2017 оны 09-р сар 29-нд 14:16 цагт

У.Хүрэлсүх: Би Монгол улсын хуулийг завхруулахгүй, хуулин дээгүүр давж гишгэхгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, саналаа хэлсний дараа саналт хураалт явуулахад түүнийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн юм. Түүний хэлсэн үгээс оцлох эшлэлүүдийг хүргэе.

-Төрийн ажил эмх цэгцтэй, зохион байгуулалттай цаашаа үргэлжлэх ёстой. Өвөл хаяанд ирсэн байна. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан бүтцийг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Товчхондоо аль нэг яам, агетлагийг татан буулгахгүй.

-"Давхар дээл"-ийн тухай Үндсэн хууль бусад хуульд тодорхой заачихсан байгаа. Энэ тухай намынхаа бүлэг, Удирдах зөвлөл дээрээ ярилцана.

-Монгол улсад хамгийн их тулгамдсан асуудал бол өрийн асуудал. Монгол улсын дотоод болон гадаад өр 24 их наядад хүрсэн байна. Нэмэгдэж ч магадгүй. Он гараад Чингис бондын 500 сая, Дим сам бондын 161 сая ам.долларын өрийг төлнө. Энэ өрийг төлөхөөр өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлнэ. Хамгийн сайн хариулт бол үнэнийг хэлэх гэж боддог. Тиймээс бодит нөхцөл байдлыг байнга хэлж явна. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр цааш үргэлжилнэ гэж бодож байна.

-2018 оны төсвийн төсөлтэй өчигдөр танилцсан. Цалин нэмэхээр оруулж ирж байгаа. Байгалийн баялаг бол ард түмний өмч. Монголчууд хол зам туулахдаа хос морьтой гардаг. Үүнтэй адилаар уул уурхайгаас гадна хүнс, хөдөө аж ахунй салбар чухал гэж бодож байгаа. Дотоодынхоо хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангадаг. Цаашлаад экспортод гаргадаг болох ёстой. Монгол бол хүнсний орон байх бүрэн боломжтой. Хоёр том зах зээл бидэнд байна. БНХАУ нэг хүүхдийн бодлогоосоо татгалзсан. Ингэснээр хүнсний хэрэгцээ нь улам нэмэгдэнэ. Монгол Улс далайд гарцгүй ч хүн далайд гарцтай орон.

-Газрын доорх баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Иймд зөв зохистой ашиглаж, ард түмэнд өгөөжтэй хөгжүүлэх хэрэгтэй. Уул уурхайгаас олсон орлогоосоо хүнс, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

-60 тэрбумын асуудлын хувьд шалгагдаж байгаа тул надад хэлэх зүйл алга. Гэхдээ биднийг хөгжин дэвшихэд хамгийн их садаа болж байгаа авилгал хээл хахуультай тууштай тэмцэнэ.

-Хуулийн хүрээнд ажиллана. Би төрийн хуулийг завхруулахгүй, давж гишгэхгүй зарчмаар ажиллана.

-Би төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ хууль зөрчин хахууль өгч дарга болсон байж болзошгүй нөхдүүдтэй хамтарч ажиллаж чадахгүй.

-Би Төрийн ордны хоёрдугаар давхарт зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна.

-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий" гэдэг үг байдаг. Багш, эмч нарын цалинг нэмэх боломж байхгүй, би хүнд худлаа амалж чадахгүй. 2018 оноос хүүхдийн мөнгийг бүрэн олгож чадахгүй.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.