Д.Амарбаясгалан: Шинэ Засгийн газарт салбараа мэддэг сайд ажиллах нь зүйтэй гэсэн хатуу бодлого барина

Twitter Print
2017 оны 09-р сар 27-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Монгол ардын намын Бага хурал энэ сарын 25-нд хуралдаж, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нийт санал өгсөн гишүүдийн 63.9 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодорсон билээ. Энэ асуудлаар болон цаг үеийн зарим асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариуллаа.

Тэрбээр "МАН-ын Бага хурлаар бид МАН-ын ээлжит XVIII их хурлаа 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд хуралдуулах талаар болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Бага хуралд 310 төлөөлөгчөөс 294 төлөөлөгч ирсэн бөгөөд 3 нэр дэвшигчээр санал хураахад 188 гишүүн У.Хүрэлсүхийг, 101 гишүүн Ө.Энхтүвшинг, 5 гишүүн Н.Энхболдод саналаа өгсөн. Ингээд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон.

Өнөөдөр намын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид уг нэр дэвшүүлэх саналаа өргөн мэдүүлэх болно. Ерөнхийлөгч хуулиар олгогдсон 5 хоногийн хугацаандаа хариу хэлж, УИХ-д өргөн мэдүүлээд Байнгын хороог хуралдуулж эргээд УИХ-аар санал хураах юм.

Бага хурал 16 цаг хуралдсан шалтгаан нь Бага хурлын гишүүдийг шинээр сонгох, чөлөөлөх асуудлыг нууцаар санал хураасан учир цаг их орсон. МАН-ын хувьд энэ удаагийн Бага хурлаар намын дотоод асуудлаа нээлттэй, ил тод ярилцаж, шийдвэрлэсэн дотоод ардчилалтай хурал болсон.

Шинээр сонгогдож байгаа Ерөнхий сайд Бага хурлын гишүүдэд цаашдын ажлын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Намын зүгээс бодлогын бичиг баримтыг ажил хэрэг болгож ажиллах болно. Монголын нийгэмд үгүйлэгдээд байгаа шударга ёс, хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд урьтал болгож ажиллана" гэлээ.

-Шахааны томилгоог болиулах цаг нь болсон гэдэг асуудлыг Бага хурлаар хэлэлцэв үү?

Төрийн албанд МАН-ын гишүүд, дэмжигчид нэлээдгүй томилогдож өнөөдөр ажиллаж яваа. Сонгуулийн үеэр албан тушаалд томилогдсон,

Шинээр томилогдох Ерөнхий сайдын зүгээс бүтцээ хөндөхгүй гэдэг асуудлыг ярьж байгаа. Өвөлжилт хүндрэх магадлалтай байгаа энэ цаг үед сандал суудлын асуудал яриад, цаг алдах хэрэггүй гэж үзэж байгаа. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үрэглжлүүлж, бодлогыг нь баримталж, сайжруулж ажиллана гэдгээ хэлсэн байгаа.

-Засгийн газрын бүтцэд биш бүрэлдэхүүнд өөрчлөлт орно гэсэн үг үү?

-Тийм. Бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна.

-Дэд сайдын асуудлыг хэрхэх вэ?

-Ард түмний хүсэлд нийцүүлсэн томилгоог хийхдээ анхаарах болно. 30 дахь Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхдээ олон нийтийн саналд тулгуурласан учраас томилгоо болоод, шинэ Засгийн газрын хүрээнд өмнөхөөсөө сайжруулсан томилгоо хийгдэх болов уу гэж харж байна.

-Багш нарын цалинг хэрхэх вэ, хүүхдийн мөнгө, бондын эргэн төлөлтийн асуудал ар араасаа яригдаад эхэллээ?

-Ерөнхий сайдад нэр дэвшсэн 3 нэр дэвшигч саналаа хэлсэн. Бид дефолт болчихгүйн тулд яах хэрэгтэй вэ гэдэг саналыг ярилцсан. 660 сая ам.долларын бондын төлөлтийн асуудлыг шинэ Засгийн газар, Сангийн яамны зүгээс илүү сайн бодлого, санаачлага гаргаж ажиллах байх. Багш нарын цалин гэлтгүй төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх боломжийг судлаж ажиллах болно

-Өмнөх сайд нар одоогийн Засгийн газарт ажиллах уу?

-Энэ талаар ярилцаагүй байна. Сайд, дарга нарын албан тушаалын асуудлыг ярилцаагүй. Өмнөх Засгийн газрын сайд ч ажиллаж болно. Гол нь салбараа мэддэг сайд ажиллах нь зүйтэй гэдэг хатуу бодлого баримталж байна.

-Нам дотроо хагаралтай, фракцтай болчихлоо гэж яригдаад эхэлсэн. Шинэ Засгийн газар тогтвортой ажиллаж чадах болов уу?

-Засгийн газрыг тогтвортой байлгах нь намын бодлого байх болно. Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө Засгийг тогтвортой ажиллуулахын төлөө нам дэмжиж ажиллах болно.

-МАН-ын даргын  тавьсан улс төрийн илтгэлд  төрийн албаны шахааг зогсоох ёстой гэж Ерөнхий сайдад нэр дэвшигч Засгийн газраа байгуулахдаа ямар бодлого барих бол?

-2016 оны сонгуулиар МАН бүх шатанд ялалт байгуулсан. Үүнтэй холбогдуулан төрийн болон улс төрийн албанд МАН-ын гишүүд, дэмжигчид нэлээд томилогдсон. Намын бодлогын хүрээнд томилогдсон, сонгогдсон албан тушаалтан хэд вэ, холбогдох албан тушаалтнуудын хүрээнд томилогдсон нь хэд вэ гэдгийг илтгэлдээ МАН-ын дарга дурдсан. МАН ард түмэндээ амласан мэргэжлийн Засгийн газрыг байгуулна, илүү өндөр хариуцлагатай байна, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж ярьж байгаа. Энэ хүрээндээ мэдлэгтэй, боловсролтой, чадалтай боловсон хүчнүүдээ төрд томилж ажиллуулна. Аливаа улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зарчим барьдаг.

Нэр дэвшигч маань өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэдгээ хэлсэн. Өвлийн хүйтэн дөхөж байна. Ард иргэдийн амьдрал ахуй хүндрэлтэй болж болзошгүй нөхцөл байдалтай үед сандал ширээний хэрүүл хийгээд яамыг 2-3 хуваахыг болъё. Өмнө нь  боловсруулсан Засгийн газрын бүтэц, хөтөлбөрийг бариад бүрэлдэхүүнээ сайжруулж, чадавхижуулж, боловсон хүчний шинэчлэл хийх бодлогыг баримталж ажиллана гэж үзсэн. Боловсон хүчний шахаа гэдгийг шууд утгаар нь ойлгож  болохгүй. МАН 214637 гишүүнтэй гэсэн дүн 2016 онд гарсан байдаг. Энэ дундаас бид шаардлагатай байгаа албан тушаалд мэргэжилдээ дөхүү хүмүүсийг томилж ажиллуулах нь зөв гэж ярьж байгаа.

-Тэгэхээр Засгийн газрын бүтэц биш бүрэлдэхүүнд өөрчлөлт орно гэж ойлгож болох уу?

-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно. Ерөнхий сайдыг УИХ-аар оруулж батлуулсны дараагаар МАН-ын Удирдах зөвлөл дээр шинэ Засгийн газрыг байгуулах зарчмаа хэлэлцэнэ. Аливаа түвшинд зарчимтай байх нь бидний ажилд илүү нээлттэй, ил тод байх юм. Дэд сайдтай байх эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл дээр шийдэх ёстой гэж бодож байна. Олонхийн шүүмжлэл дагуулж байгаа зүйлээс ангид, ард түмний хүсэлд нийцүүлсэн томилгоог хийхэд анхаарна. Бид Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх ажиллагааг олон нийтийн судалгаан дээр тулгуурлаж явуулсан.

-Ерөнхий сайдад нэр дэвшигч бондын төлбөр, багш, эмч нарын цалинг нэмэх эсэх асуудалд ямар байр суурь баримталж байна вэ? 

-Ерөнхий сайдад нэр дэвшсэн гурван хүн он гараад төлөх бондын 660 сая ам.долларын эргэн төлөлтийг хөндсөн.  Үндсэндээ нэг зүйл ярьсан. Бондыг төлнө, богино хугацаанд төлөх 2-3 аргыг Сангийн яам боловсруулсан байгаа юм билээ. Шинээр Засгийн газар байгуулагдахаар Сангийн сайдаар шинэ хүн гарч ирнэ. Санхүүгийн бодлого чиглэлээ УИХ дээр нэр дэвшигч нь тодорхой ярих байх. Зөвхөн багш, эмч нарын цалингийн нэмэгдэл биш төрийн албан хаагчдыг нэмэгдлийг 2018 оны төсөвтэйгээ уялдуулан нэмэх ёстой гэж ярьж байгаа. Энэ бол МАН-ын бодлого юм.  Монгол Улсад хохиролгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.

-Шинэ Засгийн газар хэр тогтвортой байх вэ? Удахгүй МАН-ын Их хурал болж, даргаа сонгоно. Намын дарга Ерөнхий сайд байх уу?

-МАН-ын даргын асуудлыг их хурлаар хэлэлцэнэ. Одоогоор яригдаагүй байна. Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын төлөө МАН-ын Удирдах зөвлөл анхаарна. Гэхдээ энэ нь хариуцлага алдсан тохиолдолд тооцоо хийхгүй гэсэн үг биш.  Алдаа гаргавал хариуцлага тооцно.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (115.187.88.2) 2017-09-27 22:32
      • 0
      • 0

      Гацууртын Чинбат шиг хөдөлмөрч, манлайлагч, ажлыг хийсэн шиг хийдэг хүмүүст л итгэл хүлээлгэх хэрэгтэй байна шүү. Биеээ зассан, гэрээ засчихсан хүмүүсээр төрөө засуулмаар байна.

      Хариулах