ӨР гэдэг юм бүүр АЙМААР за юу. Ажил энэ тэр бол зүгээр цаашаа шүү...

Twitter Print
2017 оны 09-р сар 27-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Би гэдэг хүн ер нь авсан унасан машин тэрэг, барьсан утас, идсэн уусан хоол унд гээд л гайхуулж болох юу л байна тэр болгоноо facebook энэ тэрдээ хийгээд байдаг тийм төрлийн хүн биш л дээ. Яагаад ч юм хар, цагаан хэл ам болчих байх, бусдад нээх гайхуулаад ч байгаа юм шиг муухай ч юм уу гэж бодогдоод цаанаасаа л нэг их хүсээд байдаггүй.

Гэхдээ энэ удаа гайхуулах гэж ч юм уу онгирох гэж биш, зүгээр л хэн нэгэнд тэр тусмаа өсвөр насандаа яваа залуухан охид хөвгүүдэд бага ч болов урам өгч ирээдүйд нь жоохон ч болов нэмэр болчих юм шиг санагдаад энэ постыг хийж байна. 

За тэр ч яахав, гол юмаа ярья. 

Жоохон байхад би ер нь их тэнэг байжээ. Бодоод байх нь ээ би гэж хүн 16 -18 хүртлээ бол ерөөсөө л охин л мөрөөддөг байсан юм шиг байгаа юм. Өглөө боссоноос авахуулаад орой унтан унтатлаа бараг ихэнх цагийг нь нэг тийм гоё мисс охин л мөрөөдөж өнгөрөөдөг байж. За тэгээд үлдсэн хэдэн цагт нь яаж мөнгө олж найзуудтайгаа шоудах вээ, яаж гэнэт баяжаад л баахан мөнгө цацсан тансаг амьдралтай болох вэ л гэж боддог байж. Нэг л их мөрөөдсөн л хүн.

Үгүй ээ яахав, эр хүн л юм хойно хангалуун сайхан амьдрал, сайхан охин, мөнгө төгрөг бодож бололгүй л яахав. Тэхдээ гол асуудал нь тэрийгээ чухам яаж олох вэ, яаж хийж бүтээх вэ гэдэг гаргалгаа огтоосоо ч байхгүй зүгээр л хоосон мөрөөддөг л байсан байгаан.

Заа, тэгж явсаар 18 хүрснээс хойш гэрийнхэн маань намайг ажил олж хий гэж үглэж яншиж залхаах болов. Гэсэн ч нэг муу зөөгч хийгээд сарын 200 ч хүрэхгүй төгрөгийн цалин авах нь над шиг нөгөө том том мөрөөддөг хүний мөрөөдлийн хаана ч хүрэхгүй нь ойлгомжтой болохоор ажил хийвэл бараг л өдөрт л сая саяар нь олдог ажил л хийхгүй юм бол өөр юм хийгээд ч яадаг юм гэж томорсоор, мөрөөдсөөр л, гэдсээ илж хэвтсээр л, ээж аав, эмээ өвөөгийн олсон хүнсийг идэж, тог усыг нь төлдөг байранд амьдарсаар л... Аа тийн, бас нөгөө гоё хүүхнээ мөрөөдсөөр л байгаа шүү, тэр чинь бас...

Заа нэг ийм сонин мөрөөдөл дотроо амьдарсаар би 22 нас хүрдэг жилээ мөрөөдлийнхөө амьдралд цэг тавьж тэс өөр хүн болсон. Миний өнөө лаг лаг том мөрөөдлүүд өчүүүхээн жижигхээн зүйл болж өөрчлөгдсөн. Юун нөгөө охин мохин мөрөөдөх манатай, зүгээр л 1 цаг ч болов илүү их унтахсан, нэг өдөр ч болов илүү эрт харихсан, нэг хором ч болтугай илүү удаан амарч суугаад тамхиа татахсан гэдэг л мөрөөдөл толгойд бодогддог болсон.

Чухам юу миний агуу том мөрөөдлүүдийг ийм жижигхэн болгосон гэж бодож байна? Тэр бол ХӨДӨЛМӨР байсан. Нөгөө 200-хан мянгын цалинтай гээд байдаг байсан өнөө зөөгчийн ажил байсан. Ажил хөдөлмөр гэдэг зүйл ийм л агуу хүчтэй байсан! Миний насаараа өөр юуг ч бодохгүйгээр мөрөөддөг байсан тийм том том мөрөөдлүүдийг маань зүгээр л нэг жижигхээн болтол нь өөрчилсөн тийм аймаар зүйл. Тийм ээ, тэр бол ажил хөдөлмөр байсан.

Тэгэхдээ ажил гэдэг зүйл хүнд хэцүү аймшигтай байдаг шигээ буцаагаад надад өгсөн зүйл нь тэрнээс том байсан. Тэр нь миний 22 нас хүртлээ зөвхөн мөрөөдсөөр л байсан мөртлөө 100-ний 1%-ийг ч биелүүлж чадаагүй байсан тэр эхний минь МАШИН байсан. Би нэгхэн жил ажилаад өөрийн гэсэн ганган сайхан Верна Аксэнттай болсон. Мэдээж би нэг муу зөөгч хийгээд нэгхэн жилийн дотор шууд бүтэн машин авчих мөнгө хуримтлуулсан гэж бол худлаа хэлэхгүй л дээ. Гэхдээ л би зээлээр авч чадсан. Ямар ч байсан урьдчилгаа гэж 30%-ийг буюу 1 сая гаран төгрөгийг хуримтлуулж чадсан байсан. Тухайн үед би анх удаа өөрөөрөө бахархаад хэнд ч харуулахгүйгээр ганцаархнаа уйлж байлаа.

Заа тэгээд баярын нулимстай зэрэгцээд зовлонгийн нулимс хамт ороод ирсэн дээ. Тэр юу вэ гэвэл анх удаа өр зээлтэй болж үзсэн. ӨР гэдэг юм бүүр АЙМААР за юу. Ажил энэ тэр бол зүгээр цаашаа шүү. Өр гэдэг юм юун нөгөө охин боддог байсан цагаас ч илүүгээр толгойд бодогдож. Байнга л ТӨВШӨӨ, ЧИ ӨРТӨЙ Ш ДЭЭ! ЧИ МАШИНЫХАА 140 МЯНГЫГ 15-НААС ӨМНӨ ТӨЛӨХ ЁСТОЙ Ш ДЭЭ! гээд л нэг хүн миний дагз руу сүхдээд байгаа юм шиг л мэдрэгддэг байсан.

Заа тэгээд, нэг их удалгүй би Америк орон луу ээж рүүгээ явахаар болж сайхан "Аксэнт"-аа зарж, өнөө аймаар өрнөөс нэг холдож бөөн баяр болсоор энэ улсад ирсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл дөрвөн жил өнгөрчээ! Дөрвөн жилийн энэ өдөр би хөөрхөн 4 сая гаран төгрөгний "Аксэнт" машин аваад ямар их баярлаж байснаа санаад одоо байгаа өөрийгөө хараад бага ч болов бахархаж сууна. Учир нь тэр үед би дөрөвхөн сая төгрөгний унаатай байсан бол өнөөдөр би та нарын харж байгаачлан 100 гаран сая төгрөгний үнэтэй унаатай болжээ. Гэхдээ мэдээж бас л өнөө ӨР гэдэг аймар юмандаа зодуулсан хэвээрээ л байгаа л даа, хэ хэ. Хэрэв би 18-тай эсвэл 20-той байсан шигээ мөрөөдсөөр л байсан бол өдийд 100 саяын машин унах нь битгий хэл автобусны ч мөнгө байхгүй хэрнээ тамхи баагуулж бар сав хэссэн өнөө л том мөрөөдсөн банди хэвээрээ л явж байх байсан болов уу. Харин өнөөдөр би орой 10 болохоор хүссэн хүсээгүй шоудмаар байсан ч, хармаанд 2-3 хоног битгий хэл 2-3 сар шоудсан ч хүрэхүйц мөнгө байсан ч тийм хүсэл ч төрөхгүй, эртхэн шиг унтах минь гээд орондоо ордог залуу болж төлөвшжээ.

Тийм ээ, энэ бол ХӨДӨЛМӨР гэдэг зүйлийн гавьяа. Өнөөдөр би хэний ч өмнө ""хараал идсэн" бөгсөө тавиагүй" цоо шинэ тэрэг авснаараа өөрийнхөө хүч хөдөлмөрөөрөө бахархаж сууна. Хөдөлмөр гэдэг зүйл надад өнөөдөр ийм агуу том бахархлыг өгчээ. Хэрэв 4 жилийн өмнө би тэр зөөгчийн ажлыг 200-хан мянгын цалинтай гээд голоод хийгээгүй байсан өдийд бас л нөгөө том ам, шалдан гуя хэвээрээ л байх байсан. Харин одоо бол тийм биш...

Энэ эрчээрээ магадгүй бүр энэнээс ч илүү хөдөлмөрлөж чадвал 5 жил эсвэл бүр тэрнээс ч бага хугацаанд би өөрийн гэсэн сайхан хаустай болчихоод та бүхэнд харуулах болно. Би чадна! Учир нь надад зүгээр нэг мөрөөдөл биш түүнийг бүтээх хүсэл тэмүүлэл, зорилго нь байгаа болохоор би тэр зорилгынхоо төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж байгаа болохоор би чадна гэдгээ 100, бүр 10000 хувь мэдэж байна.

Тэгэхээр залуусаа хамгийн сүүлд нь би ганцхан юм хэлье. Би баян биш, би тийм аймаар лаг ухаантай мухаантай мундаг ч биш. Гэхдээ би өнөөдөр хөдөлмөрлөж байгаа, цаашдаа ч хөдөлмөрлөсөөр байх учраас би хүссэн амжилтандаа заавал хүрнэ. Та ч бас тэгээрэй!!!

Мөрөөдөх биш ХӨДӨЛМӨРЛӨ. Тэр цагт л мөрөөдөл бодитоор биелдэг юм байна... Аан нээрээ мартсанаас, охин мөрөөддөг чинь ёстой хамгииииииийн завтай хүний буюу хамгиииииииийн ажилгүй, анхиагүй хүний л хийдэг л зүйл юм билээ! Сайхан хайр сайхан хань ижил гэдэг мөрөөдсөн, мөрөөдөөгүй нэг л өдөр өөрөө хүрээд л ирэх зүйл! Харин тэр зүйлээ илүү бодит байлгахыг, илүү амгалан тайван сайхан байлгахыг хүсэж байгаа бол өнөөдрөөс эхлээд хөдөлмөрлө!

Нөгөө далан зургаан гишүүнд биш наад хоёр гарандаа итгэ. Тэд чинь л тэр 76-ийн хэзээ ч хийж, бүтээж чадахгүй чиний гэрэлт ирээдүйг бүтээх болно...

Ц.Түвшин, 2017оны 09-р сарын 25. 23:55 USA Seattle WA

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (43.242.242.189) 2017-11-02 14:56
      • 0
      • 0

      Үнэхээр их таалагдлаа ..амжилт хүсье

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.245) 2017-09-27 15:39
      • 0
      • 1

      Сайхан түүх байна. Баяр хүргэе. Залуус минь ажил бүү голоорой. Хөдөлмөрлөнө гэдэг чинь амьдрал шүү.

      Хариулах