Сургалтын үр дүнг сайжруулахад тооны биш хөгжмийн хичээлийн цагийг олноор нэмэх хэрэгтэй

2017 оны 10-р сар 11-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Feversham Academy бага сургууль

сургалтынхаа хөтөлбөрийн цөмд 

Хөгжмийн хичээлийг түлхүү тавьснаар 

Математикийн сургалтын үр дүн

мэдэгдэхүйц сайжирсан байна.

Есөн настай Абия Насир охин ангид чимээгүйхэн алхаж орж ирээд хижаб алчуураа засч, бөмбөрийн цохиураа авлаа. Бөмбөр тоглож эхлэхэд л түүний нүүрэнд гэрэл асах шиг даруухан инээмсэглэл тодров.

"Feversham Academy" бага сургуульд таван настайдаа элсэн орсон Абия охины тоглолтын ур чадвар, өөртөө итгэх итгэл нь өсөн нэмэгдэж багш нараа хөгжмийн авьяасаараа шагшин гайхуулсаар бага сургуулиа төгсөж байгаа нь энэ. Өнгөрсөн жил Бредфордын хөгжмийн авьяастнуудын сургуулийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгсөн тэрбээр тус сургуульд суралцах анхны Мусульман шашинт охин юм. Шалгалт авсан багш нь “Гайхалтай” хэмээх ганцхан үгийг л түүний үнэлгээний хуудсанд бичсэн байжээ.

Багш нарынх нь яриагаар бол хэрвээ Абия стандартыг тогтоох шалгалтын үр дүнгээр сургуулиудыг үнэлэх өрсөлдөөнд тэргүүлэх сонирхолтой, стандарт хангах дарамтад өртсөнөөс Хөгжим, Зураг урлал зэрэг хичээлийн цагийг шахаж багасгасан өөр сургуульд  сурдаг байсан бол түүний авьяас анзаарагдахгүй, хөгжихгүй өнгөрөх магадлал тун их байсан юм.

Feversham Academy бага сургууль нь хөгжим, жүжиг, зураг урлалын хичээлийг сургуулийн хөтөлбөрийн бүхий л үйл ажиллагаанд суулгаж, хүүхэд бүрт 7 хоногт дээд тал нь 6 хүртэлх цагийн хөгжмийн хичээл зааснаар тэдний сургууль сургалтын стандартыг гайхам сайн ахиулсан үр дүнд хүрч чадсан гэж сургуулийн захирал Навид Идрис ярьж байна.

Долоон жилийн өмнө тус сургууль арга хэмжээ авахуулахдаа хүрч, муу муухайгийн жишиг болон сонин хэвлэлээр шуугиулж байсан түүхтэй. Харин одоо энэ сургууль боловсролын стандартын үнэлгээний Ofsted байгууллагаас “сайн“ гэсэн үнэлгээтэй, англи хэлний бичих чадвар, математикийн хичээлээрээ сурагчдынхаа гаргасан ахиц дэвшилээр улсдаа эхний 10 хувьд орох сургууль болсныг сүүлийн үеийн тоо мэдээнээс үзэх боломжтой.  2011 оны байдлаар  тус сургуулийн Англи хэлний хичээлийн үнэлгээ нь улсын дундаж үзүүлэлтээс 3,2%-иар доогуур байсан бол энэ хичээлийн жилд нийт суралцагсдын 74% нь унших, бичих, тоо бодлогын чадвараараа суралцаж буй ангийн түвшнийхээ стандартыг бүрэн хангасан нь улсын хэмжээний дундаж үзүүлэлт болох 53%-иас мэдэгдэхүйц өндөр байгаа юм. Тухайлбал унших чадварын дундаж үзүүлэлт 7.1, бичих чадварын дундаж үзүүлэлт 3.4 оноогоор улсын дундажаас тус тус өндөр шалгагджээ.  2011 онд тус сургуулийн сурагчдын математикийн дундаж оноо нь улсын дунджаас 2.4 оноогоор доогуур байсан бол харин одоо 6.5 оноогоор дунджаас давсан үзүүлэлттэй болсон байна.

9 настай Абия Насир охин Бредфордын хөгжмийн авьяастнуудын сургуульд суралцах анхны Мусульман шашинт охин юм 

Энэ сургуулийн 510 сурагчдийн 99% хувийнх нь эх хэл нь Англи хэл биш, бүр тэн хагас нь Англиар ганц ч үг мэдэхгүй элсэн ордог нөхцөл байдлаас нь аваад үзвэл тэдний гаргасан дээрх амжилт үнэхээр онцгой сайн үзүүлэлт гэдгийг та бүхэн хүлээн зөвшөөрөх буй заа. 2011 оны хүн амын тооллогын дүнгээс харахад Брэдфорд хотын оршин суугчдын дөрөвний нэг нь Пакистан, Бангладеш, Энэтхэг гаралтай ч тус сургууль байрладаг Moor хэмээх хамгийн шигүү хүн амтай, ядуу дүүргийн  хувьд оршин суугчдын дөрөвний гурав нь буюу дийлэнх олонх нь  дээрх үндэстнүүдэд харьяалагддаг юм. Сүүлийн жилүүдэд цутган орж ирж буй дүрвэгсэд, жилээс жилд алгуураар нэмэгдэн буй Зүүн Европын орноос гаралтай шилжин суурьшигчид зэргээс үүдээд тус дүүргийн олон өөр үндэстнүүдээс бүрдэх оршин суугчдыг “хоорондын харилцан ойлголцлол, хүндэтгэл нь тийм ч сайн биш” хэмээн хотын захиргаанаас үнэлжээ. 

Гэхдээ сургууль дотор байдал огт өөр юм. Сурагчид нь бараг 30 өөр хэлээр ярьдаг ч баяр жаргалтай хамтран суралцаж чадаж байна. Шекспирийн жүжиг, Битлзийн дуу тэр ч байтугай Нашид хэмээгдэх Мусульман шашны мөргөлийн дууг ч хамтран суралцацгаана. Сургуулийнхаа хашаанд хөтлөлцөн, алга ташин тоглохын хажуугаар, дэлхийн 2-р дайны түүхийг судалж бас  Шиффелдээс гаралтай YouTube од Ахмед Хусейны жил бүр тус сургууль дээр хийдэг тоглолтыг ч хамт үзэцгээдэг.

Захирал Навид Идрис: Бидэнд онцгой арга хэмжээ авахаас өөр арга байгаагүй. Англи хэл, Тооны цагийг нэмнэ, давтлага нэмж өгнө гэсэн шийдвэр гаргаж болох байсан. Гэхдээ эцэст нь хүүхдийн дүн сайжирсан ч сурахыг үзэн яддаг болчихож магадгүй шүү дээ.

Лалын шашинт эцэг эхчүүдийн “багаахан” хэсэг нь эхэндээ хүүхдүүдээ Христийн шашны дуу сонсож байгаад тааламжгүй байсан ч хүүхдүүдийнх нь сурлага сайжраад ирэхээр санаа зовохоо больсон гэж тус сургуулийн хөгжмийн хөтөлбөрийн зохион байгуулагч, Жимми Ротерхам багш цоглог гэгч нь ярьж байна. Өмнө нь жилийн эцсийн тайлан тоглолтыг хэдхэн урамгүй эцэг эх үздэг байсан бол одоо тасалбар нь бүрэн зарагдаж дуусдаг болжээ. Сурагчдын ирц нь 98%-д хүрч сайжирсан ба хүүхэд бүрт заах хөгжмийн хичээлийн цаг нэмэгдсэн байна. Тус сургуулийн сурагчид хамгийн багадаа 7 хоногт 2 цагийн хөгжмийн хичээл үздэг. Үүнээс 30 минутын хөгжмийн хичээл, дахин хагас цагийн хөгжмийн давтлага дээр нь найрал дуу дуулах юм уу зочин хөгжимчний тоглолт үзэхэд 1 цаг зарцуулдаг нь хамгийн наад захын үзүүлэлт юм. Сурагчдын дуулж сурч байгаа дуу нь бусад хичээлүүдтэй уялдсан байдаг ба үржүүлэхийн хүрд, түүхэн үйл явдлын дуу ч байж болдог.

Идрис захирал 2013 онд тус сургуульд томилогдож ирээд хийсэн энэхүү өөрчлөлтөө “маш эрсдэлтэй” алхам байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч одоо бол энэхүү арга нь асуудалтай байгаа бусад сургуулиудыг өөрчлөн сайжруулах боломжит чиг хандлага гэдэгт бүрэн итгэлтэй байна.

“Багш нар нь ажилдаа сонирхолгүй, эцэг эх нь сургуульдаа сэтгэл ханамжгүй, сургалтын үр дүн тааруу,  хэн ч манай сургуульд элсэх сонирхолгүй, төсөв мөнгөний хувьд ч асуудалтай байсан. Хэрвээ сурагчдаа алдвал, төсвийн санхүүжилтээ алдана, мөнгөгүй бол сайн багш авч чадахгүй, гэтэл байгаа багш нар нь сэтгэлээр унасан байлаа шүү дээ. Бас хажуугаар нь Ofsted –ээс улирал бүр шалгалт авч дүн, дүн, дүн гээд л. Бид үнэхээр ноцтой нөхцөл байдалтай байв. Тэгээд бид шалгалтын дүнгээ сайжруулахын тулд Англи хэл, Тооны цагийг нэмнэ, түвшин ахиулах давтлага нэмж өгнө гэсэн шийдвэр гаргаж болох байсан. Гэхдээ эцэст нь багшийн ажлын сэтгэл ханамж доройтож,  хүүхдийн дүн сайжирсан ч сурахыг үзэн яддаг болчихож магадгүй шүү дээ. Гэтэл бид хүүхдүүдээ баяр баясгалантай суралцаасай гэж хүсч байлаа.”  гэж Идрис захирал өгүүлэв.

Ингээд тус сургууль хөгжимт тоглоомоор дамжуулан шууд бус аргаар суралцахуйд хөтлөх Кодали арга зүйг сургалтандаа нэвтрүүлсэн байна. Сурагчдад жишээ нь унших, бичих, математикийн хичээл суралцахад хэрэг болох ритм, гарын дохио, хөдөлгөөн зэргийг зааж сургаж эхэлжээ. Жишээлэхэд Шекспирийн The Tempest жүжгийг хэсгээс цээжлэх нь сурагчдн бичих болон унших чадварыг мэдэгдэхүйц сайжруулж байгааг манай багш нар олж мэдсэн гэж Идрис захирал дурдав. Сургалтын хөтөлбөрийн стандартын биелэлтийг хянах шалгалт болох SAT-уудын тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, шалгалтын дүнгээр тэргүүлэгчдийг тодорхойлох жагсаалт зэргээс залхсан Идрис захирал хүүхдийн сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн харилцааны хөгжил нь шалгалтаас хувь илүү  чухал гэж үзэж байна. Брэдфорд хотын өөр захын дүүрэгт байдаг нэгэн сургууль дээр 11 настай Асад Хан хэмээх хүү дээрэлхүүлснээс болоод амиа хорлосны дараа энэ асуудал улам бүр хурцаар тавигдах болж хүүхдийнхээ сайн сайхны төлөө сэтгэл зовнисон эцэг эхчүүд хотын олон сургуулийн захирлууддаа санал бодлоо илэрхийлж, шаардлага тавьж эхэлсэн байна.

Асад хүүгийн харамсалтай үхлийн дараа Feversham сургууль дээр сурлагын хоцрогдол, үе тэнгийнхний дарамт, мэдээллийн хэрэгслийн нөлөөллийн эсрэг туршилт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. “Ийм асуудалтай хүүхдүүдийн ихэнх нь дуугай даруу хүүхдүүд байдаг. Тэд сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдахаа, бусдын дарамт, гадуурхалаас хэрхэн гарахаа мэддэггүй” гэж Идрис захирал ярив. Гэхдээ хамгийн энгийн тоглоом тоглох нь бусдын өмнөөс эгцлэн харах, ээлж дараатай байж сурах зэрэг хүүхдийн нийгмийн харилцааны  чухал ур чадваруудыг хөгжүүлэхэд туслах үндсэн хэрэгсэл юм. Мөн нэг цагийн концерт үзэж сууснаар ухаалаг утас, таблет, компьютер ноёлсон ертөнцийн нэгэн бэрхшээл болох анхаарал сарнилтаа багасгаж төвлөрөн сууж сурдаг байна.

Ийнхүү бүтээлч сэтгэлгээнд тулгуурласан сургалтын бодлого хэрэгжүүлсэн нь зөвхөн хөгжмийн авьяастай хүүхдүүд бус  харин сургуулийн бүх сурагчдын сурлагын дүнг сайжруулсан ба нөгөө Sats шалгалтыг давтлагаар давдаг аргаас илт давуу үр дүнтэй байсан гэж баталж чадсан хөгжмийн багш Ротерхэм “Сургуулийн захирлуудаас эхлээд засгийн газарт байгаа чухал шийдвэр гаргагч төсвийг захиран зарцуулдаг бүхий л хүмүүс манай сургуулийн тухай уншаад урлагийн бүтээлч хичээлүүд нь батлагдсан хөтөлбөрийн чимэг төдий зүйл биш харин бүх сурагчдын сурлагад ахиц гаргах үндсэн хэрэгсэл юм гэдгийг ойлгоосой” гэж хэлж байлаа.

Анх тус сургууль дээр очиход орсон ангид маань Абия охин бөмбөрийн гоцлолоо урамтай сайхан тоглож байгаа нь сургуулийн гадаах тоглоомын талбайд ч сонсогдож байлаа. Уг нь гэртээ давтдаг ч түүнд аавынх нь PS3, таблет дээр нь байдаг бөмбөрийн програмаас өөр зүйл дээр хөгжмөө давтах боломж гардаггүй юм байна. “Удахгүй аав маань PS3 тоглоомоо зараад жинхэнэ бөмбөр авч өгнө гэсэн. Бас нэг өрөөндөө дуу намсгагч хийж өгнө. Учир нь хөршүүд маань шуугиан ихтэй байна гээд цагдаад мэдэгдэж магадгүй” гэхчилэн итгэл, хөөрөөр дүүрэн шулганасаар үлдлээ, Абия охин.

Англи эхийг энд дарж уншаарай. 

Эх сурвалж: The Guardian

Орчуулсан Норовсамбуугийн Нарантуяа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.