайвар өвчнүүдийг хөдөлгөж, биеийг нялхаруулж ядраах ба бие эрхтнийг ямар нэгэн байдлаар өөрчлөлтөнд оруулж, тодорхой хугацаанд дасал болсон нөхцлийг алдагдуулсан, үүний улмаас үүссэн шинэ нөхцөл байдал тогтворжоогүй үе байх учир харш зүйлээс цохилт авахад хялбар болсон байдаг гэнэ.

4.Архи, дарс, айраг уухыг цээрлэнэ. Рашаан усны найрлага, бүтцийг өөрчилж, үйлчлэлийг нь хөнөөж үр дүнгүй болгодог гэж үздэг.

5.Тарвага, бугын мах идэхийг цээрлэнэ. Хулгайгаар буга агнасан анчид хүнд мэдэгдэвэл нэг үхнэ, хүйтэн ус уувал нэг үхнэ гэж ярьдаг нь учиртай. Бугын мах идээд хүйтэн ус царцаж “Бөөгнөрөх” гэгч болох  ба амь насаа алдах нь ч байдаг гэнэ. Тарваганы мах идээд хүйтэн ус уухад зохимжтой мэт санагдах боловч энэ нь зөвхөн эрүүл хүнд л ийм байдаг гэнэ. Тарвага ус уудаггүй амьтан болохоор мах нь усанд амархан дэвтэх байдлаар уусдаг учир хор болохгүй боловч хоол болдоггүй дамжаад л гардаг ажээ. Харин ходоод гэдэсний өвчин эмгэгтэй  хүн ингэж үүссэн ялзралыг боловсруулж чадахгүйд хүрч, улмаар хүчтэй ходлогод ордог бөгөөд рашааны үр дүнгийн тухайд бодох ч хэрэггүй гэж ярьдаг байсан.

6.Рашаантай зэрэгцүүлж элдэв эм тан уухыг цээрлэнэ. Энэ нь рашааны бүтэц найрлагыг өөрчилж, цэнэгжилтийг алдагдуулж үхүүлдэг байна.

7.Рашаан усыг зоргоороо уухыг цээрлэнэ. Зоргоор ууваас өвчин хууч сэдэрч үл зохицолдон, анагаах рашаан бус хор болно. Иймд ямар өвчинд ямар рашаан тохирох, яаж уухыг судлаж, сураглаж хүртвэл зохино.

8.Рашаан уух үе болон рашаан хүртсэний  дараа гам алдахыг цээрлэнэ. Гам алдваас рашааны тус үгүй болно, өвчин зовлон даамжирна гэдэг.

Хүнийг өөрийг нь хамгаалах, рашааны зохимж үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн эдгээр цээрүүдээс гадна рашаан ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ариун дагшин байлгахыг заасан, хүний зүгээс байгальтайгаа харьцах ёс зүйн хэм хэмжээг чандлан тогтоосон цээрлэх ёсон бий.

Үүнд:

1.Рашаан булгийн овоо чулуунд тахилга, тайлга үйлдэх, элдэв зүйлээр өргөл цацал өргөхийг цээрлэдэг. Энэ нь рашаан усандаа хиртэй гарын өглөг, хаялга хийлгэхгүй онгон дагшинаар нь байлгах гэсэн ариун ёс юм. Сүүлийн үеийн рашаанчид рашааны овоон дээр цагаан идээ өргөж, чихэр жимс, мөнгө төгрөг тавьдаг болжээ. Аль нь ч байсан ялгаагүй рашаантай харьцуулахад хир, бузар шингэсэн болох нь гарцаагүй үнэн. Байг гэхэд шувуу  шаазгай, оготоно, зурам цуглан бохирдуулах болно шүү дээ. Нөгөө талаар рашааны овоо нь тахилга, тайлгын овоо биш учир өглөг барьц хүлээж авдаггүй, харин цэвэр ариун чанарыг хадгалж, рашаан усаа мөнхөд амилуулж байхаар аравнай шингэсэн дагшин сүлд билэг тэмдэг нь юм. Иймд рашааны овоонд өргөл цацал хийх огт хэрэггүй. Учир нь буян биш бузар болдог. Харин овоог засаж эмх цэгцтэй болгож элдэв бохирдол, илүү зүйлийг цэвэрлэж, сүсэглэн мөргөж байхад л жинхэнэ буян болж аврал энэрэлд нь багтах агаад өвчин зовлонг үргээж хийсгэхэд тусладаг гэдэг. Овоог засаж сэргээж байна гээд энд тэндээс чулуу, мод ховхолж, хугалж овоон дээр тавихыг ч сайн үйл гэж үздэггүй. Энэ нь нэг талаар шүншиг аравнайгүй зүйл овоонд нэмэргүй, тэр ч бүү хэл, тээр болж болох талтай. Нөгөө талаар чулуу байрнаасаа хөдлөхөд 3 жил шаналдаг гэдгийг ч бодож үзэх ёстой. Энэ бол зүгээр ч нэг хэлчихсэн үг биш нарийн учир холбогдолтой бизээ. Ер нь хэн хамаагүй хүн зорилго, хэрэгцээ шаардлагагүйгээр овоо босгодоггүй, хэрэв ёс журмых нь дагу үйлдэж, шүншиглэж, аравнайлах учиртай. Ингээгүй тохиолдолд ямар ч сүрлэг том овоо биш, хилийн цэсний тэмдэг ч биш, ямар нэгэн онцгой цэгийн таних тэмдэг ч биш учир элдэв янзын зүйлээр эрээлж гоёхын хэрэггүй бололтой.

2.Рашааны ойр орчинд архи, дарс уух, согтуурч хөлчүүрхэх, найр цэнгэл үүсгэх, хараал тавих, хэрүүл хийх, уур ааш гаргахыг цээрлэнэ. Ер нь тааламжгүй муу үйлдэл рашааны орчинд хийгдэх аваас мөнх тэнгэр хилэгнэж, тэр орчинд нь чандмалсан 3 цэгт аянгын хүчтэй ниргэлт хийж, хурын усаар угаадаг гэсэн яриа уламжлагдаж ирсэн байна. Мөн Хануйн рашаанууд нь амархан хөсдөг учраас олон хүн нэгэн зэрэг цугларч, үймж бужигнахыг хориглодог байсан гэдэг. Иймд рашаан уух онцын хэрэгцээ шаардлагагүй хүмүүс рашааны орчмоор хөлхөх, зугаалах хэрэггүй юм. Ер нь энд зөвхөн рашаан уух зорилготой хүмүүс л ирдэг байвал сайнсан.

3.Рашаан дотор болон овоо, ойр орчимд байнга байдаг могой, загас, жараахай, хорхой шавьж, бусад амьтдыг үргээж цочоох, элдвээр оролдох, айлгахыг цээрлэнэ. Тэдгээр амьтад нь рашааны шимийг тэтгэгч байж болохын дээр рашаан усаа цэвэрлэх, ариутгах, хамгаалах үүрэгтэй эзэн лусын цэрэг, албат байх тул оролдвол лус хилэгнэнэ.

4.Рашааны тархин дээгүүр тойрч явахыг цээрлэнэ. Энэ нь рашаанаа хүндэтгэж байгаагийн илрэл болохын зэрэгцээ рашааныхаа эхийг бохирдуулах, бузарлахаас хамгаалж байгаа хэрэг юм.

5.Рашаан усыг элдэв зүйлээр бохирдуулах, суу цэгээ асгах, дусаах, бохир аяга халбага, шанага саваар хутгах, дотор нь юм угаах, дуусаагүй рашааны үлдэгдлийг буцааж хийхийг цээрлэнэ. Булгийн усанд сүү, цагаан идээ хүргэвэл ус үхдэг, рашаан өөрөө ариун дагшин учраас амархан бузартдаг гэж үздэг. Ер нь урсгал болон байгалийн аливаа усанд дотор нь элдэв зүйл угаадаггүй заншил эртний уламжлалтай болохыг анхаарах ёстой. Зайлшгүй угаах шаардлага гарвал эргээс хол, бохир ус буцаж урсаад орчихооргүй зайд угаах ёстой. Эдгээрийг үл хэрэгсвээс эзэн сахиус хилэгнэнэ.

6.Рашаан усны дэргэдэх мод бут, бургасыг хугалах, гэмтээх, хад чулууг хөндөх хөдөлгөхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс лус савдаг хилэгнэн, рашаан ширгэн, газар доогуур шургана.

7.Рашаан булгийн дээд эхэн талд болон хавь орчинд нь саахалтын зайнаас ойр гэр, майхан барихыг цээрлэнэ. Рашаан булагт бузар оруулахгүй, тайван амгалан байдал, өөрийнх нь байгалийн чанар, оршин байх нөхцлийг алдагдуулахгүй, хайрлан хамгаалахын учир ийм цээр тогтоосон хэрэг.

8.Рашаан усаар мал сүрэг ундаалахыг цээрлэнэ. Мал сүрэгт үл зохилдож болох тул сэрэмжлэх, малын хөл, ялгадсаар бохирдуулахгүй байх гэсэн хэрэг болно.

9.Рашааны орчинд болон хүрмэн дотор морь харах, гадаалахыг цээрлэнэ. Хүний ялгадаснаас илүү орчноо бохирдуулдаг зүйл хаана ч байхгүй гэдгийг бүгд мэддэг болохоор тайлбар хийх нь илүүц юм. Гэтэл өнөөгийн байдал ямар байгаа билээ. гүүний саам ууж гүйлгэсэн хүмүүсийн суудаг газар болгосон гэхэд хилсдэхгүй. 

Цээрийг зөрчвөл эзэн сахиус, сүлд, лус илэгнэнэ гэсэн ойлголт байдаг нь тэд гэм буруутнаас хатуу үйлээр хариугаа авдаг болохыг хэлж байгаа хэрэг юм. байгаль орчиндоо ёс журамгүй ханддаг хүнд тэнгэр ч, бурхан ч, уул ус, лус савдаг ч, хүмүүс ч дургүй байдаг гэдгийг сайтар бодож, сэтгэлээ цэгнэж, биеэ залж, захирч явахыг сануулах нь хүн ёсны үүрэг гэж үзэж байна.

П.Дамба, "Хануйн олон рашаан" номноос... 

Холбоотой мэдээлэл

Хүндлэн хүртэх Хануйн рашаан - http://mongolcom.mn/read/39976 

Хануйн бүлэг рашаан - http://mongolcom.mn/read/49470

Рашаанд орох дэг журам - http://mongolcom.mn/read/49469

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.