“Ulaanbaatar Book Fair” номын баяр Сүхбаатарын талбайд 2 өдөр үргэлжилнэ

2017 оны 09-р сар 22-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Номын хорхойтнуудыг нэг дор цуглуулдаг “Ulaanbaatar Book Fair” номын баяр өнөөдөр эхэлнэ. Сүхбаатарын талбайд болж буй 20 дахь удаагийн номын баярын үеэр хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч авах боломжтой юм. Мөн зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсгийг нь зуруулан номоо хямдруулан авч болно.

“Интерном”, “Аз хур”, “Монсудар”, “Тагтаа”, “Непко”, “Мир”, ”Импати ХХК”, ”Books in English”, “Болор судар” зэрэг асруудаас гадна нэрт зохиолчид, хуучин номын худалдаа эрхлэгчид зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л газрууд байрлах болно. “Интерном” асарт номууд 10-40 хувь хямдрах бөгөөд англи хэл дээрх номуудыг ердөө 3000 төгрөгөөр авах боломжтой. Мөн “Монсудар” хэвлэлийн газрын номууд энэ асарт байрлана.

“Аз хур” номын дэлгүүрийн номууд хамгийн багадаа 20 хувь хямдарна. Дашрамд дурдахад, энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд “Аз хур” номын их дэлгүүрт 72 цагийн 72 хувийн хямдралтай худалдаа явагдах аж.

“Сартр: Зурагт хөтөч” номоо өлгийдөж аваад удаагүй байгаа “Тагтаа” хэвлэлийн газраас бүх номоо 20-30 хувь хямдруулах юм. Багцаар нь авбал бүр ч хямдарна. “Books in english”-ийн англи хэл дээрх номууд 5-15 хувь хямдарч, зарим хуучин номууд нь 30-50 хувь хямдарчээ.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ”Үүлэн хээтэй орчлон”, “Домогт Ану хатан” зэрэг бүх номууд 25 хувийн хямдралтай, гарын үсэгтэй худалдаалагдана. Мөн бусад нэрт зохиолчдын шилмэл бүтээлийг зохиолчийн гараас нь авч болох юм. Орчуулагч Ж.Нэргүйн бүтээлүүд болон Монголын Орчуулагчдын холбооноос гаргасан номуудыг мөн хямдруулан аваарай. Номын хорхойтнуудын сайн мэдэхээр хуучин номын асруудаас 500 төгрөгөөс дээш үнэтэй ховор содон номууд олж болох юм. Мөн зарим их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бичиг, судалгааны материалуудаа худалдаална.

Номын баярын үеэр олон улс орны түүх, соёлын асруудаар зочлон сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож ялагч болж, шагнал авах боломж бий. Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө, Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн, уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Хүүхдүүдээ дэлгэцнээс аваръя” аян, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.

Номын баяр маргааш буюу бямба гарагийн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Г.Ганаа

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.