Маш олон хүн огт ажил хийдэггүй ч өлсөж үхэхгүй амьдраад л байдаг миний хот...

2017 оны 10-р сар 02-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Миний амьдардаг энэ хот их сонирхолтой... Маш их сонирхолтой... Уул нь утаанаас зугтья гэвэл 20 минут машинаар давхиад гараад явчихна, хамгийн ядуу хороолол хамгийн баян хороолол хоёрын хооронд бөглөрөхгүй замаар 10 минут л явахад хангалттай. Дэлхийд iPhone 10 гарлаа гэвэл 7 хоногийн дараа бариад л гудамжаар алхаж явна. Хүмүүс нь ядуу юм уу гэхээр үгүй, баян юм уу гэхээр бас үгүй...

Үргэлж буцалж байдаг маш хурдан амьдралын темптэй. Маш олон хүмүүс огт ажил хийдэггүй мөртлөө өлсөж үхдэггүй яагаад ч юм амьдраад л байдаг. Гучин хоногийн нэг л өдөр нь битгий архи уугаач гээд журам гаргахаар тэр өдөр нь хамгийн олон хүн уугаад архи нь их зарагдаад байдаг.

Өвөл их хүйтэн, бөөвийсөн бөөвийсөн хар куртиктэй ууртай хүмүүс гудмаар алхдаг. Зун нь миссийн тэмцээн болж байна уу гэмээр гунхсан гунхсан охид, залуус хотынхоо төвд цугладаг. Шинэ жил, ойн баяруудад маш их ач холбогдол өгч сар дамнан өргөн дэлгэр тэмдэглэдэг. Баярт зориулсан төсөв ямар ч амьдралтай хүнээс гараад л ирдэг.

Их том улс төр ярьж хорвоо дэлхий сүйрэх гэж буй аятай амьдардаг ч жаахан өндөрт нисээд харвал хязгааргүй өргөн уудам талын дунд дөрвөн уул байх, тэр дөрвөн уулын дунд л хэдэн хүн цуглачихсан шалих, шалихгүй жижиг хэрүүл хийн нэг нэгнээ хэмлэн байх.

Миний амьдардаг энэ хот их сонирхолтой их сонирхолтой... Намар байхгүй мэт хавартай золгосонсон. Налгар хэдэн өдрүүд ч үгүй явсаар өвөл болох нь уу даа...

Энэ өвлийг өнтэй давна даа. Зарим хүмүүс утаанаас амиа аврахаар зүтгэж байхад, зарим нь утгаа гаргачих шуудай нүүрс олохсон гэж өдрийг барна...

Аливаа баялгийг тэгш хуваарилдаг байсан бол энэ хот ядуу хүн байх ямар ч боломж үгүй хот. Гэхдээ хичнээн их алт мөнгө нүүрс зэс байлаа ч суурь хундаам нь хувь хүний ухамсар, амьдралын төлөө гэсэн хандлага, зүтгэл гэдэгтэй хэн ч үл маргах биз ээ!

Албаар хонь байлгаж маллах гэсэн олон малчид энэ хотод бий.

Шинэ Зайсан хэмээн нэрлэгдэх тэр нэгэн газраас сүүдэрлэв. Учир нь нөгөө Зайсан хэтэрхий хотжоод хот нь харагдахаа больсон билээ.

Ч.Ганжавхлан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.